Бараагаа шилэн хоргоны цаана өрж байрлуулдаг дэлгүүрийн уйтгартай жишгийг халж, мэргэжлийн ур чадвар, дизайны сонирхолтой шийдлийг хослуулан Cose Cosmetics-т тун өнгөлөг интерьерийг бүрдүүлсэн нь бусдаас онцгойрч байв. Тиймээс бид энэ удаа тус дэлгүүрийн тухай онцлон хүргэхээр бэлдлээ. Ингээд "Cose cosmetics" гоо сайхны их дэлгүүрийн үүсгэн байгуулагч С.Амуулайг урьж ярилцсан юм. Залуу хүний хүсэл эрмэлзлээр хөглөгдсөн түүний яриа олон охид эмэгтэйчүүдэд эрч хүч, урам зориг бэлэглэнэ гэдэгт итгэж байна.

Үүсгэн байгуулагч
С.Амуулай
Юун түрүүнд бизнесийн санаагаа хэрхэн олсон бэ? Энэ талаар яриагаа эхлүүлье.
Эмэгтэйчүүд хэрэгтэй бүхнээ нэг дороос авах боломжийг бүрдүүлэх нь бизнесийн маань үндсэн санаа юм. Олон улсад гоо сайхны нэгдсэн дэлгүүр түгээмэл байдаг ч Монголд энэ салбар хангалттай сайн хэмжээнд хөгжөөгүй байгаа нь дутагдалтай санагддаг. Ерөнхийдөө эрэлт хэрэгцээнд үндэслэн бизнесийн санаагаа гаргаж, төсөл бичиж эхлүүлсэн. Манай улсад гоо сайхны олон нэр төрлийн бүтээгдэхүүнүүд нэг дор төвлөрөөгүй учраас ээжүүд, охид бүсгүйчүүд арьс арчилгааны бүтээгдэхүүн, үнэртэн зэргийг авахын тулд заавал хэд хэдэн дэлгүүрээр орж байж худалдан авалт хийдэг. Мөн тухайн бүтээгдэхүүнийг туршиж үзэх, мэргэжлийн зөвлөгөө, тусламж авах боломж төдийлөн нээлттэй биш байдаг. Энэ байдлыг бага ч болов халж, илүү тухтай орчинд, мэргэжлийн зөвлөгөөнд үндэслэн эмэгтэйчүүд өөрсдөө туршиж бүтээгдэхүүнээ сонгож болох тийм л дэлгүүртэй болохыг зорьсон.
Дэлгүүрийн интерьертээ яагаад индустриал дизайныг баримталж тохижуулсан бэ?
Хамгийн түрүүнд бүтээгдэхүүн, үйлчилгээ авахад саадгүй байхыг бодолцож орон зайн нээлттэй төлөвлөлтийг баримталсан, маш гоё дэлгүүртэй болохыг л хүссэн. Мэдээж дэлгүүрт маань дотоодын болон олон улсын брендүүдийн маш олон нэр төрлийн бүтээгдэхүүн борлуулагдахаар төлөвлөгдсөн. Тэдгээр бренд бүр өөрийн гэсэн имижтэй. Тиймээс аль нэгийг нь хэт тодотгох нь зохимжгүй юм. Харин индустриал дизайн нь энгийн бөгөөд донжтой харагддаг мөртлөө цагаан хар өнгийн хослол нь бүтээгдэхүүн бүрийн савлаа боодлыг тодруулж, бүгдийг нэг ижил төвшинд зэрэгцүүлж харагдуулдаг учраас өнгө дизайны сонголтоо ингэж шийдсэн.
Индустриал дизайн нь энгийн бөгөөд донжтой харагддаг.
Танай дэлгүүрийн хамгийн гоё хэсэг аль нь вэ?
Аливаа дизайнд өнгө нэмэх ямар нэгэн онцгой элемент байх нь их чухал санагддаг. Манай дэлгүүрийг энэхүү цагаан шилэн багана их чамин харагдуулдаг гэж боддог. Хэдийгээр санхүүгийн хувьд зарлага ихтэй шийдэл боловч миний бодлоор хамгийн гоё хэсэг нь энэ юм.
Интерьер дизайн хийлгэх компаниа хэрхэн сонгосон бэ?
Мэдээж маш олон газруудад хандаж үзээд судалсны эцэст сонгосон. Миний хувьд нэгдүгээрт хамгийн боломжийн үнийн санал гаргасан, хоёрдугаарт шинэлэг зүйл туршиж хийхэд бэлэн залуу хамт олонтой, туршлагатай компанийг сонгохыг эрмэлзсэн юм. Хэрвээ үйлчилгээний газрын интерьер хийлгэх гэж байгаа хүн уншиж байвал иймэрхүү чиглэлийн үйл ажиллагаатай интерьерийн тухай маш сайн судалгаатай, бааз бүрдүүлсэн газрыг сонгох нь чухал санагдсан.
![]() | SaySanaa: "Геометрийн хэлбэртэй чимэглэлүүд үргэлж орчин үеийн байх ба чамин орчинг бүрдүүлж байдаг. Шинэлэг байдлаа хэзээ ч алддаггүй арт деко эсвэл контемпорари зэрэг дүрслэх урлагт ашиглагддаг хурц өнцөг бүхий этгээд чимэглэл нь тун ч донжтой." |
Гоо сайхны дэлгүүрийн интерьерт заавал тусгагддаг зүйл гэж бий юу?
Тийм шүү. Айл гэрийн интерьерээс илүү бүх хүнд нийцтэй байх орчинг бүрдүүлнэ гэдэг их судалгаа, хөдөлмөр шаарддаг юм билээ. Нөгөө талаар хэт үнэтэй, хэт их чамин дэлгүүр байлгахыг хүсээгүй учраас аль болох энгийн донжтой хийцийг эрхэмлэсэн. Харин гоо сайхны дэлгүүр гэдэг утгаараа бараа бүтээгдэхүүний өрөлт, тавиур хоорондын зай, гэрлийн тусгал ямар байх, хөгжим хаанаас хэр чанга дуугарч байхыг хүртэл тооцоолох хэрэг гарсан. Жишээ нь: үс арчилгааны тасагт шампунь ангижруулагч зэрэг бараа өрөгддөг. Эдгээр бүтээгдэхүүн бусад гоо сайхны бүтээгдэхүүнийг бодвол илүү жинтэй учраас тавиур нь даац сайтай байх хэрэгтэй. Харин нүүр будалтын бүтээгдэхүүний тавиур нь тухайн бүтээгдэхүүнийг илүү тодруулж харагдуулдаг байх хэрэгтэй гэх мэт. Дэлгүүр доторх тавиурын сонголт бүр интерьерийг бүрдүүлж буй элемент учраас дэлгүүрийн ерөнхий дизайнтай үргэлж нийцэж байх нь чухал юм шиг санагддаг.
Ер нь үйлчилгээний газар, тэр дундаа гоо сайхны дэлгүүрийн интерьер ямар байх хэрэгтэй гэж боддог вэ? Юуг илүү анхаарах шаардлагатай вэ?
Интерьерээ хийлгүүлэхээр судалгаа хийж байхдаа хэд хэдэн сонирхолтой баримтууд уншиж байсан. Дэлгүүрт орж ирсэн ихэнх хүн инстинктээрээ зүүн тийш эргэдэг бөгөөд дэлгүүр доторх хүний урсгал ихэвчлэн зүүнээс баруун чиглэл байдаг гэсэн судалгаа байдаг юм билээ. Мөн манай Хүннү молл дээрх салбар маань 491 мкв том талбайтай учраас нэг үйлчлүүлэгч дунджаар 40-50 минут дэлгүүр дотор байна гэсэн судалгаа хийж байсан. Аль хэсэгт хүн хамгийн их очихоор байна, тэгвэл тэр хэсэгт ямар төрлийн бүтээгдэхүүн өрөх гэх мэтийг тооцох нь чухал. Тэгэхээр анхнаасаа маш сайн судалгаа хийж, ямар хүнд ямар үйлчилгээ үзүүлэх, хүний урсгал дэлгүүр дотор ямар байхыг бодолцож дотоод орчныг шийдэх хэрэгтэй санагддаг.
Дэлгүүрт орж ирсэн ихэнх хүн инстинктээрээ зүүн тийш эргэдэг бөгөөд дэлгүүр доторх хүний урсгал ихэвчлэн зүүнээс баруун чиглэл байдаг.
Cose cosmetics гоо сайхны их дэлгүүрийг зорих хамгийн том шалтгааныг юу гэж тодорхойлох вэ?
Бага насны хүүхэдтэй ээжүүд, охид бүсгүйчүүд гээд бүх л насны хэрэглэгчид тохирсон бүтээгдэхүүн байдгаараа давуу талтай. Мөн тухайн брендийн албан ёсны дэлгүүрт борлуулагдаж буй яг ижил үнээр эндээс туршиж үзээд худалдан авах боломжтой. Нярай хүүхэд, ээжүүдэд зориулсан тасаг болон Япон, Солонгос, Монгол, Европ арьс арчилгаа, нүүр будалт, амны хөндийн эрүүл мэнд, тансаг үнэртэн зэрэг 6-н том хэсэгтэй. Цагаа хэмнэх, нэг газраас хүссэн бүтээгдэхүүнээ олж авах орчныг бид энд бүрдүүлсэн. Зөвхөн эмэгтэйчүүд гэлгүй эрчүүдэд зориулсан гоо сайхны бүтээгдэхүүн манайд бий.
Дараагийн төлөвлөсөн ажил?
Одоогоор дахин хоёр шинэ салбар нээхээр төлөвлөж байна. Дараагийн шинээр нээх хоёр салбар маань индустриал дизайны хэв маягтай хэр нь арай илүү тухтай, технологийн шийдлийг ашигласан байхаар төлөвлөгдсөн. Мөн манайх онлайн дэлгүүртэй болсон. Дэлгүүрийнхээ сайтынхаа дизайныг интерьертэйгээ уялдуулан хар цагаан өнгө баримталж хийлгэсэн. Цаашид COSE cosmetic-ыг Монгол орны 21 аймагт салбартай, Улаанбаатар хотод 5-6 салбартай болгож, үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж байна.
Хэрэглэгчдэд тухайн бүтээгдэхүүнийг таниулах талаар ямар чиглэл баримталдаг вэ?
Нэг хөөрхөн охинд бүтээгдэхүүнээ бариулж зураг авалт хийгээд энэ сайн гэж сурталчлахаас бид татгалздаг. Үүний оронд арьс арчлах зөв зохистой дараалал, хэрэглэгчийн сонголтод нөлөөлөхүйц онцлог шинж чанарын тухай мэдээллийг олгох нь зөв гэж боддог юм. Хэрэглэгч харьцангуй мэдээлэл сайтай, мэдлэгтэй болсон учраас тухайн бүтээгдэхүүний орц найрлагын тайлбар, үзүүлэх үр нөлөөг нь илүүтэй таниулахыг бид зорьдог.
Хэрэглэгчдэд мэдээлэл өгч туслах гоо сайхны зөвлөхүүдээ хэрхэн бэлтгэдэг вэ?
Арьс, үс гэж юу вэ? Яагаад арьс хуурайшиж өнгөө алддаг вэ гэх мэт гоо сайханд тулгамддаг асуудлыг шинжлэх ухаанчаар тайлбарлах чадвартай зөвлөхүүдийг бид бэлдэж ажиллуулдаг. Бизнесээ цаашид улам илүү хөгжүүлэх том зорилготой учраас хүний нөөцийг бэлдэх тал дээр их төвлөрч ажилладаг. Одоогоор манайх 15 гаруй ажилтантай. Нэг салбарт дунджаар 5-6 хүн ажилладаг. Аль болох хүн бүртэй тулж ажиллах, зөвлөгөө өгөх тал дээр нээлттэй хандахыг хичээдэг.
Өөр төрлийн бизнесийн салбарт орох бодол бий юу?
Алсдаа ямар нэгэн үйлдвэрлэлийн салбарт ажиллахыг мөрөөддөг. Монголдоо хэрэгцээтэй зүйлийг түүхий эд хураахаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн бий болгохыг хүсдэг. Мэдээж тэр чиглэлээрээ суралцаж, шинэ салбарт ороход бэлэн болсон үедээ эхлэх учраас цаг хугацаа их орох байх. Гэхдээ залуу хүний хувьд ирээдүйд баялаг бүтээгчдийн нэг болохыг хүсэж явдаг.
Байгальд ээлтэй байх тал дээр яаж анхаардаг вэ?
Энэ их чухал асуудал. Өнгөрсөн жил Mild косметикийн 46 салбар, Cose косметикийн 2 салбараар дамжуулан зохион байгуулагдсан “Тамхины ишгүй Улаанбаатар” төслийн хүрээнд үйлчлүүлэгч бүрд хармааны хогийн савыг бэлэглэж байсан. Харин өнөөдрийн байдлаар гялгар уутны хэрэглээг багасгахын тулд гялгар торыг үнэтэй болгож борлуулж байгаа. Энэ нь уутнаас ашиг олох гээд байгаадаа бус гялгар торыг тусдаа үнэтэй болгосноор үнэхээр шаардлагатай хэрэглэгчид худалдах гэсэн чиглэлийг тогтмол барьж ажиллаж байна. Хэрвээ худалдан авалт бүрд үнэгүй тор тараагаад байвал хүмүүс түүний үнэ цэнийг нэг их анзааралгүй хог болгох эрсдэлтэй. Харин тусад нь үнэтэй болгосноор гялгар уутанд хандах хандлагыг өөрчлөх зорилготой юм. Гоо сайхны дэлгүүр учраас мөн цаасан хайрцгийн хаягдал маш их гардаг. Шинэ бүтээгдэхүүн ирэх болгонд цаасан хайрцгийн хаягдал их хэмжээгээр үүсдэг болохоор үүнийг бид цуглуулж байгаад цаас дахин боловсруулах үйлдвэрт үнэгүй өгдөг. Мөн даавуун торны хэрэглээг дэмжсэн урамшуулалт хөтөлбөрүүдийг үе үе зохион байгуулдаг. Нөгөө талаар органик бүтээгдэхүүний хэрэглээ маш их тренд болж байна. Дэлхий нийтээрээ байгальд ээлтэй байх чиглэл рүү хандаж байгааг та бид анзаарсан биз ээ. Тиймээс бид бүтээгдэхүүний сонголт дээр анхаарч амьтан дээр туршилт хийгдээгүй, орц найрлагадаа химийн хортой бодис агуулаагүй чанартай органик брендүүдтэй хамтран ажилладаг. Мөн Монголдоо үйлдвэрлэл эрхэлж буй хүмүүстэй хамтран ажиллахдаа үргэлж нээлттэй байдаг.
Ярилцсанд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.
Зочин
2020 / 05 / 30Ajilsag ohin bna shuu