Шинээр Эрэлттэй Онцлох

О.Өнөржаргал: Бид “амьд” шар айргийн соёлыг хүмүүст таниулж, түгээх зорилготой

Энэ удаа Мишээл “Food Street”-д байрлах The Red Tap рестораны интерьер бидний анхаарлыг татсан юм. Уг ресторан Герман технологиор үйлдвэрлэсэн “амьд” шар айргаар үйлчилдэг ба энэхүү гол нэрийн бүтээгдэхүүний онцлогт нийцүүлэн интерьер дизайнаа бүрдүүлсэн гэв. Түүнчлэн, шар айргийн боловсон хэрэглээг таниулж, соёлтой үйлчилгээг нэвтрүүлэхээр зорин ажиллаж буй нь бидэнд таатай санагдсан билээ. Уншигч танд ч гэсэн орчин, үйлчилгээ гээд бүх зүйл нь гайхалтай сэтгэгдэл үлдээнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Ингээд интерьер дизайн болон шар айрагт дуртай уншигчид минь амтархан уншаарай.


Үүсгэн байгуулагч
О.Өнөржаргал

The Red tap рестораны үйл ажиллагааны талаар танилцуулж өгнө үү. Бусад үйлчилгээний газраас ямар давуу талтай вэ?

The Red Tap бол Gem draft шар айргийн нэрийн ресторан юм. Манай компани шар айргийнхаа бүх түүхий эдийг Герман улсаас оруулж ирдэг бөгөөд Германы уламжлалт технологийн дагуу боловсруулж үйлчлүүлэгчдэдээ хүргэдэг. Одоогоор гадуур борлуулагдаж эхлээгүй 5-н төрлийн шар айраг энд худалдаалагдаж байна.

Хамгийн шингэн, хөнгөн Pilsner шар айргаас эхлээд жимсний амттай, бүр “dark” төрлийн шар айраг бий. Гэхдээ зөвхөн эдгээр шар айргийн төрлөөр хязгаарлагдалгүй, хэрэглэгчдийн хүсэлтэд нийцүүлэн олон төрлийн амттай шар айраг дотооддоо үйлдвэрлэж, үйлчлэх бүрэн боломжтой.


Крафт шар айргийн онцлог юу вэ?

Крафт шар айраг нь ямар нэгэн нэмэлт бодис, уртасгагчгүй, шүүлтүүргүй үйлдвэрлэгддэг гэдгээрээ онцлогтой. Иймээс хүний биед ашигтай шимт чанараа алдаагүй байдаг.

Ер нь сайн чанарын шинэхэн шар айргийг хэрхэн таних боломжтой вэ?

Шар айраг болгон заавал хөөсөрч байх ёстой. Тэр хөөс нь нарийн жижиг бөмбөлөгтэй бөгөөд шар айргаа уугаад дуусахад аяганы шилэнд наалдаж үлддэг онцлогтой. Энэ бол шинэ гэдгийг ялгаж таних энгийн арга.

Крафт шар айргийг уухад ямар орчин хэрэгтэйг төсөөлж интерьерээ хийсэн.

Мишээл “Food street”-д өөр олон төрлийн үйлчилгээний газар ажилладаг шүү дээ. The Red Tap рестораныг сонгох шалтгааныг тодорхойлбол?

Юуны түрүүнд, хүмүүс чөлөөт цагаа сайхан өнгөрүүлэх бас аялал жуулчлалд хувь нэмэр болохуйц ийм том төсөл амжилттай хэрэгжиж байгаад хувьдаа баярладаг. Мөн анхнаасаа энд байрлах бүх газруудыг өөр өөрийн онцлогтой байхаар төлөвлөсөн нь таалагддаг юм.

Харин манай рестораны хувьд бид дотооддоо үйлдвэрлэсэн шинэхэн шар айргаар үйлчлэхээс гадна түүнд нийцсэн хоолны цэсээр үйлчилдэг. Чөлөөтэй, дулаан уур амьсгалд найз нөхөд, гэр бүлээрээ хөгжилтэй дурсамж бүтээхийг хүссэн хүн бүрд тохиромжтой.

Та бүхний бий болгосон орчин тун өвөрмөц болжээ. Рестораныхаа зохион байгуулалтыг хэрхэн шийдсэн бэ?

Манай ресторан 3 давхар, нийт 120 гаруй хүний суудалтай. Давхар болгон өөр шийдэлтэй. Жишээ нь, 1-р давхар маань спорт паб маягийн бөгөөд маш нээлттэй орон зайн төлөвлөлттэй. 2-р давхрын дизайн бол илүү “private” зохион байгуулалт бүхий тусгаарласан хөнгөн хаалтуудтай, тэгээд мөн өөртөө үйлчлэх хэсэгтэй. Харин 3-р давхрын интерьер гэр бүлээрээ үйлчлүүлэх хүмүүст тохирсон гэж болно. Учир нь нам суудал, ширээтэй бас тухтай тохилог уур амьсгалтай.

1-р давхар: Спорт паб ↑
2-р давхар: Private хэсэг ↑
3-р давхар: Гэр бүлийн хэсэг ↑

Интерьер зургаа Archetype Mongolia гэдэг компаниар хийлгүүлсэн юм. Ерөнхийдөө манай гол нэрийн бүтээгдэхүүн болох шар айраг маань гар аргаар, цөөн тоогоор үйлдвэрлэгддэг онцлогтой болохоор үүнд тохируулан лофт стилийг сонгосон. Өөрөөр хэлбэл, шар айраг уухад ямар орчин хэрэгтэйг төсөөлж интерьерээ хийсэн.

“Өөрийнхөө гэртээ юм авах гэж байна гэж бодож сонго” гэж хэлэх би дуртай.

Интерьер дэх шинэлэг шийдлүүдээсээ хуваалцахгүй юу?

Үйлдвэрийн барилга дотор байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхийн тулд интерьертээ "Container"-ын деталь хэсгүүдийг шингээж оруулсан. Мөн ширээ сандал, ханын чимэглэл, гэрлийн бүрхүүл гээд сайн харвал бүх зүйлс гараар хийгдсэн гэдгийг анзаарч болно. Ингэж ихэнх эдлэлээ ур дүйтэй гагнуурчин, мужаан хүмүүсээр хийлгүүлсэн маань манай рестораны интерьерийг илүү сонирхолтой харагдуулж байгаа болов уу.

Засварын ажил хэр хугацаанд үргэлжилсэн бэ?

Нийт 6-н сарын турш засвар, тохижилтын ажил хийгдсэн. Би өөрөө барилгын чиглэлийн мэргэжилтэй болохоор интерьертээ түлхүү анхаарч, аль болох гэртээ байгаа юм шиг тухтай байлгахыг зорьсон.

Анх энэ рестораны барилгын ажилд оролцож байснаас биш яг бие даан хариуцна гэж төсөөлөөгүй. Гэтэл гэнэт шийдвэр гараад удирдлагууд надад хариуцуулж өгснөөр үйлчилгээний салбарт анх удаа ажиллаж буй нь энэ юм. Мэдээж үйлчилгээний салбарын тухай суралцах зүйл их байгаа ч судлах тусам надад маш сонирхолтой санагдаж байгаа.

Монголд үйл ажиллагаа явуулдаг ижил төрлийн газруудыг хэр судалсан бэ?

Ажиглаад байхад тохилог тухтай интерьер бүрдүүлж, тухайн орчиндоо тохирсон үйлчилгээ үзүүлэх нь үйлчилгээний салбарын амжилттай оршин тогтнох үндэс юм байна гэдгийг анзаарсан. Миний хувьд Монголд санаа авахуйц интерьертэй бас үйлчилгээ сайтай газар гэвэл “Brussels” юм шиг санагддаг.

Өөриймсөг хандаж хийсэн бүхэн хүнд сайхан сэтгэгдэл төрүүлдэг шүү дээ.

Бидний анзаараагүй өөр онцгой деталь бий юу?

Тухайн шар айргийн төрлөөс шалтгаалж хадгалах нөхцөл, уухад тохиромжтой хэм зэрэг нь өөрчлөгддөг. Тиймээс зориулалтын тусгай хөргүүрийг ресторандаа бий болгосон.

Өөр нэгэн сонирхолтой зүйл гэвэл, манай ажилчид үйлчлүүлэгчдийн шатнаас тусдаа өөр шатаар өгсөж, буудаг байхаар зохион байгуулсан. Ингэснээр зөөгч ажилчид үйлчлүүлэгчдийн тав тухыг алдагдуулахгүй гэсэн үг. Мөн зориулалтын хоолны лифтээр бэлэн болсон хоол гал тогооноос зал руу хүргэгддэг. Энэ нь цаг хэмнэх болоод эрүүл ахуйн хувьд давуу талтай. Ерөнхийдөө манай ресторан чанар, үйлчилгээний стандартыг баримталж, дотоод зохион байгуулалтаа аль болох хамгийн зөв байдлаар төлөвлөсөн.

Рендер зургаасаа өөрчлөгдсөн зүйл байгаа юу?

Зураг дээрх бүх санаа бодитоор хэрэгжсэн шүү. Харин шатны хэсэгт битүү хана хийчихээр хэтэрхий давчуу болох юм шиг санагдаад шилэн ханатай болгож, цаад талыг нь зориуд засаагүй үлдээчихсэн. Шилний цаанаас барилгын зарим дутуу хийц, шугам хоолой харагдаж байгаа нь манай интерьерт зориулагдсан юм шиг тохирч байгаа. Бид нэмээд крафт шар айраг хийх үйл явцыг нь энэ хананд зурчихсан.

Цаашид төлөвлөсөн ажлуудаасаа хуваалцаж болох уу?

Саяхан "Smoked" арвайн соёолжоор чанаж исгэсэн шар айраг гаргасан. Шар айрагт дуртай, энэ соёлыг ойлгодог хүмүүс ирж амталвал их сонирхолтой байна байх. Мөн Gem Draft шар айргийн үйлдвэр маань замын цаана байрладаг учраас цаашид үйлчлүүлэгчдийнхээ дунд "үйлдвэрийн үйл явцтай танилцуулах өдөрлөг" зохион байгуулахаар төлөвлөж байгаа.

Манай ресторанд орж ирээд хүмүүс шар айргийг үнэхээр л ийм орчинд ингэж уух хэрэгтэй юм байна гэдэг мэдрэмжийг мэдрээсэй гэж би хүсдэг. Тиймээс орчин, үйлчилгээ гээд бүх талаараа үргэлж сайжирсаар байх болно.

Энэ салбарт шинээр үйл ажиллагаа эхлүүлэх гэж байгаа хүмүүст юу гэж зөвлөх вэ?

Ойр хавьд чинь оффис барилга их байна уу эсвэл орон сууц, сургууль, цэцэрлэг байна уу гэдгээс хамааран байршил чухал санагддаг. Зорилтот хэрэглэгчдэдээ тодорхойлоод тэдэнд зориулсан орчин бүрдүүлж, меню-гээ зохиогоорой гэж зөвлөх байна. Мөн интерьер бол үйлчилгээ, соёл, зорилго, үнэт зүйл гээд бүхнийг багтаасан цогц зүйл. Тэгэхээр дотоор уур амьсгал, үйлчлүүлэгчдийн тав тухыг сайтар бодолцох хэрэгтэй гэж бодож байна.

Цаг гарган ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх