Сүүлийн жилүүдэд Монголын архитектур болон интерьерийн салбарт залуусын оролцоо хүч түрэн орж ирж буй билээ. Тэр дундаа өнөө цагт тулгамдаж буй асуудалд зөв гарц, шийдлийг эрэлхийлж байгаа залуусын нэгдэл цөөнгүй бий. Тиймээс бид тэдгээр чадварлаг боловсон хүчний нэг болох Archidiom компанийг энэ удаа зорин ярилцлаа.

Archidiom компанийн хамтран үүсгэн байгуулагч
Д.Өрнөх
Компанийнхаа тухай товч танилцуулж өгнө үү. Хэзээ үүсгэн байгуулагдсан бэ?
Манай компани барилгын зураг төсөл, интерьер дизайн гарган боловсруулдаг. Энэ оны 3-р сард үүсгэн байгуулагдсан. Үндсэн бүрэлдэхүүнд маань дандаа архитектор, инженер хүмүүс ажилладаг. Ерөнхийдөө залуу архитекторуудын нэгдсэн шинэхэн компани гэж ойлгож болно.
Байгуулагдсан цагаасаа хойш ямар төслүүд дээр ажилласан бэ?
Хамгийн сүүлийн үеийн бас том хэмжээний төсөл гэвэл “Уухай” стейтпаркны төслийн дизайныг хийж байна. Мөн саяхан бид “Гэр суурьшил ба шийдэл” воркшопыг амжилттай зохион байгуулсан. Хэдий хөл хориотой байсан ч дэмжигч байгууллагууд болон оролцогч оюутнуудын хамт маш үр дүнтэй болж чадсан.
“Гэр суурьшил ба шийдэл” воркшопын тухай яриагаа чиглүүлье. Энэхүү воркшопын эхлэл болон үндсэн зорилгын талаар хуваалцахгүй юу.
Мэдээж нийслэл хотод маань их бага хэмжээгээр олон асуудал бий. Автозамын түгжрэл, хүмүүсийн хэт төвлөрөл, хөрс болон усны бохирдол, бас агаарын чанарын асуудал гэх мэт. Гэтэл энэ асуудал ихэнхдээ хотын төвөөр яригдаад л өнгөрчихдөг. Яг тэр бохирдлын голомтод аж төрж буй гэр хорооллын иргэдийн дуу хоолой, тэдэнд чиглэгдсэн дорвитой ажил огт хийгдээгүй өдийг хүрснийг та бид харж байна шүү дээ. Иймээс залуус бид ийм асуудлын төлөө нэгдэх хэрэгтэй гэж бодсон. Энэ бодлын маань бодитоор ажил болон хэрэгжсэн нь “Гэр суурьшил ба шийдэл” хэмээх воркшоп. Цаашид зорьж буй их ажлын зөвхөн эхлэл нь энэ юм.
Улаанбаатар хотын 70 хувийг эзэлдэг гэр хорооллын дэд бүтцийг хэрхэн сайжруулж, иргэдэд ээлтэй орчин болгох тухай шийдэл хайх нь энэхүү воркшопын хамгийн гол зорилго юм. Бид “Гэр хорооллын хөгжлийг дэмжих, хөрөнгө оруулалтын сан”-тай хамтарч, Баянхошууны тодорхой хэсгийг сонгон ажилласан. Воркшопын хүрээнд бодит газар дээр очиж судалгаа хийн, асуудлыг илрүүлж, шийдэл хайна гэдэг нь их онцлогтой зүйл л дээ.
"Гэр суурьшил ба шийдэл" воркшопын үеэр хамгийн ойрын хугацаанд хэрэгжиж болохуйц ямар шийдэл, санаа төрөн гарсан бэ?
Бүтэн долоо хоногийн турш зохион байгуулагдсан Воркшоп-д маань нийт 15 оюутан оролцсон бөгөөд гурван багт хуваагдаж ажилласан. Гэхдээ цаг маш богино учраас ийм хугацаанд төгс шийдэл олно, тэр нь бодитоор хэрэгжинэ гэдэг бол хангалтгүй юм. Мэдээж олон гайхалтай бүтээлч санаа оюутнуудын дундаас гарсан.
Жишээ нь, Баянхошууны ард одоогийн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй талбайгаараа тэнцэхүйц маш гоё харагдацтай, ногоон байгууламж төлөвлөж болохоор орон зайг илрүүлсэн. Зайсангаас хот маш гоё харагддагтай адил яг л тийм газар Баянхошуунд байна. Гол нь тийшээ чиглэсэн зохион байгуулалт байхгүй нь харамсалтай. Гэхдээ эхний ээлжинд энэ бүх байдлыг сайжруулахын тулд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, архитетур, хот төлөвлөлтийн тухай мэдлэгтэй болгох нь чухал гэдгийг ойлгосон.
Воркшопын үр дүнгийн талаар хуваалцвал?
Хүмүүс аливаа зүйлийн амжилттай үр дүнг зөвхөн бодит бүтээн байгуулалт гэж харах гээд байдаг талтай. Хамгийн чухал нь оролцогч оюутнууд маань хүмүүсийн асуудлыг шийдвэрлэхийн төлөө оюунаа уралдуулж, ирээдүйд эзэмших мэргэжлийнхээ үнэт зүйлийг мэдэрч чадсан нь маш том амжилт гэж бид харж байгаа.
Зөв зүйл эхлүүлснээ мэдрэх нь юу юунаас ч илүү чухал юм.
Өмнө нь Монголд ийм хэмжээний воркшоп зохион байгуулагдаж байсан юм болов уу?
Ер нь ШУТИС ч юм уу, Архитектур хот төлөвлөлтийн газраас воркшоп тогтмол зохион байгуулдаг юм билээ. Гэхдээ энэ удаагийн сургалт анхдагч байж болохуйц өргөн цар хүрээг хамарсан ажил болсон. Учир нь ШУТИС-ийн Архитектурын сургууль, “Гэр хорооллын хөгжилд хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”, Нью Урбанизм ХХК, Аркидиом ХХК, Хүрээ Архитекторууд ТББ зэрэг олон байгууллагууд уг воркшопд сэтгэл зүрх гарган ажилласан юм. Үүнээс гадна дэмжиж ажилласан Татах хүч ХХК, Алтан орд ХХК, Чанс ХХК гэсэн цөөнгүй байгууллагууд бий. Мөн Баянхошууны эцэст амьдардаг оршин суугчид, хорооны ажилчид гээд хүмүүс их нааштай хүлээж авч, хамтран ажилласанд баяртай байгаа.
Оролцогч талуудын байр суурь, сэтгэгдэл хэр байсан бэ?
Үйл ажиллагаа дууссаны дараа оролцогч талууд сууж сэтгэгдлээ хуваалцсан юм. Энэ үеэр Баянхошуунд амьдардаг оршин суугчдын төлөөлөл, хорооны ажилтнууд хүртэл оролцож байр сууриа илэрхийлсэн. Бүгд маш сэтгэл хангалуун бөгөөд хот төлөвлөлтийн тухайд бага ч болов мэдлэгтэй болж, зөв төлөвлөлтийн үнэ цэнийг мэдэрсэн гэдгээ тайлбарлаж байлаа. Жишээ нь, оюутнууд олон салбарт манлайлж амжилттай ажиллаж буй туршлагатай менторууд ирсэнд их талархалтай хандсан бол оршин суугчид хотын нэгдсэн төлөвлөлт, газар чөлөөлөлтийн үеэр хэрхэн оролцох ёстойгоо ойлгож, ногоон байгууламж, био 00 ашиглах тухай гээд олон зүйлсийн талаар мэдлэгтэй болсноо илэрхийлсэн.
Цаашид ийм хэмжээний арга хэмжээ, сургалтыг хэр тогтмол хугацаанд зохион байгуулах вэ?
Яг үнэндээ анх эхлэхдээ бид нар одоогийн хэмжээнд зохиогдоно гэж төсөөлөөгүй л дээ. Гэхдээ үр дүнгээ тайлагнах явцад үүнээс ч өргөн хэмжээнд зохион байгуулж болох юм гэж дүгнэсэн. Цаашид өргөн хүрээнээс эхлээд бүр тодорхой нэг айлын газар зохион байгуулах хэмжээнд буюу аль болох олон сэдвийн дагуу хийх боломжтой.
Сургуулиас өвлөсөн ёс зүй, мэргэжлийн үнэт зүйлээ орхигдуулж мөнгөний төлөө “бетонон ой” байгуулж болохгүй шүү дээ.
Шинэ залуу компанийн хувьд яагаад ийм том сэдвийг зоригтой сонгож авсан юм бэ?
Манай багийн гишүүд бүгд өмнө нь Монголдоо тэргүүлэх том компаниудад ажилладаг байсан туршлагатай залуус. Гэхдээ зөвхөн захиалагчийн хүсэлтээр л ажил гүйцэтгэж ирсэн. Мэдээж том компанид ажиллахын давуу тал нь өндөр цалинтайн дээр тогтсон хэв маягтай учраас ажиллах нөхцлийн хувьд хялбар байдаг.
Бид архитектор мэргэжлийг эзэмшихдээ сургуулиасаа тодорхой хэмжээнд заавал ногоон байгууламж төлөвлөх ёстой, хүнд ээлтэй зохион байгуулах хэрэгтэй гэсэн сургааль сонсож төгсдөг. Харин яг ажлын байран дээр захиалагчийн хүсэлтээр хийхээр ихэнхдээ ашиг сонирхлын төлөө тохиромжгүй газар үйлчилгээний газар бариулах гэнэ, эсвэл огт ногоон байгууламжгүй, хүний урсгалыг тооцоогүй байгууламж хийхийг шаарддаг. Ийм хүсэлтийн дагуу ажиллахаар нийгэмд хүлээсэн хариуцлага, зорилгоосоо ухарч байгаа юм шиг санагддаг. Энэ л магадгүй өөрсдийн гэсэн компани байгуулж, зөв уриалга нийгэмд түгээхийг зорьсонтой холбоотой болов уу. Шийдэгдээгүй орхигдсон асуудал байна гэдэг түүнийг хөгжүүлэх маш их боломж байгаа гэсэн үг. Бид сайхан хотыг бүтээе, хийе гэсэн хүсэл эрмэлзлээр дүүрэн байна.
Хотын төвд мөн л цөөнгүй асуудал байгаа. Үүн дээр ямар бодолтой байдаг вэ?
Боломжийнхоо хэрээр гэр хороололд хөгжлийг бий болгох нь хамгийн ухаалаг гарц юм. Хотын төвд өндөр барилга баригдах нь дагаад хүн амын нягтаршлыг үүсгэдэг. Барилгын масс дагаад ихсэх юм. Энэ хэрээр түгжрэл, нөгөө ногоон байгууламжийн асуудал, цэцэрлэг сургуулийн хүрэлцээ яригдаж эхэлнэ. Сонирхуулж хэлэхэд, автозамыг хүний биеийн судастай адилтгаж болдог. Хэт их бөөгнөрөл үүсэхгүй, бүх зүйл энгийн урсгалынхаа дагуу байвал ямар ч асуудалгүй. Харин нэг л газраа гацвал тэр судас хагарч гэмтэнэ дээ. Үүнтэй ижилхэн ойлголт Улаанбаатар хотод тохиолдоод байгаа юм. Тэгэхээр тэр их массыг тараахын тулд бид аль болох тэнцвэртэй хөгжлийг үүсгэх хэрэгтэй. Уг нь хамгийн гоё амьдрах орчин бол гэр хороолол байх ёстой юм. Хэрвээ гэр хорооллыг дахин төлөвлөж, дэд бүтцээ маш сайн шийдэж чадвал тэнд аз жаргалтай амьдрах бүрэн боломжтой.
Гэр хорооллыг дахин төлөвлөж, дэд бүтцээ маш сайн шийдэж чадвал тэнд аз жаргалтай амьдрах бүрэн боломжтой.
Цаг гарган ярилцсанд баярлалаа, та бүхний ажилд амжилт хүсье.
Сурталчилгаа