
Мобиком корпорацийн төслийн менежер
А.Азжаргал
"Моффис-ын залуус эрч хүчээр дүүрэн, урам зоригтой ажиллаж байгааг харахад сэтгэл хангалуун байна"
Юуны өмнө танай хамт олонд гайхамшигтай хамтын оффисыг бүтээсэн явдалд баяр хүргэе. Энэ оффисыг бүтээх болсон түүхээс яриагаа эхэлье. Магадгүй сүүлийн үед хүмүүсийн ажиллах арга барил илүү чөлөөтэй болсонтой холбоотой байх?
Баярлалаа. Моффис байгуулах тухай ойролцоогоор нэг жилийн өмнө манай ерөнхий захирал Хамада Сан залуучуудаа дэмжих хүрээнд хамтын оффис байгуулъя гэж ерөнхий санааг нь гаргасан. Ер нь сүүлийн үед бүтээлч сэтгэлгээг дэмжсэн оффисууд яагаад илүү хөгжөөд байгаа вэ гэвэл хүмүүс үнэхээр чөлөөтэй ажиллах дуртай болсонтой холбоотой. Оффис ажилчдад хийсэн судалгааны үр дүнгээс үзвэл тухтай орчинд ажиллах нь ажлын бүтээмжийг дээшлүүлдэг гэж 84 хувь нь хариулсан байдаг. Цаг үеэ мэдэрч оффисоо тухтай байлгаснаар хүний ажлын бүтээмж нэмэгддэг гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч эхэлж байна. Сүүлийн үеийн залуус сонирхолтой байдлаар ажиллаж, өөрийн комфорт буюу хамгийн бүтээмж өндөртэй байдаг цагаараа ажиллахыг мөн эрхэмлэх болсон. Өөрөөр хэлбэл ажиллах орчноос гадна амралт тоглоомын хэсгийг тусгайлан шийдэж өгснөөр ажилчид оффис дээрээ байх маш дуртай болно, ажлаа хийж байхдаа жаргалтай байх болно. Аз жаргалтай ажлаа хийж байгаа хүнээс л амжилт гарна. Тийм учраас энэ төрлийн оффис байгуулах санаа дэмжигдсэн.
Та бүхний бүтээсэн оффис Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бусад хамтын оффисоос юугаараа өөр гэж харж байна?
Миний хувьд энэхүү оффисын зураг төслийг гаргахаас эхлээд бүх шатан дахь гүйцэтгэл дээр хамтран оролцсон. Бүх талаараа шинэлэг бөгөөд хүний хэрэгцээнд хамгийн сайн тохирч байхаар орчноо шийдэхийг хичээсэн байгаа. Ажил бол хүний хоёр дахь гэр гэж үздэг учраас аль болох тухтай, хүнийг ядраахгүй зөв шийдэлтэй байлгахыг зорин ажилласан. Манай оффисын хувьд хана, тусгаарлагчаас татгалзаж, нээлттэй зохион байгуулалтыг баримталсан. Учир нь янз бүрийн салбар дахь старт ап компани хоорондын хамтын ажиллагаа, харилцаа үүсч байх нь хамтын оффисын гол давуу тал. Тиймээс нээлттэй эерэг уур амьсгалыг бүрдүүлэхийн тулд тусгаарлагдсан бус илүү задгай байх хэрэгтэй гэдэг үүднээс ихэвчлэн нээлттэй талбай төлөвлөгдөж хийгдсэн.
Моффисын хамгийн тухтай хэсэг мөн хамгийн онцлох хэсэг аль нь вэ?
Манай оффисын хувьд өндөр таазтай учраас барилга дотор хоёр давхар байлгахаар зоригтой шийдсэн. Хамгийн их таалагддаг тухтай хэсэг бол манай “шар өрөө”. Хоёр давхрын хэсэгтээ чөлөөтэй уулзаж ярилцах, тухтай суух орчинтой учраас үүнийг би монгол дахь оффис дотроос хамгийн шинэлэг гүйцэтгэл гэж харж байгаа.
Очиж байсан хамгийн сүпер оффис чинь ямар оффис байсан бэ? Яагаад таны хувьд шилдэг вэ? Моффис тэдгээрээс ямар давуу талтай санагдаж байна?
“Google” компанийн Ази номхон далайн төв оффис-оор зочилж байсан. Тэнд ажлын цагийн хуваарь байдаггүй. Өөрөөр хэлбэл ажилчид нь хатуу цагийн хуваариар бус чөлөөтэй ажилладаг. Мөн ажлын бүтээмж сайжруулах зорилгоор 50 метр тутамд цай, кофе, хөнгөн амттангууд тавьсан байсан нь маш сайхан сэтгэгдэл үлдээсэн. Заавал энд сууж ажилла гэсэн тогтсон заалт байхгүй. Маш чөлөөтэй. Бүх зүйл итгэлцэл дээр тогтдог бөгөөд энэ нь харин ч илүү зохион байгуулалттай байсан нь шинэлэг санагдсан. Мөн Сингапурт байрладаг “Found8” хамтын оффис маш их таалагдсан. Учир нь булан бүрийг бүтээлчээр ашигласан байсан. Кооридорын хэсгийн ханыг дагуулаад ширээ байрлуулж, орчныг энгийн хэрнээ бүтээлч шийдсэн нь сонирхолтой санагдаж байлаа. Моффис бол дэлхийд алдартай олон хамтын оффисын жишигт нийцсэн гэдгээрээ онцлог. Мөн Монголд үйл ажиллагаа явуулж буй бусад хамтын оффис дотроос олон талаараа шинэлэг шийдэлтэй болж чадсан.
Ихэнх оффисыг ганц хоёр өнгөөр голчилж тохижуулсан харагддаг. Танай оффисын интерьерийн хувьд олон төрлийн тод өнгөнүүдийг сонгосон их өнгөлөг харагдаж байна. Энэ таны санаа байсан уу?
Манай оффис их өнгөлөг болсон. Анхны зураг төсөл энэнээс ч илүү өнгөлөг байсан гэхдээ хэт олон тод өнгө оролцуулах нь зохимжгүй учраас бага зэргийн “даруухан” болгож өөрчилсөн. Харин засварын ажлыг хийсэн компанитайгаа зөвлөлдөөд хүний сэтгэл санаанд тогтворгүй байдал үүсгэдэг, ядраах өнгөнүүдээс зайлсхийж эсрэгээрээ хүнийг сэргээдэг, бүтээлч хандлагыг дэмжих өнгийг түлхүү ашигласан.
Танай оффист ажиллаж байгаа болон зочилж ирсэн хүмүүс энэ оффисын талаар ямар сэтгэгдэлтэй байна вэ? Мөн ямар сэтгэгдэлтэй байгаасай гэж хүсэж байна?
"Wow" гэсэн сэтгэгдлийг их хэлдэг. Оффисыг бас ингэж тохижуулах нь гоё санаа байна, ийм дизайнтай шийдэх боломжтой юм гэж өндөр сэтгэгдэлтэй байгаа шүү. Харин миний хувьд нэг хэцүү зүйл нь засвар шинэчлэлийн ажлыг эхлэхээс нь дуусах хүртэл хамт байсан учраас анх удаа орж ирсэн хүмүүстэй адил Wow гэж гайхмаар сэтгэгдэл төрөхгүй байгаа нь жаахан муухай /инээв/.
Оффисоо хүссэнээрээ тохижуулж, сайхан орчинд ажиллахыг олон залуус хүсдэг байх. Оффисоо гайхалтай болгохын тулд юуг чухалчлах ёстой вэ?
Зоригтой, зөрүүд байх хэрэгтэй. Хүмүүс янз бүрийн шинэ санааг дэмжихгүй, шүүмжилж байгаа тохиолдолд үнэхээр гоё санаа бол байр сууриа зоригтой илэрхийлж, яагаад гоё вэ гэдэг шийдлийнх нь тухай тайлбарлах хэрэгтэй. Хэтэрхий их хайрцаглагдаж сэтгээд байвал засвар хийгдэж тавилгаа сольсон ч шинэлэг байж чадахгүй. Тиймээс чөлөөтэй бөгөөд зоригтой хандах хэрэгтэй гэж хэлмээр байна. Мөн барилгынхаа засалд бага мөнгө төсөвлөөд, хүнд хамгийн их хэрэглэгддэг тавилга болон тухтай байлгах зүйлсдээ засварт зарцуулснаас илүү төсөв зориулах хэрэгтэй юм шиг санагдаж байна.
Монгол дахь хамгийн гоё оффисыг нэрлэ гэвэл аль оффисыг бидэнд санал болгох вэ?
“M space”-г нэрлэж чадна. Аливаа хамтын оффисын доторх уур амьсгал маш чухал. Хамгийн сүүлд зочилсон оффис бол M space байсан. Тэнд бүрдсэн уур амьсгал маш эерэг, дулаахан байсан.
Ажлын ачааллаас хэрхэн гарахаа мэдэхгүй бухимдалтай ажиллах үе оффист ажилладаг хүмүүст цөөнгүй тохиолддог шүү дээ. Шууд гэртээ хариад амарч чадахгүй завгүй тохиолдолд хэрхэн сэргэж, юунаас эрч хүч авдаг вэ?
Яг ийм тохиолдлыг бодолцож ширээний теннис, ханан хадны авиралт гээд шинэлэг зүйлийг оффистоо шингээсэн. Мэдээж цаашдаа янз бүрийн үйл ажиллагаа зохион байгуулж ажилчдынхаа урам зориг, эрч хүчийг сэргээсэн үйл ажиллагааг тогтмол явуулж байхыг зорьж байна. Ингэснээр дээр хэлсэн шиг ажил дээрээ жаргалтай байж, ажлын бүтээмжийг дээшлүүлэх нөхцөл бүрдэх юм.
Гишүүдийн сэтгэгдэлүүд:

Gamma Wellness технологийн старт ап-ын ажилтан
Б.Золсайхан
"Манай өрөөг ЗАХИРЛЫН ӨРӨӨ гэж нэрлэдэг.
Учир нь хоёр давхрын өрөөнд байрладаг бөгөөд оффисын бүх хэсгээ харж болдог юм. Харин хамгийн супер тухтай хэсэг бол театрын өрөө"

Joinme.mn сайтын төслийн багийн гишүүн
Д.Энхчимэг
“Энд ажиллангаа амралт чөлөөт цагаа нэг дор зохицуулж, өөрийгөө хөгжүүлэх боломжтой. Таатай цагтаа ажиллаж, хүсвэл амарч, дасгал хийж болно. Манай оффисын хамгийн гоё хэсэг бол модтой хэсэг”
Моффис-ын дэлгэрэнгүй зургийг ЭНДЭЭС
Зочин
2020 / 01 / 21good