Интерьер дизайны эхлэл – Элси де Волфи хатагтай

Элси де Волфи (1865-1950) хэмээх америк гаралтай эмэгтэй дэлхийн анхны интерьер дизайнер, декоратор гэж нэрлэгддэг. Тэрээр жүжигчин мэргэжилтэй ч дотоод орчныг чимэглэх, илүү цэгцтэй, үзэмжтэй байлгах тал дээр үргэлж анхаардаг нэгэн байжээ. Тухайн үедээ хамгийн дэгжин, загварлаг хатагтай нарын тоонд зүй ёсоор багтдаг байсан бөгөөд түүний загварын мэдрэмжийг охид бүсгүйчүүд шагшин биширдэг байв.

Хатагтай Элси де Волфи тийм ч сайн жүжигчин байсангүй. Харин тайз засал, хувцасны сонголт зэрэгт түлхүү анхаардаг байсан гэдэг. Тэрээр ажил дээрх ихэнх цагаа жүжиглэлтээсээ илүү тайзны засал чимэглэлд зарцуулдаг байсан нь түүнийг интерьер дизайнер болоход хөтөлсөн байна. "The New Yorker" сонинд бичсэнээр "Интерьер дизайныг мэргэжлийн төвшинд хүмүүст таниулж, тухайн цаг үед дотоод орчныг сайхан болгох үйлсэд хамгийн их хичээл зүтгэл гаргасан хүн бол Элси де Волфи юм" гэж бичсэн байдаг.

Түүний ажлын гараа

Тэрбээр 40 наснаасаа эхлэн интерьер дизайн хийх ажилд ханцуй шамлан орсон ба нэгэн хэвийн уйтгартай тохижилтыг халж чадсан нь одоогийн модерн дизайны эхлэлийг бий болгосон гэж судлаачид санал нэгддэг. Тэр зарчимч, шулуун шударга зантай ч дотоод орчныг гайхамшигтай эмэгтэйлэг болгож байсан нь эмэгтэй хүний торгон мэдрэмж энэ салбарт туйлын хэрэгтэй байдгийг батлан харуулж чадсан юм. Мөн олон эмэгтэйчүүдэд итгэл, урам зориг бэлэглэсэн. Учир нь эмэгтэй хүн гэрийн ажил хийж, хүүхдүүдээ өсгөж, заавал боловсрол эзэмших албагүй гэсэн тухайн нийгмийн тогтсон хандлагыг өөрчилж үлгэрлэж чадсан билээ.

Түүний анхны ажил нь жүжигт зориулсан тайз засах байсан бол мэргэжлийн төвшинд анхны гараагаа “Колони клуб” буюу эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалсан эмэгтэйчүүдийн анхны клубын байрыг зассан нь байв. Ингэхдээ 18-р зууны үеийн тансаг Франц тавилга болон интерьерт хөнгөн тухтай уур амьсгал оруулах эдлэлийг түлхүү сонгож ажилласан. Торго дурдангаас илүүтэй хөнгөн даавуу хэрэглэж, хана шалыг цайвар өнгөөр ​​будан, зэгсэн сандал, суудал нэмж хийжээ. Энэ нь ч хүмүүсийн анхаарлыг ихэд татаж, интерьер дизайнер мэргэжлийн үнэ цэнийг мэдрүүлсэн ба өөрийнхөө ажлын карьераа өөрчлөх том ажлын ард амжилттай гарсан юм.

Anti-Victorian

Викториа хатны эрин үе буюу 1837-1901 он – Хаан ширээнд заларснаасаа хойш 64 жилийн турш төр барьсан хатан хаан Викториагийн засаглалын жилүүдийг Викториан эрин гэж түүхэнд нэрлэдэг билээ. Зөвхөн Викториа хатны дүрмээр Британи улс аж төрж байсан учраас ийнхүү Викториа хатны эрин үе хэмээдэг. Энэ үеийг өдгөө дэлхий дахинаа урлаг, утга зохиолын оргил үе, яруу тансаг, хээнцэр байдлын илэрхийлэл гэдэг боловч Элси де Волфи хатагтайн хувьд туйлын тухгүй санагддаг байжээ. Учир нь Викториа хатны үеийн интерьерт цулгуй хэсэг гэж бараг л үгүй. Тавилга, хана, тааз, хөшиг гэх мэтийг цэцгэн хээгээр чимэглэж, хүнд тод эффекттэй өнгө ашигладаг байсан. Хүмүүс сүр хүч, хосгүй дэгжин байдлын илэрхийлэл гэдэг ч түүнд дээрх бүгд давчуу санагддаг байсан биз ээ. Энэ хэтийдсэн чамирхлыг эрс эсэргүүцэж дотоод орчныг аль болох цулгуй болгож, энгийн хөнгөн материалаар чамин харагдуулж чадсан нь түүний хамгийн том гавьяа юм.

THE HOUSE IN GOOD TASTE

I opened the doors and windows of America, and let the air and sunshine in.

Elsie de Wolfie

1913 онд тэрээр “The house in Good taste” гэх интерьер дизайны номыг бичсэн. Энэ нь дотоод орчныг тохижуулах тухай дэлхийн анхны мэргэжлийн ном гэхэд хилсдэхгүй юм. Хатагтай Элси “Би хүрээлэн байгаа зүйлсийг үргэлж үзэсгэлэнтэй болгох болно. Энэ л миний амьдрал” гэж хэлсэн байдаг. Үнэхээр ч хуучны зүйлсийг маш гайхалтайгаар загварчилж, хүмүүсийн төсөөлөлд байгаагүй тансаг бөгөөд донжтой орчныг бүрдүүлэх тухай уг номонд өгүүлэгддэг.

Түүнийг дизайны салбарт амжилттай ажиллаж эхэлмэгц сэхээтэн, язгууртны танилууд хүрээлж эхлэв. Хатагтай Элси бусадтай туйлын нийтэч байсан тул алдартнуудын хүрээлэл дэх тансаг үдэшлэгт багагүй оролцдог байв. Бидний сайн мэдэх Коко Шанел түүний үйлчлүүлэгч байсан гэдэг. Тэрээр нэгэн удаа өөрийн номдоо "би үйлчлүүлэгчдээсээ үргэлж ямар нэгэн шинэ зүйлийг сурч байсан. Хүмүүсээс байнга суралцаж байх нь чиний мэдрэмжийг нээж өгнө. Тиймээс аливаа зүйлийг суралцахад шунан дурлах хэрэгтэй" гэж байжээ. Дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолт гээд өөртөө ихэд анхаардаг байсан нь түүнийг үзэсгэлэнтэй, эрч хүчтэй эмэгтэй байхад нь нөлөөлсөн гэж үздэг.

Бүх л зүйл нь ганган дэгжинд тооцогддог байсан тухайн үеийн сэхээтэн язгууртнууд ихэмсэг тансаг байдалд улам бүр л шунан дурлаж байлаа. Тэр үед магадгүй цаг үеэсээ сөрсөн алхмыг эхлүүлсэн ч хожим орчин үеийн дизайны үндэс болохыг хэрхэн мэдэх билээ. Хамгийн онцгой загварт хүн бүр тэмүүлж эхэлбэл харин ч онцлох зүйлгүй юмс үнэ цэнтэй болж эхэлдэг. Үүний тод жишээ бол энэ гэлтэй.

Хатагтай Элси өөрийн сонирхолд үндэслэн орчныг гайхалтай зохион байгуулж, илүү уужим цэлгэр орон зайг эрхэмлэдэг байсан. Хүнд нүсэр тавилгыг халж, оронд нь чамин хэр нь зай бага эзэлдэг тавилгуудыг байрлуулдаг байв. Мөн гэрэлтүүлэгт маш их анхаардаг байсан нь түүний бичсэн "The house in good taste" номд тодорхой өгүүлдэг. Нарийн учрыг нь лавлахад тэрээр "Би Америкийн хаалга, цонхыг нээж, цэвэр агаар, нарны гэрлийг орууллаа" хэмээн өөрийгөө даруухан атлаа оновчтой тодорхойлдог байжээ.

Эрс шулуун шударга зантай, хээнцэр дэгжин нэгэн эмэгтэйн гайхалтай түүх өдгөө дэлхий дахинд ямар их хувь нэмэр оруулж явааг үнэлшгүй юм. Түүний амьдралаараа үлгэрлэн харуулсан зүйлс охид эмэгтэйчүүдэд өөртөө итгэлтэй байх, үргэлж бусдаас суралцаж хөгжиж байхын үнэ цэнийг бага ч гэсэн мэдрүүлсэн гэдэгт итгэж байна.

Хүрээлэн буй орчноо би үргэлж үзэсгэлэнтэй болгох болно. Энэ л миний амьдрал.

Элси де Вольфи
Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх