Н.Амгалан-Эрдэнэ: Хүн бүр хаягдал гаргахгүй байхад тэмүүлэх нь чухал

Эх дэлхийгээ байгаль цаг уурын сөрөг нөлөөллөөс хайрлан хамгаалахын тулд та биднээс тийм ч их зүйл шаардахгүй. Ердөө л өөрсдийн хэрэглээгээ зөв зохицуулж хог хаягдал бага үүсгэхийн зэрэгцээ хог хаягдлын менежментийн тухай багахан мэдлэгтэй болох хэрэгтэй. "Хог бол Алт" буюу дахин боловсруулах үйлдвэрийн эрчимтэй хөгжил үүнийг нотолсоор буй юм. Бидний өнөөдрийн зочноор "Өнгө нэм" ТББ-ын үүсгэн байгуулагч Н.Амгалан-Эрдэнэ оролцож ярилцлаа.

Хог хаягдлын менежментийн “Өнгө нэм” ТББ-ын үүсгэн байгуулагч

Ахуйн хэрэглээнээс болон үйлдвэрлэлийн төвшинд хогийг ялгаж сурах нь ямар ач холбогдолтой вэ?

Хог хаягдлыг ангилан ялгах нь мэдээж маш олон төрлийн ач холбогдолтой. Нэн түрүүнд ахуйн хэрэглээний хог хаягдлаа ангилан ялгаснаар үүсгэж буй хог хаягдлын хэмжээ багасдаг. Цаашлаад байгалийн нөөц баялагийг хамгаалах, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах, дахин боловсруулах үйлдвэрүүдийн түүхий эдийг бэлтгэх зэрэг маш олон давуу талтай. Үйлдвэрлэлийн төвшинд хог хаягдлыг ангилан ялгаж эхлэхэд хог хаягдалд зарцуулах зардал мэдэгдэхүйц буурч, улмаар уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж буй хүлэмжийн хий, метаны хийн хэмжээ багасахад том хувь нэмэр болно. Мөн тогтвортой хөгжил, ногоон эдийн засаг, тойрог эдийн засаг зэрэг дэлхийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн үйл ажиллагаа явуулах зэрэгт чухал ач холбогдолтой.

Уншигчдад “ӨНГӨ НЭМ” төслийн тухай танилцуулж өгнө үү.

Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага улам бүр тогтвортой, байгальд ээлтэй ногоон эдийн засаг руу чиглэхийн зэрэгцээ бүтээгдэхүүний сав баглаа боодлыг дахин боловсруулах боломжтой эсэхэд маш их анхаардаг болсон. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ сав баглааг байгальд хурдан шингэдэг эсвэл хог хаягдал болгохгүйгээр дахин эргэлтэд оруулах хандлага эрчимжиж байгаа. Сүүлийн жилүүдэд манай улсын аж ахуй нэгж байгууллагууд ч хог хаягдлаа багасгах, ангилан ялгах, зориулалтын дагуу тээвэрлэлт хийлгэх эрмэлзэлтэй болсныг анзаарсан. Гэхдээ байгууллагууд хог хаягдлынхаа асуудлыг шийдвэрлэхийн тулд юунаас эхлэх, хэдэн төрлөөр ангилан ялгах тал дээр мэдлэг мэдээлэл хомс байдаг учраас бид аж ахуй нэгж байгууллага, орон сууцны хорооллуудад хог хаягдлын менежментээ сайжруулахад нь зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.

Одоогоор нийт хэдэн албан байгууллагатай хамтран ажилласан бэ?

Бид Шангрила Улаанбаатар зочид буудал, Жүр үр ХХК, Шинэ Яармаг орон сууцны цогцолбор хороолол, MCS Estates ХХК, Мандах их сургууль, Шинэ Монгол сургууль, Холидей инн зочид буудал зэрэг салбар салбарт 20 гаруй томоохон аж ахуй нэгж байгууллага, орон сууцны хороололтой хамтран ажилласан байна.

Монгол Улсад хог ялган ангилж, дахин боловсруулах тал дээр дутагдаж буй дэд бүтэц болоод хүндрэлтэй зүйлс юу байна вэ?

Манай улсад үйл ажиллагаа явуулж буй дахин боловсруулах үйлдвэрүүд төрөөс ямар нэгэн дэмжлэггүйгээр ихэнх нь өөрийн нөөц бололцоогоор үйл ажиллагаагаа явуулдаг. Түүнчлэн, хог хаягдал ангилан ялгах нэгдсэн нэг систем байхгүй учраас түүхий эдийн хомсдолд орох нь элбэг. Одоогоор эдгээр үйлдвэрүүд хоёрдогч түүхий эдийн цэг буюу “Дахивар нөөцийн цэг”-ээс татан авалтаа хийдэг. Энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрлэгчид үнэхээр их итгэл зүтгэлээр ажилладаг хүмүүс бий.

Гаднын улс орнуудад ямар жишиг хэрэгждэг талаар хуваалцахгүй юу?

Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр нь төр засагтайгаа салшгүй уялдаа холбоотой ажилладаг. Ангилан ялгах системийг бий болгож өгөхөөс гадна дахин боловсруулсан бүтээгдэхүүнийг нь улс орон худалдаж авах зэрэг үйлдвэрлэлийг тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжоор хангасан байдаг. Жишээ нь, Чех улс гэхэд жил бүр үйлдвэрлэгч нарынхаа дунд хог хаягдлыг дахин боловсруулах технологийн уралдаан зохион байгуулж, түрүүлсэн технологийг улсаас дэмжих бодлого хэрэгжүүлдэг юм билээ.

Орон сууцанд амьдардаг хүн хог ангилж сурахын тулд хамгийн түрүүнд юунаас эхлэх хэрэгтэй вэ?

  • Дахин боловсруулах боломжтой “Дахивар хаягдал” буюу ундаа усны хуванцар сав, ахуйн хэрэглээний хуванцар сав, хөнгөн цагаан лааз, варень даршилсан ногооны шил, зөөлөн төрлийн гялгар уутнуудаа нэг уутанд хийх;
  • Хүнсний хаягдал буюу хоолны үлдэгдэл, жимс ногооны хальс зэрэг бүх төрлийн хүнсний хаягдлаа нэг уутанд хийх (жимс, хүнсний ногооны хальсаа наранд хатаагаад гэрийн нөхцөлд бордоо хийх боломжтой. Эсвэл хатаагаад хаяхаар шууд хаяснаас ядаж л үнэр үүсгэх асуудалгүй болдог. Хоол хүнсний хаягдлаа хөлдөөгөөд хог ачдаг машин ирэхээр гаргаж ачуулдаг зуршилтай болвол маш сайн);
  • Дахин боловсруулах боломжгүй “Бусад хаягдал” буюу шууд хог хаягдлын төвлөрсөн цэгрүү хаягддаг хаягдал ордог. Энэ хогийн саванд дээрх 2 төрлийн хогийн саванд ороогүй бүх төрлийн хаягдлаа хаяна гэсэн үг.

Ингэж 3 төрлөөр нь ангилан ялгаад тус тусад нь боогоод хаях хэрэгтэй. Тэгээд СӨХ-ооноосоо хог хаягдлаа ангилан ялгах зориулалттай сав байрлуулахыг хүсэх хэрэгтэй.

Нэгэнт үүсчихсэн хогийг ялгахаас гадна хог бага гаргах нь чухал гэж бодож байна. “Zero waste”-ийн тухайд та ямар бодолтой байдаг вэ?

Энэ маш ухаалаг ойлголт шүү. Бидний өдөр тутмын хэрэглээний зүйлс маань худалдан авалтыг татахын тулд маш их сав баглаа боодолтой байдаг болсон. Тиймээс аль болохоор хаягдал бага гаргах, ямар ч хаягдалгүй байхад тэмүүлэх нь чухал. Бид өдөр тутмын хэрэглээндээ өндөг, хүнсний ногоо, жимс жимсгэнэ худалдан авалт хийхдээ өөрийн давуун тор хэрэглэж наад захын хэрэглээний соёлд суралцах шаардлагатай. Сүүлийн үед маш олон сонголттой гоё давуун уутнууд байдаг болсон шүү дээ.

Мөн хаягдал гаргахгүй байхад тэмүүлэх энгийн эхлэл нь өөрийн гэсэн усны сав, халбага, сэрээтэй болох явдал юм. Ингэснээр нэг удаагийн хэрэглээний хаягдлыг үүсгэхгүй байх боломжтой.

Ер нь хогийг шууд л хэрэггүй зүйл гэж харахаасаа урьтаж дахин ашиглах тал дээр суралцах нь энэ бүхний суурь юм шиг санагдлаа?

Мэдээж үүсгэхээс нь өмнө бууруулах багасгахад чиглэсэн бодлогыг өндөр хөгжилтэй улс орнууд баримтлан ажиллаж байна. Учир нь байгалийн нөөц баялаг хязгаартай, хүний хэрэглээ хязгааргүй байдаг шүү дээ. Тиймээс хязгаарлагдмал нөөц баялагийг хязгааргүй хэрэглээнд тохируулахын тулд багаас нь юмсыг хайрладаг хүн болгох бодлогыг баримтлан боловсролын салбартай нь холбох нь маш чухал. Ялангуяа хүүхдүүдэд багаас нь олгосон мэдлэг насан туршдаа хэрэгжүүлэх суурь боловсрол болж өгдөг. Тэгээд ч эцэг эхчүүд нь хүүхдүүдээсээ орчин үеийн технологийн хэрэглээнээс эхлээд олон зүйлийг суралцдаг болсон тухай судалгаа хүртэл бий. Иймд хүүхдүүдээр дамжуулан эцэг эх, олон нийтэд хог хаягдлын тухай мэдлэг мэдээлэл олгох боломжтой. Хүүхдүүдэд хог хаягдлын талаарх мэдлэг мэдээлэл өгсний дараа тэдний яриа үнэхээр санаанд багтамгүй мундаг өөрчлөгдсөн байдаг. Хүүхдүүд бол төрөлхийн амьтан хайрлах хамгаалах сэтгэлтэй, бас хурдан суралцах чадвартай тул яг ийм насан дээр нь л хог хаягдлыг талаарх ойлголт, үнэ цэнтэй мэдлэгийг өвлүүлэх хэрэгтэй юм.

Цаг гарган сонирхолтой мэдээлэл хуваалцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье! 

Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх