Ч.Ган-Инж, Э.Баярбат: Биднийг холбосон утга учиртай бүхэн гэрт минь бий

Дулаан цаг наашилж, модод шинэхэн нахиагаа дэлгэж буй хаврын урин өдрийн мэндийг хүргэе. Эелдэг, зочломтгой нэгэн гэр бүлийн ярилцлагаар та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа таатай байна. Бидний энэ удаагийн зочин болох Э.Баярбат болон түүний гэргий Ч.Ган-Инж нарын зүрх сэтгэл, хайрын нандин дурсамжаар хөглөгдсөн гэрт тавтай морилно уу.


Э.Баярбат

Ч.Ган-Инж

Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Яриагаа анх танилцсан түүхээс тань эхэлье гэж бодлоо. Таны болоод нөхрийн тань сонирхол, дуртай зүйлс, хайрын түүх зэрэг та хоёрыг холбож буй бүгд энэ гэрт цогцолсон мэт санагдаж байна?

Эхнэр: Сайн байна уу? танай сайтын уншигч бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Бидний зүрх сэтгэлээ зориулж, мөрөөдлийн минь бодит биелэл болсон гэрт маань хүрэлцэн ирсэнд баярлалаа. Нөхөр бид хоёр байгалийн нам гүм тайван байдалд дуртай хүмүүс болохоор биднийг холбосон бүхэн нэг зүйл дээр нэгддэг. Бидэнд аялах, гол горхины чимээ сонсож байгальд байх нь таалагддаг. Бид хоёр хоёулаа нар жаргах, горхины хоржигнох чимээ сонсох гээд энгийн зүйлсээс л амьдралынхаа аз жаргал, эрч хүчийг авдаг. Нөхөр маань бас одон орон судлах дуртай. Танилцаад удаагүй байхдаа нөхөр маань тэр үед саадгүй харагдаж байсан ангараг, сугар, нар, сарыг дурандаж харуулж байсан. Ууланд хамт алхаж, хамтдаа аялж, мод цэцэг тарих зэрэг сонирхолтой байдлаар болзож дотносож эхэлсэн болохоор бидний нандин дурсамжууд байгальтай ойр байдаг. Тиймээс хамтын амьдралаа эхлүүлж буй гэрийнхээ интерьертээ байгалийн элемент аль болох шингээн тохижуулсан.

Ууланд хамт алхаж, хамтдаа аялж, мод цэцэг тарих зэрэг сонирхолтой байдлаар болзож дотносож эхэлсэн болохоор бидний нандин дурсамжууд байгальтай ойр байдаг.

Тухайн хувь хүний гэртээ бүрдүүлсэн интерьер нь тэр хүний үнэт зүйлсийг илэрхийлж буй мэт бүх зүйл нь утга учиртай санагддаг шүү. Танай гэр бүлийн хувьд эртнээс бодож төлөвлөсөн зүйлс нь юу вэ?

Эхнэр: Бусад тохижолтоо төлөвлөхөөс өмнө хамгийн түрүүнд хоймортоо нар, сар, дэлхийн зургийг байрлуулна гэж төлөвлөсөн. Манай нөхөр одон орон сонирхдог, дээр нь бид ямар том зүйлсээс хамааралтай жижиг ертөнцийн эгэл нэгэн өчүүхэн хэсэг гэдгээ санахын тулд эдгээр зургуудыг сонгосон цаад учир шалтгаан бий. Танилцаад удаагүй байхдаа миний төрсөн өдрийн астерион хэмээх од, санчир, ангараг гараг мөн сарыг хамтдаа дурандаж байсан юм. Тийм болохоор одон орон, гараг эрхэс бол манай гэр бүлийн хувьд их нандин зүйл юм.

Нөхөр: Цаашид жил бүр энэ зурагны өмнө гэр бүлийн зургаа авахуулж хадгалж байгаад охидоо 18 нас хүрэх үед нь бэлэглэнэ гэж төлөвлөж байгаа. Мөн бид хоёр дуртай байгалийн үзэгдлүүдээ жижиг жаазанд хийж, үүдний хэсэгтээ байрлуулсан. Blue болон Red hour буюу цэнхэр, улаан уур амьсгалтай болох үеийн зургууд юм. Харин унтлагын өрөөнд сүүн замын зураг бий. Мөн анзаарсан бол өрөө бүрд ургамал бий. Энэ мэт аль болох байгальд ойр мэдрэмж өгөхүйц уур амьсгалыг бүрдүүлж, од гараг эрхсийн зургаар гэрээ гоёсон.

Интерьерээ өөрийнхөөрөө тохижуулах нь амьдралд ямар нөлөө үзүүлж байна вэ? Анзаарч буй өөрчлөлтүүдээсээ хуваалцвал?

Эхнэр: Энэ байрны захиалгыг өгчихсөн байсан учраас 1 жил гаруй хугацаанд байраа ашиглалтад орохыг хүлээгээд манай аав ээжийнд амьдардаг байсан. Нүүж ороод удаагүй байгаа ч охин маань хүртэл хэзээнээс л амьдарч байсан гэр нь мэт тухтай байгааг харахад өөрсдөө сэтгэл шингээн тохижуулсан зүйлс цаанаа илүү дотно байдгийг анзаарсан. Өөрсдөө одоо бий болгосон бүхнээ бодохоор бас нэг өөр мэдрэмж төрүүлдэг. Би чинь нэг халбага, сэрээг хүртэл ямар хэмжээтэй, ямар хэлбэртэй байхыг бодож сонгосон болохоор бүх зүйл нь өөриймсөг, дотно санагдаж байгаа. Мэдээж бүх зүйл дээр бид хоёрын зүрх сэтгэл, хөдөлмөр шингэсэн гэдгээрээ үнэ цэнтэй.

Материалын сонголтыг мөн байгальтай ойр мэдрэмжтэй байхыг бодолцож сонгосон уу?

Эхнэр: Тийм шүү. Манай тавилгын ихэнх нь модон эдлэл. Минимал дизайнаас санаа авч зарим деталиа concrete буюу бетон эдлэлтэй хоршуулсан. Гэхдээ хэт нэг стилиэр тохижуулахаар баригдмал, хөндий болох юм шиг санагдаад аль болох зөөлөн байгалийн өнгөтэй, амьд ургамал ихтэй байлгахыг зорьсон.

Өдрийн яг аль цагт хамгийн гоё уур амьсгал бүрддэг вэ?

Нөхөр: Нар жаргах үед их дуртай. Бид хоёр байраа сонгохдоо нар жаргах энэ цагаар хамгийн гоё харагддаг байхыг бодолцож сонгосон. Байр гэдэг чинь байнга амархан солиод байдаг зүйл биш шүү дээ. Хамгийн багадаа энд 10 жил амьдарна гэж бодож байгаа болохоор ингэж ач холбогдол өгсөн хэрэг л дээ. Үзэгдэх орчин сайтай байх нь хүний сэтгэл зүйд ч эерэгээр нөлөөлдөг.

Залуу гэр бүлд, шинэ байранд нүүж орох гэж байгаа хүмүүст юу гэж зөвлөх вэ?

Эхнэр: Анхнаасаа тавилга авах үеэс л эхлээд цэгцтэй байвал амар санагдсан шүү. Үнэхээр шаардлагатай юу гэдгийг бодож сонгоорой. Бидний хувьд аяганыхаа тоог хүртэл хэрэгцээндээ тааруулж авсан. Мөн гэр бүлийнхээ гишүүн бүрд ээлтэй нөхцөлийг бүрдүүлж, хүүхдээ ямар хүмүүжил төлөвшилтэй хүн болгохыг хүсэж байна тийм л орчныг бүтээх нь чухал санагддаг.

Нөхөр: Тэгээд нэмж хэлэхэд, бидний хувьд охидоо байгаль дэлхийг хайрладаг, бүтээлч хүн болоосой гэдэг үүднээс гэртээ ургамал, модон эдлэл, байгалийн материалыг түлхүү сонгож ашигласан. Жишээ нь: Зочны өрөөнд зурагтын хажууд буй модлог ургамал бол удам бор гэдэг нэртэй, их том өндөр болж ургадаг ургамал. Хамгийн гол нь нэг айлын зураг хараад шууд дуурайхаас илүү өөрсдийн гэсэн давтагдашгүй зүйлийг гэртээ бий болгоосой гэж хүсэж байна.

Төсвийн хувьд хэрхэн шийдсэн бэ? Хүссэн орчноо бий болгохын тулд залуу гэр бүлүүд тодорхой хугацааны турш санхүүгийн сахилга бат баримталдаг байх?

Эхнэр: Бидний туршлага бол хамтын бизнес эрхэлж, мөнгөө хурааж эхэлсэн. Ер нь хүссэн орчноо үүсгэхэд тодорхой хэмжээний мөнгөн хуримтлал үүсгэсэн байх хэрэгтэй юм билээ. Хэрвээ шууд санаандаа нийцсэн зүйл авахад хүндрэлтэй бол бага багаар нь ахиулж байх нь зөв байх. Аль болох өөрсдийн хүссэн тохижолтоо санхүүдээ тохируулан бүтээлчээр сэтгэж чадвал шийдэж болох олон арга зам бий гэж бодож байна.

Одоо дахиад нэмж хийх зүйлс үлдсэн үү?

Эхнэр: Гэрийнхээ тагтан дээр жижигхэн ширээ, дүүжин сандал тавьж, цай уудаг хэсэг болгох сонирхолтой байгаа. Ер нь тагтан дээр хэрэгцээгүй зүйлс хураалгүй аль болох нээлттэй орон зайтай, цэгцтэй байлгахыг хүсэж байгаа.

Интерьерт тавилга эдлэлүүдээс гадна үнэр, гэрэл, хөгжим чухал үүрэгтэй байдаг. Танайх гэртээ ямар хөгжим сонсох дуртай бэ? Мөн гэрэлтүүлэг, үнэртүүлэгчний тухайд ямар байр суурьтай байдаг вэ?

Эхнэр: Нөхөр бид хоёрын хөгжмийн сонирхол их төстэй. Бусад хүмүүс нэг их сонирхож сонсоод байдаггүй дуунууд миний болон нөхрийн маань playlist-нд байж байдаг. Одоо ч яг хэвээрээ. Easy listening буюу зөөлөн хөнгөн хэмнэлтэй дуунууд гэртээ ихэвчлэн сонсдог. Гэрт тоглуулах хөгжим алгуурхан тайвшруулж амраах нөлөө үзүүлдэг байвал тааламжтай байдаг. Гэрэлтүүлгийн хувьд бид хурц тод гэрэлд дургүй. Манайд том, хурц гэрэл байрлуулаагүй байгааг анзаарч болно. Харин үнэр маш зөөлөн үнэртэй байх нь таалагддаг.

Ямар нэгэн дизайны чиг хандлагуудаас санаа авсан уу?

Эхнэр: Энэ гэрийн интерьер бол бидний цэвэр бодол төсөөллөөс урган гарсан зүйлсийг бодитоор хэрэгжүүлсэн байгаа нь юм. Бага зэрэг минимал дизайны элементүүдийг оруулсан ч бүхэлд нь нэг дизайн барьж тохижуулах нь утгагүй санагдсан. Жишээ нь: хүүхдийн өрөөг минимал тохижуулна гэхээр тохиромжгүй мэт. Аль болох хүүхдийн хөгжил, сэтгэхүйд эерэг нөлөөлөх олон өнгө, тэгээд зөөлөн эдлэл ихтэй байвал зохимжтой санагддаг учраас минимал байх нь жаахан тухгүй. Тиймээс тухайн орчинд хэн байхаас шалтгаалж тохижуулсан.

Магадгүй олон хүн гэрэлтүүлгийг их сонирхож байх шиг байсан. Декор болон тавилгуудаа хаанаас авсан бэ?

Нөхөр: Маш олон газраас л сонголтоо хийсэн. Дэлхий даяар хөл хорионд байгаа өнөө үед гаднаас захиалах боломжгүй учраас бид өөрсдийгөө дотоодод үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрүүдээ маш сайн дэмжсэн гэж бодож байгаа.

Эхнэр: Гал тогооны тавилга Modernlight компаниар захиалгаар хийлгүүлсэн. Декор, энэ жижигхэн ургамалтай гэрэлтүүлгээ Fibonacci design дэлгүүрээс авсан. Хүүхдийн өрөө болон ариун цэврийн өрөөн дэх сагсыг Буудай гэдэг брендээс авсан. Сонины цаасаар сүлждэг болохоор их зөөлхөн материалтай, бас хөөрхөн загварлаг, хөнгөн санагдсан. Буйдангийн дэрийг Номуда home брендээс авсан. Мөн гал тогоонд байгаа модон цагийг Eden гэдэг брендийн үүсгэн байгуулагч залуугаар хийлгүүлсэн. Их хурдан хугацаанд чанартай хийж өгсөн шүү. Монголд маань интерьерийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниуд үнэхээр сонголт ихтэй, чанартай болсон байна лээ. Ялангуяа манай гэрэлтүүлгийг хүмүүс их сонирхож асуусан байсан.

Fibonacci Design studio: "Бид байгалийн энгийн дизайны элементүүдийг илэрхийлсэн тавилга, төрөл бүрийн гэрэлтүүлэг болон чамин тансаг орчинг бүрдүүлэх декоруудыг үйлчлүүлэгчдээ санал болгодог. Mанай бүтээгдэхүүнүүд амар амгалан, аз жаргалтай орчинг гэртээ бүрдүүлэхэд тань туслах ба өрөө тасалгааг тань хэт ноёрхохгүйгээр донжтой чимнэ."

Гэртээ байх эдлэлийг бүгдийг нь мэргэжлийн хүний тусламжгүй бие даан сонгож тохижуулна гэдэг нэлээн мэдрэмжтэй хүний чадвар байх аа. Таны хувьд хэцүү зүйл нь юу байсан бэ?

Эхнэр: Өмнө нь хэлсэнчлэн, халбагаа хүртэл ийм хэлбэртэй байна гэх мэтээр бүх сонголтыг хийсэн болохоор их л сэтгэл шингэсэн дээ. Үнэхээр амаргүй юм билээ. Дэлгүүрт гоё харагдаж байсан ч гэртээ авчраад тавихаар зохицохгүй тохиолдлууд цөөнгүй гарсан. Гэхдээ нэгэнт л хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөрөө зарцуулж тохижуулж байгаа болохоор санаандаа нийцүүлэх л хэрэгтэй байсан. Манайх төвхнөөд удаагүй байгаа. Одоохондоо гэрийнхэн маань л манайхаар зочилсон. Тэд маань "Та хоёр өөрсдийн гэсэн зүйлсээ шингээсэн байгаа нь их таалагдлаа" гэж байсан. Бид ч их сэтгэл хангалуун байгаа. Энэ гэртээ илүү олон дурсамжийг хүүхдүүдтэйгээ хамтдаа бүтээж, аз жаргал инээд хөөрөөр бялхсан халуун дулаан гэр байлгах болно оо.

Ярилцсанд баярлалаа. Гэр бүлд тань аз жаргал, сайн сайхныг хүсье.

Деталиуд:

Сурталчилгаа
https://interior.mn/