Everything is color – Намрын улбар өнгө

Бүх зүйл өнгөтэй, бүх улирал онцлогтой. Ногоорон дэлбээлж байсан мод, навчис шаргалтаж, дулаан цаг агаар аажмаар хүйтрэн ялимгүй гуниг төрүүлдэг намрын өнгө өөрийн эрхгүй бодолд автуулдаг. Байгаль эх бүтээж ургуулсан бүхнээ буцаан авч буйг, мөн цаг хугацааны өөрчлөлтийг тодоор мэдэрдэг учраас намар бол өөрчлөлтийн улирал. Намрын улирлыг илэрхийлдэг өнгө бүр тиймдээ ч туйлын нууцлаг шинжтэй байдаг биз ээ. Ингээд намрын улбар өнгөөр аялцгаая.

Намрын өнгөнд ямар өнгө багтдаг вэ?
Улаан, улбар, шаргал, бор, зөөлөн ягаан өнгөнүүд энэ улирлыг төгс илэрхийлдэг. Хавар, зуны улиралд дэлгэрдэг тод өнгийг бодвол арай бүдэг ч бүх өнгөтэй маш нийцтэй. Намрын улиралд үзэсгэлэнтэй завсрын өнгө голчилдог бөгөөд хүний сэтгэлийг баясгах тун ч олон увдис агуулагддаг юм. Намрын өнгийг ашиглан тайван дотно хэрнээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлж болно. Харин буруу ашиглавал ганцаардал, хоосон мэдрэмж зонхилсон уйтгартай орчин үүсдэг.

Өнгө таны бодож байгаагаас их хүчтэй юм шүү.

Өнгөний ханац буюу Saturation
Цагаан шаргал өнгөнөөс эхлэн алгуурхан тодорч улбар шар, улаан өнгийг намрын улирал бий болгодог. Зэс, гууль гэх мэт металл өнгийг ч энэ улиралд харж болно. Ерөнхийдөө намар бол шаргал өнгөнөөс тодорч, туяарсан бүх өнгөний цуглуулга. Тэгэхээр эдгээр өнгийг интерьертээ хэрхэн ашиглах хэрэгтэй вэ?

Намрын өнгө – Интерьерт

Улаан
Улаан өнгө маш хүчирхэг өнгө бөгөөд бусдын анхаарлыг соронз шиг л татдаг. Ер нь хэтэрхий "амтлаг" өнгө. Улаан өнгийн гялгар зүйлс ямар нэгэн амттаныг санагдуулдаг шидтэй. Улаан өнгөтэй нэг зүйл төсөөлөх гээд үз дээ. Гүзээлзгэнэ бөөрөлзгөнийн чихэр, улаан алим, черри бодогдож, ямар нэгэн чихэрлэг үнэр үнэртэж буй мэт санагдаж байна уу? Энэ нь улаан өнгө хоолны дуршил нэмэгдүүлдэгтэй холбоотой. Тиймээс ч туршлагатай дизайнерууд ихэвчлэн гал тогооны интерьерт улаан өнгийн, ялангуяа глосс буюу гялгар гадаргуутай декор эсвэл тавилгыг ашигладаг байна.

Шаргал
Баяр баясал, эрч хүч, ер бусын гэгээлэг сэргэг байдлыг бэлгэддэг энэ өнгө мөн л хоолны дуршлыг нэмэгдүүлдэг. Зөвхөн ногоон гэлтгүй шаргал өнгөөр ч байгалийн уур амьсгалыг интерьерт үүсгэж болно. Сэтгэл зүйчид энэ төрлийн өнгө урам зориг, хүсэл эрмэлзлийг бадраан сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг гэж үздэг. Бусадтай нээлттэй харилцдаг, оптимист хандлагатай хүмүүсийн гэрт шаргал décor заавал нэг байдгийг тэд баталдаг ажээ.

Бүдэг ягаан туяатай завсрын өнгөнүүд
Ягаан бол хайр, шохоорхол, дэггүй гэнэн байдлын илэрхийлэл. Зөөлөн туяатай завсрын өнгөнүүд хайр татам, сэргэг цовоо бөгөөд цэмцгэр орчинг бий болгоно. Харин хэт прагматик ажил хэрэгч хүний өрөөнд энэ өнгө бараг л үгүй болов уу. Мөн зөөлөн ягаан туяа нь сэтгэл санааг дэмжиж, тайвшруулж, илүү гэгээлэг бодлуудыг төрүүлэх шидтэй. Тиймээс л эрч хүчтэй, тайван хүний ихэд таашаадаг өнгөний сонголт юм.

Хүрэн болон цайвар бор
Тайван амгалан байдлыг бүрдүүлдэг. Модыг санагдуулдаг учраас байгалийн уур амьсгалыг интерьерт авч ирнэ. Хэтрүүлбэл тун давчуу, уйтгартай болох аюултай ч элс, сүрлийг санагдуулам цайвар бор өнгийн тавилга нь хөнгөн уур амьсгал, хүрэн эдлэлүүд нь бусад өнгөнөөс илүү тансаг, үнэ цэнтэй мэт уур амьсгал бий болгодог.

Моно-хроматик байдлаар ашигла
Дээрх өнгийг хэт их хэмжээгээр нэг өрөөнд ашиглах нь нойргүйдэх, тайван бус тавгүй мэдрэмжийг төрүүлэх сөрөг талтай. Харин моно-хроматик буюу нэгээс нөгөөд ууссан байдлаар ашиглан тохижуулбал тухайн өрөөний интерьерт сонирхолтой, загварлаг донж үүсгэнэ.

Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх

1 Сэтгэгдэл

Зочин

2020 / 04 / 07
Хариулах

love it !

1