Б.Анар: Ирээдүйн сургууль – Орчлон STEAM ахлах сургууль

Хичээлийн шинэ жилийн баярыг тохиолдуулан шинэхэн дугаартаа Орчлон олон улсын ахлах сургуулийн интерьерийг та бүхэндээ онцлон хүргэхээр бэлтгэлээ. Биднийг зорин очиход тус сургуулийн ахлах сургуулийн захирал Б.Анар найрсгаар угтан авч ярилцсан юм. Хүүхдийн хүсэл эрмэлзлийг өрдөж бадраах бүхий л нөөц боломжоор хангагдсан ийм орчныг бий болгохын тулд сургуулийн бүтээн байгуулалтад оролцсон хүн бүр чин зүрх сэтгэлээ зориулсныг деталь болгоноос анзаарч болохоор байв. Тиймээс энэ сургуульд Монголын чадварлаг боловсон хүчний нэгээхэн хэсэг бэлтгэгдэж, эх орны маань бахархал болно гэдэгт итгэлтэй байна. Ингээд технологийн дэвшил, сонирхолтой шийдлийг цогцлоосон "ирээдүйн" ч гэж тодорхойлж болохуйц Орчлон ахлах сургуультай танилцахыг урьж байна.


Ахлах сургуулийн захирал
Б.Анар

Сайн байна уу? Танд хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе. Юуны түрүүнд, бидэнд сургуулийнхаа тухай товч танилцуулна уу.  

Сайн байцгаана уу? Манай Орчлон ахлах сургуульд хүрэлцэн ирсэн та бүхэнд мөн баярлалаа. Үүнийг уншиж буй хүмүүст ч гэсэн мэнд хүргэе. Зөвхөн ахлах сургууль гэлтгүй “Орчлон” сургуулиа нийтэд нь товч танилцуулъя гэж бодлоо. Үндэсний болон Кембрижийн Олон улсын ерөнхий боловсролын хөтөлбөрийг хослуулан хэрэгжүүлдэг хос хэлний сургалттай “Орчлон” олон улсын сургууль маань 2001 онд үүсгэн байгуулагдсан. Одоогийн байдлаар цэцэрлэгийн наснаас эхлэн ахлах сургууль хүртэлх нийт 1800 орчим суралцагчтай үйл ажиллагаа явуулж байна. Сурагчид маань үндэсний ёс зан заншил, хэл соёлд тулгуурлан олон улсын хөтөлбөрийг хамт судалдаг учраас төгсөхдөө хос дипломтой төгсдөг. Манай сургуулийн үнэт зүйлийг товч үгээр тодорхойлбол “Дэлхийн Монгол иргэнийг бэлтгэнэ” гэсэн урианаас ойлгож болно. Учир нь бид сурагч болгоныг чадварлаг бас хүнлэг нэгэн болгон төлөвшүүлэхийн тулд сургалтын хөтөлбөр, орчин нөхцөл гээд бүх талаар хичээн ажилладаг.

Үүдээр орохоос өмнө танай сургуулийн гадна байрлах түмэн насан хээ болон шонхор шувууны хөшөө анхаарал татлаа. Энэ бүхэн ихэд бэлгэдэл шингээсэн болов уу?

Ахлах сургуулийн шинэ барилга 2019 оны 11-р сард ашиглалтад орсон юм. Манай сургуулийн үүсгэн байгуулагч Д.Батмөнх багш маань дуусашгүй, төгсөшгүй, дундаршгүй мөнхийн бэлгэдлийг шингээн сургуулийнхаа туурга хананд түмэн насан хээг оруулж өгсөн байгаа. Харин хурд хүч, авхаалж самбаа, бахдам амжилтын илэрхийлэл шонхор шувуу бол манай сургуулийн бэлгэ тэмдэг. Сонирхуулж хэлэхэд, бид ахлах сургуулийн шинэ барилгаа барихаас өмнө Хонг-Конг, Шанхай, Бээжин, Токио хотод байрлах олон улсын топ сургуультай танилцан, тэндээс туршлага судалж орчин үеийн шинэлэг хэв маяг болон өөрсдийн үнэт зүйлд нийцүүлэн байгуулсан. Бүгдээрээ хамт дотогш орцгооё. Та бүхэнд би сургуулийнхаа интерьерийн тухай дэлгэрэнгүй танилцуулж өгье.

ОРЧЛОН АХЛАХ СУРГУУЛЬД ТАВТАЙ МОРИЛ!

Сургуульдаа орж ирээд хүүхдүүд хамгийн түрүүнд гутал, хувцсаа сольж өмсдөг. Энэ нь сургуулийн орчноо хүндэтгэж буйгаас гадна эрүүл аюулгүй байдлыг хүүхдүүд өөрсдөө бүрдүүлж буй соёл гэж ойлгож болно. Мөн эдгээр бүх шүүгээ цоожгүй. Магадгүй уншиж буй хүмүүс гайхах байх л даа. Гэхдээ ингэж цоожгүй байснаар хүүхдүүд нэгэндээ итгэх, бусдын зүйлд зөвшөөрөлгүй хүрэхгүй байх хүмүүжилд суралцаж буй юм.

Манай сургуулийн хувцасны шүүгээ итгэлээр "ажилладаг".

Сургууль маань 270 орчим багш ажилчидтай бөгөөд 25 орчим гадаад багш ажилладаг. Ерөнхийдөө нийт багш нарын 90 хувь нь Монгол багш нар бий. Дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц Монгол иргэнийг бэлтгэх нь бидний үнэт зүйл учраас эхлээд сурагчдадаа Монгол Улсын түүх, ёс заншлын тухай таниулахыг зорьдог.

ЗҮРХ СЭТГЭЛИЙН БОЛОВСРОЛ

За та бүхэн яг одоо “Social emotional learning” буюу зүрх сэтгэлийн боловсрол гэдэг хөтөлбөрийн самбарыг харж байна. Манай сургууль энэхүү хөтөлбөрийг Монголдоо анх удаа санаачилж 2016 оноос хойш хэрэгжүүлж байна. Зүрх сэтгэлийн боловсрол хөтөлбөр нь хүүхдийг сэтгэл зүйн мэдлэгтэй зөв хүн болж төлөвшихөд туслах зорилготой. Одоогоор энэ хөтөлбөрийн хүрээнд манай сургууль дээр мэргэжлийн 2 сэтгэл зүйч, 2 нийгмийн ажилтан бүтэн цагаар ажиллаж байна. Хамгийн гол нь бусдыг ойлгож уучлах, өөрийгөө бүрэн илэрхийлж сурах, хүүхэд өөрийгөө танин мэдэхэд туслах нь энэ хөтөлбөрийн онцлог юм. Өөрөөр хэлбэл сурагч зөвхөн академик мэдлэгээс гадна хувь хүний олон зөв дадал хэвшилд суралцаж, ямар нэгэн стресс бухимдалгүй сэтгэл зүйн боловсролтой болох юм. Мөн сурагчид маань унтлагын цагтай байдаг. Ингэж өдөр нойроо авч, амарснаар хичээлдээ илүү идэвхтэй байхын сацуу эрүүл мэндийн хувьд ач холбогдолтой.

ISO 9001:2015 ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭТЭЙ СУРГУУЛЬ

Манай сургууль олон улсын ISO 9001:2015 гэсэн чанарын үнэлгээтэй. Тиймээс жил бүр сургуулийнхаа ерөнхий үйл ажиллагаа, сургалт үйлчилгээ гээд бүх зүйлээ чанарын шалгалтаар оруулж, хянуулдаг. Монголд анх удаа энэ үнэлгээг хэрэгжүүлсэн сургуулиар тодорч чадсан маань сургуулийнхаа ажилчдаар бахархах нэгэн шалтгаан гэж боддог.

Сургууль дотор шилэн лифт ажилладаг. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй болон гэмтэж бэртсэн хүүхдийг тээвэрлэх зориулалттай.

ХҮҮХДИЙН САЙН САЙХАНД ЗОРИУЛАГДСАН 8000 МКВ

Орчлон ахлах сургуулийн барилгын тухайд гэвэл 3-н давхар нийт 8000 мкв талбайтай. Мөн нийт барилга байгууламжид 1 жил 6-н сарын хугацаанд нийт 330 мянган хүн/цаг зарцуулсан ба 146 үндэсний компаниудтай хамтарч ажилласан. Энэ дотор 764 инженер технологийн ажилчид багтсан. Архитектурыг MCS Propertу компани гаргасан бөгөөд интерьер дизайныг Next Nature компани гүйцэтгэсэн.

Монгол инженер техникийн ажилчид Монголынхоо хүүхэд залуусын ирээдүйд зориулж хийсэн маш том хөрөнгө оруулалт бол Орчлон сургууль юм.

Манай ихэнх анги танхимууд шилэн ханатайгаас гадна коридор хэсгээс тууш харвал долгиолсон динамик хэлбэртэй зохион байгуулагдсан. Ийм шилэн ханатай байснаар гаднаас сургалтын албаны удирдлагууд хичээлийн дундуур гаднаас нь хараад хяналт тавих боломжтой. Түүнчлэн, хүүхдэд нээлттэй, агаарлаг мэдрэмж төрүүлэх үүднээс ингэж шийдсэн. Энэ шилэн ханан дээр багш сурагчид маркер-аар зурж, тэмдэглэх боломжтой. Ер нь сургуулийн маань өнцөг булан бүрд ийм зориулалттай хана их бий.

Мөн анги танхим болгон ухаалаг дэлгэцээр тоноглогдсон. Энэ дэлгэцээр багш өөрийн бэлдсэн presentation болон видео хичээлээ сурагчдад үзүүлэх, орчин үеийн технологи ашиглан хичээлээ заах бүрэн боломжтой.

ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНД НЭН ТЭРГҮҮНД

Хэрвээ анзаарсан бол давхар болгоны баруун, зүүн жигүүрт халуун болон хүйтэн цэвэр усны цорго байрладаг. Бид сурагчдадаа өдөр болгон цэвэр ус сайн уухыг зөвлөдөг юм. Та бүхэн мөн дээшээ таазны хэсгийг ажиглаж харвал цагаан хөөсөн материалаар шүршиж будсан байгаа. Энэ нь дуу чимээг маш сайн тусгаарладаг. Сургууль бол хүүхдийн инээд хөөр цангинадаг дуу чимээ ихтэй орчин шүү дээ. Тиймээс багш, сурагчдын анхаарлыг сарниулахгүйн тулд ингэж шийдсэн. Сургуулийн бүх хэсэгт дуу тусгаарлагч бий.

SCIENCE WING ТАНХИМ

За энэхүү Science wing бол хими, физик, биологи гэх мэт байгалийн шинжлэх ухааны танхим юм. Хичээл гээд ширээний ард суудаг бус илүү лаборатори маягийн орчныг энд бүрдүүлэхийг хичээсэн шүү. Яагаад гэвэл, Кембриджийн хөтөлбөрийн хими, физикийн хичээлийн олон улсын шалгалтууд хүүхдийг бие даан туршилт хийж, үр дүнгээ танилцуулахыг шаарддаг болохоор үүнд зориулан бүх шаардлагатай тоног төхөөрөмжийг бүрдүүлсэн.

Та бүхэн одоо физикийн танхимыг харж байна. Энд Англи, Америк, Хятад улсаас ирсэн сургалтын зориулалттай багаж хэрэгсэл байрладаг. Бүгдийг нь сургуульдаа зориулж шинээр авсан. Энэ гурван танхим хоорондоо шилэн ханаар тусгаарлагдсан. Гэхдээ нэг том лекцийн танхим болгох шаардлага гарвал тусгаарлагч ханыг нээгээд хичээл орж болдог.

Физикийн танхим ↑

Зориулалтын сорох төхөөрөмж, уусмал хадгалах хөргүүр, угаалтуур гээд бүх хэрэгцээт зүйлс энд бий.

Сурагчид маань мэргэжилдээ шаардлагатай хичээлийг голчлон үздэг учраас нэг мэргэжлийн багшид заримдаа 5-н хүүхэд ч оногдох магадлал бий. Тиймээс иймэрхүү хэмжээний жижиг групп-д зориулж жижиг хэмжээний лаборатори өрөөг бий болгосон.

Энэ бол биологийн хичээлийн хэсэг. Маш олон сурагч нарийн мэргэжлийн эмч, био технологич болох хүсэлтэй байдаг учраас анагаахын сургуульд ашиглагддаг зориулалтын манекен-ыг энд байрлуулсан.

Биологийн танхим ↑

Мөн химийн туршилтын хэсэгт сургалтын журмаар ашиглагддаг химийн бодис болон түүнийг хадгалах тусгай өрөө байрладаг. Бүх багаж хэрэгсэл сургалтын зориулалтын гэдгээрээ онцлог. Энэ хэсгийн интерьер дизайны концепц-ыг манай багш нар өөрийн заах арга барилдаа тохируулан тохижуулсан байгаа. Энд гурван лаборант ажилладаг. Мэдээж химийн бодис, тусгай тоног төхөөрөмж байрладаг учраас аюулгүй ажиллагааны зааврыг багш нар өдөр болгон сурагчдадаа өгч хичээллэдэг.

Химийн танхим ↑

MAKER’S SPACE – БҮТЭЭЛЧ ОРЧИН

Энд мэдээллийн технологи дата боловсруулах болон программын код бичих, гар урлал, робот угсралт, хувцас дизайны хичээл ордог. Хичээлээ үзээд, үргэлжлүүлэн өөрсдөө бүтээл урлах, бодитоор туршилт хийх зориулалттай хэсэг болохоор лазер зүсэгч, CNC машин, 3D принтер, цахилгаан оёдлын машин, гагнуурын хэрэгсэл гээд шаардлагатай бүх төхөөрөмж бий. Энэ өрөөнд сурагчид маань үйлдвэрлэл эрхлэх боломжтой. Ерөнхийдөө энэ хэсгийн интерьерт хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх төрөл бүрийн тод өнгө зонхилж байгаа.

Mэдээллийн технологи ↑
Гар урлал ↑
Хувцас дизайн ↑
Робот угсралт ↑

СУРГУУЛИЙН ОРЧИНД ТЕХНОЛОГИЙН ДЭВШИЛ

Та бүхэнд сургуулийнхаа нэг ангийг жишээ болгон танилцуулъя. Энэ бол Google expedition дээрх хичээлүүдийг судлах боломжтой VR set төхөөрөмж, ухаалаг дэлгэцээр тоноглогдсон анги юм. Жишээ нь, дэлхийн түүхийн хичээл дээр хүүхдүүд VR set төхөөрөмжийн тусламжтай дэлхийн II-р дайн эсвэл эртний Египетийн тухайн цаг үеийг нүдээр харж сонсон мэдрэх боломжтой гэсэн үг.

Сандал ширээний хувьд хүүхдийн биеийн хөгжилд зориулагдсан. Анги танхимаа аль болох тод өнгө, онцгой хэлбэр дүрсээр чимсэн нь хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх, өөрийгөө илэрхийлэх чөлөөтэй байхад тулгуурласан гэж болно.

УРЛАГИЙН МЭДРЭМЖЭЭР ХӨГЛӨГДСӨН ОНЦГОЙ ОРЧИН

Яг одоо арт-ын танхимд орж ирж байна. Энд видео хийх зураг авалт, дуу бичлэгийн бяцхан студи, дууны найруулгын өрөө болон уран зургийн хэсэг байрладаг. Орчин үеийн техник төхөөрөмж ашиглан хүүхдүүд хүссэн бүтээлээ энд хийж болно. Хүүхдүүдийн маань зурсан уран зургууд сургуулийн интерьерийг гайхалтай чимдэг. Эндээс ирээдүйн алдартай кино найруулагч, дуучин, ая зохиогчид төрөн гарна гэдэгт би хувьдаа огтхон ч эргэлздэггүй ээ.

СУРГУУЛИЙН ХАМГИЙН БАХАРХАЛТАЙ ХЭСЭГ

Бахдам амжилтын түүчээ болсон төгсөгчдийн маань хэсэг бол манай сургуулийн хамгийн хүндэтгэлтэй хэсэг. Учир нь жил бүр манай сургуулийн нийт төгсөгчдийн дунджаар 70-80 хувь нь дэлхийн алдартай их, дээд сургуульд тэтгэлэг авч, амжилттай элсэн суралцдаг. Төгсөгчдийн маань суралцаж буй сургуулиудаас дурдвал, University of Cambridge, MIT, Columbia, NYU Abu Dhabi, UCL, UBC, TIT гээд дэлхийн өнцөг булан бүрд байрлах топ сургуулиуд багтдаг.

TOP in the World жагсаалтад манай сургуулийн хоёр сурагч тодорч, шалгарсан.

Төгсөгч хүүхдүүдийн маань төлөөлөл HSK-6, SAT-1520, IELTS-8, TOEFL-119 гэсэн өндөр оноог авсан байдаг. Мөн анх удаа Монгол улсааc oлон улсын Кембрижийн хөтөлбөрийн Дэлхийн шилдэг сурагч буюу TOP in the World жагсаалтад манай сургуулийн хоёр сурагч Математик болон Байгалийн ухааны хичээлээр тодорч шалгарсан. Энэ баярт үйл явдал нь манай Монгол багш нарын ур чадвар, хичээл зүтгэлийг үнэлэн харуулсан бахдам амжилт гэж бодож явдаг.

Номын сан ↑
Багш нарын өрөө ↑
Кафетериа ↑
Blackbox театр ↑
Спорт заал ↑
Хурлын заал (240 суудалтай) ↑
Хөл бөмбөгийн талбай ↑

Ийнхүү Орчлон сургуультай танилцах аялал өндөрлөсөн билээ. Хүүхдийн гэрэлт ирээдүйн төлөө чимээгүйхэн хөдөлмөрлөж, эх орныхоо боловсролын салбарт олон шинэлэг санаачилга гарган хэрэгжүүлж буй энэ чадварлаг хамт олноор бахархах сэтгэл өөрийн эрхгүй ундарч байсныг нуух юун. Тэд үнэхээр зорьсон зорилт шигээ Дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц Монгол иргэнийг бэлтгэж чаджээ.

Орчлон олон улсын сургуулийн хамт олонд ажлын өндөр их амжилтыг дахин дахин хүсье.

Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх

6 Сэтгэгдэл

Зочин

2020 / 09 / 03
Хариулах

ymar gazar hiisen ym?

0

Зочин

2020 / 09 / 03
Хариулах

unshaad uz

0

Зочин

2020 / 09 / 02
Хариулах

Сайхан хамт олноороо бахархахгүй байхын аргагүй. Та нартаа амжилт хүсье

0

Зочин

2020 / 09 / 02
Хариулах

♾🎵♥️🇲🇳🧲🍀

0

Зочин

2020 / 09 / 02
Хариулах

💯💯💯💯💯

0

Зочин

2020 / 09 / 01
Хариулах

Buh surguuli l iim bh yostoi bgaamdaa, huuhed bolgon iim orchind suraltsah erhtei

7