Ц.Тулга, М.Энхчимэг: Манай гэр бол бид хоёрын тусгал

Интерьерт уран зураг, дуу хөгжим хослон оршихоор ямар гайхалтай уур амьсгал бүрдэж болохыг Ц.Тулга болон түүний гэргий М.Энхчимэг нарын гэрээр "зочлонгоо" мэдрээрэй. 2020 оноос эхлэн трендийн жагсаалт руу шилжиж буй Максимализм хэв маягийг винтеж уур амьсгалаар чимж, цогцлоосон энэхүү гэрийн интерьер уншигч танд галерейд буй мэт сэтгэгдэл үлдээхээс гадна эрч хүч, гэгээлэг бодлуудаар хөглөнө гэдэгт итгэж байна.


Залуу гэр бүл
Ц.Тулга, М.Энхчимэг

Тун донжтой интерьер бүрдүүлжээ. Эдгээр сонирхолтой уран зургууд, постеруудаас яриагаа эхлүүлье.
Эхнэр: Би уран зурагт дуртай, оюутан байхдаа сонирхлоороо зурдаг байсан юм. Сүүлийн үед жаахан завгүй болоод зурахаа байчихсан л даа. Гэхдээ уран зурагт маш дуртай. Бас тод өнгө, гэрэлд дуртай болохоор гэр бүл болж, тусдаа гарвал заавал тод өнгийн ханатай гэртэй болно доо гэж боддог байсны минь биелэл энэ юм. Энхүүш гэсэн бичигтэй, ихэнх жижиг зургууд нь миний зурсан зургууд. Үлдсэн нь аав ээж, найзуудаас маань бэлгэнд ирсэн. Бид хоёрыг манай гэрийнхэн, найзууд уран зураг, пянз цуглуулах дуртайг мэддэг учраас тэмдэглэлт баяруудаар дандаа уран зураг, пянзнууд бэлэглэдэг.

Манай нөхөр Франц Кафка-гийн зохиолуудад их дуртай. Энэ постерийг Чехийн Прага хотод аялж явж байхдаа авч байсан. Прага хотод Франц Кафка мэндэлсэн бөгөөд ажиллаж амьдарч байсан учраас тэр хүний бүтээлүүд болоод постерууд нь тэнд их байдаг юм билээ. "American Gothic" зурагтай постерыг саяхан Америк явахдаа авсан. Тэр гэрлийн хажууд байгаа постер бол Австрийн Вена хотод байдаг Albertina гэдэг зургийн галерейд Моне болон Пикасогийн зургийн үзэсгэлэнг үзэж байхдаа авч байсан. Мөн Alphonse Maria Mucha гэдэг зураачийн "Morning Awakening" гэдэг зурагтай постерыг Чех улсаас авсан. Энэ зураачийн тухай огт мэддэггүй байж байгаад, бүтээлүүдийг нь үзээд маш таалагдсан. Тэгээд судлаад үзсэн чинь Чех улсыг тусгаар тогтнох үед мөнгөн тэмдэгт, марк болон олон барилга байгууламжийн загварыг зурж өгсөн, улсдаа их зүйл хийж бүтээсэн уран бүтээлч юм билээ. Дараа нь эдгээр постер бүр ямар нэгэн шинэ мэдлэг, дурсамжийг санагдуулдаг болохоор бидэнд таалагддаг.

Үнэхээр сонирхолтой уран зургууд харагдаж байна. Зургуудынхаа тухай тайлбарлаж болох уу?
Нөхөр: Кафка-гийн постерийн хажууд байгаа зураг бол 1994 онд Батсайхан гээд мундаг зураачийн зурсан уран зураг. Хэрвээ анзаарсан бол монгол бичгээр МОНГОЛ гээд бичсэн байгаа. Аав ээж маань бэлэглэж байсан юм. Харин дарс барьсан зураг бол бид хоёр шүү дээ/инээв/. Хуримдаа зориулж Батка зураачаар зуруулж байсан. Энэ зургийг бараг 7 хоногийн дотор богино хугацаанд зурсан ч Батка маань сэтгэл гаргаж илүү гоёор төсөөлөн зурсан байсан. Мөн "Миний амьдралын идэх талх биш, дарс минь байгаач" гээд их гоё нэр бүтээлдээ өгсөн. Илэрхийлж буй утга санаа болоод зургийн нэр нь ч гэсэн их таалагддаг. Хойморт байгаа том зураг ч гэсэн Баткагийн зурсан "A woman who gambled her yak" гэдэг нэртэй зураг. Манай найзууд төрсөн өдрөөр минь бэлэглэсэн юм.

Харин энэ бол Зураач Заяа ахын зураг. Бид хоёр энэ зураачийн уран бүтээлүүдэд бас дуртай. Заяа ахын оролцсон "Coffee and Cars" нэвтрүүлгийг үзээд хэлсэн үг нь их гоё санагдаж байлаа. "Хүн махан биеэ хоолоор тэжээдэг бол Сүнсэн бие буюу оюун санаагаа сайн сайхан зүйл үзэж, мэдэрч байж тэжээн тэтгэдэг юм" гэсэн утгатай хэлсэн үг нь урлагийн хүчийг товч бөгөөд маш уран илэрхийлсэн юм шиг санагдсан.

Хүн махан биеэ хоолоор тэжээдэг бол Сүнсэн бие буюу оюун санаагаа сайн сайхан зүйл үзэж, мэдэрч байж тэжээн тэтгэдэг юм.

Зураач Заяа

Тавилгын сонголтоо хэрхэн шийдсэн бэ? Нэлээн винтеж стильтэй юм шиг санагдлаа.
Эхнэр: Энэ байранд манай нөхрийн эмээ өвөө, ээж аав нь амьдардаг байсан юм. Тийм болохоор ээж аавын маань хэрэглэж байсан зарим хуучны тавилгууд энд бий. Дээр үеийн Орос тавилгууд, пянз тоглуулагч гэх мэт. Харин зурагтын болон номын тавиурыг сүүлд нэмж Ikea-гаас авсан. Өмнө нь байсан тавилгуудынхаа хийц, хэв маягт зохицуулж бусдыг нь нэмж авсан учраас ерөнхийдөө винтеж стильтэй болсон байх. Байршлыг бол нэг тавилгыг “furniture piece” болгож сонгоод хамгийн хэрэгтэй, зөв гэж бодсон газраа байрлуулж, бусдыг нь түүнтэйгээ зохицуулж байрлуулбал хялбар байх юм шиг санагдсан шүү. Бид хоёр ном унших дуртай болохоор бидний хувьд номын тавиур их чухалд тооцогддог.

Интерьертээ тухтай уур амьсгалыг бүрдүүлэхийн тулд юунд хамгийн түрүүнд анхаарах хэрэгтэй вэ?
Эхнэр: Нэг их яаралгүй, тухайн орчиндоо хэсэг амьдрангаа, бага багаар тохижуулах нь хэрэглээний хувьд ч тэр, загвар зохицлын хувьд ч тохиромжтой бөгөөд тухтай орчин бий болдог юм шиг санагдсан. Мэдээж өөрсдийнхөө юунд дуртай байгааг олж илрүүлэх хэрэгтэй байх. Гэртээ орж ирэхэд ямар мэдрэмж төрж байхыг, өөрийг чинь юу илүү их аз жаргалтай болгохыг төсөөлж ямар өнгө, гэрэл, тавилга, декоруудыг сонгохоо шийдэх нь зөв гэж бодож байна. Тэгээд тэрхүү дурлаж сонгосон зүйлсээ аль болох гартаа ойрхон байлгаж, үргэлж харж, мэдэрч, эдэлж хэрэглэх нь чухал. Жишээ нь: бид хоёрын хувьд номын тавиураа аль болох ойрхон байлгах гэж хичээж байрлуулсан. Ингэснээр ном унших цаг зав илүү их гардаг. Дуу сонсоод том өрөөндөө сууж байхдаа ханан дахь зургуудаа хараад анх удаа харж байгаа юм шиг шинэ зүйлсийг олж хардаг гэх мэт. Дуртай зүйлсээрээ хүрээлүүлэх нь аз жаргалтай, стрессгүй байхад нөлөөлдөг.

Олон сонирхолтой пянзнуудыг харлаа. Яг одоо тоглогдож байгаа пянзыг хаанаас авч байсан бэ?
Эхнэр: Манай нөхөр байгаа үед манай гэр үргэлж дуу хөгжимтэй байдаг. Сайхан хөгжим сонсож эхлүүлсэн өглөө маш гоё эхэлдэг юм. Нөхөртэйгөө танилцахаас өмнө би нэг их дуу хөгжим сонирхдоггүй, дуу сонсохоор бол ихэвчлэн интернетээр үнэгүй татаж сонсдог байсан болохоор нөхрийгөө өндөр үнээр, зорьж очиж пянз худалдаж авахыг нь хараад гайхдаг байсан. Гэхдээ одоо бол чин сэтгэлээсээ урлагийн бүтээлийг хайрлаж, үнэлж байгааг нь ойлгож, их дэмждэг. Хүний оюун ухаан, ур чадвар, хосгүй мэдрэмж шингэсэн зүйлийг мөнгөөр үнэлэх нь харин ч багадаж байгаа мэт санагддаг. Мэдээж интернетээр дуу татаж сонсох боломжтой ч урлагийн бүтээлийн үнэ цэнийг хүндэлж, биетээр худалдаж авах нь жинхэнээсээ тэрхүү уран бүтээлчид талархаж буйн илрэл гэж бодогддог болсон.

Хүний оюун ухаан, ур чадвар, хосгүй мэдрэмж шингэсэн зүйлийг мөнгөөр үнэлэх нь харин ч багадаж байгаа мэт санагддаг.

Нөхөр: Манай аав ээж пянз их сонсдог хүмүүс. Би багаасаа дуу хөгжимтэй ойр өссөн. Пянзаар тоглуулсан дууны дуугаралт хамгийн цэвэр, тод байдаг юм. Миний цуглуулгын ихэнхийг аавын минь бэлэглэсэн хуучны сайхан пянзнууд бүрдүүлдэг. Харин сүүлийн үед Японоос шинээр пянзнуудаа авдаг болсон.

Танайд зочилсон хүмүүс ямар сэтгэгдэлтэй байдаг вэ?
Эхнэр: Манайд найзууд маань ирэх дуртай байдаг. Заримдаа найзууд маань найзуудаа дагуулаад хүртэл ирдэг шүү. Зочны өрөөндөө тойроод суухад ярианы сэдэв хүртэл ханан дахь уран зургууд, пянзны цуглуулгуудтай холбогдчихдог юм.

Гал тогооны хооллох хэсэг сонирхол татаж байна. Сүүлийн байрнууд ихэвчлэн гал тогоо, зочны өрөө нь нэг болчихсон шүү дээ. Тусдаа байлгахын ач холбогдол нь юу вэ?
Нөхөр:
Хүмүүс хоол идэхдээ хүртэл зурагт, ухаалаг утсаа харж хооллодог болчихсон. Энэ нь зочны өрөөнд зурагт байдагтай холбоотой. Эрүүл мэндийн хувьд тийм ч тохиромжтой биш шүү дээ. Гэр бүлээрээ тойрч суугаад, дэлгэц биш бие биенийхээ өөдөөс харан ярилцах цаг хоолны ширээний ард байгаасай гэж хүсдэг юм. Тийм учраас бидний хувьд гал тогооны өрөө тусдаа байх нь тухтай байдаг.

Тасалгааны ургамлуудын тухайд?
Эхнэр: Тасалгааны гоёмсог ургамлууд дулаахан, сайхан мэдрэмжийг өгдөг. Манайд хятад сарнайн мод, лемоны мод бий. Нар их тусдаг учраас энэ өрөөндөө бүгдийг нь байрлуулсан юм.

Аливаа орчин тухайн газар амьдарч буй эзнийхээ тухай бүгдийг илэрхийлж байдаг гэдэг үг бий. Бидэнд болон уншигчдад маань урлагийн бүтээл, тэр дундаа дуу хөгжим, уран зургаар "дүүргэсэн" интерьер ямар ач холбогдолтойг уриалж юу гэж хэлэх вэ?
Нөхөр: Дуртай зүйлс минь энэ бүхэн учраас л манай гэрт бий. Яг үүн шиг хүн бүр өөрийн хайртай эд зүйлсээрээ гэрээ "дүүргээсэй" гэж хүсэж байна. Харин урлагийн бүтээлүүдийг ойлгож хүндэлдэг байх нь хүний эрхэм чанаруудын нэг юм шүү. Дуу хөгжимтэй ойр байснаар хүн илүү мэдрэмжтэй, аз жаргалтай болдог.

Ярилцсанд баярлалаа, Гэр бүлд тань сайн сайхныг хүсье.

Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх

11 Сэтгэгдэл

Зочин

2020 / 04 / 07
Хариулах

bagshiin.maani huu uneheer mundag medremjtei yumaa Bagsh.maani ch gesen saihan.setgeltei mundag hun shuu dee .Ger buld ni az jargal husie!

0

Зочин

2020 / 04 / 02
Хариулах

Mash ix vnder setgegdeltei bna zaluustaa jilt xvsie Tulgiin aawiin baga zlauu ider aximag nasnii and B.Tsogt

0

Зочин

2020 / 04 / 01
Хариулах

Zaluusdaa amjilt hvsie mundag 👏👏👏

0

Зочин

2020 / 04 / 01
Хариулах

Мундаг залуус байна аа. Гэхдээ миний бодлоор хэт их зүйл мэдрэлийг ядраана . Ялангуяа бага насны хүүхэдтэй бол анхаарах л хэрэгтэй. Амжилт.

0

Зочин

2020 / 03 / 31
Хариулах

Estoi huurhun bnaa az jargaltai tsugtaa amidraarai

0

Зочин

2020 / 03 / 31
Хариулах

Yanztai haragdaj baina

0

Зочин

2020 / 03 / 31
Хариулах

Wow nice interior design. Ymar goy goy buteeluud be. Saihan hosuus shu

0

Зочин

2020 / 03 / 31
Хариулах

Манай дээд айлын 2 байна. Их сайхан хосууд шүү. Залуус гэр орноо ингэж л тохижуулах хэрэгтэй шүү!

0

Зочин

2020 / 03 / 31
Хариулах

Gusto klimtiin zurag bas haragdaj bn wow

0

Зочин

2020 / 03 / 31
Хариулах

Wow wow wow

0

Зочин

2020 / 03 / 31
Хариулах

үнэхээр сайхан гэр бүл байна аз жаргал хүсье

1