Шинээр Эрэлттэй Онцлох

Б.Хонгор: Аз жаргалтай болгодог зүйлсээрээ интерьерээ бүрдүүлээрэй

Та ямар орчинд аз жаргалтай, тухтай бас бүтээлч байж чаддаг вэ?
Эргэн тойронд тань хүрээлж буй зүйлс таны тухай ямар нэг зүйлийг илэрхийлж чаддаг уу?

Хаана ч байсан өөрийгөө илэрхийлэх, хөглөх, сэргээх интерьерийг өөрөө бүрдүүлэх нь тун ч чухал зүйлсийн нэг юм шүү. Бид энэ удаа Испани улсын Барселон хотод Дизайны менежмент мэргэжлээр суралцдаг оюутны гэрийг онцолж байна. Учир нь тэрээр гадаадад боловсрол эзэмшихээр богино хугацаанд түр байрлаж байгаа ч хямд өртгөөр тун ч загварлаг, сайхан орчин бүрдүүлж чаджээ. Түүний бүрдүүлсэн шик интерьертэй гэрээр хамтдаа зочилцгооё.


Дизайнер, Арт директор
Б.Хонгор

Сайн байна уу? Юун түрүүнд амьдарч байсан байраа хэрхэн сонгосон талаар яриагаа эхлүүлье.
Сайн байна уу? Би Испанийн Барселон хотод магистрын судалгааны ажил хийхээр очсон юм. Мэдээж гадаадад суралцдаг оюутнуудын адилаар аль болох бага зардал гаргахыг хичээж, арай хямд байр түрээслэхийг зорьсон. Хямд байрууд ихэнхдээ нарны гэрэл муу тусдаг, хэт давчуу мэдрэмж төрүүлэхүйц байсан л даа. Миний хувьд хэдийгээр жижиг хямд байр хайж байсан ч нарны гэрэл сайн тусдаг, дотоод засал нь цагаан өнгөөр дагнасан тийм л байранд амьдрахыг эрмэлзсэн. Тийм болохоор тэнд очоод сар гаруй хугацааны турш байр хайсны дүнд яг хүссэн байршилдаа, цэмцгэр цагаан орчинтой энэ байрыг олж, түрээсэлж эхэлсэн. Ингэж хайж байх хугацаанд орон сууцны дээд давхарт байрладаг байрнууд байгалийн гэрэл илүү сайтай байдгийг анзаарсан. Энэ байр маань гаднаасаа маш хуучны засалтай боловч дотроо саруулхан, цэмцгэр мэдрэмж төрүүлж байсан нь надад их таалагдсан. Бас далайн эргээсээ холгүй байрладаг нь сайхан санагддаг.

Магадгүй ихэнх оюутнууд дотуур байранд, эсвэл найзуудаараа нийлж нэг байрыг нийлж түрээсэлж амьдардаг шүү дээ. Яагаад ганцаараа байр түрээслэхийг сонгосон бэ?
Гаднын аль нэг улсад боловсрол эзэмшихээс гадна Монголоосоо өөр хандлага, соёл иргэншилтэй, шинэ орчинд амьдарснаар хувь хүн тухайн нийгмээсээ харьцуулшгүй бас нэгэн боловсролыг олж авдаг юм шиг санагддаг. Оюутан байх, тэр дундаа гадаадад суралцах цаг хугацаа гэдэг хүний амьдралын хамгийн гоё чимэг болсон, дурсамжтай хэсэг гэж би боддог юм. Сургуулийн чанар, орчноос эхлээд байрлах байрныхаа дотоод орчинд ч хүртэл анхаарах хэрэгтэй байх. Өдөр тутмын амьдрал нь сайхан орчноор хүрээлэгдсэн байвал илүү их урам зоригтой, үр бүтээлтэй байж, сэтгэл хангалуун дурсамжуудыг бүтээж чадна. Ялангуяа магистраар суралцдаг оюутнууд ихэвчлэн судалгааны ажил хийдэг болохоор тухтай орчин чухал нөлөөтэй. Магадгүй бакалаврын төвшний, танхимаар хичээлээ үздэг, өдрийн ихэнх цагийг сургууль, номын сан дээрээ өнгөрөөдөг бол дотуур байранд байх нь илүү хялбар байна байх. Миний хувьд нам гүмд, тухтай төвлөрч суух орчин чухал санагддаг болохоор Испанид очихоосоо ч өмнө ганцаараа байр түрээсэлж амьдарна гэдгээ шийдчихсэн байсан. Хүссэн цагтаа суралцах, ажиллах боломжийг өөртөө гаргаж, тусдаа байранд байхыг илүүд үзсэн. Гэртээ суугаад хичээлээ хийхэд таатай мэдрэмж төрдөг, гэрийнхээ доторх эд зүйлсээс юм хийх урам зориг авдаг, гэрээсээ зугтаад өөр газар очиж суух шаардлага гаргахгүй байхыг аль болох хичээсэн юм. Мэдээж бага зардал гаргах тал дээр анхаарч ганцаараа амьдарч болох хамгийн хямд сонголтуудыг хийж байсан. Гэхдээ мөнгөөр үнэлэгдэхгүй зүйл бол дурсамж, цаг хугацаа шүү дээ. Тиймээс зүгээр нэг хэмнэхээс гадна хямд зүйлсээр ч сайхан орчныг бүтээж болох юм. Гэртээ тухтай байж чаддаг хүн л амжилттай ойрхон байдаг юм шиг санагддаг.

Байрныхаа дотоод зохион байгуулалтыг танилцуулбал?
Энэ байр 38 мкв. Үүдээр ороод л шууд гал тогоо болон буйдан харагддаг. Харин цааш унтлагын өрөөтэй. Ерөнхийдөө их энгийн зохион байгуулалттай байр. Унтлагын өрөө нь зочны өрөөнөөсөө гүйдэг хаалгаар тусгаарлагддаг болохоор их амар байдаг байсан. Хамгийн гол нь байгалийн гэрэл сайтай бөгөөд цагаан өнгө голлосон интерьер нь энэ байрыг сонгох шалтгаан болсон доо. Цаанаасаа хүн амьдрахад хэрэгцээтэй үндсэн бүх тавилгууд буюу буйдан, гал тогооны тавилга, зурагт, ор зэрэг нь байсан. Би харин энд өөрийгөө амьдарч байгаа гэдгээ илэрхийлэх жижиг тавиур, сандал зэрэг тавилгууд болон бусад бүх декор, жижиг хэрэглэлүүдийг нэмж авч, тохижуулсан.

Аль аль декоруудыг нэмж авсан бэ?
Испанид очоод хамгийн түрүүнд авсан зүйл маань хувцас, эдлэл хэрэглэл биш энэ декор байсан юм. Цэгцтэй байх, минимал амьдралын хэв маягийг олонд тренд болгож чадсан Marie Kondo хэмээх эмэгтэйн зөвлөдөг зүйлс нь их таалагддаг. Анх түүний "Хэрвээ харах болгондоо түүнээс аз жаргалыг мэдэрдэг бол тэр чиний амьдралд байх ёстой зүйл" гэж хэлсэн үг нь надад гүн сэтгэгдэл төрүүлж байсан юм. Цаашид ч хийх сонголтуудаа бодолцож, би үнэхээр үүнийг хэдийд ч харсан жаргалтай байж, худалдаж авсандаа баяртай байх уу гэдгээ бодож сонгодог. Яг үүн шиг дуртай байгаа зүйлсээрээ энэ гэрийг тохижуулсан.

Танайхаар зочилсон хүмүүс ямар сэтгэгдэлтэй байдаг вэ?
Дотнын найзууд маань манайд ирээд яг л танай монгол дахь гэртэй төстэй болжээ гэдэг. Мөн ээж маань амралтаараа энд хэдэн хоног зочилж ирсэн юм. Тэгэхдээ "миний охин яг өөрийгөө илэрхийлэх орчныг бүрдүүлж чаджээ" гэж байсан. Миний дуртай хэв маяг, дурлаж авсан декорууд энд байгаа болохоор дотнын хүмүүс маань хүртэл хараад намайг илэрхийлж буйг мэдэрсэн байх аа. Манай доод айлын хүн япон эмэгтэй байсан юм. Нэг удаа түүний гэрт зочилоход бас л минимал хэв маягтай хирнээ Япон уур амьсгалыг оруулсан сувенир жижиг хэрэглэлүүдийг тавьсан байсан. Тэр үед интерьер гэдэг тухайн орчинд амьдардаг хүнийхээ тухай илэрхийлж чаддаг юм байна гэдгийг илүү тод мэдэрсэн.

Цагаан цайвар, зөөлөн өнгөнүүдэд яагаад дуртай болсон бэ? Чиний хувьд ямар ач холбогдолтой вэ?
Би өөрөө дизайнер мэргэжилтэй. Дизайнер гэдэг мэргэжил бүтээлч байдлыг шаарддаг ажил. Тийм болохоор төвлөрч суухад эмх цэгцтэй байдал эерэгээр нөлөөлдөг юм. Байгалийн элементүүд ашигласан цэгцтэй цэмцгэр орчин надад маш таалагддаг. Цагаан, завсрын зөөлөн өнгөнүүд саруулхан, цэвэрхэн бөгөөд минимал хэв маягт тун сайн тохирдог болохоор ийм өнгөнүүдийг сонгох болсон байх. Ийм цагаан өнгө дагнасан орчинд хөнгөхөн, тайван уур амьсгал мөн бүрддэг.

Гэрийн интерьерт тав тухыг бүрдүүлдэг хамгийн чухал эдлэлийг юу гэж боддог вэ?
Ер нь түр хугацаагаар амьдарч байгаа ч гэсэн, өөрийн тав тухыг бодолцох нь ялангуяа сургалтаар явж байгаа хүнд орчин их чухал. Өөрөөр хэлбэл, бүтээлч сэтгэлгээг нь дэмжих эсвэл залхуу хүргэх гэх мэтээр янз янзаар тухайн хүнд орчин нь нөлөөлж болдог. Миний бодлоор буйдан тухтай, эвтэйхэн байвал сайхан байдаг. Шинэ байранд орж байгаа бол буйдан чухал юм шиг ээ. Гэртээ байхдаа хамгийн их цагийг өнгөрөөдөг, миний хамгийн тухтай хэсэг бол буйдан гэж хэлж болно. Түүнчлэн гал тогооны ажлын талбай их байх нь таатай санагддаг.

Буйдангийн дээр харагдаж буй зураг их анхаарал татаж байна. Өөрөө зурсан уу?
Тийм ээ. Энэ миний зурсан зураг. Өмнө нь энэ зургийн оронд өөр уран зураг өлгөчихсөн байсан. Харин би өөрийн гараар бүтээсэн ямар нэгэн зүйлээр чимэглэмээр санагдаад энэ зургийг зурсан юм. Би ээжээсээ гурвуулаа. Манайх эмэгтэйчүүд давамгайлсан гэр бүл болохоор яагаад ч юм хоёр эгчтэйгээ өөрийгөө хамт байгаагаар дүрслэн дуртай зураачаасаа санаа авч, нэг ч зураас салгалгүйгээр зурсан.

Эдлэл хэрэглэлүүдээс гадна интерьерт сайхан уур амьсгал оруулдаг зүйлсийн тухайд?
Миний хувьд гэрт ямар нэгэн хөгжим эгшиглэж байхад дуртай. Мөн talk show эсвэл подкаст сонсох нь надад сонирхолтой байдаг. Ганцаараа амьдардаг учраас “хань”-тай амар санагддаг юм. Тиймээс дуу хөгжим чухал юм байна шүү. Ажлын онцлогоос шалтгаалаад эмх цэгцтэй цэвэрхэн орчин намайг илүү хөглөж, урам зориг өгдөг. Тасалгааны ургамал бас байгалийн хөнгөхөн, сайхан мэдрэмж төрүүлдэг учраас дуртай. Ялангуяа том навчит ургамлууд, буудайн түрүү зэрэг нь яг уран баримал шиг харагддаг бөгөөд интерьерт үзэсгэлэнтэй декор болж чаддаг. Энд харагдаж буй ургамлууд бол яг үнэндээ хиймэл. Учир нь Испанид түр хугацаагаар суралцах гэж очсон учраас амьд цэцэг авчихвал дараа нь аваад явж чадахгүй үлдээнэ гэдгээ мэдээд хиймэл ургамлыг нь сонгосон. Монгол дахь гэрт маань харин олон төрлийн тасалгааны ургамал байдаг. Тавилга, декоруудаас гадна навчит ургамлууд, дуу хөгжим, үнэр чухал үүрэгтэй гэж бодож байна.

Өөрийнхөө дуртай зүйлсээр гэрээ тохижуулсан гэж хэлсэн дээ. Эдгээрийг хаанаас авсан бэ?
Ихэнхийг нь Zara Home болон H&M Home-оос авч байсан. Үнийн хувьд харьцангуй хямд хирнээ загварлаг, чамин зүйлс байдаг юм. Ихэнх хүмүүсийн дунд гоё сайхан интерьерийг заавал өндөр зардал гаргаж байж тохижуулдаг гэсэн ташаа ойлголт байдаг. Сайн хайж, аливаа эдлэлийн зохицлыг нь олж байрлуулахад заавал үнэтэй зүйлс хэрэггүй юм шүү. Хямд төсвөөр ч хүссэндээ хүртэл сайхан орчныг бий болгох боломж бүгдэд нь бий. Мөн гадаадад байр түрээсэлж байгаа юм чинь гээд орчноо хайхрахгүй орхих хэрэггүй болов уу. Харин ч илүү арчилж, өөрийнхөө мэдрэмжид тохируулан бага ч гэсэн өөрчлөлт хийн өөрийн хэв маягтаа зохицуулах нь олон талын ач холбогдолтой гэж хэлмээр байна.

Интерьер гэрэл зургийг: Б.Хонгор

Мэргэжлийнхээ зүгээс урам зориг авдаг инстаграм хаягууд бий юу? Мөн бидэнд өөрийнхөө инстаграм хаягийг өгөөч.
Минимал хирнээ натурал эд зүйлс таалагддаг бол эдгээр инстаграм хаягуудаас гоё интерьерийн санаа авч болно шүү. Миний инстаграм хаяг @ispywithmylittlei

Цаашид мэргэжлээрээ хэрхэн ажиллах бодолтой байдаг вэ?
Манай гэрийн зургуудыг хараад зарим хүмүүс зөвлөгөө авъя эсвэл тавилгын сонголт хийхэд минь тусалж болох уу гэдэг. Цаашид мэргэжлийнхээ дагуу Монголдоо интерьер дизайнер чиглэлээр ажиллаж, өөрийн зүгээс сурсан мэдсэн зүйлсээ хэрэгтэй хүмүүст нь зөвлөж байхыг хүсэж байна.

Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх

10 Сэтгэгдэл

Зочин

2020 / 05 / 26
Хариулах

Hongoroo yriltsaj setgegdlee huvaaltsaj bolhuu 96113221

-1

Зочин

2020 / 05 / 23
Хариулах

mundag

0

Зочин

2020 / 04 / 10
Хариулах

Бага насны хүүхэдтэй хүмүүс гэрээ яаж тохижуулнаа. Нэмэр алга хэ хэ

0

Зочин

2020 / 04 / 07
Хариулах

Ymr mundag ym be

3

Зочин

2020 / 04 / 07
Хариулах

Улам их амжилт хүсье 💐👏🏻👏🏻👏🏻

2

Зочин

2020 / 04 / 07
Хариулах

Wow

2

Зочин

2020 / 04 / 06
Хариулах

Iim mundag okhin gej medeed baisiimaa. qmjilt xusiii duudee

3

Зочин

2020 / 04 / 06
Хариулах

Ulger jishee uzegselentei saihan busgui

3

Зочин

2020 / 04 / 06
Хариулах

Zuvluguu ugj bolno shu gej instagaa hurtel oruulaad ih setgeltei ym aa. Saixan ch interior bn. buh zuild ni amjilt husye 💕

9

Зочин

2020 / 04 / 06
Хариулах

🤩

4