Дэвшилтэт технологийн нөлөөгөөр сүүлийн жилүүдэд санхүүгийн үйлчилгээ технологитой нэгдэж илүү хялбар бас шуурхай финтек чиглэлээр хөгжиж буй. Энэ нь санхүүгийн үйлчилгээний зардлыг багасгаж, банкны салбарт тулгамдаж буй олон асуудлыг технологийн тусламжтай шийдвэрлэх, харилцагч бүрд тэгш боломжийг олгох гэх мэт давуу талыг бий болгосон билээ. Энэ удаа бид финтек чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг Simple апп-ын хэрэглэгчтэй харилцах төв буюу “Experience Center”-ийг зорьж, чадварлаг нэгэн дизайнертай яриа өрнүүлэв. Учир нь орчин үеийн технологид суурилсан санхүүгийн байгууллага гэдгийг илтгэх онцгой деталиуд нь бидний анхаарлыг эрхгүй татсан юм. Энд АНУН компанийн олон улсын стандартыг хангасан чанартай оффис тавилгууд, хараа булаам өнгөний сонирхолтой нийлэмж хосолжээ.
Сайн байна уу, Юуны түрүүнд та Simple апп-ын хэрэглэгчтэй харилцах төвийн интерьерт шингээсэн онцгой шийдлээ хуваалцна уу.
Simple брэндийн хэрэглэгчтэй харилцах төв нь технологид суурилсан санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг онцлогтой. Тиймээс би шинэлэг технологи, итгэлтэй шуурхай байдлыг дизайны өрнөлтэй нийцүүлж харуулахыг хичээсэн. Ерөнхийдөө хэрэглэгчид санхүүгийн байгууллага бус ямар нэгэн технологийн чиглэлийн газар шиг сэтгэгдэл төрүүлэхийг зорьсон.
Ашигласан материал, өнгөний зохицол маш сонирхолтой харагдаж байна. Эдгээр өнгө материалыг хэрхэн зохиомжилсон бэ?
Энд ашиглагдсан нийт материалын ихэнхийг металл буюу төмөр эзэлж байгаа. Мөн хэлбэрийг нь сайн ажиглавал тэгш хэм, тэгш өнцөг зонхилж байгааг харж болно. Өнгөний тухайд, хар саарал өнгийг түлхүү ашигласан ба үүн дээр нэмж Simple брэндийн шар, оюу ногоон өнгийг дизайнд шингээсэн. Харин гэрэлтүүлгийг маш сайн тохируулснаар шил, толь, төмөр ихтэй, гүн өнгө давамгайлсан энэхүү орчныг хэт хөндий, хүйтэн уур амьсгалтай болохоос сэргийлсэн. Дүгнэж хэлбэл, өнгө, материал, гэрэл, сүүдэр, тэгш хэм зэргийн тэнцвэрийг оновчтой байрлуулснаар хүний нүдэнд бүх зүйл зохимжтой харагдаж байгаа юм.
Аливаа материалын тухай өргөн мэдлэгтэй байхыг хичээж ажилладаг.
Н.Төмөрбат
Би ихэнхдээ ашиглахаар төлөвлөсөн бүх материалынхаа дээжийг цуглуулаад хэр зохицож байна, аль эдлэлийг ямар материалаар хийвэл болохоор байгааг урьдчилж сайн судладаг. Жишээ нь, буйданг дан төмрөөр хийж болохгүй шүү дээ. Тиймээс модоор, төмрөөр, арьсаар юу хийж бүтээж болохоо мэддэг байх хэрэгтэй. Тэгж байж сайн дизайн болдог. Ер нь дизайнер хүн аливаа материалын тухай өргөн мэдлэгтэй байх ёстой гэж боддог.
Энэ интерьер дизайныг ямар нэгэн зүйлээс урам зориг, санаа авч зурсан уу?
Би АНУН компанийн Хятад дахь төлөөлөгчөөр олон жил ажилласан. Ер нь урд хөршид олон жил ажиллаж амьдарсан. Тэр үед би нэг дизайнер найзынхаа хийсэн их гоё хийцтэй, урт төмөр ширээ харсан юм. Тэр ширээг анх хараад л “Дараа нь хаа нэг газар заавал ийм дизайнтай ширээ хийнэ дээ” гэж бодож байсан. Одоо тэр бодол маань хэрэгжсэн нь энэ юм. Хүн их сонин зүйлээс санаа олдог шүү дээ. Гэнэт л ийм материал, хэлбэртэй байвал гоё доо гэсэн бодол орж ирнэ, эсвэл яагаад ийм өнгөтэй хийж болохгүй гэж гэх мэтээр их төсөөлж бодно. Ерөнхийдөө Simple брэндийн дизайныг зурахдаа тэр ширээнээс санаа авч баяжуулж зурсан.
Захиалагчийн шийдлээс өөрөөр хийсэн деталь бий юу?
Анх дугуйрсан хэлбэр ихтэй, зөөлөн өнгө ашиглахыг захиалагч хүссэн л дээ. Гэхдээ дизайнер хүний хувьд анх төсөөлж харсан шийдлээ хэрэгжүүлэхийг хүссэн юм. Зөрсөөр байгаад хүссэн өнгө материалаа ашиглан гүйцэтгэсэн (инээв). Одоо харвал хурц өнцөг ихтэй, тэгш хэм зонхилсон орчин болсон байгаа. Тавилгыг бол зургийн дагуу АНУН ХХК гүйцэтгэсэн.
Таныг илэрхийлэх дизайны онцгой шийдэл бий юу? Ажлынхаа арга барилаас хуваалцвал?
Би өнгөний сонголтон дээр хүмүүстэй их маргадаг хүн. Ер нь бараан өнгөнд их дуртай. Хүмүүст зураг хийж өгөхөөр хэтэрхий хар болчхож, бараан байна гэдэг юм. Миний онцлог ч байж мэднэ. Ажлын арга барил гэвэл план зурган дээрээ маш нямбай, алдаагүй ажиллахыг хичээдэг. Хүний урсгал, агаарын солилцоо, нарны гэрэл зэргийг бүгдийг зөв тооцоолчихвол бусад шинэ зүйлсийг нэмж оруулахад хялбар байдаг. Мөн гараараа зурах дуртай. Хуучинсаг төрлийн дизайнер хүн дээ.
Хар өнгө яагаад танд тийм их таалагддаг юм бэ? Магадгүй хар өнгөний цаад утга агуулгыг та юу гэж тодорхойлох вэ?
Хар өнгө бусад төрлийн ямар ч өнгөтэй зохицдог. Тийм болохоор хялбар байдаг гэж хэлье (инээв). Тэгээд бас хар өнгөнд дасчхаж дээ.
Б.Тэмүүлэн
Simple брэндийн ерөнхий концепцийн тухай тодорхойлж хэлж өгнө үү.
Simple бол сүүлийн үеийн ухаалаг технологийг ашиглан харилцагчдынхаа цаг, энерги, мөнгийг хэмнэхэд зориулсан санхүүгийн хэрэгсэл юм. Санхүүгийн үйлчилгээ авах хугацаанаас нэг ч гэсэн минут хэмнэх зорилттой манай брэнд нь уламжлалт санхүүгийн харилцааг хялбаршуулж харилцагчаа алсаас бүртгэж, зээлийн процессыг бүрэн автоматжуулсан нь банк санхүүгийн салбарын хөгжлийг нэг шатаар ахиулсан шийдэл болсон.
Монголын шилдэг, залуу инженер, математикч, эдийн засагчдаас бүрдсэн баг хамт олон, дэлхийд финтек технологиор тэргүүлэгч компаниудын шилдэг шийдэл, арга туршлагыг нутагшуулахаар ажиллаж байна.
Хүн болгонд гурван нөөц бий. Мөнгө, цаг хугацаа, энерги. Эдгээрийг хамгийн зөв зарцуулж сурах нь маш давуу талтай.
Оффисынхоо интерьерт яагаад ийм өнгө, дизайныг сонгосон бэ?
Мэдээж өндөр таазтай учраас ашигтай талбайг ихэсгэхийн тулд хоёр давхар болгох нь оновчтой байсан. Зээл, санхүүгийн үйлчилгээ нь итгэлцэл дээр тогтдог. Иймд итгэл төрүүлэхүйц, шинэлэг өнгө ашиглахаар шийдсэн. Харин ашигласан материалуудын ихэнх нь төмөр бас шил байгааг анзаарч болно. Энэ нь технологийн компани гэдэг уур амьсгалыг бүрдүүлэх зорилготой юм.
Simple апп-ыг туршиж үзэх хамгийн том шалтгаан юу вэ?
Зээл авах зорилготой өглөө сэрсэн хүний бүтэн өдрийг нарийн анзаарвал хаана очих уу, бүрдүүлсэн баримтууд нь хангалттай юу, надад зээл өгөх болов уу, хүү нь ямар байгаа бол гэх мэт зовнилтой тулгардаг. Өөрөөр хэлбэл зөвхөн зээл авах тухай бус ард нь цаг хугацаа болоод сэтгэл зүйн хувьд асар их стрессийг даван туулдаг гэсэн үг л дээ. Simple бол энэ бүх үйл явцыг хялбаршуулсан, маш энгийн санхүүгийн үйлчилгээ байгаа. Мөн хүү маш бага.
Тэгвэл simple апп ашиглан зээл хүсэх үйлчлүүлэгч ямар шаардлага хангасан байх хэрэгтэй вэ?
Одоо ашиглагдаж буй зээлийн олголт, хэрэглэгчээ таних гэх мэт үйлдлүүд зөвхөн хиймэл оюуны тооцоолсон датанд үндэслэн хийгдэж байгаа. Хөндлөнгөөс хүний оролцоо, нөлөө огт байхгүй гэж ойлгож болно. Зээл аваад үүнийгээ ямар хугацаанд яаж төлж байна, эргээд зээл авах хугацаа нь хэр ойрхон байна гэх мэт харилцагчийн бүх үйлдлийг дүгнэн хиймэл оюун ухаан боловсруулалт хийж байгаа юм.
Цаашид төлөвлөсөн ажлуудаасаа хуваалцахгүй юу?
Хүмүүс зээл авахдаа заавал нэг зорилготой байдаг. Сургалтын төлбөр төлөх, шинэ автомашин авах, эсвэл гэртээ засвар хийх, гар утсаа солих гэх мэт… Цаашид бид эдгээр зорилготой уялдсан уян хатан санхүүгийн бүтээгдэхүүн бий болгохоор ажиллаж байгаа. Мөн “Ухаалаг зарцуул” уриан дор хэрэглэгчдэдээ санхүүгийн боловсрол олгох контентийг өдөр бүр хүргэхийг зорьж байна. Өөрөөр хэлбэл, Simple апп-ыг хэрэглэгч болсноор зөвхөн зээлийн үйлчилгээ авахаас гадна хэрэглээгээ хянаж, санхүүгийн сахилга батад суралцах юм.
Цаг гарган ярилцсан та бүхэнд баярлалаа. Ажлын амжилт хүсье.
Зочин
2020 / 11 / 11Nice