"Everything is color" цуврал нийтлэлүүдээр бид улирал бүрд зонхилдог өнгө бүрийг жишээ болгон тайлбарлаж байгаа билээ. Аливаа юмсын өнгө, түүнд агуулагдаж буй мэдрэмжийг хамтдаа судалцгаая! Дулаан өнгө тав тухыг мэдрүүлдэг бол хүйтэн өнгө ямар ч орчинд агаар бий болгодог. Хүйтэн өнгөний төрөлд багтдаг өнгөнүүд аль ч өнгөнд байдаггүй сэргэг мэдрэмжийг агуулдаг. Энэ удаа сэрүү татам өвлийн өнгөнүүд.
Дулаан болон хүйтэн өнгө гэж юу вэ?
Аливаа өнгө хүний сэтгэл зүйд маш олон төрлийн мэдрэмжүүдийг үүсгэдэг. Үүнээс үүдэн өнгийг дулаан, хүйтэн, завсрын гэж ангилдаг юм. Жишээ нь:
Дулаан өнгө: Улаан, шар, шаргал
Хүйтэн өнгө: Хөх, цэнхэр
Завсрын өнгө: Ногоон, ягаан гэх мэтээр хуваагддаг байна. Энэ дотроос хүйтэн төрөлд багтах өнгөнүүд интерьерт агаар, салхи үүсгэдэг онцлогтой. Тодруулбал, зөөлөн цайвар саарал өнгөнүүд, мөсөн цэнхэр, мөнгөлөг, цагаан болон бусад өнгөний ялимгүй туяанууд өвлийн өнгөний төрөлд багтана. Мөн зөвхөн өвлийн улиралд тохиодог, сэрүү татам гүн хөх өнгө бол ус тэнгэрийг илэрхийлэх хамгийн шилдэг өнгө юм.
Өнгөний тинт
Аливаа өнгө цагаан өнгөтэй хэр хэмжээтэй ууссаныг тинт гэж нэрлэнэ. Үндсэн өнгө цагаан руу уусч, олон төрлийн өнгийг үүсгэж болдог. Хамгийн хялбархан тайлбарлавал, улаан өнгийг цагаантай хольсноор ягаан өнгө үүснэ. Өөрөөр хэлбэл ягаан гэдэг улаан өнгөний тинт юм. Өвлийн өнгөний төрөлд багтах өнгөнүүд бол ердөө цэнхэр хөх өнгөний тинтүүд гэсэн үг.
Өвлийн өнгө интерьерт
Цэнхэр, хөх, мөнгөлөг өнгөнүүд ямар нууцыг өөртөө агуулдаг гэж бодож байна? Хэдийгээр хүйтэн өнгө гэдэг боловч тохирсон туяаг нь ашиглавал сэргээж эсвэл амраах үйлчилгээг үзүүлэх увдистай юм шүү. Тиймээс "Blue is the warmest color ever". Цагаан цайвар өнгөтэй интерьерт цэнхэр өнгийн декор ашиглавал нууцлаг хэрнээ хараа булаам дизайн бүрдэх болно. Мөн шохойн/пастел/ цэнхэр өнгийн эдлэл интерьерт яг л цэвэр агаар гэсэн үг. Харин гүн хөх өнгө далай тэнгисийг санагдуулдаг бөгөөд уужим орон зайг үүсгэдэг бол цас шиг цагаан өнгө цэвэр цэмцгэр, ариун байдлыг үргэлж илэрхийлж байдаг. Мөн орон зайг саруулхан харагдуулдаг. Байгаль дээрх өнгө бүрд агуулагдаж буй увдис шидийг анзаарахгүй амьдарна гэдэг хөгжимгүйгээр бүжиглэхтэй ижил, туйлын гунигтай. Тиймээс яг л өнгөний шидтэн шиг сэрүү татуулам, сэргэг, нууцлаг уур амьсгалыг өвлийн өнгөнүүдийг ашиглан бүрдүүлээрэй. Дараагийн нийтлэлээрээ улбартан туяарах намрын өнгөөр уулзацгаая.

Сурталчилгаа