Everything is color – Summer and Summary

Байгаль дэлхийн хамгийн дээд гоо үзэсгэлэн, байж болох нандин тансаг бүхнийг зуны улиралд харж болохоор билээ. Зуны өнгийг ярилцахаас өмнө бүгдээрээ зун харж байсан хамгийн гоё дүр зургаа эргэн нэг санаарай. Нар шингэж буй шаргал, ягаан туяа, “нүүрээ угаасан” мэт цэлмэг хөх тэнгэр, эсвэл борооны дараах чийг үнэртсэн бүүдгэр өдрийг төсөөл дөө. Амьтан, ургамал бүхэн хамгийн үзэсгэлэнтэй төрхөө олдог энэ улирлын юмс бүхэн өнгөлөг, бас нандин тийм үү?

Гэгээлэг, жаргалтай, хөгжилтэй, эрч хүч мэдрүүлэм ер бусын тод өнгөнүүд зөвхөн энэ улиралд л цэцэглэн түгдэг мэт. Ягаан, ногоон, цэнхэр, хөх, ягаан, шар, ерөнхийдөө байгаль эхийн бүтээн бий болгосон бүх л өнгийг харж болно.

Зуны өнгөлөг өнгөнүүд

Ногоон – бол харагдаж мэдрэгддэг, бас байгалийн цэвэр сайхан уур амьсгалыг авч ирдэг хамгийн шилдэг өнгө билээ. Минт навчных шиг цайвар ногоон өнгө сэргэг, сэнгэнэсэн мэдрэмж өгдөг бол навчит ургамал болон өвсийг санагдуулам тод ногоон өнгө хүнд эрч хүч бэлэглэх шидтэй. Харин гүн ногоон өнгө тайвшруулж, хүний мэдрэлийн системийг амраан эрч хүчийг бууруулж маш сайн нойр авахад нөлөөлдөг. Тэгэхээр гүн ногоон өнгийг унтлагын өрөөндөө ашиглаарай. Харин бусад тод ногоон өнгөний туяаг хүүхдийн өрөө болон гал тогоо мөн ажлын өрөөндөө декор болгож ашиглаарай. Аливаа эдлэлээс гадна бүх л төрлийн тасалгааны ургамлууд интерьерт ногоон өнгийн гайхалтай эрчмийг авч ирэх болно.

Green feels like growth and smells like the earth.

Ягаан – Ягаан өнгө эмэгтэйлэг, ялдам, хайр татам байдлын төгс илэрхийлэл. Мөн урин дулаан цагийн хамгийн сайхан чимэг өнгөнүүдийн нэг юм. Энэ өнгийг ашигласнаар хүсэл эрмэлзэл, нийтэч зочломтгой байдал, эерэг бүхнийг интерьертээ бүрдүүлж болно. Хүүхдийн өрөө, зочны өрөө, зарим тохиолдол зөөлөн ягаан туяаг ариун цэврийн өрөөндөө мөн ашиглаж болно. Цэмцгэр, цэвэрхэн уур амьсгалыг үүсгэнэ.

The color pink makes everything look pretty.

Хөх ягаан – Лаванда цэцгийн үнэр бас өнгийг санаж байгаа биз? Энэ төрлийн гүн хөх ягаан өнгөнүүд ирээдүйн гэмээр туйлын нууцлаг шинжийг өөртөө агуулдаг. Зөөлөн цайвар туяа болон пастел төрлийн өнгө нь романтик, тайван орчныг бүрдүүлдэг. Харин интерьерт гүн хөх ягаан туяа нь хүйтэн, нууцлаг уур амьсгалтай болгодог. Гэхдээ энэ өнгөнд чимээгүй тайван орчинд төвлөрч суун, аливааг эргэцүүлэх дуртай, өөрийн гэсэн өвөрмөц зан төрхтэй биеэ даасан интроверт хүмүүст тун тааламжтай мэдрэмжийг өгдөг байна. Ажил хэргийн өрөө, унтлагын өрөөндөө ашиглаарай. Нар жаргах болон үүр цайх үеийг санагдуулам учраас зөөлөн салхи, сэрүүн цаг агаарыг интерьерт үүсгэнэ.

Өнгөний ид шид, тэр дундаа улирал болгон байгаль эхийн дэлгэн харуулдаг олон төрлийн өнгийн талаар бид цувралаар хүргэж дууслаа. Хорвоо дэлхий, юмс үзэгдэл, оршин буй бүх л зүйлс өөрийн гэсэн өнгөтэй билээ. Нүдээ нээгээд харвал эргэн тойронд чинь үргэлж өнгө байж л байх болно. Нүдээ аньсан ч хүн өнгийг төсөөлөн "харах" чадвартай байдаг. Тэгэхээр өнгөний ид шидийг мэдрэн, хүссэн өнгөөрөө өөрийн аз жаргалаа бүтээгээрэй. Харин 4-р сард үргэлжлүүлэн интерьертээ сайхан уур амьсгал үүсгэх дуу хөгжмийн тухай нийтлэлээр эргэн уулзъя. Хөгжим таны амьдралд чухал байр эзэлдэг бол цуврал нийтлэлтэй хамт байгаарай.

Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх

1 Сэтгэгдэл

Зочин

2020 / 04 / 20
Хариулах

Cool

0