Шинээр Эрэлттэй Онцлох

А.Чимэддолгор: Дизайнер хүний ажлын чухал "хэрэгсэл" бол ажигч гярхай зан чанар юм

Энэ удаа донжтой, шинэлэг дизайнаараа Монголын интерьерийн салбарт өнгө гэгээ нэмж буй дизайн бүтээгч компанийн үүсгэн байгуулагч А.Чимэддолгор эрхмийг урьж ярилцсан юм. Түүний байгуулсан Гэгээ студи-д хүсэл эрмэлзлээр хөглөгдсөн чадварлаг, бүтээлч залуус ажилладаг юм билээ. Ингээд түүний хамгийн сүүлд захиалагчдаа хүлээлгэн өгсөн шинэхэн төслийн тухай яриаг хүлээн авна уу.


Гэгээ компанийн үүсгэн байгуулагч
А.Чимэддолгор

Алтлаг шар болон цагаан өнгийн консепцийг хэрхэн бодож олсон бэ?
Захиалагч маань дээд зэрэглэлийн тансаг мэдрэмж төрүүлэхүйц хирнээ цагаан өнгө голлосон байхыг даалгасан. Ерөнхийдөө цайвар өнгө нь эмх цэгцтэй, цэмцгэр мэдрэмж өгдөг бөгөөд алтлаг шаргал өнгөтэй хосолсноор тансаг уур амьсгалыг бүрдүүлж байгаа юм. Мөн классик дизайны хэв маягийг шингээсэн байгаа.

Орон сууцны хувьд цонхны тоогоор өрөө хуваарилах боломжтой байдаг. Энэ төслийн хувьд энэ олон өрөөг цонхгүй хэсэгт хэрхэн төлөвлөсөн бэ?
Цонхгүй хэсэгт байгалийн гэрэл саадгүй хүрч байхыг тооцоолж шилэн ханаар төлөвлөсөн. Харин мэс заслын өрөө, ариун цэврийн болон хувцас солих өрөөнд заавал цонх хэрэгтэй гэж үздэггүй. Төслийн нэг онцлог бас эмнэлгийн стандартын дагуу үйл ажиллагаанаас нь шалтгаалж бараг бүх өрөөнд угаалтуур байрлуулсан нь үйлчлүүлэгч буюу хэрэглэгчдэд таатай нөхцөл бүрдүүлж байгаа юм.  Гоо сайхны салон клиник эмнэлгийн нийт талбай нь 230 мкв ба 20 гаруй өрөөг төлөвлөж хийсэн. 230 гаруй мкв талбайд 20-иод өөр зориулалтын өрөө гаргах нь төслийн чадвар шаардсан ажлуудын нэг байсан.

Гэрэлтүүлгийн хувьд ямар стандарт баримтлах хэрэгтэй байдаг вэ?
Мэдээж гэрлийг маш сайн тооцоолох шаардлагатай. Жижиг талбайтай өрөөнд хэт олон гэрэл байж болохгүй. Эргономик стандартад тусгагдсан тодорхой тооцооллууд бий. Хүний нүдэнд ачаалал болохооргүй, чилж ядраахгүй байхаар гэрлийг тооцоолдог юм. Энэ төслийн хувьд мэдрэмжээрээ гэрэлтүүлгээ төлөвлөсөн. Мэргэжлээрээ багагүй хугацааны турш ажиллаж, олон төслийн ард амжилттай гарсаны дараа гэрэлтүүлэг болоод зарим тооцоолол гарт орсон байдаг. Зайлшгүй чухал стандартад хатуу баригдах ёстой үед гэрэлтүүлгийн стандартыг мөрдөж ажиллах нь зүйтэй.   

Материалын сонголтод ямар шалгуур тавьдаг вэ?
Материалын хамгийн чухал үзүүлэлт бол ЭКО байдал. Байгаль болон хүний биед сөрөг нөлөөгүй байх хэрэгтэй. Сүүлийн үед хүмүүс энэ тухай илүү сайн ойлгож эхэлж байна. Одоо бол интерьер засал хийлгэж байгаа захиалагч бүр чанарыг эрхэмлэн сонгодог болсон. Энэхүү төслийн хувьд олон нийтийн хэсэг буюу корридор, лобби, хувцас солих өрөө гэх мэт өрөөнүүдийн ханыг VGT эко будаг ашиглан будсан. Энэ будаг нь орчин үед интерьерийн материалд хүч түрэн орж ирж байгаа ЭКО, үнэргүй материалуудын нэг юм. Хэрвээ зүгээр эмульс юм уу обой наасан бол сонирхол татахуйц, шинэлэг болж чадахгүй байсан. Ер нь дизайнерууд хаана, хэрхэн ашиглахыг бодолцож материалаа сонгодог. Тавилгыг ч мөн адил. Талбайн хэмжээ, зориулалтаас нь шалтгаалж авна. Интерьертэйгээ нийцэж байхаас гадна эдэлгээ даах чанартай, хэлбэр хийц сайтай байвал илүү гоёмсог орчныг бүрдүүлж чаддаг. Энэ төслийн хувьд зардлын нийт 30 гаруй хувийг тавилга эзэлсэн.

Энгийн орон сууц гэрийн интерьерийг хийх, албан байгууллага, тусгай хэрэгцээт газрууд, эмнэлэг зэргийн интерьер хийх юу юугаараа ялгаатай вэ?
Хүний эргономик хөдөлгөөнийг тооцоолохоос гадна эмнэлэг гэдэг утгаар нь тодорхой заавал мөрдөж ажиллах шаардлагууд бий. Материалын сонголтууд хүртэл илүү мэргэжлийн нарийн сонголт хийхэд хүргэдэг. Нян бактери үржүүлдэггүй материал ашиглаж, өнгөний сонголтыг нарийн тооцоолдог юм. Албан байгууллагуудад ч мөн ялгаагүй бүх хүнд нийцтэй өнгө материал хэлбэр сонгох шаардлагатай болдог. Харин гэрийн интерьерийн хувьд арай өөр. Тухайн гэр бүлийн амьдралын хэв маяг, хэдэн хүүхэдтэй айл болох, ямар ажил мэргэжилтэй хүмүүс амьдарч байгааг хүртэл бодож гүйцэтгэдэг.

Ер нь ямар нөхцөл бүрдэж байж тухайн төсөл амжилттай дуусдаг вэ?
Хамгийн чухал нь зураг төсөл. Харин зураг төслөө сайн гаргахын тулд талбайн төлөвлөлтөө зөв тооцоолох хэрэгтэй байдаг. “Барилгын суурийг сайн тавивал барилга удаан эдэлгээтэй чанартай болдог” гэдэг шиг интерьерийн суурь нь зураг төсөл гэж ойлгож болно. Зураг төсөл сайн болсноор хийх ёстой бүх тооцоолол, материалын түүвэр сонголт хэмжээ гардаг учраас илүү бодитой тооцоолол гаргаж, хугацаа хэмнэдэг. Ямар ч тооцоололгүй эхэлбэл тун замбараагүй байдал үүснэ. Нэг талаараа санхүүгийн алдагдалгүй ажиллахад сайн зураг төсөл хэрэгтэй. Мөн захиалагчийн хүсэл шаардлага, төсөөллийг нь сайн ярилцаж тодорхойлох нь үл ойлголцлоос сэргийлдэг. Интерьер дизайнер хүн алхам бүрдээ хянуур хандаж, бүх эрсдэлийг тооцох шаардлагатай өдөр бүр л тулгардаг нарийн мэргэжил юм шүү дээ.

Хамгийн нарийн мэдрэмж шаарддаг ажлын хэсэг нь төлөвлөлтийн дараах чимэглэх үйл ажиллагаа байх. Таны хувьд энэ хэсэгт хэрхэн ажилладаг вэ? Арга барилаа хуваалцвал?
Тийм дизайн, ийм концепц барьж хийгдэнэ гэсэн эхний баримжаагаар ажлаа эхлүүлдэг. Өөрөөр хэлбэл миний ажлын арга барил бол захиалагчтайгаа анхны уулзалтын үед ажлын даалгавар авж эхлээд л ярианаас нь ямар өнгө төрхтэй орчин байхыг нүдэндээ шатрын нүүдлийг тооцолдог шиг төсөөлдөг. Ингэвэл дараа нь нэмж шинэ санаа бодож олоход илүү хялбар. Тухайн орчны зориулалтаас мөн их зүйл шалтгаална. Үүний зэрэгцээ төлөвлөсөн хугацаандаа амжуулахын тулд ажилдаа төвлөрч үр дүнтэй суух нь чухал. Миний хувьд ажлаа хийж эхлэхээс өмнө тухайн өдөр сонсмоор байгаа подкаст, дуугаа бэлдэж, жижигхэн амттан, уух зүйлс гэх мэт хэрэг болох зүйлсээ ойрхон тавьчихдаг. Ингэснээр ядаж л ус уух гэж босох шаардлага гарахгүй цаг хэмнэнэ/инээв/.

Хянуур гярхай байж чадвал мэргэжлийнхээ хувьд өсөж хөгжих боломж маш нээлттэй. Гаднын томоохон гоё барилгуудаар орж үзэх боломжгүй юм аа гэхэд Монголдоо баригдсан томоохон худалдааны төвд зочлон интерьер хийц, шийдлийг ажиглах хэрэгтэй.

А.Чимэддолгор

Дизайнеруудад захиалагчийн хүссэнээс давуулж, илүү үзэмжтэй болгож гүйцэтгэсэн ажлууд бишгүй л тохиолддог байх. Энэ төсөл дээр захиалагчийн төсөөлөөгүй уран сэтгэмж ашиглан хийсэн хэсэг аль нь вэ?
Үүдний хэсэг илүү сайхан болж чадсан. Захиалагчийн хүсэж байснаас давж, зурагнаасаа ч гоё болсон гэж хэлж болно. Оновчтой, амжилттай ажиллахаас гадна алдаа гаргах тохиолдлууд ч заримдаа гарна. Дизайнер хүн бол нэг гаргасан алдаагаа дахин хэзээ ч давталгүйгээр суралцах хэрэгтэй байдаг даа. Үргэлж шинийг эрэлхийлж, өөрийгөө хөгжүүлж, судалгаа хийж байх хэрэгтэй. Бас нэгэн анхаарах зүйл бол материалын захиалах хугацааг тооцох юм. Хэрэгжүүлж байгаа төсөл дээр их бага гэлтгүй материал импортоор захиалах хэрэг гарна. Ингэхдээ Монголд ирэх хугацааг маш сайн төлөвлөж байх нь их чухал санагддаг. Амжилттай ажлуудын голлох хэдэн шалтгаануудын нэг нь энэ гэсэн үг.

Энэ чиглэлээр мэргэжил эзэмшиж буй, эсвэл мэргэжлээрээ ажиллаад удаагүй байгаа залуу дизайнеруудад хандаж өөрийн зүгээс юу гэж зөвлөх вэ?
Нэгт, алхам бүрдээ суралцах. Хоёрт гэвэл, захиалагчтайгаа маш сайн харилцаа үүсгэ. Ажлын ихэнх хувь нь харилцаа шүү дээ. Шинэ төгссөн залуучууд өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Мэдээж туршлагагүйтэж алдах үе нэг биш удаа тохиолдоно. Тэр бүгдэд бууж өгч шантралгүй харин ч алдаанаасаа суралцаж цааш хөгжих нь чухал юм шүү. Дизайнер хүний ажлын чухал "хэрэгсэл" нь гярхай хянуур зан чанар гэж боддог.

Бүтээлүүдийг нь харж, урам зориг авдаг дизайнер бий юу?
Монголд олон чадварлаг залуус бий. Хийж буй төслүүд нь маш чанартай, орчин үеийн хэв маягаас хоцролгүй ажиллаж чадаж байна. Миний хувьд гаднын дизайнеруудаас Ander Alencar –ын хийсэн бүтээлүүдийг нь харж урам зориг авдаг. Гүйцэтгэл гэхээсээ илүү 3D рендер зургуудын чанар нь маш сайн байдаг. Мөн ДНЕВНИК ДИЗАЙНЕРА-ийн youtube chanel-ийг үзэх дуртай. Энэ хэмжээнд хүрч ажиллах юмсан гэж зорьж ажилладаг даа.

Ярилцсанд баярлалаа. Танай хамт олонд ажлын амжилт хүсье.

Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх

1 Сэтгэгдэл

Зочин

2020 / 04 / 29
Хариулах

Ajliin undruus undur amjilt husie

1