Аливаа юмс цэцэглэн нахиалж, урин зөөлөн салхи илбэдэг Хаврын сэргэг улирал хаяанд ирлээ. Өнгөний тухай цуврал нийтлэлээр "Everything is color" буюу бүх зүйлс өөрийн өнгөтэй бөгөөд түүнийг хэрхэн мэдрэх, өнгөөр хэрхэн "тоглолт" хийж болохыг дэлгэх болно. Ингээд ӨНГӨНИЙ ЕРТӨНЦӨД ТАВТАЙ МОРИЛ!
Өнгө гэдэг бол гэрэл
Гэрэл тусаж буй биетийн шинж чанараас шалтгаалаад зарим өнгө ойж, зарим өнгө шингэж харагддаг. Өөрөөр хэлбэл өнгө гэдэг хүний нүдэнд харагдаж буй мэдрэмж бөгөөд гэрлийн тусгал хүний нүдний мэдрэгч эсүүдтэй харилцан үйлчилснээр өнгө бий болдог. Жишээ нь: банана шар өнгөтэй. Энэ нь бананы гадаргуу хүний нүдэнд шар өнгийг ойлгож харагдуулдаг учраас шар өнгөтэй харагддаг юм.

Нүдээ нээгээд орчноо сайн хар. Эргэн тойрон дүүрэн өнгө чамайг хүрээлж байгаа
Хаврын урин цагийг санагдуулж, хайр, эрч хүчийг сэргээх өнгөний комби
Өнгө болон мэдрэмж
Өнгө бүр өөрийн гэсэн мэдрэмжийг агуулж байдаг увдис шидтэй зүйл. Хаврын улиралд бүх зүйл сэргэн нахиалж, байгаль дэлхий зэврүүн хүйтэн байдлаас алгуурхан дулаан шар өнгө болон хувирдаг. Дулаан өнгөний бүлэгт багтдаг бүх өнгө энэ улиралд ёстой л цэцэглэн түгдэг. Шар, улбар, улаан. Тэгээд аажмаар сэргэг ногоон болон хувирна. Төсөөлж байна уу? Байгаль эх хормын дотор өнгөө өөрчилж чадах хүчирхэг бас дэндүү үзэсгэлэнтэй.
Ааш нь үл олдом хувьсамтгай энэ улирлын өнгө тун баялаг. Зэврүүн өдрүүдийг төлөөлөх гүн хөх, цайвар цэнхэр. Налайж, шаргалтах улбар өнгөнүүд. Дэлбээлж нахиалах навчит ногоон. Дулаан өнгө тав тухыг мэдрүүлдэг бол хүйтэн өнгө ямар ч орчинд агаар бий болгодог юм. Тэгэхээр шинэлэг, сэргэг мэдрэмжүүдийг эдгээр өнгөөр дамжуулан интерьертээ үүсгээрэй.
Шар
Энэ өнгөний тунгалаг гэгээн туяанууд сэтгэлийг сэргээх ба байгалийн сэнгэнэсэн цоглог хэмийг өөртөө агуулсан жинхэнэ Аз жаргалын өнгө. Мөн шүүслэг бөгөөд исгэлэн амтыг санагдуулдаг “адтай”. Эл өнгөөр орчноо чимэглэхэд хайр, баяр баясгалан бялхдаг. Ухаалаг бөгөөд сониуч адал явдлыг эрэлхийлэгчид, нийтэч хүмүүс шар өнгөнд дуртай. Харин сэтгэлийн зовнилтой хүнийг цухалдуулдаг. Өнгийг харахдаа эхлээд сэтгэл санаагаа бэлтгээд цацруулж буй эрчмийг нь мэдрээрэй.
Улбар
Энэ өнгөний аль туяаг ашиглахаас бүх зүйл шалтгаална. Гутранги, зожиг байдал эсвэл амжилт руу тэмүүлж буй эрмэлзэл дүүрэн сэтгэл хөдлөлийг аль алийг мэдэрч болно. Гэхдээ дулаан өнгөний тэргүүн эгнээнд багтах шар өнгөний төрлүүд мэдрэлийн системийг бэхжүүлж, бадрангуй сэтгэлийг хөгжөөдөг учраас шар өнгөөр чимэглэсэн орчин үргэлж дотно дулаахан уур амьсгалыг авч ирнэ.

Сурталчилгаа