Шинээр Эрэлттэй Онцлох

ATOZ: Биднийг хүрээлж байгаа бүхэн нандин

Амьдралыг юу хамгийн жаргалтай болгодог вэ? Дуртай зүйлээ хийж, өөрийн гэсэн “ертөнц”-ийг бүтээж, амьдрах жаргалтай биш гэж үү? Хэрвээ санал нийлж байвал хүсэл мөрөөдөл, зорилгоор дүүрэн халуун дотно дараах ярилцлагыг хүлээн авна уу. Эсгүүрийн хаягдал гаргалгүй тун ч загварлаг хувцас урладаг ATOZ брендийн урланг онцгойлон уншигчдадаа хүргэж байгаадаа таатай байна. Эмэгтэйчүүд ч гэсэн хоорондоо сайхан нөхөрлөлийг үүсгэж чаддаг юм. Үүний нэгэн жишээ болох Амараа, Цацрал нарын урлангаар хамтдаа зочилцгооё.

Дизайнер
А.Энхцацрал

Дизайнер
Д.Амаржаргал
ATOZ-ийн үүссэн түүх болон яагаад ийм брендтэй болохоор шийдсэн тухай яриагаа эхэлье.

Энэ брендийн үүсэл нь 3 жилийн өмнөөс эхлэлтэй юм. Бид хоёр хоёулаа “Goyo cashmere”-т дизайнераар ажилладаг байсан. Тэнд сайхан ажлын туршлага, дурсамжууд үлдсэн ч зөвхөн ноолууран эдлэлээр загвар гаргах нь баригдмал санагдсан учраас сонирхлоороо  ATOZ брендийг үүсгэсэн. Анхандаа ажлынхаа хажуугаар ойр дотны хүмүүсдээ хувцас хийж өгдөг байсан бол түрүү жилийн зун энэхүү дэлгүүрээ нээж үйл ажиллагаагаа илүү өргөжүүлж албан ёсны болгосон. Ерөнхийдөө үргэлж сүлжмэл, ноолууран материалаар загвар гаргахаас илүүтэй хүсэл сонирхлоо дагасан гэж хэлж болно.

ATOZ гэж ямар утгатай үг вэ? Нэгдүгээрт, A to Z буюу А-Я гэдэг шиг бүхнийг багтаана гэсэн утгатай. Хоёрт гэвэл, Амараа, Цацрал гэсэн бид хоёрын нэрний үсгүүд юм. Amaraa, Zazral. ATOZ брендээс гаргаж буй загвар болгон бид хоёрт таалагддаг, хоёулаа санал нийлж байж л эцсийн загварыг гаргадаг учраас Амараа болон Цацрал гэсэн хоёр хүний сэтгэл, ур ухаан бүгд шингэдэг юм гэдгийг илэрхийлэхийг зорьсон.

Дэлгүүрийнхээ интерьерийн санааг хэрхэн бодож олсон бэ?
Бид минимал амьдралын хэв маягийг илүүд үздэг. Өөрсдөө ч байгальд хог бага гаргаж, аль болох минимал байх гэж хичээдэг. Тийм ч учраас дэлгүүрээ минимал, цэвэрхэн байлгая гэж зорьсон нь энэ юм. Индустриал дизайнаас санаа авч тасалгааны ургамалаар “амь” оруулсан. Мөн утга учиртай, дурсамжтай зүйлсээрээ чимэглэхийг хичээсэн. Энэ нь эргээд бид хоёрт маш гоё урам өгч, хөглөдөг. Энэ голын өрөө буюу бид хоёрын загвараа бодож гаргадаг өрөөнөөс шууд дэлгүүрээ харж болдог нь тун сайхан санагддаг. Хийсэн бүтээсэн зүйлсээ хараад урам авч, засаж сайжруулах юмаа бодож олоход хялбар. Байршлаа ч бас нэлээн бодолцож сонгосон шүү. Манай дэлгүүрт дизайн зохион бүтээж буй болон хувцас үйлдвэрлэж байгаа бүх процесс маань нэвт харагдаж байгаа нь үйлчлүүлэгчдийн хувьд сонирхолтой шийдэл болж чадсан.

Zero waste буюу хог хаягдлыг дахин боловсруулж, хаягдалгүй байхыг хичээдэг тухай сонсож байсан. Энэ талаар дэлгэрэнгүй ярьж болох уу?
Хувцас дизайны салбар дэлхий дээр их, бага хэмжээгээр үргэлж л эсгүүрийн хог гаргаж байдаг салбар. Хэчнээн сайхан, чамин загваруудыг гаргаж байгаа ч байнгын хог хаягдал цаанаа үүсгэж байдаг нь бидний хувьд хувцас дизайны салбарын хамгийн "муухай" хэсэг юм шиг санагддаг. Бидний зүгээс жижигхэн ч хамаагүй юу хийж чадахаар байна, тэр бүгдээрээ дамжуулж эерэгээр нөлөөлөхийг хичээдэг. Тийм учраас жижигхэн үйлдэл ч хамаагүй хийж эхлэх хэрэгтэй, хүмүүст харуулах хэрэгтэй гэдэг үүднээс анх байгуулагдсан цагаасаа хойш Zero waste-ийг хэрэгжүүлэхийг хичээн ажиллаж байна. Жишээ нь нэг хувцсанд нэг уут гэсэн зарчмаар хувцас хийдэг уутаа бид урлан дээрээ өөрсдөө оёдог. Пластик уутнаас татгалзаж, олон дахин хэрэглэж болохуйц бат бөх хэрнээ загварлаг уутыг хэрэглэгчдэдээ өгдөг юм. Мөн хувцасны өөдсөөр асрамжийн газрын хүүхдүүдэд гудас, дэр хийж өгч байсан. Нэмж хэлэхэд сүүлд бид маш энгийн загвартай хэрнээ ноолуурны үлдсэн материалаар түрүүвч, картны уут хийсэн байгаа. Ямар ч хаягдалгүй эсгэсэн болохоор бид энэ түрийвчиндээ дуртай байгаа. Бүр хаягдал гаргахгүй гэж ашигласаар байгаад нэг халаас ч хийж хүрэхээргүй материал заримдаа үлддэг. Тэгсэн ч үүгээр хэрэгтэй юу хийж болох вэ гээд эрэлхийлж хоёр материалыг хооронд нь наах технологийг хүртэл ашиглаад хүний хэрэглээнд нийцэх бүгдийг хийхийг зорьдог. Өвөл хальтирахаас сэргийлж гадаа шатныхаа наалтыг пальтоны үлдэгдэл материалаар хийсэн. Бид хоёр үүндээ ч маш дуртай, хувцас эсгэлт, дизайн дээрээ огт хог гаргахгүй үлдсэндээ үнэхээр жаргалтай байдаг.

Зүгээр л хог болоод үлдэх байсан зүйлээс үнэ цэнийг олж хараад ямар нэг хэрэгтэй зүйл бий болгохдоо бид маш их жаргалтай байдаг.

Танай дэлгүүрээр зочилж буй хүмүүст ямар мэдрэмж төрөөсэй гэж хүсдэг вэ?
Дулаахан, гэртээ байгаа юм шиг л байгаасай гэж боддог. Ер нь бусад үйлчилгээний газрууд ч тэр тал дээрээ илүү анхаардаг байх. Бидний зүгээс бол хэн ч орж ирсэн халуун цайгаар дайлахыг хичээдэг. Дэлгүүр дээрээ бид хоёр ихэнхдээ өөрсдөө худалдагч хийдэг юм. Тийм ч учраас үйлчлүүлэгчтэйгээ нөхөрсөг яриа үүсгэж, загвараа тайлбарлаад сонголт хийхэд нь тусалдаг. Хүмүүс орж ирээд дуртай уух юмаа уугаад, заавал хувцаснаас маань сонгож авахгүй ч маш гоё яриа өрнүүлээд дулаахан сэтгэл өвөрлөөд гараасай гэж хүсэж байна.

Хамгийн утга учир бүхий эдлэлүүдээсээ танилцуулахгүй юу
Бидний сууж буй дизайнерийн өрөөнд байгаа хивс маш удаан ашиглагдаж байгаа. Манай дэлгүүрийн амин сүнс гэж хэлж болно. Бас интерьерийг маань илүү үнэ цэнтэй харагдуулж байгаа элемент энэ хивс юм. Бас оюутан байхдаа хамгийн анх авч байсан оёдлын машин. Үүгээр одоо ч загваруудаа оёдог. Миний хувьд үнэ цэнтэй. Goyo cashmere-т ажилладаг байхдаа хийж байсан хайрцагнууд. Чимэглэлүүд нь бас материалын үлдэгдэл хэсгээр хийсэн юм. Энэ Zero waste-ийг хэрэгжүүлэх эхлэл болсон шүү. Харин энэ ханан дээрх самбар бол шинэ санааны самбар. Дэлгүүрт байгаа улаан хүрээтэй ширээг "Gumuda" дэлгүүрийнхэн бидэнд бэлэглэж байсан. Ер нь биднийг одоо хүрээлж байгаа бүхэн л нандин. Энэ хэрэггүй гээд гаргаад хаячих юм байхгүй.

Интерьертээ тусгаж чадаагүй үлдсэн санаа хэр байгаа вэ?
Одоо байгаа нь хамгийн төгс хувилбар. Гэхдээ хүний төсөөлөл гэдэг хязгааргүй үргэлжлээд байдаг юм билээ. Хийгээгүй үлдсэн олон зүйлс бий. Бид хоёр гаднах орчноо маш гоё болгохыг хүсдэг. Жижигхэн модон ширээ сандалтай, тэндээ хамтдаа суугаад өглөөний цайгаа ууж болохуйц тохижуулаад цэцэрлэгжүүлье гэсэн мөрөөдөл байдаг. Бид хоёрт бас байнга хэрэгжүүлдэг нэг зүйл байдаг. Тэр нь өглөөний их цэвэрлэгээгээр ажлын нэг өдрөө эхлүүлдэг юм. Цэмцгэр, цэвэрхэн байвал хүмүүст интерьерээрээ дамжуулж хүргэх гэсэн эерэг бүхэн илүү тод хүрэх юм шиг, бусад деталиуд ч илүү үзэсгэлэнтэй харагдаж байгаа юм шиг санагддаг. Нэг талаараа хэрэглэгчийн загварын мэдлэг сайжирч улам л соёлтой үйлчлүүлдэг болсон нь мэдэгддэг. Монголынхоо дизайнеруудыг маш сайн мэддэг болчихсон, брендийн чиг хандлагыг нь ойлгож хүндэлдэг. Үүнд бидний зүгээс маш их баярлаж байгаа. Тиймээс эргээд үйлчлүүлэгчдээ хүндэлж буйгаа илэрхийлэх хамгийн эхний алхам нь цэвэрхэн орчныг бүрдүүлэх гэж боддог.

Ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх

11 Сэтгэгдэл

Зочин

2020 / 02 / 21
Хариулах

Holboo barih utas bnu

1

Зочин

2020 / 02 / 18
Хариулах

гоё шүү 👍

1

Зочин

2020 / 02 / 20
Хариулах

Mash engiin hernee goe zagwaruud bnaa amjilt josie ee

1

Зочин

2020 / 03 / 19
Хариулах

goyo bnaa

1

Зочин

2020 / 02 / 18
Хариулах

Great content! Super high-quality! Keep it up! 🙂

0

Зочин

2020 / 02 / 18
Хариулах

amjilt husie. mash ih taalagdlaa

1

Зочин

2020 / 02 / 17
Хариулах

Goy dulaahan medremj toruiljina

2

Зочин

2020 / 02 / 17
Хариулах

ийм гоё өөрийн гэсэн ертөнцтэй ярьдаг биш хийдэг хүмүүстэй хамт баймаар байна

3

Зочин

2020 / 02 / 17
Хариулах

Хамт байх боломж өөрт чинь байгаа гэдэгт итгэлтэй байна

1

Зочин

2020 / 03 / 13
Хариулах

Haana baidag ve

0

Зочин

2020 / 02 / 21
Хариулах

Nice

1