Их хотын маань хаа нэгтээ "бүдүүн муурнууд" жазз ая хөгжимдөж, харин тэднийг хүмүүс сонсон баясна. Дурлалдаа бялуурч буй залуу хосууд, хэн нэгэнд гомдож шархалсан зүрхээ эмчлэхээр ирсэн хүн, хуучны сайхан цагаа дурсан суугаа ахмад үеийнхэн гээд л хэн бүхэн жазз хөгжмийн дууг сонсоод сэтгэлдээ баярлан догдолж бас тайтгардаг. Өөр цаг үеийг санагдуулам ер бусын энэ хөгжмийн ая гунигтай бас жаргалтай биш хэрнээ хэний ч сэтгэлд тод хүрч чаддаг ийм увдистай.
Та жазз хөгжим сонсох дуртай бол "бүдүүн муурнуудын гэрт" тавтай морил!
![]() Үүсгэн байгуулагч Б.Дөлгөөн | ![]() Үүсгэн байгуулагч Г.Хонгор |
Юуны түрүүнд жазз хөгжмийн талаар нарийн ойлголтгүй хүмүүсm энэ хөгжмийг тодорхойлж өгнө үү.
Х: Жазз хөгжим нь 1800-аад оны сүүлээр үүссэн. Ингэхдээ анх ямар ч бөмбөргүй, суурь хөгжимгүй уламжлалт маягаар хөгжиж эхэлсэн гэдэг. Энэ хөгжмийг хамгийн ойлгомжтойгоор тайлбарлана гэвэл эрх чөлөө гэдэг үг санаанд орж байна. Заавал ингэнэ, тэгэх ёстой гэсэн ямар нэгэн хайрцагт баригддаггүй бөгөөд хэдүүлээ ч нийлээд тоглож болдог нь их гоё. Тоглолтын үеэр хөгжимчид өөрийн дотоод сэтгэл дэх илэрхийлмээр байгаа зүйлсээ хөгжмийн хэлээр дамжуулж “ярьж” болно. Ер нь бол эрх чөлөө гэхэд хол зөрөхгүй санагддаг. Нэг удаа тоглож буй ая дахиж хэзээ ч яг түүн шиг тоглогдох боломжгүй учраас тэр цаг үе дэх хөгжим аялгуу бүр цорын ганц гэсэн үг. Энэ хөгжмийг тоглоход, бас ойлгож сонсоход мэдрэмж их шаарддаг даа.
Тэгвэл ийм хөгжмийг гүнд нь ортол мэдрэхийн тулд ямар орчин бүрдүүлсэн байх хэрэгтэй вэ?
Х: Хэдхэн үгээр тодорхойлох зүйл огт биш л дээ. Аливаа орчин хүний сэтгэл санааны байдал, уур амьсгалаас их шалтгаалдаг шүү дээ. Ерөнхийдөө тав тухтай, гэр шиг санагддаг, халуун дотно орчин хэрэгтэй байх.
Энэ клубыг байгуулахдаа ямар байгаасай гэж төсөөлж байв?
Д: Анх жазз хөгжмийн клуб нээх санааг Хонгор маань санаачлаад надад санаагаа хэлснээр энэ бүхэн эхэлсэн дээ. Жазз клуб гэхээр хамгийн түрүүнд хамбан хөшиг, хуучирсан тавилга, бүдэг гэрэл, тоосгон хана гэх мэт хэдэн зүйлс санаанд орж ирдэг. Энэ дундаас газар доор байрлах нь бидний хувьд маш "күүл" санагдсан. Тэгээд яг л төсөөлж харсан шигээ орчныг бий болгохыг хичээсэн.
Танай нэр их өвөрмөц сэтгэгдэл төрүүлдэг шүү. Яагаад “Бүдүүн муурнууд” гэж?
Х: Энэ нэрийг бид хоёр нэг кофе шоп-д ярилцаж байхдаа олсон юм. Cat буюу муур гэдэг нь жазз хөгжимчдийн дунд нэгнээ андаа/хөгшөөн гэж дуудахтай ижил утгатай. Хэрвээ нэг хөгжимчин тайзан дээрээс нэгнээ урьж тоглуулахаар бол “Hey cat! come on” гэж нөхөрсгөөр дууддаг. Муур гэдэг нь энэ хөгжмийг ойлгодог хүмүүсийн хувьд маш ойрхон үг учраас клубынхээ нэрэнд оруулахаар шийдсэн. Харин Fat гэдэг бол зүгээр л хөгжилтэй байх үүднээс бодож олсон үг л дээ. Нэг тийм цүдгэр гэдэстэй, хээгүй, нөхөрсөг муур гэж бэлгэдсэн гэх үү дээ.

Cat буюу муур гэдэг нь жазз хөгжимчдийн дунд нэгнээ андаа/хөгшөөн гэж дуудахтай ижил утгатай.
Нээрээ, клубынхээ байршлыг хэрхэн сонгосон талаараа хуваалцахгүй юу?
Д: Энэ газрыг бид хоёр их азтай олсон. Эхлээд арай өөр газар байхаар төлөвлөчихсөн байж байгаад тэр газар нь гэнэт бүтэхгүй болоод яах учраа олохгүй, зар харж нэлээн хэсэг явсан. Хотыг бараг бүтэн тойрсон байх аа. Тэгээд Веранда рестораны доор нэг газар байдаг тэр яасан юм бол гэж санаад шууд хүрээд иртэл хоосон байж таарсан. Зүгээр л агуулах зориулалтаар ашиглагдаж байхаар нь Хонгор бид хоёр санаагаа хэлээд хамтарч ажиллах санал тавьсан юм. Ингээд л засварын ажил өрнөсөн дөө. Хотын төвд хэрнээ хэт хөл хөдөлгөөнтэй биш учраас надад лав маш тухтай байдаг.
Х: Хүний нүдэн дээр ил байж байгаа биш хүмүүс манайхыг хайж зорьж ирдэг болохоор энэ байршилдаа сэтгэл хангалуун байгаа.
Байршлаа сонголоо, дотоод засал ямар байхыг ерөнхийд нь зураглачихсан байж. Үүний дараа багаа хэрхэн бүрдүүлсэн бэ?
Х: Ямар ч хөгжмийн чиглэлийн газрууд хөгжимчид дээрээ суурилдаг бичигдээгүй дүрэм бий. Ихэнх ажилчид маань өөрсдөө ажлын байраа сонгосон гэж болно.
Жазз клуб-д хүмүүс зөвхөн хөгжим сонсох гэж зорин ирдгээрээ онцлогтой юм.
Fat Cat жазз клубын онцлогийг юу гэж тодорхойлох вэ?
Д: Ер нь аль ч хотод тухайн хотын нэгэн тансаг хөг болсон жазз клуб заавал нэг байдаг. Жазз клуб-д хүмүүс зөвхөн хөгжим сонсох гэж зорин ирдгээрээ онцлогтой юм. Бид гол нь амьд жазз хөгжмийг таниулж, мэдрүүлэх зорилготой. Ихэнхдээ манайд долоо хоногийн 5-6 өдөр нь заавал нэг тоглолт болдог. Энд байгаа эд юмс бүхэнд хөгжим шингэсэн юм шиг санагддаг шүү.
Тав тухгүй эсвэл зориулагдаагүй орчинд жазз хөгжмийг сонсоход сэтгэлд 100 хувь хүрэхгүй ч байх тохиолдол байдаг даа. Та бүхэн интерьерээ хэрхэн шийдсэнээ уншигчдад танилцуулж өгнө үү.
Д: Тийм шүү. Жишээ нь, жазз хөгжмийг хэт том хэмжээтэй танхимд сонсох тохиромжгүй. Мөн олон хүн холхисон, их гэрэлтэй орчин ч тухгүй гэж бодож байна. Тиймээс яг тохирсон талбайтай, тайз хүмүүсийн анхаарлын төвд, бас акустик дууны дуугаралт сайн байх нь чухал. Ширээ сандал хүртэл хэт том байх шаардлагагүй. Энд орж ирсэн хүн учиргүй банштай цай, цуйван идээд суухгүй шүү дээ (инээв). Цомхон ширээн дээр бага зэргийн snack, уух зүйл байхад хангалттай болохоор ийм ширээ сандал сонгосон. Мэдээж ямар ч хамаагүй орчинд жазз хөгжмийг тоглож бас сонсож болно л доо. Гэхдээ яг энд байдаг шиг уур амьсгалд жазз сонсох нь гайхалтай гэдэгт эргэлздэггүй ээ.
Онцолж хийсэн деталиудаа сонирхуулахгүй юу.
Х: Хөгжмийн дуугаралт маш чухал гэсэн дээ. Бид таазаараа эсгий хавтан байрлуулсан байгаа. Ингэхээр тайзнаас гарч буй дуу маш гоё сонсогддог. Пянзнууд маань бас их сонирхолтой. Монголд яг үүн шиг жазз хөгжмийн пянзны цуглуулга байхгүй байх аа. Мөн тайзан дээрх бөмбөрийн хэсгийг сайн ажигласан уу? Дээр нь том толь байрлуулсан байгаа биз. Нью Йорк хотын “smalls” гэдэг клубээс энэ санааг олсон юм. Ерөнхийдөө бөмбөрчний тоглолтыг үзэгчдэд шууд харуулах зориулалттай юм.

Цаг хугацааны эрхэнд тавиур дээрх зүйлс маань нэмэгдээд манай клубын түүхийг өгүүлэх нэг хэсэг болж хувирсан.
Д: Анхнаасаа бүх зүйлээ шинэ байлгахыг хүсээгүй болохоор хуучны тавилга олж тавьсан. Аливаа юм, ялангуяа жазз клуб дэх эд зүйлс хуучирсан байх тусдаа үнэ цэнтэй болж байдаг. Номын тавиураа хүртэл албаар дүүргэхгүйгээр орхисон юм. Цаг хугацааны эрхэнд тавиур дээрх зүйлс маань нэмэгдээд манай клубын түүхийг өгүүлэх нэг хэсэг болж хувирсан. Харин энэ хананд бичээстэй нэрс бол манай клуб-д ирж тоглосон хамтлаг дуучид нэрээ бичдэг дурсгалын хана. Жаазан дахь зургууд бол манай клубыг гаднаас зорьж ирсэн жазз хөгжимчид дуучдын гэрэл зураг юм. Нэмж хэлэхэд, манай клубын логог Heesco зурж өгсөн.
Цаашдын төлөвлөгөөгөө хуваалцаж болох уу?
Д: Үргэлж л ямар нэгэн тоглолттой, хүмүүс энд ирэх дуртай байгаасай гэж хүсдэг. Яг л тийм байлгахыг л зорьдог доо. Цаашид ч энэ хүсэл зорилго хэвээр байна байх.
Ярилцсанд баярлалаа, та бүхний ажилд амжилт хүсье!
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жамъяангүний гудамж, Веранда рестораны B1 давхарт Fat Cat Jazz Club.
Зочин
2020 / 10 / 20үерхэлдээ үнэнч гэдэг шиг жаздаа үнэнч гоё байнаа