Г.Билгүүдэй: Ажлын орчин ямар байхаас хамааран бүтээмж бий болдог – SCC LLC

Сүүлийн жилүүдэд олон улс даяар оффис орчны хэв маяг бүхэлдээ шинэчлэгдэж тав тухтай, таатай сэтгэгдэл төрүүлэхүйц бүтээлч орон зай болон хөгжиж байна. Та үүнийг манай улсын интерьерийн салбар дахь ололт амжилт, нөхөрсөг өрсөлдөөн дундаас тод мэдэрч болно.

SCC компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал – Г.Чинзориг

Компанийнхаа тухай товч танилцуулж өгнө үү.

SCC нь ажиллах хүч ханган нийлүүлэх мөн хүний нөөцийн зөвлөх үйлчилгээ гэх мэт 7 төрлийн үйлчилгээг Монголын болон Олон улсын топ байгууллагуудад үзүүлж байна. Хүний нөөцийн чанартай үйлчилгээг харилцагчдадаа хүргэж, Монгол улсын хөгжилд хувь нэмэрээ оруулахын төлөө “Зөв хүнийг Зөв ажилд” уриатай ажилладаг. Манай үйл ажиллагаа нь Япон улсад мөн салбарлан өргөжсөн бөгөөд компанийн соёлын тухайд эрч хүчтэй, хурдтай, эерэг уур амьсгалыг дэмжин мөн ажилчдынхаа хүсэл сонирхлыг харгалзан ажлын цагийг уян хатан байлгаж, хөгжих, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөх талаас нь сайн дэмждэг. Үүнийг оффис орчиндоо ч гэсэн тусгахыг хүссэн.

Оффистоо интерьер засал хийлгэх үедээ анхны төсөөлөл хэр байсан бэ? Ямар интерьертэй оффис бүтээхээр зорьсон бэ?

Бидний зорилго бол маш энгийн, минимал, зэн чиглэлийн, байгалийн материал ихтэй, нээлттэй орон зай бүхий оффис бүтээх байсан. Яг л хүсэж, төсөөлж байсан оффистоо одоо ажиллаж байгаадаа сэтгэл ханамжтай байгаа.

Төсөл гүйцэтгэх компаниа хэрхэн сонгосон бэ?

Сонгон шалфаруулалтын тендер зарлан сонгосон. Studio Loft компанийн гол онцлог болох судалгаа, төлөвлөлт дээр нягт ажилладаг байдал, мөн захиалагчийн хүсэлтийг нарийн тусгах, зөвлөх үйлчилгээ нь сонгох гол шалтгаануудын нэг болсон гэж харж байна. Studio Loft компанийн гүйцэтгэсэн ажлуудыг хараад их үнэлсэн. Оффисоо хүлээн аваад зөв сонголт хийсэндээ эргэлзээгүй ээ. Захиалагчийнхаа хүсэл сонирхлыг сайтар анхаарч, ажилласанд нь талархаж байна.

Интерьер засал бүрэн дуусаж хүлээн авсны дараа нэмж тохижуулсан зүйлс бий юу?

Хүлээж авснаас хойш бид байгууллагынхаа соёлыг тусгасан бага зэргийн тохижилтуудыг нэмж хийсэн. Жишээ нь, оффистоо тасалгааны ургамлуудыг нэмсэн. Мөн “Board Games” тоглох хэсэг, номын сан зэрэг хамт олондоо чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх гэж хичээсэн. Интерьерийн компанийн зүгээс оффис хэсгүүдийг нэрлэж өгсөн нь маш таалагддаг. Тодорхой дугаарласан өрөөнүүд байхгүй учраас ажилчдаа хаана байгааг мэдэхийн тулд эдгээр нэршлийг оффис дотроо ашигладаг. Жишээ нь энэ хэсгийг “Unbox” гэж нэрлэдэг.

“Unbox” хэсэг ^

Ажилчдын сэтгэгдэл: Ц.Анударь (SCC компанийн хүний нөөцийн зөвлөх)

Манай оффисын интерьер зөөлөн өнгө дагнасан, минимал дизайнтай болохоор ажиллах үед өөр зүйлд сатаарахгүй, төвлөрөхөд тустай эерэг уур амьсгалыг мэдэрдэг. Ер нь ажлын орчин зөв бүрдчихсэн үед ажилчдын бүтээмж нэмэгдэж, хийж буй ажилдаа илүү сэтгэл хангалуун болдог. Миний хувьд цоо шинэ ажиллах орчиндоо сэтгэл хангалуун байдаг.

Гүйцэтгэгч:  Studio Loft компанийн захирал: Г.Билгүүдэй

Бидэнд оффисын ерөнхий төлөвлөлтийг танилцуулж өгнө үү.

Энд “SCC” компани болон “Gobi group” гэсэн хоёр оффис байрладаг. Ерөнхийдөө “Zen” стилийн дизайныг интерьерт түлхүү тусгаж хийсэн. Дорно дахины, Азийн соёл шингэсэн гэж болно. Сайн анзаарвал байгалийн материал зонхилж байгаа. Тэгээд үүдний хэсэг, амралтын болон уулзалтын өрөөнүүд, утасны бүхээг, нээлттэй орон зай бүхий оффис гээд цааш үргэлжилнэ.

Утсаар ярих хэсгийг тусгайлан шийдсэн нь сонирхол татаж байна?

SCC LLC нь ажиллах хүч ханган нийлүүлэх буюу хүний нөөцийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг тул бизнес уулзалтууд хийх, олон хүнтэй утсаар ярьж, шаардлагатай тохиолдолд видео дуудлага хийх нь элбэг учраас ажлын онцлогт тохирсон өрөөнүүдийг бий болгох шаардлагатай байсан. Эдгээр утасны бүхээг болгонд дуу тусгаарлагч, агааржуулагчийг зориулан гүйцэтгэсэн. Харин уулзалтын өрөөнд хоёр төрлийн уур амьсгалыг гэрлийн тусламжтай бүрдүүлэх боломжтой.

Утасны бүхээг ^

Уншигчдад Зэн чиг хандлагын тухай тайлбарлаж өгнө үү.

Зэн хэмээх дизайны чиг хандлага нь Азиас гаралтай. Оффист тун тохиромжтой бөгөөд ажиллах үед хүний анхаарлыг өөр зүйл сатааруулахгүй, тайван төвлөрч ажиллах нөхцөл болж чаддаг. Сүүлийн үед мөн орон сууцанд их хэрэгжих болсон. Мод, чулуу, шавар, сүрэл гэх мэт байгалийн элементүүдийг ашигладаг учраас хүнд дулаан, амар амгалан сэтгэгдлийг төрүүлдэг. Тавилга багатай тул орон зайг “multifunctional” буюу олон төрлөөр ашиглаж болдог. Жишээ нь, энэ оффисын хувьд хурлын өрөөг энгийн үед оффис зориулалтаар ашигладаг бол хурлын үеэр шилэн ханаар тусгаарлаж уулзалт хийх боломжтой.

Уг оффисын үйл ажиллагаанд нийцүүлэн гүйцэтгэсэн дизайны бусад шийдлүүдээс хуваалцахгүй юу?

Локер – Орчин үеийн хамтын оффист сайн чанарын, хүртээмжтэй локер зайлшгүй шаардлагатай байдаг. Иймд бид зай хэмнэх үүднээс хана дагуу ажилчдын локерыг байрлуулсан.

Амралтын хэсэг –  Орчин үед ажлын бүтээмж, тав тухыг эрхэмлэсэн оффис интерьерийн тухай ойлголт хүмүүсийн дунд их түгээмэл болж, энэ чиглэлээр эрчимтэй хөгжиж байна. Тиймээс ажилчдад зориулан цайны цагийн дараа 30 минут орчим дуг хийж, ажлаас түр хөндийрч тархиа сэргээх, ном уншин тухлах хэсгүүдийг зориулан хийсэн.

Гэрэлтүүлэг – Олон төрлийн гэрлийн эх үүсвэрийг бүрдүүлсэн. Гэхдээ хэт хүчтэй, тод гэрэлтүүлэг энд байхгүй. Бүх гэрэлтүүлгийг хүний нүд рүү шууд тусахгүй далд байдлаар шийдсэн байгаа. Ер нь гэрлийн тусгалаар дамжуулан орчны уур амьсгалыг өөрчлөх бүрэн боломжтой байдаг.

Задгай төлөвлөлт – Ийм төлөвлөлттэй байснаар ажилчид оффисынхоо дуртай хэсэгтээ сууж, бас зогсож хүртэл ажиллах боломжтой. Бүр ганцаараа бүхээгт орж чимээгүй орчинд төвлөрч ажиллаж болно. Анзаарсан бол шилэн хана их байгаа. Үүнийг самбар болгон ашиглаж багаараа хуралдан төлөвлөгөө боловсруулах, санаагаа солилцож болох юм. Энэ оффист сандал болон ширээнээс бусад нь бүгд хана дагуу байрласан гэдгээрээ онцлогтой. Нээлттэй төлөвлөлттэй учир цэвэрлэгээ хийхэд мөн хялбар юм.

Онцгой ур чадвар шаардсан хэсгүүдийг танилцуулж болох уу?

Үйл ажиллагааны онцлог болон байгаа талбайдаа эргономик стандартад нийцүүлэн ажилчдыг ая тухтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх нь цаг хугацаа болоод дизайнеруудын ур чадварыг шалгасан ажил байсан.

Интерьер заслыг гүйцэтгэхдээ танай компанийн хамгийн гол баримталдаг зарчим юу вэ?

Бид аливаа төслийг эхлүүлэхээс өмнө судалгаа маш их хийдэг. Захиалагчийн хүсэл сонирхол, ажилчдын дундаж нас, компанийн үйл ажиллагааны чиглэл, оффисын байршил, онцлог давуу тал зэргээс гадна интерьер зураг төсөл гаргахдаа хамгийн чанартай, орчин үеийн хийц, тавилга, гэрэлтүүлгийг хаанаас захиалах боломжтой вэ гээд л бүх зүйлд нямбай ханддаг. Ингэж байж аливаа төсөл төлөвлөсөн хугацаандаа амжилттай хэрэгжихийн суурь болж өгдөг. Мөн төслийн менежмент чухал үүрэгтэй. Манай компанийн өөр нэг онцлог бол бид жилд дунджаар цөөн төсөл дээр ажилладаг боловч хийсэн гүйцэтгэсэн төсөл бүрээ чанартай байлгахыг эрмэлздэг. Энэ нь ажлын маань үнэ цэн гэж боддог.

Деталиуд:

Ярилцсанд баярлалаа, та бүхэнд ажлын амжилт хүсье.

Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх

3 Сэтгэгдэл

Зочин

2021 / 09 / 28
Хариулах

Залуус шинэлэг сайхан бүтээжээ. Ажилд нь амжилт

0

Зочин

2021 / 02 / 28
Хариулах

Танай хамт олонд ажилын өндөр амжилт хүсэе.

2

Зочин

2021 / 03 / 01
Хариулах

Баярлалаа

0