Б.Батбилэг: Зориулагдсан орчинд л комеди тоглолт "амьтай" болдог

Тайзан дээр ганцаар гарч, бүх үзэгчдийг инээлгэж чаддаг хошин урлагийн нэгэн төрөл болох "стэнд-ап" комедиг Монголд амжилттай таниулж бас хөгжүүлж яваа комедиан, "UB Comedy" клубын үүсгэн байгуулагч Б.Батбилэгийг урьж ярилцлаа. Түүний байгуулсан комеди клуб өдгөө "Азийн шилдэг комеди клуб"-ээр шалгарч, дэлхийн алдартай комедиануудын зорин ирдэг клуб болжээ. Ингээд 5 тэрбум гаруй хүн амтай Ази тивийн шилдэг комеди клубын интерьерийг уншигч танд бахархалтайгаар хүргэж байна.


"UB Comedy" клубын үүсгэн байгуулагч
Б.Батбилэг

Юуны түрүүнд, Стэнд-ап комеди клубын орчин хэр чухал үүрэгтэй вэ? Үүнээс яриагаа эхэлье.

Стэнд-ап комеди нь Америкаас үүсэлтэй. Ерөнхийдөө нийгмийн дунд чөлөөтэй ярьж болдоггүй аливаа асуудал, сэдвийг инээдтэй болгож хөрвүүлэн ярьж, ойлгуулдаг урлагийн нэг төрөл. Өөрөөр ярьж хэлбэл уурлах гээд байдаг зүйлийг хүмүүст энгийн, хөнгөн байдлаар илэрхийлдэг гэсэн үг л дээ. Заримдаа зүгээр л амьдралд ойр, өдөр тутмын үйл явдлыг хөгжилтэй байдлаар ярих нь ч бий. Ер нь хүн тав тухтай, сайхан орчинд л чөлөөтэй инээж чадна шүү дээ. Энэ утгаараа комеди клубын интерьер, бүрдүүлсэн уур амьсгал их чухал үүрэгтэй санагддаг.

Дэлхийн анхны комеди клубын интерьер ямар байсан бол?

Америкийн анхны комеди клуб болох Improv нь кофе шоп ажилладаг байсан хуучны барилга дотор үүсгэн байгуулагдсан юм билээ. Тухайн үед тэр клубын гишүүдэд тайз засах хэмжээний мөнгө байгаагүй учраас кофе шопын хуучирсан тоосгон хананы урд зогсоод комеди ярьж эхэлсэн гэдэг. Одоо ч гэсэн Америкийн Нью-Йорк хотноо энэ клуб ажилладаг бөгөөд комеди клубуудын дунд тоосгон хана нь жишиг болтлоо тогтсон гэж болно. Зарим клуб энэ хэв маягийг дуурайн албаар тоосгон ханатай тайз зассан харагддаг.

Тайзан дээрээс ярьж буй хошигнол үзэгчдийн хариу үйлдэлтэй нэгдэж байж энэ зүйл цогц болж чаддаг.

Комеди клубын интерьерт анзаарагддаг бас нэгэн нийтлэг тал бол тайз болон үзэгчийн хоорондын зай байдаг шүү дээ. Яагаад энэ зай ойрхон байдаг вэ?

Учир нь комеди клубын хувьд үзэгчид маш их үүрэгтэй. Тайзан дээрээс ярьж буй хошигнол үзэгчдийн хариу үйлдэлтэй нэгдэж байж энэ зүйл цогц болж чаддаг. Тэгэхээр тайз болон үзэгчдийн зай ойрхон бөгөөд үзэгчдийн бүх анхаарал тайзан дээр төвлөрөх шаардлагатай юм. Мөн үзэгч хоорондын зай ч бас ойрхон байдаг. "Инээд халдварладаг" гэдэг шүү дээ. Ганцаараа дэлгэцний цаанаас комеди үзэх болон клуб дээр ирээд олон хүмүүстэй хамт сууж, тэр уур амьсгалд комеди үзэх ялгаа нь маш их.

“100 айл”-руу 100 байтугай л явсан.

UB Comedy клубыг байгуулсан түүхийг эргэн сөхье. Комеди клубыг ямар дизайнтай байлгахаар төлөвлөсөн бэ?

Манай клубыг зорин ирсэн үзэгчид энд орж ирээд тоглолт үзэх гэж байна гэсэн догдлол мэдэрч, өдөр тутмын байдгаасаа өөр сэтгэл зүйтэй байгаасай гэж хүссэн. Ерөөсөө бүх зүйл үзэгчийн сэтгэл ханамж, тав тухтай байдалд зориулагдсан. Комеди клубтэй болохыг мөрөөдөж эхэлснээс хойш төсөөлөлдөө буулгасан тэр клубыг бий болгохын төлөө их хичээсэн шүү. Манай интерьер дизайныг хийж, гүйцэтгэсэн Studio loft компанийн захирал Г.Билгүүдэй бид хоёр “100 айл”-руу 100 байтугай л явсан даа /инээв/. Миний хувьд энэ клубын бүх зүйлд гар бие оролцож, нэг ширхэг гэрлийг хүртэл өөрөө сонгож хийсэн болохоор ч тэр юм уу клубээ маш их хайрладаг юм. Бүх зүйл нь надад үнэ цэнтэй санагддаг.

Интерьер дизайны зураг гаргуулахдаа санаа авсан комеди клуб бий юу?

Хөшигтэй тайз засах санааг Америкийн Лос Анжелес хотод байрлах Comedy Store клубээс авсан. Энэ клуб 1972 онд байгуулагдсан ба одоо ч тасралтгүй орой болгон тоглолт зохион байгуулдаг шилдэг клубуудын нэг. Мөн анзаарсан бол үүдээр орж ирэхэд манай клубын тайзан дээр гарч, комеди ярьж байсан уран бүтээлчдийн зураг бий. Энэ санааг бас Comedy Store клубээс авч байсан.

Манай клубын нэг давуу тал нь үзэгч заалны хаана ч суусан тайзны яриа яг адилхан сонсогддог.

Агааржуулалт, акустик зэргийг хэрхэн шийдсэн бэ?

Комеди урлагийн гол "хэрэгсэл" нь яриа учраас үзэгчдэд тод цэвэр сонсогдох хэрэгтэй. Тиймээс ITC solution гэдэг компаниар акустикаа хийлгэсэн. Монголын бүх кино театруудын дууны дуугаралтыг хийж өгсөн компанитай юм билээ. Бид байнга үйлчилгээ авч, хамтран ажилладаг. Яригч болгоныг тусгай төхөөрөмжөөр хөглөж тохируулсан. Бид бас тайзанд зориулагдсан тайзны конденсор микрофон ашигладаг. Мэдээж үзэгчид таатай, сэрүүхэн, цэвэр агаартай орчинд тоглолт үзэх ёстой гэдэг үүднээс агааржуулалтыг мөн маш сайн системээр шийдсэн.

Үзэгч тайз хоёрын хооронд бүжгийн талбай ч юм уу ямар нэгэн зай, анхаарал сарниулах зүйл байх ёсгүй.

Мөн зарим үед баганын ард үзэгч суусан тохиолдолд дэлгэцээр шууд дамжуулалт хийдэг. (Гэхдээ ихэнхдээ баганын ард үзэгч суулгадаггүй л дээ.)

Цаашид шинээр нээгдэх стэнд-ап комеди клубууд интерьертээ үүнийг л битгий орхигдуулаасай гэж боддог зүйл бий юу?

Комеди гэдэг урлаг маань үзэгчидтэй нягт холбоотой учраас тайзыг үзэгчидтэй ойр зохион байгуулдаг энэ төлөвлөлт битгий алдагдаасай гэж бодож байна. Үзэгч тайз хоёрын хооронд бүжгийн талбай ч юм уу ямар нэгэн зай, анхаарал сарниулах зүйл байх ёсгүй. Мөн тохиромжгүй орчинд комеди битгий хийгээсэй гэж боддог. Тоглолтын уур амьсгалыг бүрдүүлж чадахгүй бол тоглолт гоё болохгүй. Олон жил туршигдаад шалгарчихсан хэв маяг, зарчмыг алдагдуулахгүй бол яг л жинхэнэ утгаараа комеди тоглолт маш үр дүнтэй, сайхан уур амьсгалтай болж чадна гэж зөвлөмөөр байна.

Очиж байсан хамгийн гоё комеди клуб чинь хаана байрладаг вэ?

Би бол Америкийн Лос Анжелес хотод байрлах Comedy Store гэж хэлнэ. Миний шүтэж явдаг клубуудын нэг юм. Энэ клуб гурван танхимтай. Main room буюу үндсэн танхим нь гэхэд 300 хүний суудалтай. Анх удаа энэ клубд ороход хамаг биений маань шар үс босож байсан. Олон жил хүмүүс инээсэн газар болохоор ч тэр юм уу маш онцгой энергитэй санагдсан. Их ч баялаг түүхтэй газар. Комеди клуб болохоос өмнө тэнд Мафийн клуб байсан гэдэг юм билээ.

Би энэ клубийн нууц өрөөнд хүртэл орж үзэж байсан. Нэг удаа хөөгдөөд гарч үзсэн. Тасалбар нь дуусчихсан байхад хамгаалагчдыг нь найрч байгаад ч орж байсан /инээв/. Тэнд бас би өөрийнхөө шүтэж явдаг бүх одуудтай тааралдаж, зургаа даруулж байсан. Тайзан дээр нь гарч нэг удаа комеди ярьж байсан гэх мэт. Надад маш тод сэтгэгдэл үлдээсэн. Гэхдээ Америкад өөр олон гоё клуб үйл ажиллагаа явуулдаг. Comedy Cellar, Denver comedy works гэх мэт…

Комеди клубийн интерьерт хүмүүсийн инээд хөөр шингэсэн байх нь чухал байдаг байх нь ээ.

Миний хувьд баялаг түүхтэй клуб гоё санагддаг. Үүн шиг "Ub comedy" клуб маань ч гэсэн урт хугацаанд энэ байршил дээрээ оршин тогтноосой гэж хүсдэг юм. Тиймээс уран бүтээлчдээ хөгжүүлж, шинэ залуу хүмүүсийг нээн илрүүлж, үргэлж шинэчлэгдэж байх хэрэгтэй гэж боддог. Комеди бол хүмүүсийн инээх соёл төдийгүй асуудлаа хөнгөн байдлаар "ярилцах" соёл юм.

UB Comedy клуб шинэ салбараа нээж өргөжихөөр болбол хэзээ ч орхигдуулахгүй зүйлс бий юу?

Манай клуб салбартай боллоо гэхэд өөрчлөгдөхгүй нэг зүйл бол манай тайзны дизайн юм. Энэ тайз бол хаана ч очсон UB comedy-ийн тайз гэж харагдах хэмжээний нэг илэрхийлэмж гэж боддог.

Мэдээж төгс зүйл гэж байдаггүй. Үргэлж шинэчлэх зүйл гарч ирж л байдаг шүү дээ. Ингээд л бүх засвар үйлчилгээ ингээд дуусчихлаа гэж хэлэхгүй. Гэхдээ хөх цэнхэр хөшиг, тайз, лого зэрэг манай гол өнгө төрх болсон зүйлс өөрчлөгдөхгүй. Харин техник төхөөрөмж, үзүүлбэр талаас нь байнга сайжруулах болно.


Studio Loft компанийн үүсгэн байгуулагч
Г.Билгүүдэй

Комеди клубын интерьерийг хийх нь бусад төслүүдээс хэр ялгаатай байсан бэ?

Мэдээж манайд өмнө нь ийм хэмжээний комеди клуб байгаагүй учраас дотоодоос санаа авах зүйл байгаагүй. Стэнд-ап комеди маань Америкаас үүсэлтэй урлаг. Тиймээс яг тэндхийн клубын интерьерийг судлаж үзээд, ерөнхий дизайны санаагаа гаргасан. Үүн дээр нэмээд "UB Comedy" клубын өөрийнх нь лого, өнгө төрхийг тод харуулахыг зорьж ажилласан. Стэнд-ап комеди үзэх шинэ соёлыг бий болгож, тохирсон орчныг бий болгохын төлөө хичээсэн болохоор надад их шинэлэг санагдсан.

Засварын үйл явц хэрхэн өрнөсөн бэ?

Сант асар маань Улаанбаатар хотын түүхэн барилгуудын нэг гэдгээрээ онцлогтой. Тиймээс уг барилгын ерөнхий хийц буюу багана, дам нуруу, цахилгаан сүлжээ гэх мэт үндсэн өгөгдөлд тохируулан комеди клуб ажиллахад тохиромжтой болгохын тулд засварын ажлыг өрнүүлсэн. Зарим ханыг нурааж томруулаад заалны орц гарцыг шинээр хийсэн байгаа.

Өнгө төрхийн хувьд хэд хэдэн удаа ярилцаж, рендер зургаа 2,3 удаа өөрчилсөн байдаг. Яг тийм чиг хандлагатай гэж тодорхойлохоос илүүтэй олон дизайны элементийг нэгтгэсэн. Зарим талаараа Америкийн жазз хөгжмийн клубыг санагдуулж магадгүй юм. Учир нь тайзыг комеди клубуудэд байдаг нийтлэг хэмжээнээс арай том хийсэн.

Онцлог болгож тусгайлан хийсэн деталь бий юу?

Нарийн инженерингийн тал дээр илүү мэргэжлийн байлгах гэж зорьж шийдсэн нь онцлог юм болов уу. Жишээ нь, дотор тоглолт үзэж буй хүмүүсийн дуу гадагш тардаггүй бөгөөд гаднаас бас ямар нэгэн шуум орж ирэхээргүй болгох, комедианы яриа тод сонсогдох, олон хүн сууж үйлчлүүлэх учир агааржуулалтыг хангалттай хэмжээнд шийдэх гэх мэт.

Мөн гэрэлтүүлгээр дамжуулан одоо тоглолт эхлэх гэж байна, эсвэл тоглолт дууслаа гэх мэт тэр орчны шилжилт ялгааг мэдрүүлэхийг хичээсэн юм. Өөрөөр хэлбэл, энд байгаа гэрэлнүүд орчныг гэрэлтүүлэхээс гадна орчин солигдож байгаа ялгааг хүмүүст мэдрүүлэх мөн интерьерт декор болох гэсэн гурван үүрэгтэй.

Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх

1 Сэтгэгдэл

Зочин

2020 / 08 / 18
Хариулах

👍🏻👍🏻👍🏻👍🏻

0