Орчин үеийн оффис ажилтнуудын ажиллах арга барил тун нээлттэй бас сонирхолтой хэв маягтай болсон. Зарим нь ажлын ширээгээ эмх цэгцтэй байлгадаг бол өөр нэг хэсэг нь бүх зүйлээ гарт ойр, ил байлгах дуртай гэх мэт. Гэхдээ аль нь ч бай зөвхөн тэр хүнийг илэрхийлэх ямар нэгэн онцгой эдлэл ширээнд нь заавал байдаг гэдэгтэй санал нэгдэх биз ээ. Тиймээс бид их хотынхоо төв цэгт сүндэрлэн орших Central Tower-н оффисуудаар зочилж Central Tower-т ажилладаг олон төрлийн ажил, мэргэжилтэй залуусын ажлын орчин, ажлын ширээ ямар байдгийг уншигч та бүхэндээ сонирхуулан хүргэж байна.
Тэдний ажлын ширээн дээр юу юу байна вэ?


MCS Estates LLC – Интерьер дизайнер Н. Сундари
Сайн байцгаана уу. Би MCS Estates компанид 2 дахь жилдээ интерьер дизайнераар ажиллаж байна. Та бүхний харж байгаачлан, яг одоо миний ширээн дээр ажлын орчинд хамгийн их хэрэглэгддэг метр, харандаа, тэмдэглэлийн дэвтэр, Surface Pro гэх мэт эд зүйлс маань байна. Би интерьер дизайнер мэргэжлийнхээ хүрээнд аливаа юмсын хэлбэр хийц болоод өнгөний нийлэмжийг нь ажиглах их дуртай. Мөн ажлын цагаар түр тархиа амрааж, өөрийгөө сэргээхийн тулд шоо эвлүүлдэг. Энэ нь надад юу юунаас ч илүү тайвшрал, эрч хүч өгдөг шүү (инээв). Би яг одоо нэгэн шинэ төслийн эскиз зураг дээр ажиллаж байна. Миний ширээгээр зочилсонд баярлалаа.


Nomin & Advocates LLP – Эрх зүйч Б. Гал-Ариун
Намайг Б. Гал-Ариун гэдэг. Би хууль зүйн зөвлөгөө болон өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг Nomin & Advocates LLP (Limited Liability partnership)-д эрх зүйч мэргэжлээр ажилладаг. Миний ажлын ширээ их энгийн. “Мөнхрөө” гэдэг тасалгааны ургамал, жамц давсан сувенир бас үргэлж хэрэглэгддэг тэмдэглэлийн дэвтэр болон ширээний номууд маань бий. Миний хувьд мэргэжлийнхээ дагуу олон улсын гэрээ, Монгол Улсын хуулийн тайлбарыг уншиж судлах шаардлага их гардаг болохоор хуулийн болон гэрээний номыг ширээн дээрээ үргэлж байлгадаг.
Өмгөөллийн “Номин энд Адвокатс” ХХН нь Монгол Улсын хууль тогтоомж болон зах зээлийн талаар үйлчлүүлэгчдийнхээ бизнесийн үйл ажиллагаанд холбогдуулан бодитой шийдэл бүхий хууль зүйн үйлчилгээг үзүүлдэг. Мөн манай фирм нь олон улсын нэр хүнд бүхий үндэстэн дамнасан корпораци, дотоодын компаниуд, санхүүгийн байгууллагуудын өндөр ач холбогдол бүхий томоохон төсөл, олон улсын гэрээ, хэлэлцээртэй холбогдуулан хуулийн зөвлөгөө өгч байсан туршлагатай. Миний ширээгээр зочилсон та бүхэнд баярлалаа.


Skypro Group – Борлуулалтын менежер О. Ууганцэцэг
Сайн байцгаана уу? Би SkyPro группын охин компани болох “SkyPro Trade” компанийн маркетингийн менежер байна. Манай компани Евро стандартын болон дэлхийд танигдсан олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортлон эх орныхоо хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангахаас гадна борлуулалтын үйлчилгээг хийж гүйцэтгэдэг. Яг одоо миний ширээн дээр гар ариутгагч болон өдөр тутам хэрэглэгддэг бичгийн хэрэгслүүд маань байна. Миний хувьд ажлын төлөвлөгөөгөө аль болох гараар бичиж тэмдэглэхийг хичээдэг учраас цаасан календарь, тэмдэглэлийн дэвтрийг хамгийн их хэрэглэдэг. Мөн ажлынхаа цаг завтай үеийг ашиглан ном унших дуртай. Одоогоор “Шик хатагтайн зөвлөгөө” хэмээх номыг эхлүүлчихсэн байгаа. Ер нь ажлын ширээ аль болох цэгцтэй, цэвэрхэн байх нь илүү таалагддаг.


Bridge Blue Mongolia – Гүйцэтгэх захирал Д. Энх-Од
Эхлээд компанийнхаа тухай товч мэдээлэл хүргэх нь зөв болов уу. Манай компани 2004 онд Австралийн Сидней хотноо үүсгэн байгуулагдсан. Одоогоор Дэлхийн 24 оронд 34 салбартай үйл ажиллагаагаа явуулдаг ба Монгол дахь салбар маань 2013 онд нээгдсэн. Манай компани дэлхийн 3000 гаруй их, дээд сургууль болон коллежийг албан ёсоор төлөөлдөг боловсролын байгууллага юм.
Миний хувьд ажлын ширээгээ маш эмх цэгцтэй байлгах дуртай. Эмх цэгцтэй байх нь эргээд ажлын цагийг их хэмнэдэг. Бүх зүйл байрандаа, эмх цэгцтэй байх нь ямар нэг зүйлээ хайж эрэх шаардлагагүй маш хялбар санагддаг гэж болно. Сүүлийн үед ихэнх зүйл цахимжсан учраас нөүтбүүкээ хамгийн их ашиглаж байгаа. Зөвхөн шаардлагатай тохиолдолд чухал зүйлсээ тэмдэглэлийн дэвтэрт бичиж тэмдэглэдэг. Цаасанд ч хэмнэлттэй шүү дээ.
Bridge Blue олон улсын агентлаг нь боловсрол (гадаад улсад суралцах, ажиллах, амьдрах, цалинтай дадлага хийх), цагаачлал буюу шилжин суурьшилт, бүх төрлийн визний зөвлөгөө, үйлчилгээ, хууль эрх зүйн зөвлөгөөг эрхэм харилцагч, үйлчлүүлэгч та бүхэндээ санал болгон ажиллаж байна.


Veradico Mongolia LLC – Хүний нөөцийн менежер Х. Отгонцэцэг
Сайн байцгаана уу. Би Верадико Монголиа ХХК-ийн Хүний нөөцийн менежер байна. “Верадико” групп нь нь 2009 оноос БНХАУ-ын Шанхай хотод үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж өдгөө 10 гаруй жилийн нүүрийг үзэж байна. Бид уул уурхайн суурин тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ болон суурилуулалт, сургалт зөвлөгөөг мэргэжлийн төвшинд гүйцэтгэн ажилладаг.
Би компанийнхаа үнэт зүйл болсон ажилтануудтай үргэлж тулж ажилладаг учраас мэргэжлийнхээ дагуу хувь хүний хөгжил болоод урам зориг өгөхүйц ном унших дуртай. Яг одоо миний ажлын ширээн дээр компьютерээс гадна “palma” гэдэг жижигхэн тасалгааны ургамал, ширээний ном бас захирлын маань өгсөн сүн үкүний зурагтай дурсгалын зүйл байна. Мөн байнга хэрэглэдэг зүйлсийн маань нэг бол үнэртүүлэгч. Тэр дундаа амин тос гэгддэг байгалийн цэвэр үнэрт тосонд дуртай. Зориулалтаасаа шалтгаалаад тайвшруулж амраана, эсвэл бүр эсрэгээрээ сэргээж эрч хүч өгдөг болохоор надад таатай санагддаг юм.
Та бүхэнд сонирхуулж хэлэхэд, "Veradico" гэдэг үг нь эртний латин хэлнээ “үнэнийг эрхэмлэнэ” гэсэн утгыг илэрхийлдэг бөгөөд бид ажил мэргэжлийнхээ үнэт зүйлд нийцүүлэн компаниа ийн нэрлэсэн.


TESO Corporation – Борлуулалтын менежер Б. Амгалан
Уншигч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Миний хувьд одоогийн байдлаар ТЭСО Пропертис ХХК-ийн хэрэгжүүлж буй “СКАЙ ГАРДЕН РЕЗИДЕНС” өндөр зэрэглэлийн орон сууцны борлуулалт дээр төвлөрөн ажиллаж байна. Та бүхний харж байгаачлан ширээн дээр маань энгийн л өдөр тутмын ажилд хэрэглэгддэг эд зүйлс байрлаж байна. Ажлын компьютер, нэрийн хуудас, тэмдэглэлийн дэвтэр гэх мэт. Борлуулалтын ажил нь өөрөө тухайн борлуулагч хүний хандлага болоод ур чадвар, чармайлтаас ихээхэн хамаардаг болсон энэ үед болж өгвөл өөрийгөө хөгжүүлэх, шинэ санаа, сэдэл өгөхүйц ном, сэтгүүлүүдийг ажлынхаа дундуур цаг гарган унших дуртай.
Жишээ нь, энэ дээд талын ном гэхэд байнга сөхөж уншсаар байгаад бүр хуучирчихжээ. Тэгээд мэдээж #Зөв аарцны ундаагаа өдөрт нэгийг уучихдаг. Олон цагаар сууж ажиллах шаардлагатай ачаалалтай өдрүүдэд эрч хүчээ сэлбэдэг ганц зүйл энэ шүү дээ.
Ерөнхийдөө ТЭСО Корпорацийн хувьд 2003 онд байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол улсын дэд бүтцийн чухал салбарууд болох барилга бүтээн байгуулалт, хүнсний үйлдвэрлэл, гадаад дотоод худалдааны чиглэлээр нийт 15 салбар компани 2000 гаруй ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Миний ажлын ширээг цаг гарган сонирхсон та бүхэнд баярлалаа.


Unitel Group – Дизайнер Б. Орхонтуул
Сайн байна уу. Намайг Орхонтуул гэдэг. Би юнител группын маркетингийн албанд дизайнераар ажилладаг. Ерөнхийдөө миний ажлын ширээний эргэн тойронд эрч хүч, эерэг хандлага , бүтээлч сэтгэлгээгээр дүүрэн маркетер, дизайнерууд суудаг учраас ажлын ширээгээ аль болох өнгөлөг, урам зориг өгөхүйц байлгахыг хичээдэг.
Ширээн дээр маань байнга байдаг зүйл бол мэдээж ажилд хамгийн их ашиглагддаг компьютер бас iPad гэж болно.
Харин ширээний маань хамгийн өхөөрдөм зүйл бол энэ шилэн дэх ургамал. Арчилгаа бага шаарддаг хэрнээ их чамин харагдаж байгаа биз? Мөн компьютер удаан ширтэж ажиллахаар бие чилж, нозоорох үе гардаг. Тэр үедээ анхилуун үнэртэй лаа асаах дуртай. Бас ажлынхаа чөлөөт цагаар ном унших урамтай байдаг шүү. Их ажлын хажуугаар хааяа ч гэсэн нүдээ амрааж, оюун бодлоо цэгцэлж цаасан ном унших нь надад таалагддаг.
Оффисын ихэнх ажилтан 8 болон түүнээс дээш цагийг ажил дээрээ өнгөрүүлдэг. Дизайнерууд бидний хувьд түүнээс ч илүү цагийг ажил дээрээ сууж өнгөрөөх тохиолдол их учраас ажлын ширээгээ өөртөө илүү тав тухтай байлгаж жижигхэн зүйлээс ч сайхан мэдрэмж авахыг хичээн ажилладаг даа. Энэ өнгийн үзэгнүүдээ ажлын ширээн дээрээ байлгаж, ашиглах их дуртай. Ширээг нь маань ч гэсэн өнгөлөг харагдуулдаг шүү.


М Төсөл – Маркетингийн ажилтан Г. Билгүүн
Сайн байцгаана уу. Намайг Билгүүн гэдэг. Би технологид суурилсан санхүүгийн үйлчилгээ буюу финтек салбарыг Монголдоо хөгжүүлэхийг зорьж буй "М Төсөл"-ийн маркетингийн албанд ажиллаад 1 жил гаруй болж байна. Миний ажлын ширээ их энгийн дээ. Том дэлгэцээр харж ажлаа хийх нь надад урамтай байдаг учраас ажлын нөүтбүүкэндээ нэмэлтээр desktop залгаж ашигладаг. Мөн та бүхэнд сонирхолтой байж болохуйц зүйл гэвэл ажлын ширээн дээр маань үргэлж байдаг кофены хэрэгслүүд байх гэж бодлоо. Миний хувьд амттай кофе уунгаа ажлаа хийх дуртай. Кофе уух нь ажлын стрессийг тайлж, их ажлын үеэр түр амсхийх боломжийг олгодог.
Тэр дундаа чанартай кофе уух нь хүний эрүүл мэндэд ч хэрэгтэй юм. Бас кофе нэрэх, цаг гаргаж кофегоо уух үедээ илүү гоё мэдрэмжийг авдаг. Тиймээс кофены аяга болон аяганы чамин суурь, хэрэгслийг ширээн дээрээ ил байлгадаг. Ажлын ширээг маань ч гэсэн чимж байгаа биз.
Харин энд зар сурталчилгааны бас гэрэл зургийн тухай ном байна. Ер нь ажлынхаа цагаар сурталчилгааны тухай янз бүрийн ном уншиж судлах дуртай. Мөн чөлөөт цагаараа фото зураг дарах, гэрэл зурагтай холбоотой ном, нийтлэлүүдийг унших дуртай. Та бүхэнд сонирхуулахад одоо уншиж буй Jim Aitchison-ны "Cutting Edge Advertising" ном нь брэнд болон хэвлэмэл сурталчилгааг маш ойлгомжтой, сонирхолтой байдлаар тайлбарласан бөгөөд манай салбарын хувьд бараг "библи" болсон ном юм.
Ер нь ажлын орчин гэдэг чинь гэр шиг тухтай байвал бүтээмжийг ихэсгэдэг гэдэг дээ. Тиймээс бид ажлын орчиндоо аль болох бүтээлч, чөлөөтэй уур амьсгал бүрдүүлж ажиллахыг зорьдог. Мөн та бүхний харж байгаачлан #kreativcharisma стикер нь бүтээлч ажил, сурталчилгааг storytelling байдлаар хүргэдэг миний өөрийн хувийн төслийн стикер юм. Миний ажлын ширээгээр зочилсонд баярлалаа.


Irbis Global LLC – Дизайнер З. Хосбаяр
Миний ширээгээр зочилж байгаа та бүхэнд баярлалаа. Би технологид суурилсан бизнес эрхлэгч залуусыг дэмжих, тэдэнд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх дэд бүтэц санаачлан хөгжүүлэх зорилготой "Ирбис Глобал Систем" ХХК-д дизайнераар ажилладаг. Миний ажлын ширээ хамгийн минимал гэж хэлэхээр ширээ байх шүү. Мэдээж ажлын ширээн дээрх чухал хэрэглэгдэхүүн бол миний компьютер/нөүтбүүк.
Ажлын ширээгээ аль болох минимал байлгаж, онц шаардлагагүй зүйлсээ хураан, ширээгээ цэгцтэй байлгах дуртай. Ингэснээр анхаарал сарних нь бага байдаг ба ажилдаа төвлөрөн суух орчинг бүрдүүлдэг давуу талтай. Тэгээд мөн санаанд орсон чухал зүйлсээ бичиж тэмдэглэх шаардлага их гардаг учраас “Sticky notes”-г байнга ширээн дээрээ ил байлгадаг.
Та бүхэн хэрвээ сонирхож байвал яг одоогоор би “Harvard Business Review” гэдэг ном уншиж байгаа. Harvard Business Review нь сэтгүүл болон HBR.org онлайн сувгаар дамжуулан дэлхийн өнцөг булан бүрт байгаа менежментийн профессоруудын бодол санааг нэгтгэсэн цуврал ном гэж хэлж болно.

Сэнтрал Тауэрын оффисын түрээсийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэлдараах утсаар холбогдоорой.
For more information about Central Tower office rentals:
+976 7012-2888 | +976 8810-3271 | +976 8810-3214
И-мэйл: leasing.ub@shangri-la.com
Зочин
2020 / 10 / 26Otgontsetsegiin shiree hamgiin ih taalagdlaa