Set design: Parasite киноны интерьер юуг илэрхийлж байна вэ?

Айдас түгшүүр, санаанд оромгүй эргэлтүүдийг агуулсан Parasite буюу Шимэгч нэртэй кино Oскарын шилдэг кино шагналыг хүртсэнээр Ази хүмүүсээр зогсохгүй кино сонирхогч хэн бүхний анхаарлыг татаж чадлаа. Үйл явдлыг маш тодорхой хэрнээ баян болон ядуу айлын эсрэг байдлыг маш мэдрэмжтэй харуулснаараа энэ кино олны анхаарлыг ийм их татсан гэхэд хилсдэхгүй болов уу. Тэгвэл тэдгээр ялгааг харуулахад орчны нөлөө хамгийн том үүрэгтэй оролцсоныг мартаж болохгүй юм.

Ядуу айл буюу Ким-ийн гэр бүл амьдардаг сууц

Parasite гэдэг нь өөр нэг амьд организмийн биеийг өөрийн бие болгон, шим тэжээлийн эх үүсвэрээ болгодог амьтныг хэлдэг билээ. Киноны үйл явдлыг эргэцүүлэн бодвол хэн нь жинхэнэ шимэгч вэ гэдэг толгой эргэм олон хувилбарууд үзэгчдийн дунд асуулт хэвээр үлддэг. Ядуу айлыг дүрслэхдээ хотын захад орон сууцны подвалд амьдарч буйгаар гардаг. Нарны гэрэл бараг тусахгүйгээс гадна чийгтэй, давчуу орон зайг үзсэн хүмүүст хүчтэй сэтгэгдэл үлдээхээр тод харуулсан. Хэрэв та бүхэн анзаарсан бол ядуу айлын дотор тавилга гэхээр зүйл бараг байхгүй бөгөөд оронд нь цаасан хайрцаг, хуванцар уутаар орлуулсан байгааг харах боломжтой. Эдлэл хэрэгслүүдээ тун ч замбараагүй хана руу шахсан байдалтай байрлуулсан байдаг. Түүнчлэн ариун цэврийн өрөөний суултуур маш дээр байрласан нь ядуу хорооллын байрнууд төлөвлөлтгүй, стандартын дагуу хэзээ ч баригддаггүй гэдгийг нь илэрхийлнэ.

Мөн гэрийн гишүүд нэг нэгээрээ баян айлд орж байгаа дүрслэлийг үргэлж шатаар дээш өгссөн, хог новш болсон гудамнаас дээшилж хотын төвд ирж байгаагаар харуулдаг бол бүх зүйл нуран унаж, гэрээс нь зугтан гарч явахдаа дандаа шатаар уруудаж, ноорхой, борооны ус нэвчсэн гудамжаар доошилж байгааг дүрслэн үзүүлдэг. Энэ нь үйл явдлын эргэлтийг орчин болон орон зайг шилжилтээр маш тодорхой харуулж чадсан найруулагчийн ур чадвар юм. Ядуу айлын гэрт бүдэг гэрэл давамгайлж байгаа нь ядуусын хороололд цахилгааны хүчдэл муу очдог гэдгийг харуулахын сацуу нийгмийн харанхуй бүдүүлэг хэсэг нь оршиж байгааг илэрхийлэхийг зорьсон байна. Энэхүү ядуу гэр бүлийн амьдардаг гудамжийг мөн л кинонд зориулан шинээр барьсан бөгөөд хэсэг хугацаанд хүмүүсийг амьдруулж барилгуудыг хуучирсаны дараа зураг авалтаа хийж байжээ.

Нэгэн сонирхолтой баримтыг дэлгэхэд:
Ядуу айл усанд автаж, бохир усанд гэр нь живсэн байгаа хэсэгт ашигласан ус нь үнэндээ цэвэр ус гэнэ. Киноны найруулагч Bong Joon-ho хэлэхдээ: "Та нар хайртай жүжигчдийнхээ арьсанд санаа зоволтгүй шүү, тэдний аюулгүй байдалд зориулан цэвэр ус ашиглахаас гадна тусгай маск нүүрэнд нь түрхсэн" гэжээ.

Баян айл болох Пак-ын гэр бүл амьдардаг байшин

Киноны хамгийн их үйл явдал өрнөдөг орчин буюу баян айлын тансаг байшин үзэгчдийн анхаарлыг өөрийн эрхгүй татдаг. Уг байшинг зураг авалтад зориулан 4 тэрбум орчим төгрөгөөр продакшн дизайнер И Ха Жун дизайныг нь гарган шинээр барьжээ. Байшин ерөнхийдөө нэг давхар бөгөөд хоёр давхрын хэсгийг компьютер график ашиглан байгуулсан байна. Архитектурын хувьд нарны гэрэл сайн тусч байхыг тооцоолж наран талдаа том цонхтой байхаар төлөвлөн гүйцэтгэсэн. Цэлгэр талбайтай хэрнээ контемпорари дизайны чиг хандлагыг голчлон маш цэмцгэр хэрнээ тансаг харагдуулахаар тохижуулсан байна. Тавилга болон декоруудыг нь анхааралтай ажиглавал тэгш шулуун зураас, геометрийн дүрсүүдийг харж болно. Энэ нь баян айлд хэрэглэгдэж буй эдлэл хэрэглэлийг зүгээр нэг сонгоогүй баячууд дундаа баян харагдахуйц нийгэмд хүчтэй томоохон байр суурийг эзэлдэг, эрх мэдэлтэй, хүрээлэл ихтэй айл гэдгийг харуулахын тулд урлагийн үнэт бүтээлүүдийг байрлуулсан нь илхэн. Гэрэлтүүлгийг их ашигласан ба бүх зүйл нь тод гэгээлэг харагдах нь интерьерийн ухаалаг шийдэл болж чадсан. Мөн хоёр давхар руу өгсдөг шатны хажууд алдарт Moooi брендийн туулайн хэлбэртэй гэрэлтүүлэг ашигласан байна.

Киноны төсөөлөөгүй эргэлт буюу баян айлын хонгилд байрлах аймшигт харанхуй нүх нь баян тансаг амьдралаас нийгмийн хамгийн доод давхаргад шууд шилжин орж байгааг та бүгд санаж байгаа биз ээ. Үнэтэй гоёмсог хананы цаана санаанд оромгүй өөр нэг амьдрал оршиж байгаа нь капиталист нийгмийн золиосыг харуулж байгаа гэлтэй. Ядуу айл Ким-ийн гэр бүлээс ч дор амьдралтай хэсгийг харуулахыг хичээсэн ба маш нарийнхан коридор, сонингын цаасаар дүүргэсэн хана зэрэг нь нийгмийн амьдралаас хэт тасарсан байгааг нь илтгэнэ. Үнэн хэрэгтээ Солонгос дахь чинээлэг өрхүүдийн байшинд зоорь болон хорогдох байраар ашиглах зориулалтаар ийм төрлийн хонгилыг хийсэн байх нь элбэг ажээ.

Баян айлын хүүгийн өрөө

Байшингынхаа доор үл мэдэгдэх хүн амьдарч байгааг киноны огцом шилжилт болохоос өмнө мэдэж байсан цорын ганц хүн бол баян айлын бага хүү юм. Түүний өрөөнд зургийн хэрэгслүүд, алдартай тоглоомууд болон хүүгийн скаутын сонирхлыг нь дэмжин авч өгсөн индиан малгай зэргээр орчныг нь бүрдүүлсэн нь үйл явдалтай холбоотой бөгөөд баян айлуудын хувьд үр хүүхэд нь чухал байр суурь эзэлж байгааг харуулсан. Мөн хүүгийн өрөө дээд давхарт байрласан байдаг нь байшингийн доор амьдарч буй үл мэдэх этгээдээс айсан айдас, түгшүүрээс холдох гэсэн санааг илэрхийлнэ.

Ингээд энэ жил Азиудын жил байхыг дахин нотолж, Оскарын шилдэг киноны шагналыг хүртсэн Parasite кино деталь бүрээр нь задлан ярилцаж болох олон элементүүдийг ашигласан цэвэр мэргэжлийн ур чадварыг харуулсан онцгой болж чадсан. Үзэж амжаагүй бол заавал үзэхийг зөвлөж байна.

Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх

1 Сэтгэгдэл

Зочин

2020 / 02 / 12
Хариулах

Оскар шүү дээ, гоё кино байналээ

1