Т.Уранжаргал: Ажлын орчин бол амьдралын нэг хэсэг

Бүтээлч орчинд л бүтээмж нэмэгддэг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Ажил дээрээ тухтай, бас чөлөөтэй байж чадна гэдэг орчин үед чухалд тооцогдох болсон. Энэ удаа зочилсон оффист талархлын “шуудан”, ажилчдын нэрс бүхий “мод”, минимал шийдэл, нээлттэй орон зайн ухаалаг хуваарилалт гээд сонирхолтой зүйлс цөөнгүй байв. Тийм ч учраас бид Green Gate International компанийн оффисыг онцолж байна. Тэдний хувьд шинэхэн оффистоо тун сэтгэл хангалуун байгаа бөгөөд энгийн хэрнээ ухаалаг, интерьерийнхээ деталь бүрд сэтгэлээ шингээсэн гэдгийг уншигч та бүхэн энэхүү ярилцлагаас мэдрэх боломжтой. Ингээд тус байгууллагын удирдагч, хатагтай Т.Уранжаргалын яриаг хүргэе.


Green Gate International компанийн гүйцэтгэх захирал
Т.Уранжаргал

Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авч ярилцаж буйд баярлалаа. Та компанийнхаа тухай бидэнд товч танилцуулж болох уу?

Сайн байна уу? Юуны өмнө манай оффисыг зорин ирсэн танай хамт олон болон уншигчдадаа мэнд хүргэе. Манай компани байгаль орчин болоод хүний биед ээлтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжсэн бараа бүтээгдэхүүн, хүүхдийн хоол хүнсийг Монголдоо оруулж ирдэг дистрибьютор компани. Үйлчлүүлэгчдийн хэдийн танил болсон Vichy, Isis-pharma, Topicrem, Babybio, Nuby, Munchkin гэх мэт брендийг албан ёсны эрхтэй борлуулдаг байгууллага юм.

Оффисынхоо дотоод заслаа ямар байхыг хэрхэн бодож олсон бэ?

Манайх харьцангуй шинэ компани учраас анх жижигхэн оффис түрээсэлж, зардлаа хэмнэж байсан ч хүн хүч нэмэгдэх тусам илүү том орон зай шаардагдах болсон. Нэгэнт ийм шаардлага үүссэн учраас зөвхөн удирдлагууд нийлж шийдэхээс илүүтэй ажилчдынхаа саналыг сонсохыг хүссэн. Ингээд ажилчдаа гурван багт хувааж, баг бүр хамтран мөрөөдлийн оффисоо зурах даалгаврыг өгсөн юм. Дараа нь ажилчдынхаа зурсан мөрөөдлийн оффисыг харахад тэдний ихэнх санаа давхацсан бөгөөд хүүхдийн тоглоомын хэсэг, ажлын дундуур түр дугхийж амрах өрөөг, бас санхүү, борлуулалтын баг гэж зааглахгүйгээр бүгд нэг дор ажиллаж байгаагаар төсөөлж зурсан байсан. Ингээд л ажилчдынхаа санааг нэгтгэж, интерьер зургаа гаргуулж, шинэ оффисын засвараа эхлүүлсэн дээ.

Үйлчилгээний байгууллага биш оффис хэр нь хүүхдийн тоглоомын хэсгийг яагаад тусгайлан шийдсэн бэ?

Өмнө хэлсэнчлэн гэр бүл болоод удаагүй, дөнгөж ажил амьдралын гараагаа эхэлж байгаа ихэвчлэн залуучууд энд ажилладаг. Зарим тохиолдолд ажилчид маань хүүхэд харах хүнгүй үед хүүхдээ оффис дээрээ авчирдаг. Тэр үед анзаараад байхад хүүхдүүд компьютер дээр бичлэг үзэх юм уу эсвэл аав ээжийнхээ гар утсаар тоглож байгаа харагддаг. Бага хугацааг ч гэсэн хүүхдүүд үр бүтээмжтэй байж, ээж аавууд нь санаа зоволгүй ажиллах боломжоор хангах зорилгоор энэ булангаа тохижуулсан юм. Манай оффист хамгийн их өнгө гэрэл, энерги нэмдэг булан хүүхдийн тоглоомын хэсэг шүү.

Ажилчид маань гэр бүлтэй, өөр өөрийн асуудалтай. Гэхдээ би тэднийг ажиллуулах үүрэгтэй хүн учраас энэ хоёрын огтлолцлыг эерэгээр харж, аль алиндаа сэтгэл хангалуун байх нөхцөлийг бүрдүүлэхийг хичээсэн.

Т.Уранжаргал

Ийм шийдэлтэй оффисын санаа магадгүй эмэгтэй удирдагчтай хамт олноос гарах байх гэж бодогдлоо. Таны зүгээс ажлын орчныг ямар байх хэрэгтэй гэж боддог вэ?

Миний бодлоор өнөө цагт ажлын орчин бол ажилчдынхаа нийтлэг хэрэгцээнд тулгуурласан, шинэлэг бөгөөд гэр шиг л тухтай байх хэрэгтэй. Хүн долоо хоногийн таван өдрийг, ажлын өдрүүдийн ихэнх цаг хугацааг ажил дээрээ өнгөрүүлдэг. Ингээд бодохоор ажлын орчин бол тухайн хүний амьдралын салшгүй нэг хэсэг, ажлын хамт олон бол "гэр бүл" гэж хэлж болохоор санагддаг. Хүн ажил дээрээ аз жаргалтай байх хэрэгтэй. Тэд ажилтан гэдгээс гадна нялх хүүхэдтэй аавууд ээжүүд, өвөө эмээ болцгоосон ач зээгээ хардаг хүмүүс эсвэл бүр хүсэл мөрөөдлөөр дүүрэн залуус ажиллаж байгааг анхаарах шаардлагатай болов уу. Ажилтан бүрийнхээ ахуй гэрт нь санаа тавьж чадахгүй ч ажил дээрээ жаргалтай байх эсэхийг орчин нөхцөлөөрөө дамжуулан шийдэх боломжтой гэж хардаг. Ийм шийдвэрийг зөвхөн эмэгтэй хүн удирдаж байгаадаа гаргадаг гэж бодохгүй байна. Манай оффист зочилсон эрэгтэй удирдлагууд хүртэл урам зориг, санаа аваад хүүхдийн булан тохижуулсан байсан.

Ажилтан бүрийнхээ ахуй гэрт нь санаа тавьж чадахгүй ч ажил дээрээ жаргалтай байх эсэхийг орчноороо шийдэх боломжтой.

Интерьерийн хувьд шинэлэг шийдлүүд нь юу вэ?

Манай оффис өндөр таазтай, цагаан суурьтай учраас минимал, саруулхан орчин бүрдүүлэхийг хичээн ажилласан. Интерьер зургийг Canvas студийнхэн яг л ажилчдын маань хүссэн шиг орчныг төсөөлж зурж өгсөн. Мөн манай компанийн эрхэм зорилго "Хүнд хортой зүйлийг хэзээ ч оруулж ирэхгүй" гэдэг үзэл баримтлалтай учраас үүнийгээ ч ажлын байрандаа тусгаж аль болох ургамал, байгалийн элемент оруулсан байгааг анзаарч болно. Нэг сонирхолтой зүйл нь ургийн мод гэдэг шиг ажилчдын маань нэр, зурагтай "мод" манайд бий. Хамт олноороо бөөндөө сууж даруулсан зургаа самбарт хаддаг уламжлалт аргыг бодвол ийм "мод"-той байснаар шинэ хүн нэмэгдэх бүрд нэмэх боломжтой, бас ажилтан тус бүрийн нэр, албан тушаал байдаг учраас шинээр орсон ажилчид бусадтайгаа танилцахад хялбар байдаг.

Мөн манай онцлох нэг хэсэг бол талархлын "шуудан". Ажилчид нэгэнтэйгээ дотно, эелдэг харилцаатай байж, нэгнийхээ жижигхэн тусыг ч магтаж, хүндэлдэг байх нь хамт олны уур амьсгалд чухал нөлөөтэй. Энэ ч утгаараа талархсан сэтгэлээ ил захидал болгон илгээдэг бяцхан шууданг ажиллуулдаг.

Ингээд ажилчдынхаа саналд үндэслэн оффисоо тохижуулсны дараа ажилчдын ажлын бүтээмж, борлуулалт өмнөх үеэс хэр өссөн бэ? Өөрчлөлтүүдээсээ хуваалцвал?

Бүтээмжийг зөвхөн борлуулалтаар хэмжих нь өрөөсгөл ойлголт. Ажилчдынхаа сэтгэл ханамжтай байгааг мөн бодолцох хэрэгтэй байх. Манай ажилчдын хувьд шинэ оффист нүүж орсноос хойш ажилдаа ирэх илүү дуртай болж, ажил дээрээ байхдаа аз жаргалтай байгааг нь харахад туйлын баяртай байгаа. Баригдмал бус нээлттэй төлөвлөлттэй болохоор ажилчдын хоорондын харилцаа ч илүү дотно, нэгдмэл болсон нь анзаарагдаж байгаа.

Бусад оффисоос ялгарч буй давуу талаа юу гэж харж байна вэ?

Манай оффист маш чөлөөтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлснээрээ давуу талтай болов уу. Жишээ нь: хүүхдийн тоглоомын хэсгийг ажил дээрээ шийдэж өгсөн учраас ажилчдын маань хүүхдүүд дуулна, бүжиглэнэ, заримдаа уйлна. Гэхдээ тэр нь надад болоод бусад ажилчдад маань хүндрэлтэй байдаггүй. Мөн өдрийн цайны дараа нойрмоглох үе хүнд бишгүй тохиолддог шүү дээ. Манайд амрах жижигхэн хэсэг байдаг учраас түр амсхийгээд буцаад ажлаа хийх боломжтой.

Дулааны улирал ойртох тусам албан байгууллага, айл өрхийн интерьерийн засварын ажил эхэлдэг үе л дээ. Таныхаар оффистоо шинэчлэл хийхээр зэхэж буй хүмүүст юу гэж зөвлөх вэ?

Удирдлагууд зөвхөн өөрсдийн шаардлагад л нийцүүлж, хэт нэг талыг баримтлалгүй ажилчдынхаа сэтгэгдлийг сайн сонсож байгаарай гэж хэлэхийг хүсэж байна. Би өөрөө шууд удирдагчаар томилогдоогүй яг л адилхан ажилтан байж, магтаал зэмлэлийг тэнцүү хүртэж үзсэн болохоор ажилчдаа урамшуулж байхыг хичээдэг. Дөнгөж оюутны ширээнээс өндийсөн залуусыг ажлаар шахаж, ажилчин ангийн дарамт шахалтыг мэдрүүлэхээс илүүтэй өсөж хөгжих боломжийг нь нээж, сургаж урамшуулбал ажилдаа илүү их сэтгэл гарган тэмүүлэл дүүрэн ажилладаг. Харин бага насны хүүхэдтэй ээж аавуудыг ойлгож дэмжих тусам сэтгэл санаа болон ажилдаа хандах хандлага нь өөрчлөгддөг.  Энэ тал дээр удирдлагууд бодитой хувь нэмэр оруулаасай гэж хүсдэг.

Хэт нүсэр, их хөрөнгө зарахгүйгээр хөнгөн, бага зардлаар тухтай орчин үүсгэхийн төлөө хичээгээрэй. Боломж хайсан хүнд гарц үргэлж олддог шүү дээ.

Т.Уранжаргал

Green gate international” компанийн ажилтнуудын сэтгэгдэл:


Бренд менежер
А.Мягмарсүрэн

Би компанидаа байгуулагдсан цагаас нь эхлэн ажиллаж байгаа. Хамгийн анх 40 мкв жижиг оффист 10 ажилтантай байсан бол улам олуулаа болж, орчноо сайжруулсаар саяхан шинэ оффистоо ажиллах болсон. Манайд дарга, цэрэг, чи эсвэл би гэсэн ялгаа байдаггүй, эелдэг уур амьсгалтай, орчин нь маш тухтай учраас би ажилдаа ирэх маш дуртай. Ажилчдынхаа гаргасан санааг дэмжиж, зөвлөж урамшуулдаг даргадаа баярлалаа.


График дизайнер
О.Төгөлдөр

Оффисын маань дотоод орчин гэгээлэг, өндөр таазтай учраас цэлгэр харагддаг. Ажиллах нөхцөл улам сайжирсанд маш их баяртай байна. Хамгийн гоё нь ажлын цагаар түр амарч болдог нь тун догь.


Санхүүгийн менежер
Д.Мөнхшүр

Миний хувьд хаалга, хаалтаар тусгаарлагдаагүй нээлттэй орон зай нь оффисын маань хамгийн гоё зүйл гэж боддог. Ийм нээлттэй байхаар бие биенийхээ сайхан талыг олж харах, хоорондоо чөлөөтэй харилцах боломж бүрддэг юм билээ. Агаарын солилцоо сайтай, ургамал ихтэй болохоор ажиллаж суухад таатай. Би өөрөө бага насны гурван хүүхдийн ээж хүн л дээ. Заримдаа хүүхдүүдээ бүтэн өдөржин ажил дээрээ байлгах тохиолдол ч гардаг. Тэр үед хүүхдүүд маань ном унших, хичээлээ хийх, зураг зурах гээд цагийг үр бүтээлтэй өнгөрөөж байгааг харах сайхан байдаг шүү. Энэ дашрамд захиралдаа биднийг маш их ойлгож, дэмждэгт баярлалаа гэдгээ илэрхийлье.


Бизнес хөгжлийн менежер
Д.Энхзаяа

Өнөөдөр хүүхдийг маань харах хүнгүй яах вэ гэж санаа зоволгүй, ажил руугаа аваад очиж болно доо гэсэн бодолтойгоор өглөөг эхлүүлнэ гэдэг том аз жаргал. Ямар нэгэн дарамт, айдасгүйгээр ажлаа хийх нөхцөлийг бүрдүүлж өгсөнд сэтгэл хангалуун байдаг. Хүүхдээ авчраад ажлаа хийхэд туслалцаж дэмждэг хамт олондоо баярлалаа.

Цаг гарган ярилцсанд баярлалаа. Танай хамт олонд ажлын амжилт хүсье.

Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх

10 Сэтгэгдэл

Зочин

2020 / 08 / 18
Хариулах

гоё юм бэ

0

Зочин

2020 / 05 / 18
Хариулах

Амжилт хүсье.Мундаг хамт ллон

0

Зочин

2020 / 05 / 15
Хариулах

Mundag busgui shu ajliin amjilt husey ta buhend

0

Зочин

2020 / 05 / 16
Хариулах

Goy yum oo

0

Зочин

2020 / 05 / 15
Хариулах

Mundag emegtei shvv amjilt

0

Зочин

2020 / 05 / 15
Хариулах

munchkinii ugj us undaanii sav hereglej uzeegui ym howor doo edniih sain sain ajlin bair ni ch goyimaa

0

Зочин

2020 / 05 / 15
Хариулах

emegtei zaxirluud yg iim uyan hatan baij chaadag bha. ajilchdaa bodoj yridag n taalagdlaa.

6

Зочин

2020 / 05 / 20
Хариулах

Сайхан ажлын байртай сайхан хамт олныг бүрдүүлсэн эерэг уур амьсгалыг бүрдүүлсэн гоё байгууллага байнаа…гол нь “хүнээ” бодсон шийдэл санаанууд нь таалагдаж байна,сайхан ч тохижилт хийж…харин тэр нэг ажлын өрөөний ширээний чанх дээр нь хөндлөн дам нуруу байх нь зөв үү буруу юу гэдгийг гайхаад л…

0

Зочин

2020 / 05 / 15
Хариулах

wow goyo copany ve manaih iim boloyo geen ch hetsuu zahirluud hetsuu shuu dee

0

Зочин

2020 / 05 / 15
Хариулах

Goy yum aaa

0