Зочны өрөө
Дотоод орчны тохижилтод ямар өнгө зонхилж байгаагаас шалтгаалан өрөөний уур амьсгал, амьдрах орчноос авах мэдрэмж өөр өөрөөр тодорхойлогддог. Номин цэнхэр өнгийг ашигласнаар гэрт сэтгэл сэргэм, тайван уур амьсгалыг бүрдүүлж болдог. Гэрийн ерөнхий интерьерийг бүхэлд нь харвал цэлгэр саруулхан, тав тухыг шууд л мэдэрч болохуйц. Илүү сайн ажиглавал номин цэнхэр болон цагаан саарал өнгө зонхилсон нь цагаан элстэй хөх тэнгисийг тольдож буй мэт сэтгэгдэлийг гэрийн эзэнд төрүүлэх нь лавтай.
Номин цэнхэр өнгө нь амар амгалан байдал, тэнгэр болон усыг бэлгэддэг.
Орчин үеийн сонгодог хэв маягийг илтгэгч мод, чулуу зэрэг байгалийн материалуудыг цайвар завсрын өнгөтэй уялдуулан ашигласнаар интерьерт байгалийн уур амьсгалыг оруулж, хөнгөн мэдрэмжийг өгч байна. Зочны өрөөний хэсэгт хараа булаам өнгө нэмж байгаа буйданг дурьдахгүй өнгөрч болохгүй. Цулгай эсвэл нэгээс нөгөөд ууссан зөөлөн өнгөтэй суурин дээр анхаарал татахуйц тавилга байршуулах нь гэрийн интерьерт төгс зохицдогийг нуух юун.
Унтлагын өрөө
Шөнө тайван, сайн амарснаар ажлын бүтээмж нэмэгддэг. Иймд унтлагын өрөөний тохижилтод хайхрамжгүй хандаж болохгүй. Интерьер дизайны салбарт өнгөний трендүүд үргэлж солигдож шинэчлэгдэж байдаг ч цагаан өнгө мөнхийн сонгодог шийдэл байсаар ирсэн. Цагаан өнгийн тавилга үргэлж цэвэр цэмцгэр орчныг бий болгохоос гадна орчин үеийн мэдрэмж өгч, эерэг уур амьсгал бий болгож тайвшруулдаг “ид шидтэй”. Унтлагын өрөөнд цагаан өнгөтэй зэрэгцэн цайвар шаргал өнгө орж ирснээр байгальтай ойр мэдрэмж өгнө. Мэдээж метал оруулгатай эд зүйлс нь өрөөг улам тансаг гоёмсог болгож байгааг анзаарч байгаа биз?
Хооллох өрөө
Тэнгисийн үзэсгэлэнт эрэг дээр тухлан хооллох мэт боломжийг өдөр бүр интерьерээсээ мэдэрч яагаад болохгүй гэж? Үзэсгэлэнтэй, маш цэмцгэр, бас саруулхан орчинд хооллох нь юутай ч харьцуулашгүй дээд зэргийн тав тух. Тансаг цэмцгэр байлгах гэж хичээн ажилласныг ашигласан деталь бүрээс нь анзаарч болно.
Ариун цэврийн өрөө
Угаалгын өрөөний хэсэг энэхүү төслийн хамгийн үзэсгэлэнтэй хэсэг.
Байгалийн чулуун хана – цагаан хайргаар дүүргэсэн ванны хэсэг – тасалгааны ургамал.
Хүүхдийн өрөө
Хүүхэд бүр багадаа ямар нэгэн баатар эсвэл гүнжийн дүрд орж, тэдэн шиг байх гэж мөрөөддөг. Тийм ч учраас захиалагчдын хүсэлтээр хүүхдүүдийнхээ хүсэл сонирхлыг дэмжиж, мөрөөдөл зорилгоо төсөөлж чөлөөтэй сэтгэх орчныг цогцлоожээ.
Хүүхэд бол гэр бүлийн хамгийн том аз жаргал
Сурталчилгаа