Шинээр Эрэлттэй Онцлох

Э.Итгэл: Интерьер нь хоол болон уух юмны цэстэй уялдах хэрэгтэй

Өнөөг хүртэл хүн төрөлхтний гайхшралыг төрүүлдэг уран хийцтэй архитектур, тансаг чамин уур амьсгалаараа алдартай Бельги улсын нийслэл Брюссель хотын нэрээр нэрлэгдсэн өвөрмөц нэгэн газрын интерьерийг энэ удаа онцолж байна. Шангри Ла моллын 1 давхарт байрлах Монголын анхны бөгөөд цорын ганц Бельги крафт шар айргаар үйлчилдэг “Brussels Belgian Beer Cafe”-н захирал Э.Итгэлтэй ярилцсан юм. Брюссель хотын соёлыг интерьертээ шингээсэн энэхүү рестораны тухай ярилцлага уншигч танд онцгой сэтгэгдэл үлдээнэ гэдэгт итгэлтэй байна.


Интерстандарт Брьюри компанийн ерөнхий захирал
Э.Итгэл

Brussels рестораныг нээхдээ ямар консепцтой байлгахыг зорьсон бэ? Интерьертээ бүрдүүлсэн уур амьсгалын тухай яриагаа эхэлье.
Анх 2017 оны 5 сарын 17 нд гар аргаар эсгэсэн крафт шар айргаар үйлчлэх зорилгоор үйл ажиллагаагаа эхлүүлж байлаа. Next nature ХХК компанийн А.Наранбаатар гээд салбарынхаа шилдэгт багтдаг керамик урлаач, дизайнер ахтай түлхүүр гардуулж өгөх гэрээтэйгээр хамтран ажиллаж байсан юм. Дизайнер маань 3 хоногийн турш Google map дээр тэмдэглэгдсэн Бельги улсын бараг бүх гудамжнуудаар нь "явж", онлайнаар судалгаа хийж байж энэхүү интерьер дизайны ерөнхий консепцийг бодож олсон гэдэг. Тухайн үед очиж судлах цаг хомс байсан учраас технологийн дэвшлийн ашигласан хэрэг л дээ. Европын чиг хандлага бол гадаа суудаг, мод цэцэгтэй бяцхан төгөлд суух дуртай байдаг юм билээ. Тийм ч учраас яг үүнийг тусгахын тулд гадаа орчинд байгаа мэтээр төсөөлж байшингийн гаднах саравч, гудамжны гэрэлтүүлэг гэх мэт деталиудыг зориулан хийсэн. Мөн Бельги улсын хамгийн алдартай газар болох Grand Place-ийг керамикаар А.Наранбаатар ах маань урлаж, рестораны нэг хэсэг болгон шингээсэн. Би үүнийг урлагийн давтагдашгүй бүтээл болж чадсан гэж боддог.

Рестораны бизнесийн хувьд орчин маш чухал үүрэгтэй байдаг. Ер нь танайхаар үйлчлүүлсэн хүмүүс ямар сэтгэгдэлтэй байдаг вэ?
Монголын хэмжээнд өөр хаана ч байхгүй орчныг Brussels ресторанд бүрдүүлсэн гэж бодож байна. Учир нь тавилга, гэрэл, жижиг деталь болгоныг төмөр болон модоор интерьертээ зориулан гараар урласан болохоор бүх зүйл нь цор ганц хувилбар. Брюссельд очиж байсан эсвэл бүр Бельги хүмүүс манайхаар үйлчлүүлээд гарахдаа "үнэхээр тэндхийн brasserie-д байгаа юм шиг болжээ" гэдэг. Рестораны интерьертээ Колониал/Colonial/ дизайныг голчлон тусгасан. Энэ нь аливаа нэг улсын соёлын онцлог, хэв маяг өөр оронд нутагшсан байгааг хэлдэг дизайны нэгэн чиг хандлага юм. Ихэвчлэн тэгш хэмийг баримталсан, нуман хаалга цонхтой гэх мэт бусад дизайнаас ялгардаг юм билээ. Колоничлолын үеэс гаралтай учраас ингэж нэрлэгддэг. Харин энэ хэсэгт шар айрагны торх өрж, хамтран ажилладаг брендүүдийн логогоор чимэглэсэн нь юугаар төрөлжсөн бэ гэдгийг илэрхийлж буй юм.

Тавилгууд бүгд гар урлалынх гэлээ. Ер нь хэдий хэр хэмжээний зардал гаргасан бэ?
Манай ресторан 193мкв. Тоног төхөөрөмжийн зардлыг оруулахгүйгээр, интерьер засал гүйцэтгэл нь ойролцоогоор 220 сая төгрөг болсон. Манай гар хийцийн сандалнууд Ethan Allen Maple Chair -аас гаралтай загварын сандал гэж явдаг юм. Энгийн хийцтэй боловч ажиллагаа ихтэй, модны чанарыг шалгадаг загварын төрөл юм шиг санагдсан. Мөн текний модон дээрх Мандала хээ нь мандан цэцэглэж байхыг, эв найрамдлыг бэлгэддэг. Энэ мэт бодож хийсэн деталь ихтэй юм байна шүү. Манай интерьерийг хийсэн ерөнхий дизайнерийн ур чадвар, зүрх сэтгэл их шингэсэн учраас бүх л зүйл нь миний хувьд үнэ цэнтэй.

Манайхыг сайн анзаарвал гурван төрлийн сандалтай. Өндөр, нам олон төрлийн сандал ширээтэй байх нь дахин үйлчлүүлж байгаа хүнийг уйдаахгүй, шинэлэг мэдрэмжийг төрүүлдэг онцлогтой байдаг.

Интерьертээ тусгаж чадаагүй үлдсэн шийдэл бий юу?
Буудайн үрээр дүүргэсэн шилэн хана анхандаа буудайн түрүү байх ёстой байсан юм. Мөн гэрэлтүүлэг. Анхны рендер зураг дээр нэлээн бүдэг байсан ч гүйцэтгэлийн дараа арай илүү гэрэлтэй орчин болсон. Харин үйчлүүлэгч хүсвэл бага тусгалтай гэрэлтүүлэг ашиглаж ерөнхий гэрлийг арай бууруулчихдаг. Ер нь ямар орчинд, ямар гэрэл ашиглах ёстой, эсвэл ямар дизайнд ямар өнгийн гэрэлтүүлэг шаардлагатайг нарийн судлах нь чухал юм шиг санагдсан. Одоогийн байдлаар Монголд энэ чиглэлээр мэргэшсэн дизайнер тун ховор байгаа нь анзаарагддаг.

Өдрийн аль цагт Brussels ресторанд хамгийн гоё mood бүрддэг вэ?
Зуны улирал, өдрийн хоолны цагаар хамгийн гоё уур амьсгалтай болдог. Манайх зундаа гадаа ширээ засаад хүмүүст үйлчилдэг. Яг энэ хавьд өглөө эсвэл нарлаг өдрийн цагаар их сайхан байдаг шүү. Европын өөр нэг улсад сууж байгаа ч юм шиг. Хааяа тийм сэтгэгдэл төрүүлэхүйц болчихдог юм. Одоо Аэрофлот-д шинэ салбараа нээх гээд ажлаа эхлүүлсэн. Мөн л Next Nature дизайны А.Наранбаатар ахтай хамтран ажиллаж байгаа. Шангри Ла-гийн салбараас арай өөр уур амьсгалтай байлгахыг зорьж байна.

Таны зүгээс Монголд Food and Beverage салбарт үйл ажиллагаа явуулж буй өөр онцгой интерьертэй аль рестораныг санал болгох вэ?
Asiana их таалагддаг. Гурван өөр уур амьсгалыг бүрдүүлж, үндэсний хэв маягийг их эвтэйхэн интерьертээ шингээж чадсан нь онцгой сэтгэгдэл төрүүлж байсан. Гаднын зочид орсон ч гэсэн содон ур амьсгалтай санагддаг. Ginger hotpot бас их сонирхолтой. 1800-аад оны Шанхай хэв маягийн дизайныг бүрдүүлсэн гэдэг. Хоолны сонголтын хувьд ч гэсэн орчинтойгоо сайн зохицсон.

Энэ чиглэлээр бизнес хийж эхэлж байгаа болон ресторандаа засвар хийхээр төлөвлөсөн хүмүүст юу гэж зөвлөх вэ? Юунд ач холбогдол өгөх хэрэгтэй гэж бодож байна?
Хоолны цэсээ маш сайн гаргах хэрэгтэй байх. Ямар хүмүүст ямар хоолоор үйлчлэх вэ, уух зүйлийн сонголт ямар байх вэ гээд. Эхлээд хэрэглэгчдэд олгож буй сонголтоо сайн бодолцох нь чухал. Дараа нь ийм хоолыг, ийм зүйлийг ууж байхад ямар орчин байх хэрэгтэйг төсөөлөх шаардлагатай. Түргэн хоолны газарт дарс уух нь тухгүй шүү дээ. Үүнтэй яг ижилхэн. Хоол, уух зүйлээр үйлчилдэг бизнес эрхэлж л байгаа бол хоолны цэсэд суурилсан интерьерийг бий болгож, үйлчилгээгээ орчинтойгоо харилцан уялдаатай байлгавал илүү амжилттай байна байх. Зөвхөн орчноос гадна халбага, сэрээ, тавагны сонголт, ширээний өндөр нам хүртэл хамаатай. Нэг талаас харвал нарийн мэдрэмж шаардсан салбар шүү. Манайх хоолны цэсэд улирлын чанартай багахан өөрчлөлт оруулах үедээ тухайн улирал, баярын уур амьсгалд тохируулан декор ашигладаг. Интерьерээ орхигдуулахгүй анхаарч байх нь хоол, үйлчилгээний салбарын хувьд том давуу тал болно гэж бодож явдаг юм.

Тухайн хоолыг идэхэд үйлчлүүлэгчид ямар мэдрэмж төрж байх ёстойг интерьерээр илэрхийлэх хэрэгтэй.

Э.Итгэл

Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

Деталиуд:

Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх

2 Сэтгэгдэл

Зочин

2020 / 03 / 19
Хариулах

Ochih durtai gazruudin neg shuu. Tsaanaal tuhtai buguud dulaahan baidag shuu

0

Зочин

2020 / 03 / 18
Хариулах

uneheer uran tansag boljee

0