Монголчууд бид эртнээс нүүдэлчин ахуй соёлтой боловч сүүлийн жилүүдэд суурин амьдралын хэв маягт эрчимтэй шилжсээр буй. Ийм эгзэгтэй шилжилтийн үед нүүдэлчин ахуй соёлоо үр хойчдоо мартуулахгүй байх зайлшгүй шаардлагатай билээ. Цаг үетэйгээ хөл нийлүүлэхийн сацуу Монгол хэв маягтай тавилга, декор зэргээр дамжуулан дэлхийн интерьерийн салбарт “Хүннү” урсгалыг бий болгон ажиллаж байгаа Хаадын гэр ХХК-ийн захирал Д.Болор-эрдэнэ эрхэмтэй хэсэг хором ярилцлаа. Уламжлалт өв соёлын үнэ цэн шингэсэн хөшиг, йогийн гудас, олбог, шавар баримал, эсгий уран зураг, трапец болон цилиндр авдар гэх мэт эдгээр эдлэлүүд уншигч танд гайхалтай сэтгэгдэл төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Хаадын гэр компанийн захирал
Д.Болор-эрдэнэ
Урилгыг минь хүлээн авсанд баярлалаа. Танд өдрийн мэнд хүргэе. Хаадын гэр ХХК бүтээгдэхүүнийхээ загварыг хэрхэн гаргадаг вэ?
Баярлалаа. Дэлхийн тавцанд Хүннү гэх интерьерийн шинэ урсгалыг хөгжүүлж дэлгэрүүлэх том зорилго өвөртлөн, “Хаадын гэр” компаниа 2014 онд гурван хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж байлаа. Тэртээх Хүннү-гийн үеэс эхлэн 20-р зууны Богд хааны үеийн хэрэглэж байсан эдлэлийн хэлбэр хийцийг сэргээж орчин үетэйгээ нийцүүлэн загваруудаа гаргадаг. Энэ нь интерьер дизайнд гаргаж буй инноваци юм. Манай компани бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхлэхээс өмнө СУИС-ын хүндэт профессор, уран сийлбэрч Г.Цогбаяр болон түүний шавь нар, мөн дизайнер, урлаг судлаач Н.Мөнхсоёл, түүхч Г.Мэнд-Ооёо, Хүннү судлаач Ц.Эгиймаа зэрэг мэргэжилтнээс зөвлөгөө авч, хамтран маш сайн судалгааг хийсэн. Тиймээс манай ахуйн эдлэл, хэрэглэлүүд цөм түүхийн судалгаан дээр үндэслэсэн бүтээлүүд юм.
Хуучны хоцрогдсон гэдэг хандлага өөрчлөгдөж эргээд байгалийн материал ашигласан эко эд зүйлс эрэлттэй болоод эхэллээ. Хүннү загварыг хүмүүс хэр сонирхон хүлээж авч байна?
Интерьерийн салбарт цаашдаа ч байгалийн гаралтай түүхий эд ашиглах нь тренд болно гэж таамаглаж байгаа. Анх авдар гэхээр нөгөө л эрээн авдар, эсгий гэхээр саарал, хялгас ихтэй, үнэртэй гэж хүмүүст төсөөлөгддөг байсан учраас орчин үеийн интерьерт нийцэхгүй гэдэг байсан. Харин тэдгээр уламжлалт хэрэглэлийнхээ хуучин хэв загварыг нэг их өөрчлөхгүйгээр технологийг нь сайжруулж, илүү чанартай болгоод эхлэхээр хүмүүсийн сонирхлыг эрхгүй татаж байх шиг анзаарагдсан.
Бүх бүтээгдэхүүний маань “орцонд” ерөөсөө л мод, ноос, шавар гэсэн байгалийн түүхий эд байдаг. Тансаг болгохын тулд урчуудын хөдөлмөр маш их шингэдэг юм.
Д.Болор-Эрдэнэ
Олон улсын үзэсгэлэнгүүдэд амжилттай оролцсон тухай сонссон. Гадны хүмүүс Монгол ахуйг маань хэрхэн хүлээж авдаг вэ?
Гаднынхан Монголын түүхийг сонсоод маш их бахархаж, хүндэлдэг. Бидний бүтээлийг олон улс хүлээн зөвшөөрч, бахдан биширч байгаагийн учир нь Монголын түүх болон түүхийн явцад үүссэн бүх зүйлс дэлхий дахинаа гайхагдах үнэ цэнэтэйд оршиж байгаа юм. Монгол гэр маань архитектурын онцгой шийдэлтэй сууц. Монгол гэрийн бэлгэдэл, байгаль хүн хоёрын тэнцвэрт холбоо зэрэг нь эрхэмсэг бөгөөд нууцлаг интерьерийг бий болгодог. Тэр үнэ цэнийг бид аль болох цааш түгээн дэлгэрүүлж хосгүй үнэт зүйл, ач холбогдлыг нь хойч үедээ өвлүүлж үлдээхийг зорьж байна. Мөн нүүдэлчин гээд ноорхой цоорхой бус харин ч язгууртны тансаг хэрэглээтэй байсныг эртний Хүннү-гийн үеийн эдлэлүүдээс эхлээд харж болно. Үнэт түүхийн маань бидэнд үлдээсэн эрхэм өв бол энэ юм.
Танд хамгийн тод үлдсэн сэтгэгдэл юу байсан бэ?
Хамгийн тод үлдсэн сэтгэгдэл бол яг одоо санаанд орж байгаагаар 2017 онд Япон улсад зохион байгуулагдсан соёлын үзэсгэлэнд оролцож байхад 1000 гаруй компанид консалтингийн үйлчилгээ үзүүлдэг компанийн захирал бидэнтэй уулзан сэтгэгдлээ хэлж байсан юм. Үзэсгэлэнгээс сарын дараа Монголд өөрийн биеэр ирж манай үйлдвэртэй танилцаад бүтээлүүдээс маань маш их сонирхон авч байлаа. Би бодохдоо Япон улс ихэвчлэн жижиг талбайтай байранд амьдардаг болохоор авдар зэргийг маань төдий л сонирхохгүй болов уу гэсэн харин ч илүүтэй сонирхож байсан нь бодлыг маань өөрчилсөн шүү. Мөн Английн “22 Tents” компани “Өдөржин цэнхэр тэнгэрийг харж, өглөөнөөс орой болтол нарны гэрлийг мэдрэн шөнийн турш алсын оддын гялбааг харах боломж зөвхөн монгол гэрт л байдаг” хэмээн манайхаас монгол гэрийн экспорт хийхдээ бахдан ярьж байсан. Ер нь олон улсын үзэсгэлэнд оролцоод явж байхад манай бүтээлийг сонирхсон гадны хүмүүс "Монголыг дэлхийн тавцанд таниулах жишиг брендийг гаргаж чадсан байна шүү дээ" гээд маш өндөр сэтгэгдэлтэй байдаг.
Интерьер гэдэг хүнийг амраах тайвшруулах, нөгөө талаас сэргээж баяр баяслыг төрүүлэх гэх мэт тэр орчинд хэн байхаас шалтгаалж доторх эдлэлүүд нь өөрчлөгдөж байдаг зүйл Танай бүтээгдэхүүнүүд интерьерт ямар уур амьсгалыг авч ирэх вэ?
Манай бүтээгдэхүүнүүд аль ч интерьерт тансаг, байгалийн мэдрэмжийг үүсгэдэг. Хүний биед огт сөрөг нөлөөгүй гэдгээрээ онцлог. Би дэлхийн тавилга үйлдвэрлэлийн томоохон зах зээлд Монгол улсын үйлдвэрлэсэн “элит” бүтээгдэхүүнүүд өрсөлдөх боломжтой гэдгийг нотлохыг хүсч байгаа. Бүх бүтээгдэхүүний маань “орцонд” ерөөсөө л мод, ноос, шавар гэсэн байгалийн түүхий эд байдаг. Тансаг болгохын тулд урчуудын хөдөлмөр маш их шингэдэг юм. Түүхий эдээ маш сайн боловсруулж, ашигт чанарыг нь дээшлүүлэн бүх деталийг гар аргаар хийдэг учраас манай бүтээгдэхүүн бүр цорын ганц.
Би дэлхийн тавилга үйлдвэрлэлийн томоохон зах зээлд Монгол улсын үйлдвэрлэсэн “элит” бүтээгдэхүүнүүд өрсөлдөх боломжтой гэдгийг нотлохыг хүсч байгаа.
Д.Болор-Эрдэнэ
Яг аль чиг хандлага, урсгалд тохируулан бүтээлүүдээ гаргадаг вэ?
Бид аль болох хэрэглэгчдэдээ ойртож, бүх төрлийн хүмүүст зориулан хүрч ажиллахыг боддог. Хэдэн төрлийн бүтээгдэхүүн тавьчихаад эндээс л ав гээд хэрэглэгчдэд сонголт өгөхгүй бол дээр дурьдсан үүргээ умартаж буй хэрэг. Тийм учраас минимал айлуудад тохируулан нимгэн эсгий дэвсгэр үйлдвэрлэдэг бол арай уламжлалт сонгодог дизайн таашаадаг хэрэглэгчид зориулан зузаан эсгий ширмэл санал болгодог гэх мэт. Мөн тухайн захиалагчаас саналыг нь сонсож, захиалгаар хийж үйлчилдэг. Хэрэглэгчийн хүсэл сонирхолд нийцсэн загвараа гаргаж, хувирч шинэчлэгддэг байх нь зах зээлдээ хүрэх гол стратеги гэж ойлгож болно. Бүтээлдээ хэрэглэдэг түүхий эд маань маш олон төрлийн ач холбогдолтой байдаг. Жишээ нь эрдэмтдийн судалгааны үр дүнгээс үзэхэд эсгий 15 төрлийн ач холбогдолтой бөгөөд өөрөөсөө дулаан ялгаруулж байдаг бүтээгдэхүүн.
Загварын деталь бүрдээ их анхаарал хандуулдаг санагдлаа. Та загварын консепцид хэр оролцдог вэ?
Загварынхаа санааг ярилцахаас эхлээд эцсийн хувилбарыг батлах хүртэл би өөрөө оролцдог. Нэг бүтээлд хүн бүрийн чин сэтгэл зүрх шингэдэг. Бүх консепц-оо гаргахдаа түүхэн-уламжлалт-орчин үеийн гэсэн гурван хэлхээст тохируулан бүтээдэг. Монголчууд хуучны эд урт настай, чанартай гэж ярилцдаг. Манайх бүтээгдэхүүн бүрээ гараар урладаг учраас эдэлгээ маш сайн даадаг. Нэг жишээ хэлэхэд манай компани ачаалал багатай үедээ үйлчлүүлэгчдийнхээ хүсэлтээр хуучин авдарнуудыг сэргээн засварлаж өгдөг юм. Авдраа засуулах гэсэн хүмүүс ихэвчлэн "энэ авдар одоо 150 жил болж байна" эсвэл "100 гаруй жил болсон байх элэнц эмээ, өвөөгийн минь авдар" гэж хэлдэг. Сэргээгдсэн тэдгээр авдар дахиад хэдэн жил хэрэглэгдэхийг таашгүй шүү дээ. Энэ бол өвлөгдөх үнэ цэн юм. Монгол гэр, монгол ахуй, соёл хойч үед маань дамжиж буй юм.
Залуу гэр бүлүүдэд монгол ахуй хэрэглээгээ дэмжих тухай та юу гэж уриалах вэ?
Сүүлийн үед байгальд ээлтэй байхын тулд залуу гэр бүлүүд маань хэрэглээгээ дотоодод үйлдвэрлэсэн зүйлсээр өөрчилж, аль болох эко бүтээгдэхүүн хэрэглэхийг зорьдог болсон байна. Энэ ч утгаараа бид зах зээлээ мэдэрч тэдний сонирхож буй загварыг гаргахыг эрмэлзэж байгаа. Гол санал болгох зүйл бол эсгий эко дэвсгэрийг хэрэглээсэй гэж уриалмаар байна. Учир нь хялгаснаас нь бүрэн салгасан эсгийг түүхий эд болгон ашигладаг. Эсгий маань маш олон эерэг нөлөөтэй. Тиймээс ялангуяа настай эцэг эхдээ бэлэглэхээс гадна бага насны хүүхэдтэй айлуудад тун хэрэгтэй болов уу гэж бодож байна. Монгол гэр, түүн доторх уламжлалт бүх зүйл орчин үеийн интерьерт нийцэх бүрэн боломжтой юм гэдгийг даяаршиж буй нийгмийн залуучууд ойлгож, хүндлээсэй гэж хүсч байна.
Хаадын гэр ХХК-ийн бүтээгдэхүүний нэр төрөл олон. Үүнд:
Таны багын мөрөөдөл энэ байсан уу?
Тийм шүү. Би эмээ өвөөгийн хүүхэд. Эмээ маань Тайжийн охин бөгөөд бага залуугаасаа Монгол уламжлалыг эдлэж хэрэглэж, ойлгож, хайрлаж ирсэн хүн. Эмээ минь намайг жаахан байхаас эхлэн уламжлалт ахуйтай танилцуулж, аливааг чанартай сайн гүйцэтгэж байхыг сануулдаг мундаг хүн байсан юм. Тэр хүний оруулсан гавьяа, хичээл зүтгэл юутай ч зүйрлэмгүй том сургааль болж надад үлдсэн юм. Тиймээс би ч гэсэн эмээ шигээ хүүхдийг багаас нь зөв хүмүүжүүлэх юмсан, Монгол ахуйтай ойр байлгах сан гэж боддог. Энэ хүсэл одоо дэлхийн тавцанд "Хүннү" гэх интерьерийн шинэ урсгалыг хөгжүүлж, дэлгэрүүлэх том зорилго болсон.
Ярилцсанд баярлалаа, танд амжилт хүсье.
Зочин
2020 / 02 / 06Гоё юм байна.амжилт
Зочин
2020 / 02 / 06GOY YUMA IX TAALAGDAJ BNA
Зочин
2020 / 02 / 06Estou goe ulamjlalaa hadgalsan buteegdehuunuud bainaa haaguur hudaldaaldag we.
Зочин
2020 / 02 / 06Ямар гоё юм вэ мундаг өшөө олон сайхнаар бүтээгээрэй
Зочин
2020 / 02 / 06Өвөг дээдэсээсээ уламжлагдаж ирсэн эд зүйлсийг гой загвар хийцтэй болгож үйлпдвэрлэж байгаатанай хам олонл баяр хүргэе Борлуулалт хаагуур зарагдагвэ
Зочин
2020 / 02 / 05Маш мундаг эмэгтэц үнэхээр ихээр барархаж байна. Томоос том амжидт хүсье!
Зочин
2020 / 02 / 05Гайхалтай хөөх
Зочин
2020 / 02 / 05Мундаг юмаа. Томоос том амжилт хүсье
Зочин
2020 / 02 / 04Үнэхээр сайхан бүтээлүүдтэй шүү, бахархалтай.
Зочин
2020 / 02 / 04Saihan edlel hiij bgaad bayar hurgej amjilt husie. Emeegiinhee abdrig sergeelgenee.
Зочин
2020 / 02 / 04Unendee avdar zereg geriin ed hogshil ni jinhene minimal edlel baisan ym shig bodogddog shu. Uneheer tansag hiitstei ymaa
Зочин
2020 / 02 / 03Estoi goy uma ene virisnii hul horiotoi ued tsagaan saraaraa mongol ymaa demjeed ugvul ediin zasagt ch eruul mended ch sain bhda. Mongolchuud bid tsuuhun shuudee saihan urialaad yvay! Iim zuiliig l demjihgu bol yug demjih um be