Б.Мөнх-Амгалан: BMW брэндийн алдар хүнд, үнэ цэн бол бидний бахархал

Автомашины түүхэн дэх шилдгүүдийн алдрыг бичилцсэн Германы Бавари мужаас гаралтай BMW компанийг дэлхий даяар мэдэхгүй хүн ховор билээ. Хүчирхэг мотор, тансаг арьсан салон, давтагдашгүй хийц гээд BMW-г илэрхийлдэг бүхэн онцгой. Энэ удаа автомашин сонирхогчдыг анхаарлаа хандуулахыг хүсье. Учир нь бид алдарт BMW компанийн Монгол дахь цорын ганц албан ёсны борлуулагч Бавари Моторс компанийн оффист зочилж, автомашины үзэсгэлэнгийн танхимын тухай амттай яриа өрнүүллээ. Бавари Моторс ХХК-ийн ерөнхий менежер, хатагтай Б.Мөнх-Амгалангийн яриаг хүлээн авна уу.


Бавари Моторс ХХК-ийн ерөнхий менежер
Б.Мөнх-Амгалан

Бавариа Моторс компанийн тухай яриагаа эхэлье?

Бавариа Моторс ХХК 2016 онд үүсгэн байгуулагдсан. Германы BMW компанийн автомашин, түүний сэлбэг болон BMW брендийн “Lifestyle” бүтээгдэхүүнийг борлуулах албан ёсны эрхтэй компани юм. Та бүхний харж байгаа энэхүү шоурүүм/үзэсгэлэнгийн танхим/ 2019 оны 6 сарын 21-нд нээгдсэн. Монголд албан ёсоор нээлтээ хийснээс хойш нэг жил болох гэж байна.

Дэлхийн хамгийн том BMW үзэсгэлэнгийн танхим
BMW, MINI, Rolls-Royce Motor Cars, BMW motorcycles нэг дор байрлах Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби-ийн Umm Al Nar-т байрлах үзэсгэлэнгийн танхим юм.

BMW хэмээх алдартай брендийг Монголд албан ёсоор төлөөлөх эрхийг хэрхэн авч байсан бэ? Ер нь ямар шалгуур хангасан компанид ийм эрх олгогддог вэ?

Бавариа Моторс ХХК энэ салбар дахь шинэ компани хэдий ч автомашин борлуулалтын талбарт ажилладаг харьцангуй туршлагатай компаниудтай өрсөлдсөний эцэст BMW компанийн Монгол дахь албан ёсны борлуулах эрхийг авсан. BMW компанийнхан манайхыг сонгох болсон нь бидний уйгагүй хөдөлмөр, чадна гэсэн итгэл үнэмшилтэй байсны үр дүн болов уу гэж боддог юм. Манайд эрх олгосон BMW компанийн төлөөлөгч Монголд ирэхдээ “Хичээл зүтгэлтэй, зорилгодоо тууштай ханддаг танай компанийн нөөц боломжийг үнэлж сонгосон шүү” гэж хэлж байсан. Цаанаас тавигдаж байсан нарийн шалгуур болгоныг тоочно гэвэл их бий. Мэдээж бизнесийнхээ хувьд хэр чадамжтай, энэ чиглэлээр тогтвортой ажиллаж чадах эсэх гол шалгуурт бид тэнцсэн.

Бусад бизнесийг бодвол автомашины шоурүүм илүү их стандарт шаарддаг байх гэж бодогдлоо. Албан ёсны төлөөлөх эрхээ авсны дараа Монгол дахь шоурүүмийг барих ажил хэрхэн эхэлсэн бэ?

Бид хэд автомашины үзэсгэлэнгийн танхимыг яг цав стандартын дагуу барихын тулд Монгол улстай хамгийн ойр байрладаг BMW компанийн шоурүүмд зочилж, судалсан. Ингэж танилцсаны дараа архитектурын шийдэл, дотоод зохион байгуулалт, ашиглах материал зэргийг хүртэл нарийн удирдамжийн дагуу сонгож барьж эхэлсэн. BMW компанийн бусад шоурүүмтэй тун төстэй бүтэц, зохион байгуулалттай. Дэлхийн аль ч оронд буй BMW компанийн шоурүүмд очвол яг л манайд ашиглагдсан материал, өнгө, дотоод зохион байгуулалт гээд нэг стандарттай гэсэн үг. Архитектур төлөвлөлтийн тухайд дотоод орчинд байгалийн гэрэл чөлөөтэй нэвтэрч байхаар тооцоолж, том цонх, өргөн шилэн хаалгатай байхаар шийдэгдсэн.

Isetta lounge
BMW үзэсгэлэнгийн танхимын 2 давхарт Isetta lounge-ын хэсэг байрладаг. Энд ажил хэргийн уулзалт хийж болох ба үйлчлүүлэгчийн тухтай байх нөхцөлийг бүрдүүлсэн. Хэрэв нарны туяа 2 давхрын ханан дээр байрлах зурагнууд руу тусах үеийг харвал энэ хэсгийн онцлох утга учрыг ойлгох болно.

BMW компанийн шоурүүмд тусгайлан хийгддэг интерьерийн онцгой шийдлүүд бий юу?

Зөвхөн интерьерийн хувьд гэхэд ашиглах материал, тэр дундаа гэрэлтүүлэг, плита, шилний сонголтоос эхлээд ялгарлыг мэдэрч болно. Шоурүүмд ашиглагдах бүх материалыг BMW-с зөвшөөрдөг, зөвхөн албан ёсны түншүүдээс авдаг. Мөн тусгай үнэртүүлэгч ашигладаг бөгөөд энэ үнэр BMW-н дэлхийн аль ч шоурүүмд зочлоход үнэртдэг тогтсон нэг үнэр юм. Манай шоурүүмийн тухайд тусгай захиалга өгөх боломжийг хэрэглэгчдэдээ олгодог. Хэрэглэгч өөрийн таалалд нийцсэн салон, машины өнгө гэх мэтийг нарийн сонгож, бүр нэрээ бичүүлээд захиалж авч болно. Ийм сонголт хийхэд зориулагдсан Individual захиалгын өрөөнд байгалийн гэрэлтэй ижил тусгалтай гэрэлтүүлэг ашигласан. Ингэснээр сонголтод буй материалын өнгө будаг, хийцийг илүү тод харж болдог гэх мэт интерьертээ тусгайлан шийдсэн зүйлс бий.

Монголд байгаа автомашины албан ёсны бусад шоурүүмээс BMW компанийн энэ салбар юугаараа онцлог вэ?

Шоурүүм, оффис, засвар үйлчилгээ, тусгай захиалга, хүүхдийн тоглоомын хэсэг гэх мэт бүгдийг нэг дор шийдсэнээрээ давуу талтай болов уу. Ихэнх үйлчлүүлэгчид маань гэр бүлээрээ ирж сонголтоо хийдэг учраас ингэж шийдсэн хэрэг. Олон газар тус тусдаа бус төвлөрсөн шийдэлтэй болохоор үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж тэр хэрээр өндөр байдаг гэж боддог. Автомашин гэдэг гэр бүлийн “гишүүн”-тэй ижил хэмжээний ойлголт учраас манайхыг сонгосон хэрэглэгчдэдээ автомашиныг нь хүлээлгэж өгөхдөө бяцхан баяр зохион байгуулж, гардуулж өгдөг заншилтай. Болж өгвөл гэр бүлээрээ ирээрэй гэж урьдаг юм. Үйлчлүүлэгчид маань яг л гэр бүлийн шинэ гишүүнээ хүлээж авч байгаа мэт сэтгэлээр ханддаг байгаасай гэж хүсдэг.

Автомашин гэдэг гэр бүлийн “гишүүн”-тэй ижил хэмжээний ойлголт.

BMW Монголд
Bavaria Motors-ийн нийт туршилтын жолоодлого хийсэн хугацаа 5,460 минут = 91 цаг.
(Канадчууд 91 цагийн TV marathon буюу тасралтгүй 91 цагийн турш ТВ сэриал үзэн дэлхийн рекордыг тогтоожээ.)

Мэдээж цоо шинэ машиныг үйлдвэрээс нь энэ хүртэл аюулгүй тээвэрлэх, шоурүүм дээр мөн цэвэр, цэмцгэр хадгална гэдэг шаггүй хөдөлмөр шаарддаг байх. Шоурүүм дээрх автомашины аюулгүй байдлыг хэрхэн хангадаг вэ?

Манай шоурүүм нийт 7 автомашины багтаамжтай. Үйлдвэрээс Монголд ирэх хүртэл гааль аюулгүй байдлыг нь хариуцдаг. Харин энд ирснийх нь дараа бид бүрэн бүтэн байдлыг нь хариуцаж, туршилтын жолоодлогод автомашинаа гаргах бүрд нарийн журмыг мөрдөж ажилладаг. Худалдаж авахгүй байсан ч үнэ цэнийг нь мэдрэх болон туршилтын жолоодлого хийхийг хүссэн хүн бүрд өөрөө туршиж үзэх эрхийг бид нээлттэй олгодог юм. Зүгээр нэг хараад өнгөрөх, өөрөө удирдаж, жолоодож үзэх хоёр өөр шүү дээ. Хүмүүс ихэвчлэн туршилтын жолоодлого хийж үзсэний дараа л жинхэнэ ялгааг нь ойлгож хүлээн зөвшөөрдөг.

BMW компанийн хүчирхэг авто хүлгүүд эзнээ хүлээн энд “амарч” байна.

Монголдоо анхдагч 3S Showroom
Sales, Service, Spare Parts үзэсгэлэнгийн танхим хэмээн үйл ажиллагаагаа явууж байна. Та манай үзэсгэлэнгийн танхимаар зочилсноор машины борлуулалт, засвар үйлчилгээ, сэлбэг захиалгын цогц үйлчилгээг нэг дороос авах болно.

Хөдөлгүүрийн тос, тормосны шингэн, агаар шүүгчийн ажиллагаа хэвийн байгаа эсэх болон оношлогоонд хэзээ орох хугацааг түлхүүрэн доторх чип-ээр дамжуулан харах боломжтой. Тусгай төхөөрөмжид зөвхөн түлхүүр уншуулснаар эдгээр мэдээллийг авах боломжтой учраас хурдан хугацаанд тухайн автомашины ерөнхий мэдээллийг авч болдог онцлогтой.

Шоурүүм дотор автомашинуудыг байрлуулах тодорхой стандарт гэж байдаг уу?

Тийм шүү, байгаа. Өмнө хэлсэнчлэн плитаг хүртэл стандартын дагуу сонгодог. Үүний учир нь BMW автомашиныг шоурүүм дотор байрлуулахдаа дугуйн дээрх компанийн логог плитаны зураастай яг зэрэгцэж, дээш харсан байх гэсэн онцгой стандартыг мөрддөг. Өөр хаана ч очсон энэ стандартыг BMW компанийн шоурүүмээс харж болно. Мөн залны гэрлийн тусгал машины гадаргуу дээр шууд ойж харагдахгүй ч тухайн машиныг бүхэлд нь тод харагдаж байхаар шийдэлтэй. Автомашин хоорондын зай гэх мэт хэд хэдэн нарийн зүйлс бий.

Өөр хаана ч очсон энэ стандартыг BMW компанийн шоурүүмд харж болно.

Showroom дэх машины байршил
BMW үзэсгэлэнгийн танхимд 7-н машин (Sedan буюу суудал-ын 3, SUV буюу дунд оврын 4 байрлах бөгөөд хэмжээгээрээ багаасаа том руу гэсэн дараалалтай байрлана. Машин тус бүрийн үнийн санал эхний дугуйн дээрх BMW логотой яг харалдаа байрлах учиртай.

Танай ажилчдын үйлчилгээндээ баримталдаг зарчим юу вэ?

Үйлчилгээний байгууллагуудын хувьд интерьертээ анхаарч тохижуулахаас гадна үйлчилгээгээ манайхыг зорьж, сонирхох гэж ирсэн хүн бүрийг сэтгэл хангалуун гаргахын төлөө ажилладаг. Орчин нь сайхан, үйлчилгээ нь найрсаг, санал болгож буй зүйлс нь чанартай гэсэн сэтгэгдлийг үлдээхийг хүсдэг. Тэр ч утгаараа машин нь засвар, сэлбэгийн үйлчилгээ авсан хүмүүсээс бид сэтгэл ханамжийн судалгаа бөглүүлж, санал нэг бүрийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, сайжруулдаг. Мэдээж сайшаасан нь ч бий, сайжруулаасай гэсэн зөвлөгөө ч бий. Нэгэнт бид дэлхийн брендийг Монголдоо төлөөлж байгаагийн хувьд үнэ цэнийг нь улам өсгөж, Монгол дахь үйлчлүүлэгчдэдээ түгээх зорилго шулуудсан учраас эрч хүч урмаар дүүрэн ажилладаг даа. Бидний энд ажиллаж байгаагийн бахархал бол яахын аргагүй BMW брендийн үнэ цэн алдар хүнд юм.

BMW компанийн бас нэгэн үнэ цэн нь байгальд ээлтэй гэдэг үзэл баримтлал байдаг. Энэ талаар Монгол дахь салбарын хэрэгжүүлж буй ажлууд юу вэ?

Байгаль ээлтэй бизнесийн чиглэл рүү төвлөрч ажиллаж байгаагаа BMW биднийг эрхээ гардаж авахад хэлж байсан. Үүнтэй холбогдуулан зарим салбар дахь шоурүүмийн цахилгааныг сэргээгдэх эрчим хүчээр  шийдэж тоноглосон гэх мэт алхам алхмаар хүрээлэн буй орчинд ээлтэй байдлаар бизнесээ хөгжүүлж байгаа нь сүүлийн үеийн бодлогуудаас харагддаг. Монгол дахь салбарын зүгээс хэрэгжүүлж эхэлсэн ажлууд бол эхний ээлжинд хогоо ангилж, гаднах орчноо цэцэрлэгжүүлж, мод тарих, автомашинаас гарах хог хаягдлыг стандартын дагуу дахин боловсруулалтад өгөх гэх мэтээр үйл ажиллагаандаа шингээж эхэлсэн.

Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх

4 Сэтгэгдэл

Зочин

2020 / 05 / 20
Хариулах

Үзэлэгийн цаг захиалах бол захиалаг өгөх дугаар байна уу

0

Зочин

2020 / 05 / 22
Хариулах

75118866 ruu zalgaad appointment hiigeerei ho.

0

Зочин

2020 / 05 / 24
Хариулах

Wow bmw vnheer goi shvv . Ulaan pan ni bna hezee negen tsagt zaawal unah bolno.

0

Зочин

2020 / 05 / 20
Хариулах

tulhuur n medeelel tsugluuldag datatai gesn ug u wow

0