Бидний өвөг дээдэс болох Хүннүчүүд баян тансаг улс байсан гэдэг. Алт, мөнгө эдэлж, хэрэглэдэг. Дээл хувцсаа хачин гоё, хийц, загвар хийцтэй урладаг байж. Энэ бүхнийг Хүннүгийн үеийн хаадын булшнаас гарсан баримтууд нотолсоор байдаг. Харин энэ удаа тэдгээр олдворуудаас санаа авч орчин үетэй хослуулсан уламжлалт эдлэлүүдийг танилцуулж байна. Сүүлийн үед тренд үүсгээд буй Скандинав дизайн шиг Хүннү дизайныг интерьерийн салбарт хөгжүүлж, дэлхий дахинаа түгээн дэлгэрүүлэх гэгээн зорилготой Хаадын гэр компанийн үйлдвэрээр зочилцгооё.
Хаадын гэр ХХК нь 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл Монголын эртнээс уламжлагдаж ирсэн тансаг уран хийцийг бүтээлүүддээ шингээн, интерьер дизайны салбарт инноваци үүсгэн ажиллаж буй. Ингэж хэлэхийн учир нь мод, ноос, шавар гэсэн байгалийн цэвэр түүхий эдийг инноваци шингээсэн шинэ технологиор сайжруулж үйлдвэрлэл явуулдаг ажээ.
Бүх бүтээгдэхүүний маань “орцод” ерөөсөө л мод, ноос, шавар гэсэн байгалийн түүхий эд байдаг. Тансаг болгохын тулд урчуудын хөдөлмөр маш их шингэдэг юм.
Хаадын гэр компанийн захирал Д.Болор-Эрдэнэ
Олон улсын чанарт нийцсэн, элит тавилгаар дэлхийн зах зээлд өрсөлдөхийн тулд түүхий эдийн сонголтод маш няхуур ханддаг нь илт. Учир нь тусгайлан бэлтгэсэн 6%-ийн чийгшил агуулсан байгалийн цэвэр мод, Монгол хонины ноосны хялгаснаас нь салгасан ноолуур болон сайн чанарын шаврыг ашигладаг байна. Үүнийгээ гар аргаар боловсруулж, үйлдвэрлэдэг учраас ёстой л яс чанартай, олон жил өвлөгдөх үнэ цэнтэй бүтээл төрдөг ажээ.
Аль болох хэрэглэгчдэдээ ойртохын тулд бүх загварын концепц дээр ярилцаж, түүхэн-уламжлалт-орчин үеийн гэсэн гурван хэлхээст зориулан бүтээдэг байна. Дизайн бодож олохоос эхлээд эх түүхээ судлах, бүх деталийг гараар урлах гэх мэт үйл бүхэнд нь сэтгэл шингэсэн бүтээлүүдээ хэрэглэгчдэдээ хүргэдэг нь бахархалтай. Хүн бүр хийж буй ажилдаа хайртай бөгөөд ажлаа хийж байхдаа жаргалтай харагдаж байсан нь тун халуун дотно. Хаадын гэр ХХК-ийн эгэл уран дархчуулын бүтээлүүд сэтгэл сэргээж, нүд баясгана.
Монголын нүүдэлчин соёл, ёс заншил нь монгол гэр болон түүн доторх ахуйн эдлэлүүдэдээ нэвт шингэсэн үнэт өв юм. Тэрхүү өвийг хадгалан хамгаалж, үр хойчдоо өвлүүлэн үлдээх нь даяарчлагдсан нийгмийн залуус бидний үүрэг гэлтэй.
Түүхэн-Уламжлалт-Орчин үеийн гэсэн гурван хэв маягийн эдгээр үндэсний бүтээлүүд гарцаагүй Монгол хүн бүрийн бахархал.
Сурталчилгаа