2021 оны өнгө бол гэрэлтсэн шар болон үндсэн саарал

1950 оноос хойш үйл ажиллагаа эрхэлж буй Pantone институт нь 2000 оноос эхлэн тухайн жилийн тренд өнгийг нэрлэсээр ирсэн юм. Дэлхийн тэргүүлэх алдартай брэндээс эхлээд бүхэл салбарын хэмжээнд ямар өнгө давамгайлахыг тодорхойлдог энэхүү нэр хүндтэй институт 2021 оны тренд өнгөнүүдийг тодруулжээ.

Өмнөх жил сонгодог хөх өнгийг нэрлэж байсан бол энэ жил ноёлох дэлхийн тренд өнгийг “PANTONE 17-5104 Ultimate Gray” болон “PANTONE 13-0647 Illuminating” хэмээн зарлалаа. Саарал болон гэрэлтсэн шар өнгөний нийлэмж нь итгэл найдвар, урам зориг, бат бөх, мөнхийн үргэлжлэлийг илтгэх ажээ.

Тус хоёр өнгө нь бие биенээ дэмжин тод харагдуулдаг бөгөөд дэлхий дахинаа тодорхой бус нөхцөл байдлыг даван туулах итгэл найдвар тээн бүх зүйл илүү сайхан болно гэх гүн гүнзгий утга өгүүлж буй. Түүнчлэн, хорвоо ертөнцийн бүх зүйлс харилцан хамааралтай аж төрж байгааг харуулахыг зорьсон байна. Саарал өнгө бол байгалийн материалаас хайрга чулуу, металлыг илэрхийлж буй бол шар өнгө нь нар болон эрч хүч, эерэг тогтвортой байдлыг мэдрүүлэх юм.

Pantone институт 2021 оныг зөвхөн ганц өнгөөр тодорхойлох нь хангалтгүй байсан тул ийн хоёр өнгөөр төлөөлүүлжээ. Ирэх жилийн загварын хэв маяг, интерьерт ашиглагдах материалын сонголт ч мөн саарал, шар өнгөтэй нийцэхүйц сонирхолтой хоршлыг бий болгоно гэдэгт бид эргэлзэхгүй байна.

Эх сурвалж: Pantone

Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх