А.Ариунболд: Аливаа уран бүтээлд орчны нөлөөлөл чухал

Хүүхэд байхаасаа эхлэн дуу хөгжимтэй салшгүй холбогдож, өдгөө өөрийн мөрөөдлийн нэг хэсэг болсон студийг байгуулан ажиллаж буй авьяаслаг уран бүтээлч залуутай ярилцсан юм. "Энэ студид одоогоор ургамал гэвэл бонсай, амьтан гэвэл би л байна даа" хэмээн хөгжилтэй яриагаар биднийг угтсан тэр хүн бол Ocean grey продакшны үүсгэн байгуулагч А.Ариунболд юм. Түүний санал болгосон дууг сонсонгоо шинэлэг дуу хөгжмийг "үйлдвэрлэдэг" Ocean grey студийг дотроос нь харцгаая.


Ocean grey продакшны үүсгэн байгуулагч
А.Ариунболд

Хэзээнээс хөгжимтэй холбогдсон бэ? Магадгүй одоогийн бий болгосон студи мөрөөдөл тань байсан байх?
Би 2002 онд хөгжмийн програм сонирхож эхэлсэн. Бага байхаасаа л дуу хөгжимд дуртай байсантай минь холбоотой гэж боддог. Тухайн үеийн арван жилийн хөвгүүд PC тоглоом их сонирхож тоглодог байхад миний хобби дуу хөгжмийн програм ашиглаж сурах байсан. Гэхдээ яг энэ хүртэл олон зүйл тохиолдсон. Аав ээжийнхээ хүслийг биелүүлж Төмөр замын дээд сургуулийг холбооны инженер мэргэжлээр сурч төгссөн. Мэргэжлээрээ огт ажиллаагүй ч холбооны инженер гэдэг мэргэжил маань хөгжмийг мэргэжлийн төвшинд илүү сайн ойлгоход түлхэц болсон. Өмнө нь хэд хэдэн газрыг студийн чиглэлээр тохижуулж ажиллаж байсан. Тэр үед түрээсийн оффис учраас сэтгэлдээ хүртэл тухтай орчныг бүрдүүлж чадаагүй. Харин яг одоогийн студи маань миний хүсэл мөрөөдлийн нэгэн бодит биелэл гэж хэлнэ.

Энэ студийн интерьерийн санааг хэрхэн бодож олсон бэ?
Юун түрүүнд цэвэр тод дуугаралтыг бичих хэрэгтэй учраас хөгжмийн студийн хувьд дууны дуугаралт, ойлт, шингэлтийг нарийн тооцоолж зөв зохион байгуулах нь чухал. Үүнийгээ интерьертэйгээ холбож бодолцох шаардлагатай болдог. Гадаадад хөгжмийн продюсерууд нь сайн студийг өдрөөр юмуу цагаар түрээсэлж ажилладаг. Энэ шугамаар хэд хэдэн чанартай том студид очиж хамтран ажиллаж байсан юм. Ихэнх мундаг зохион байгуулалттай, өвөрмөц сэтгэгдэл үлдээсэн студи бүр ерөнхийдөө иймэрхүү дизайны чиг хандлагыг барьсан байгааг анзаарсан л даа. Сэтгэлд хүрсэн сайхан орчинд ажиллах нь уран бүтээлийн амжилтад нөлөөлдөг юм билээ. Тийм болохоор яг л төсөөлж байсныхаа дагуу энэ студийн интерьерийг тохижуулсан даа. Ялангуяа өнгө, гэрэл, модон эдлэлүүд надад чухал санагдсан.

Хамгийн их урам зориг өгсөн, гоё орчинтой нь ямар орчин бэ?
Миний очиж байсан хамгийн гоё орчинтой нь энэ хоёр студи. Мэргэжлийн техник төхөөрөмжийн хувьд ч өндөр төвшинд хийгдсэн байсан. Инстаграм нь Thegrillstudios
Cleartrackstudios



Техник тоног төхөөрөмжийг оролцуулалгүйгээр Ocean grey студийн зөвхөн засал, тохижилтод ойролцоогоор хэдэн төгрөг зарцуулсан бэ?
Аль болох бүх зардлаа тооцож, чамбай төлөвлөсөн ч бодож байснаас минь хамаагүй өндөр зардал гаргасан. Засварын дундуур нэлээд хэдэн өөрчилж нэмэх зүйлс гардаг юм билээ. Нэгэн хэвийн биш арай өвөрмөц шийдлийг эрэлхийлж байсан болохоор декор, тохижилтод их анхаарсан. Ажлын ширээнүүд дээрээ амрааж тайвшруулах үйлчилгээтэй Lava Lamp авч байрлуулсан. Энэ нь олон цагаар ажиллах шаардлагатай үед их тус болдог шүү. Би ер нь чамин зүйл цуглуулж хэрэглэх дуртай. Тэгж байж хөглөгдөж, хийж буй ажилдаа дурладаг гэж хэлж болно. Ер нь урлагийн, тэр дундаа хөгжим сонирхдог хүмүүс ийм байдаг болов уу.

Засварын гүйцэтгэлийн ажлаа ямар компаниар хийлгүүлсэн бэ?
Модон ширээ, тавиур, хаалгыг Мужаан студийн хамт олонтой ярилцаж байгаад зориуд ийм түлэгдсэн ч юм шиг Charcoal өнгийг сонгож хийлгүүлсэн. Харин заслаа олон хүний хүч хөдөлмөрийн үр дүнд бий болгосон. Жишээ нь: ханан дээрх зургийг @Ononnok гээд авьяаслаг охин зурж өгсөн.

Бүх гүйцэтгэл, дизайнд өөрөө оролцож сэтгэлдээ хүртлээ тохижуулсны дараа энэ студид ажлаа хийх илүү урамтай болсон байх аа. Уран бүтээлийн хувьд ямар өөрчлөлт гарсан бэ?
Тэгэлгүй яахав. Хамгийн түрүүнд нүдэнд ил харагддаггүй инженерийн ажлыг маш сайн хийсэн учраас студийн интерьертээ сэтгэл хангалуун байгаа. Засварын ажлын үед үндсэн ажлаа хийлгүй удсан болохоор шинэ уран бүтээл хийх хүслээр дүүрэн эхэлсэн дээ. Ямар ч уран бүтээлч хүний хувьд тухайн орчин дахь уур амьсгал чухал үүрэгтэй. Мундаг хөгжмийн зохиолчдын туршлагаас харахад олон ч студи дамжиж уран бүтээлээ хийдэг юм билээ. Тэгснээр өөртөө тохирох уур амьсгалыг мэдэрч, арга барилаа олдог гэх юм уу. Бас өөр өөр өнгө аястай дууг бүтээж чаддаг. Тэгэхээр орчин үнэхээр нөлөөтэй шүү.

Танайд сонирхолтой олон декорууд байна. Эдгээрийг хэрхэн сонгосон бэ?
Ерөнхий интерьерийнхээ чиг хандлагыг мэдэх учраас донж нэмэх декорууд, туслах гэрэлтүүлэг, тавиур, дуу шингээх хавтан гээд бүгдийг бодолцож байж сонгосон. Үүдэнд байгаа хаалгыг зориуд тийм эртний ромын үе шиг готик загвараар хийлгэсэн. Хажууд нь байгаа баримлуудыг мөн хаалгатайгаа хослуулж тэр үеийн урлагийн хосгүй өв, уран баримал гэдэг утгаар нь захиалгаар хийлгүүлж байрлуулсан. Мөн манайхаар үйлчлүүлэх уран бүтээлчдийнхээ ая тухыг бодолцож Италийн алдартай SMEG брендийн цахилгаан хэрэгслүүдийг сонгосон нь учиртай. Хэрэглээний хувьд чанартай хирнээ гоёмсог загвар хийцтэй. Студид маань өвөрмөц өнгө төрхийг үүсгэж, декорын үүргийг давхар гүйцэтгэдэг юм. Би бас анхилуун сайхан үнэртэнд дуртай. Тийм ч болохоор манай студид олон үнэртүүлэгч бий. Үнэр бас орчинд чухал үүрэгтэй гэж боддог шүү.

Харин энд харагдаж буй зургууд бол анх хөгжим сонирхож эхэлсэн үеэс цуглуулж ирсэн зургууд. Хүний дууг анх удаа хөгжмийн хальснаа буулгаж буй түүхэн зураг. Үргэлжлүүлээд дууны эвлүүлэг хийгдэж байгаа зураг байна. Анхны хөгжмийн найруулга хийж буй хүний зураг бас байна.

Хөгжмийн студи ер нь ямар байх хэрэгтэй гэж зөвлөх вэ?
Мэдээж тодорхой мэргэжлийн стандартууд гэж бий. Тэр шаардлагыг хангасан байх нь чухал. Үүн дээр нэмэгдээд тухайн дуучин, уран бүтээлчид тухтай мэдрэмж өгдөг, сэтгэлийг нь хөглөж улам илүүг хийж бүтээх урам зориг төрүүлдэг байвал сайхан байх. Гэхдээ тухайн орчинд ажиллаж буй хүнээс шалтгаална л даа. Ямар байх нь зохимжтойг тэр хүн л шийднэ. Миний хувьд онцгой шийдлүүдээс гадна ургамал байх нь амьд байгалийн уур амьсгалыг үүсгэдэг юм шиг санагддаг. Манай студид бонсай гэдэг ганц л мод бий. Яагаад ч юм энэ мод надад хамгийн их таалагддаг. Их сайн арчлаад ургуулвал илүү гоё хэлбэртэй ургадаг донжтой мод.

Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.


Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх

5 Сэтгэгдэл

Зочин

2020 / 04 / 22
Хариулах

Ariuka mundag shv. duunuud n ene studiod bvtdeg baixnee. iim gazraas iim uran buteelchees orchin uyinn tasartsan duunuud garalgui yhin be 👍🏻👍🏻👍🏻👍🏻

0

Зочин

2020 / 03 / 30
Хариулах

wooow tasarchijee

0

Зочин

2020 / 03 / 25
Хариулах

ystoi cool orchin yma. Ocean grey studiod bayr hurgey medremj nre chuhal ylanguya interior hamgiin chuhal ymaa

1

Зочин

2020 / 03 / 24
Хариулах

billie eilish ийн дуугаа хийдэг студио энэ газрын хажууд мияа гээл бод. Гол нь мэдрэмж л дээ

2

Зочин

2020 / 03 / 24
Хариулах

Duugiinhee ajild amjilt jusie

1