Ж.Энхжаргалан: Тайз засал бол аливаа арга хэмжээн дэх интерьерийн чухал хэсэг

Догдлол, хайр баяраар дүүрэн баярын уур амьсгалыг бий болгодог гол хүчин зүйл бол тухайн арга хэмжээн дэх хамгийн шилдэг дизайнтай тайз засал гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Энэ удаагийн онцгой зочноор BRB компанийн үүсгэн байгуулагч Ж.Энхжаргалан уригдан ярилцлаа.


BRB компанийн үүсгэн байгуулагч
Ж.Энхжаргалан

Монгол дахь томоохон шоу нэвтрүүлгийн арын албанд амжилттай ажилласан чадварлаг хамт олон гэдгээр нь уншигчид та бүхнийг таньж байгаа болов уу. BRB компанийн үүсгэн байгуулагдсан түүхийг эргэн дурсвал?

BRB компани 12 жилийн өмнө үүсгэн байгуулагдсан. Анх зөвхөн LED дэлгэцээр тайз засаж эхэлсэн бол өдгөө үйл ажиллагаагаа өргөжүүлсээр дэлхийд алдартай шоу нэвтрүүлгийн тайз заслыг бүрэн хариуцах хэмжээнд хүртлээ компани маань туршлагажиж бас хөгжсөн байна. Бид сүүлийн 6-н жилийн хугацаанд медиа, энтертайнмент буюу арга хэмжээ төлөвлөлт, зохион байгуулалтын чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Хамтран зохион байгуулсан томоохон арга хэмжээнээс дурдвал, Монголчуудын шимтэн үзэх дуртай Voice of Mongolia, Mongolia’s got talent, Яг түүн шиг гэх мэт телевизийн нэвтрүүлэг багтана. Эдгээр шоу нэвтрүүлгийн тайз засал, чимэглэл, акустик, гэрэлтүүлэг, арын дэлгэц гээд зүйлийг бид хариуцаж ажилласан. Энэ хэмжээнд хүрэхэд мэргэжлийн хамт олны маань хөдөлмөр хамгийн их шингэсэн гэж боддог. Учир нь тухайн цаг мөч дэх уур амьсгалыг дэлгэцийн цаанаас үзэгчдэд мэдрүүлэхийн тулд бүхнийг нарийн тооцоолох ур чадвар, мэдрэмж их шаардагддаг юм.

Харин өөрсдийн санаачлан зохион байгуулдаг арга хэмжээ гэвэл хөгжмийн наадмын салбарт 4-н жилийн өмнөөс эхлэн XMF буюу хуур хөгжмийн наадмыг зохион байгуулан ажиллаж байгаа. Энэ жил харамсалтай нь өнжиж таарч байх шиг байна. Уг нь энэ жил хийсэн бол 4 дэх жилдээ зохион байгуулагдах байлаа. Мөн өвлийн улиралд илүү тансаг зэрэглэлийн “Гацуурхан” шинэ жилийн үдэшлэгийг зохион байгуулдаг.

Танай оффисын интерьер тун шинэлэг уур амьсгалтай юм аа. Ажлын байрны дотоод заслаа хэрхэн гүйцэтгэсэн бэ?

Оффис дахь ихэнх хэсгийг манай ажилчид өөрсдөө нийлж дизайн гаргаад гүйцэтгэсэн байгаа. Гэхдээ зарим нарийн деталь хэсгийг Скинни ХХК гүйцэтгэсэн. Манай компани аливаа тайз засал, арга хэмжээ зохион байгуулагдахаас өмнө урьдчилж 3D рендер зураг боловсруулдаг учраас оффисынхоо интерьерийг хийхэд илүү хялбар байсан шүү.

Таны зочилж байсан оффисуудаас хамгийн гоё интерьертэй нь аль компанийн оффис байв? Жишээ дурдвал?

Миний хувьд Google, Facebook зэрэг томоохон компанийн оффис маш их таалагддаг. Мөн саяхан би залуу бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцохоор Солонгос улсад очихдоо SK telecom хэмээх улсдаа томоохонд тооцогддог үүрэн телефоны компанийн оффист зочилсон юм. Тэнд playstation тоглодог өрөө, номын сан, ажлын цагийн дундуур дуг хийж болохуйц унтлагын өрөөнүүд, усанд орох өрөө хүртэл байсан нь маш шинэлэг санагдсан. Ерөөсөө яг л зочид буудал, гэр шиг сэтгэгдэл төрүүлэхүйц бүх зүйл нь ажилчдын тав тухыг хангахад зориулагдсан байсан. Надад чөлөөтэй уур амьсгалтай, тохилог ажлын байрны концепц таалагддаг учраас цаашид оффисоо тийм жишигт хүргэхийг л улам хичээх болно оо.

Мэдээж оффис гэдэг хүний хоёр дахь "гэр" шүү дээ. Тиймээс аль болох гэртээ байгаа юм шиг тав тухтай мэдрэмжийг ажилчдадаа өгөхийг зорьж оффисын интерьерээ хийсэн. Ер нь өөрчлөлт засвар хийх болгондоо улам л тийм тохилог, тухтай чиглэл рүү ойртуулахыг зорьдог. Жишээ нь, манай оффисын цайны өрөөнд ажлын цагаар түр амрахад шаардлагатай бүх л хэрэгсэл байрлаж байгаа. Харин уулзалтын өрөө тухтай, нам гүм байх хэрэгтэй гэж бодолцож шийдсэн байгаа. Томоохон албан байгууллагуудын интерьер заслыг гүйцэхгүй боловч компанийнхаа нийт орон зайд тохируулан дажгүй сайхан орчныг бий болгосон гэж боддог.

Эргээд тайз заслын тухай ярилцъя. Хүн төрөлхтний анхны тайз ямар байсан бол?

Тайз заслын тухайд анхны зорилго нь аливаа нэгэн зар мэдээг ард түмэнд нэгэн зэрэг зарлан түгээх байсан гэдэг. Энэ үед зөвхөн өндөрлөсөн тавцан засдаг байсан бол яваандаа театрын урлагт тайз засал чимэглэл, гэрэл, хөшиг, жүжигчдийн хувцас хэрэглэл гэх мэт зүйлс нэлээдгүй том байр суурийг эзлэх болсноор тайз засал мэргэжлийн хэмжээнд маш гайхалтай хөгжсөн.

Одоо орчин үед тайз засал гэдэг ойлголт өмнөх үеийнхээс хэр өөрчлөгдсөн бэ?

Цаг үеэ даган ашиглагддаг тоног төхөөрөмж, технологийн хөгжил энэ салбарт хурдацтай нэвтэрч байгаа учраас өмнө нь хязгаарлагдмал байсан зүйлс их хувьсан өөрчлөгдсөн. Илүү уян хатан бас хязгааргүй олон янзаар тайзыг тоноглож, засаж болно. Монголд гадаа тайз засна гэхээр каркас байгуулан ард нь дэлгэц байрлуулаад л болчихдог байсан бол сүүлийн жилүүдэд энэ ойлголт мөн өөрчлөгдөж байгаа.

BRB компанийн хувьд одоогоор ямар тоног төхөөрөмжүүдийг ашиглаж байна вэ?

Манай компанийн хувьд LED дэлгэцийг 6-н жилийн өмнө анх удаа Монголд оруулж ирж байсан. Энэ нь тухайн үеийнхээ л хамгийн сүүлийн үеийн загварын дэлгэц байсан юм. Өнөөдрийн байдлаар тайз заслын хувьд Монголдоо хамгийн чанартай техник төхөөрөмжтэй компани болон өргөжжээ. Ямар хэмжээний ямар хүчин чадалтай төхөөрөмж байгаа вэ гэдгийг Voice of Mongolia телевизийн шоунаас харж болно. Олон тооны микрофон, гэрэлтүүлэг, өндөр нягтрал бүхий дэлгэц, орчин үеийн чимэглэл гэх мэт бүх хэрэгсэл манайд бий. Өөрөөр хэлбэл, дэлхийн хэмжээний шоуг орон даяар өндөр хүчин чадалтай шууд дамжуулах, дуу дүрсний гацалтгүй чанарын өндөр төвшинд бид ажиллаж байгаа гэсэн үг л дээ.

Монголд тайз заслын чиглэлээр боловсон хүчин хэр бэлтгэгддэг вэ?

Монголд энэ чиглэлээр мэргэжлийн хичээл, сургалт явуулж буй сургууль одоогоор байхгүй. Тиймээс тайз заслын тухай мэргэжлийн төвшинд нарийн зүйлсийг гаргадаг сайт, youtube сувгуудаас бие даан суралцаж болно. Мөн тэндээс тайз заслын дизайны хамгийн сүүлийн үеийн чиг хандлагуудыг харж болдог. Бидний хувьд тоног төхөөрөмж авсан компаниудаасаа ашиглалтын сургалтыг авдаг учраас өндөр хүчин чадалтай төхөөрөмжийг ажиллуулах боловсон хүчнээ ингэж бэлтгэдэг. Мөнгөтэй байвал мэдээж аль ч тоног төхөөрөмжийг авч болно. Гэхдээ бүх хүчин чадал, нөөцийг нь ашиглаж, ажиллуулж чадах боловсон хүчнийг бэлтгэнэ гэдэг нь их хөдөлмөр, туршлага шаарддаг. Энэ дашрамд, манай инженерүүд 12 жилийн туршлагатай гэдгийг онцолж хэлмээр байна.

Танай компани өнгөрсөн хугацаанд маш олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж байсан байх. Тэр дундаас хамгийн онцлогтой болдог арга хэмжээ гэж бий юу?

Бүх арга хэмжээ өөрийн гэсэн онцлогтой. Тухайн арга хэмжээний уур амьсгалыг уригдсан зочидтой адил мэдэрч, догдолж, баярладаг болохоор хийж байгаа ажилдаа бид сэтгэл хангалуун байдаг. Хуримын тухайд сэтгэлийн утсыг хамгийн их хөндсөн нандин арга хэмжээ. Аав охин хоёрын хэсэг дээр ихэнх хүмүүс уйлдаг. Зохион байгуулж буй бид ч гэсэн тэр хэсэгт сэтгэл догдлон харж суудаг. Харин хүлээн авалт бол илүү баярын уур амьсгал өндөртэй, хүмүүс сэтгэл хөөрөлтэй оролцдог арга хэмжээ юм. Хурлын үеэр эсрэгээрээ хүмүүс биеэ цэгнэсэн маягтай, сэтгэл хөдлөл харьцангуй багатай болж өнгөрдөг. Энэ дундаас хөгжмийн наадам бүх арга хэмжээний ноён оргил гэж хэлж болохуйц. Учир нь ирсэн бүх хүмүүс сэтгэл хөдлөл ихтэйн дээр догдлол омогшил мэдэрч, илүү чөлөөтэй уур амьсгал давамгайлдаг. Ингээд тоочин хэлбэл бүгд өөрийн гэсэн өнгө төрх, донжтой.

Ямар арга хэмжээг хамгийн эртнээс төлөвлөж хийдэг вэ?

Хагас жилийн өмнөөс төлөвлөгөө нь гардаг болохоор телевизийн шоу бол маш их бэлтгэл ажил шаарддаг. Хурал болон хүлээн авалт 1 сарын өмнө эсвэл заримдаа 7 хоногийн өмнөөс төлөвлөж хийх ч тохиолдол бий. Тэгэхээр мөн нь онцлогоосоо хамаарч хугацаа харилцан адилгүй гэж болно.

Цаг гарган ярилцсанд баярлалаа. Танай хамт олонд амжилт хүсье.

Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх

5 Сэтгэгдэл

Зочин

2020 / 09 / 15
Хариулах

Хариуцлагатай компани юм шиг санагдсаан. Хямдыг нь харж найдваргүй хүмүүст ажил даатгаж хөгөө чирснээс хариуцлагатай компаниар үнэтэй ч хамаагүй арга хэмжээгээ даатгавал зүгээр санагдсан

1

Зочин

2020 / 09 / 14
Хариулах

Амжилт хүсье. Мундаг ажил хэрэгч залуу

1

Зочин

2021 / 11 / 23
Хариулах

Zahirlinha oroo ruu gutlaa tailj ordog n unen teneg sanagdsan Ter soyoloo oorchloosoi eniig unshad ydaj ulawch baiwal….

0

Зочин

2020 / 09 / 14
Хариулах

Ymr goe tsegtstei ajillaj bn we! Uneheer mundag!

0

Зочин

2020 / 09 / 14
Хариулах

BRB амжилт

2