1900-аад оны эхээр Америк дахь эмэгтэйчүүдийн 82 хувь нь эхнэр, ээжийн дүрээр гэрээс гаралгүй ажилд дарагдан “хоригдож” байжээ. Тэр үед эмэгтэй хүний уламжлалт үүргээсээ татгалзсан эмэгтэйчүүдийг нийгмийн бүх төвшинд эсэргүүцэж байв. Нийт эмэгтэйчүүдийн ердөө 18 хувь нь гэрээс гадна ажилладаг бөгөөд тэдний ихэнх нь цалин багатай үйлдвэрийн ажилчин, сувилагч, бичээчээр олон цагаар ажилладаг байв.
Ийм хэцүү нөхцөлд эрч хүчтэй, ухаалаг эмэгтэй Элси де Волфи 40 настайдаа хэний ч тусламжгүйгээр өөрөө хичээнгүйлэн суралцаж интерьер дизайны мэргэжлийг бий болгосон юм. Түүний амьдрал үнэхээр сонирхолтой бөгөөд хүнд сорилтуудаар дүүрэн байсан. Тэрээр одоо бидний дунд харамсалтай нь үгүй хэдий ч интерьер дизайны салбарт түүний үлдээсэн гайхамшигт өв нь харьцуулшгүй их билээ. Элсигийн туулсан амьдрал, ажил амжилтын карьераас суралцах дөрвөн чухал сургамжийг хүргэж байна. Түүний амьдралын түүх дизайнер болон бүтээлч сэтгэхүйтэй хүмүүст уншиж, суралцах зүйлсээр үнэхээр баялаг билээ.
Өөрийнхөө гэрийг өөрийнхөө дүрмээр тохижуул
Элси тухайн үедээ давтагдахааргүй өөр дизайн хийх алсын хараатай байсан. Викториан эринд өвдөг сөгдөж, айл бүр л хатуу модон хийцтэй тавилга, хүнд нүсэр хээтэй хөшигөөр орчноо тохижуулдаг байсан тэр үед Элси цайвар өнгийг түлхүү сонгож, хөнгөн даавуу, цэцэг, толь зэргээр интерьерт байгалийн гэрэл гэгээг оруулж, өөрчилдөг байв. Тэрээр өөрийнхөө дизайны үзэл баримтлалд итгэлтэй байсан бөгөөд өөрийгөө бусдад батлан харуулж чадсан юм. Түүний бүрдүүлсэн интерьер дизайныг хараад тухайн үеийн алдарт архитектор Stefford Whites, Ann Morgan нар засал чимэглэлийн тал дээр зөвлөгөө авахаар ирдэг болжээ.
Ажлын хөлсөө бодитой үнэлүүлж сурах
Элсиг нэгэн баян эрхэм шинээр барьсан харшийнхаа 14 өрөөний интерьерийг тохижуулахаар хөлсөлж авсан бөгөөд уг төсөлд зарцуулсан бүх зүйлийн өртөгийн тодорхой хувийг түүнд төлөхийг зөвшөөрсөн байна. Жишээ нь: худалдаж авсан аливаа зүйлийн буюу 25,000 болон 25,000-аас 50,000 долларын хооронд аливаа эдлэлийн нийт өртгийн 5 хувь, 50,000 доллараас дээш тохиолдолд 2.5% гэх мэт. Ноён Фрикийн зүгээс Элсид өгсөн ажлын хөлс 91,351.83 доллар болсон гэдэг. 1915 оны 91,000 доллар нь 2018 оны ханшаар 2,2 сая доллартай тэнцэж байсан гэдгийг санаарай! Тэдний нөхөн олговрын гэрээ нь хатагтай Элсиг баяжуулж зогсохгүй энэ мэргэжлийн ажлыг үнэлэх жишиг болон тогтсон юм. Ашигтай гэрээ хийж, мэргэжлийн хэмжээнд ажилласнаар интерьер дизайны ажлыг үнэлэх үнэлэмж нийгэмд ийнхүү нэмэгдсэн юм.
Өөрийгөө брэнд болго
Элси бусдад хэрхэн анзаарагдахаа мэддэг нэгэн байсан. Өөрийн хийж буй ажлаараа өөрийгөө таниулж, хүмүүст үлгэрлэдэг байсан. Тэрээр өөрийгөө илэрхийлэх давтагдашгүй логог зохиосон бөгөөд цэцэгтэй жижиг чоно бүтээж, найз нөхөд танил хүмүүст түгээх зорилгоор нэрийн хуудас дээрээ байрлуулж байжээ. Энэ нь түүний барааны тэмдэг болон хувирсан бөгөөд Элсиг хүмүүс сонирхолтой логогоор нь таньдаг болсон юм.
Тухтай ажиллах боломжийг өөртөө бүрдүүл
Хатагтай Элси өөрийн шинэ санаануудаа туршиж, хэрэгжүүлж үздэг жижигхэн хоосон өрөөтэй байсан гэдэг. Үүнийгээ "дизайны лаборатор" хэмээн ярьдаг байжээ. Өөрийнх нь чадварт эргэлзэж буй хүмүүсийг тухайн өрөөндөө урьж, хормын дотор өөрчлөлтүүдийг үзүүлж мэдрэмж, ур чадвараа батлан харуулдаг байжээ. Энэ тухай хэвлэлүүд их бичиж байсан бөгөөд тухайн үед дотоод орчныг цогц нийлэмжтэй болгох нь хэчнээн чухлыг өөрийн хийж буй ажлаараа хүмүүст ойлгуулсан юм.
Анхны интерьер дизайнер Элси де Волфи хатагтайн тухай дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншаарай.
Зочин
2020 / 05 / 01emegtei hun bsn gjuu gaihaltai