Интерьер дизайн, үйл ажиллагаа болоод үйлчилгээний соёлоороо салбартаа ялгардаг “Citros lounge”-ын онцлон, ерөнхий менежер Э.Энэрэлийг энэ удаагийн зочноороо урьж ярилцлаа. Жижиг деталь бүрийг анхааралтай нямбай гүйцэтгэж, индустриал хэв маягаар тохижуулсан Citros Lounge-ыг зорин очиход хэзээ ч харамсахгүй сайхан газруудын нэг гэдэгт эргэлзэхгүй байна. Ингээд хамтдаа дотроос нь харцгаая!
Юуны өмнө Цитрос лоунжийн үүсгэн байгуулагдсан түүхээр яриагаа эхэлье.
Залуучууд найз нөхөдтэйгөө цагийг өнгөрүүлэх гоё газар нэгээр нэмэгдээсэй гэж хүссэн. Аливаа ресторан, лоунж зэргийн үнэлэмжийг үйлчилгээний чанараас гадна орчин нөхцөл, орчин үеийн шинэлэг тоноглол тодотгодог гэж боддог. Тиймээс таатай, тав тухтай орчин бүрдүүлж соёлтой үйлчилгээгээр салбартаа ялгарахын тулд их хичээдэг.

Дотоод орчны тохижилтын санааг хэрхэн олсон бэ?
Интерьер дизайны тухайд индустриал хэв маягаар тохижуулсан байгаа. Төмөр хөлтэй ширээнүүд, конкрит хана зэргээс гадна агааржуулалтын хоолой задгай харагдаж байхаар шийдсэнийг та бүхэн анзаарсан байх. Мөн ханын цаасны оронд гоёлын тоосго ашигласан.
Тохижилтын санааг манай захирлууд ОХУ-д явж байх үедээ Украйны дизайнеруудын гүйцэтгэсэн төслүүдээс санаа аван индустриал хэв маягийг сонгосон юм билээ. Сүүлийн үед ОХУ, Беларус, Украйн гэх мэт орнуудад эрчимтэй хөгжиж байгаа энэ хэв маяг нь үйлчлүүлэгчдэд онцгой сэтгэгдэл төрүүлэхээс гадна гэрэлтүүлгээр дамжуулан орчны уур амьсгалыг өөрчлөх боломжтой зэргээрээ ялгардаг мэт надад санагдсан.
Индустриал дизайны өөр нэг онцлог гэвэл төрөл бүрийн арга хэмжээнд зориулан орон зайг өөрчилж, засаж болдог. Жазз дууны үдэшлэг зохион байгуулах шаардлагатай үед бид гэрэлтүүлгээр дамжуулан яг л хаа нэгтээ жазз клубт очсон мэт уур амьсгалыг бүрдүүлдэг.
Үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж буй бусад газраас Цитрос лоунж юугаараа онцлог вэ?
Үйлчилгээний чанараараа ялгарах болов уу. Манай лоунжид анх удаа зочилсон үйлчлүүлэгчийн дахин ирэх шалтгаан нь үйлчилгээ, тав тух байгаасай гэж хүсдэг. Ялангуяа нэрийн коктейль, хоолны амт чанараараа онцгой байхыг эрмэлздэг юм. Тиймээс мастер тогоочийн гаргасан хоолны цэс, уух зүйлсийн сонголт, дотоод орчин гээд бүх зүйлээ үйлчилгээний соёлд нийцүүлэн ажилладаг гэж болно. Мөн манайх хоолны цэсээ жилд дунджаар 2 удаа шинэчилдэг. Мэдээж хэрэглэгчдийн дунд танигдсан хоол, уух зүйлийн зарим сонголтыг үлдээх боловч улирал, баярын уур амьсгалд тохируулан шинэ амт, үйлчилгээг хүргэхийг зорьдог.
Үйлчилгээний ажилтан, зөөгчдөө хэрхэн бэлтгэдэг вэ?
Үйлчилгээний бизнес харилцааны соёлд суурилдаг учир ажилтнуудаа хариуцлагатайгаар сургалтад хамруулж, өсөж хөгжих боломжийг нь тогтмол олгодог. Шинээр ажилд орж буй ажилчдаа сар гаруй хугацаанд хоол, дарс, үйлчилгээ, коктейль, харилцааны ур чадвар гэх мэт таван төрлийн мэргэжлийн сургалтад хамруулсны дараа үйлчилгээнд гаргадаг. Жишээлбэл, түрүү жил Итали улсаас дарсны мэргэжилтэн ирж манай ажилчдад сургалт өгч байсан. Энэ нь ажилчдыг дарсны тухай сайтар мэдлэгтэй болоход туслахын зэрэгцээ зүгээр танилцуулга уншихаас илүү үр дүнтэй. Ер нь үйлчлүүлэгчдэд санал болгож буй хоол, уух зүйлсийн талаар зөөгчид маань сайтар мэдлэгтэй байх ёстой гэж боддог. Сонирхуулж хэлэхэд, бид супермаркетуудаар бус зөвхөн дарсны дэлгүүр, лоунж сүлжээгээр борлуулагддаг сайн чанарын дарсны сонголтыг Цитрос лоунждаа бүрдүүлж чадсан.
Цитрос лоунж нийт хэдэн үйлчлүүлэгчдэд зэрэг үйлчлэх хүчин чадалтай вэ?
Үндсэн танхим 80 хүний багтаамжтай бөгөөд rooftop дээрээ 150 хүнд үйлчлэх боломжтой. Үүнээс гадна 5 өөр тохижилт бүхий караоке өрөөтэй.
Сүүлийн үед үйлчилгээний газрууд баяр ёслолын үеэр дотоод тохижилт, дизайндаа туйлын анхаарах болсон. Танай хамт олны хувьд баяруудаас гадна тусгай хүлээн авалтад зориулан орчноо хэрхэн чимэглэж бэлтгэдэг вэ?
Миний хувьд архитектор мэргэжилтэй болохоор аливаа баяр ёслолд зориулсан чимэглэлийг хариуцан ажилладаг. Харилцагчтайгаа ямар дизайн, өнгө төрхтэй байхыг зөвлөлдсөний эцэст чимэглэл, гэрэлтүүлэг зэргээ шийддэг. Зарим гар ажиллагаа шаардлагатай чимэглэлээ өөрөө бэлдэж байсан үе бий. Миний хувьд тусгай хүлээн авалтын чимэглэлийг гүйцэтгэхдээ үйлчлүүлэгчийн хүсэлтийг маш сайн нягталж, мэдрэмжтэй хандах хэрэгтэй юм шиг санагддаг.
Цаг гарган ярилцсанд баярлалаа. Танай хамт олонд амжилт хүсье.
Зочин
2021 / 06 / 30Ochij uznee, dotood zasal n ih goy yum bn, hoolnuud n goy amttai baigaasai.
Зочин
2021 / 06 / 24MSN tower ийн rooftop бололтой. Индустриал загварын гол онцлог нь дан concrete хана, задгай тааз гэхээс илүү өндөр тааз, том орон зай байдаг. Илүүтэй контемпорари гэж хархаар санагдаж байна. Гэхдээ заавал очиж үзнэ ээ 🙂
Зочин
2021 / 06 / 23Wow gaihaltai ym