Шинээр Эрэлттэй Онцлох

А.Соёлмаа: Дизайнеруудад судалгаа хийх цаг олгох нь маш чухал

Макс группын интерьер дизайнер А.Соёлмааг урьж ярилцлаа. Түүний мэдрэмжтэй сонголтууд болоод интерьерийн мэргэжлийн зөвлөгөөг багтаасан энэхүү ярилцлага хэрэгтэй мэдээллээр баялаг болсон гэдэгт итгэж байна. Ингээд "неоклассик" хэв маягаар тохижуулсан, түүний өнгөлөг, сонирхолтой гэрт тавтай морилно уу.


Макс группын интерьер дизайнер
А.Соёлмаа

Интерьерийнхээ дизайны санааг хэрхэн бодож олсон бэ? 

Гэрийн интерьер гэдэг тухайн гэр бүлийн амьдралын хэв маяг, ажил мэргэжлийн онцлогийг нэвт шингээсэн байх ёстой гэж боддог. Энэ ч утгаараа гэрийнхээ интерьерийг өөрийн хүсэлд нийцүүлж, зоригтой шийдлүүдийг тусгасан. Миний хувьд классик загварт дуртай боловч хэт нүсэр байхыг хүсээгүй. Аль болох хөнгөн мэдрэмж төрүүлэхүйц хэрнээ тансаг чамин зүйлд дуртай болохоор энэ бүгдийг багтаасан неоклассик дизайныг барьж тохижуулсан.  

Өнгөний сонголт их содон санагдаж байна. Яагаад гүн хөх өнгийн хана гэж?

Манайх засвараа хийгээд, ханаа гүн хөх өнгөөр будаад яг гурван жил гаруй болсон байна. Тухайн үед өөрт таалагдсан өнгийг сонгож будсан нь энэ жилийн трэнд өнгө болсон байсан. Манай гэрт зонхилж байгаа цагаан цэнхэр өнгөний хоршил маш өнгөлөг харагддаг. Ийм гүн хөх өнгө алтлаг шаргал эдлэлүүдтэй тун гоёмсог зохицдог болохоор декоруудаа түлхүү алтлаг өнгө сонгож тохижуулсан. Ерөнхийдөө нэгэн хэвийн бус зоригтой шийдэл тусгахыг зорьсон. Би өөрөө интерьер дизайнер мэргэжилтэй. Гэхдээ дизайнер хүмүүс захиалагчдын л хүссэн интерьерийг хийхээс биш хувийн хүслээр шийдэмгий зүйл тусгах боломж тэр бүр олддоггүй л дээ. Тийм болохоор мэргэжлийнхээ онцлогийг ашиглан гэрийнхээ интерьерт хүссэн зүйлээ бодит болгохыг хичээн ажилласан.

Таны гэрт лаа их харагдаж байна. Лааны талаарх бодлоо хуваалцана уу? 

Лааны илчийг харж суух тааламжтай, дулаан мэдрэмж төрүүлдэг болохоор гэртээ лаа асаах дуртай. Мэдээж лаа асаахдаа тодорхой цагт асаагаад унтраадаг. Урт хугацаанд асаалттай байлгах нь эрүүл мэнд болоод аюулгүй байдлын хувьд зохимжгүй. Миний хувьд интерьертэйгээ нийцүүлж алтлаг шар өнгөтэй лааг ихэвчлэн хэрэглэдэг. Харин сонголтын тухайд байгалийн гаралтай түүхий эд ашигласан лааг хэрэглэхийг зөвлөе.

Лааны суурийг мөн интерьертээ тохируулан сонгосон уу?

Манай гэр хүйтэн өнгөний төрөлд багтдаг гүн хөх өнгийн ханатай болохоор гэрлийн бүрхүүл, бусад декоруудаа шаргал өнгөтэйг сонгосон. Хэрвээ гэрлийн бүрхүүл маань мөнгөлөг, толин гадаргуутай байсан бол хэт хүйтэн уур амьсгал үүсэх байсан. Харин алтлаг декор ашигласнаар интерьер дэх өнгөний балансыг тэнцвэржүүлж, хүйтэн уур амьсгал бүрдэхээс сэргийлсэн. Эзэгтэй нартаа сонирхуулж хэлэхэд, хэрвээ хүссэн загварын декорны чинь өнгө таалагдахгүй бол шүршдэг будгаар будах их зүгээр санагдсан шүү. Сайн чанартайг нь сонгоод будвал ямар ч асуудал үүсдэггүй юм байна лээ.

Алтлаг декор ашигласнаар интерьер дэх өнгөний балансыг тэнцвэржүүлж, хүйтэн уур амьсгал бүрдэхээс сэргийлсэн.

Интерьерт мөн өнгө, үнэр, гэрэл, хөгжим том байр суурийг эзэлдэг гэдэг дээ. Танай гэрийн хувьд эдгээрийн аль нь илүү чухал үүрэг гүйцэтгэдэг вэ? 

Үнэрийн хувьд ургамлын харшилтай учраас төрөл бүрийн тасалгааны ургамал, үнэртүүлэгч байрлуулахаас зайлсхийдэг. Харин гэрэл, хөгжим, тод өнгөнд үнэхээр дуртай шүү. Манай нөхөр хийл хөгжимд дуртай, их сайхан тоглодог юм. Би бас дагаад хийл хөгжмийг бага зэрэг тоглож сурч байгаа. Гэртээ хөгжим сонсоно гэдэг бидэнд маш амар амгалан, тухтай мэдрэмж өгдөг. Хүүхдүүддээ ч гэсэн хөгжмийн боловсролыг багаас нь олгохыг хүсдэг юм. Ихэвчлэн сонгодог, зөөлөн хэмнэлтэй ая сонсох дуртай.

Гэрт тань зочилсон хүмүүс ямар сэтгэгдэл хэлдэг вэ?

Ойр дотнын хүмүүстээ анх ханаа цэнхэр өнгөөр будаж байгаагаа хэлэхэд бүгд л гайхаж байсан ч засвар дууссаны дараа зочилж ирээд үнэхээр сайхан болжээ гэж байсан. Заслыг маань хийсэн ажилчид хүртэл “цэнхэр айл” гээд манайхыг нэрлэчихсэн байсан/инээв/. Бидний зүгээс илүү гоёмсог тод өнгөөр тохижуулахыг хүссэн болохоор зоригтой шийдсэн дээ. Засварын үйл явцын үед бага зэрэг гайхаж, эргэлзсэн ч бүтэн засвар дууссаны дараа харахад хүссэн үр дүн маань гарсанд баяртай байгаа.

Одоо нэмж хийх, дутуу үлдээсэн деталь бий юу? 

Би одоохондоо гэртээ нялх хүүхдээ харж байгаа болохоор хүүхдийн өрөөгөө урлан болгож ашиглаж байгаа юм. Юм оёх, зураг зурах гэх мэтээр үр бүтээлтэй цагийг өнгөрүүлж байхын тулд түр урлан болгосон. Тэгэхээр хүүхдийн өрөөгөө цаг нь болохоор дахин шинэчилж засах байх. Харин зочны өрөөний ханан дээрээ абстракт зураг зурж, байрлуулахаар төлөвлөж байна.

Материалын сонголт дээр хэрхэн ажилласан бэ? 

Бидний хувьд шинэ байранд орсон болохоор нэг их том засвар шаардаагүй. Гэхдээ ханын өнгөө өөрчлөх, өмнө нь хэрэглэж байсан тавилгуудаа шинэчлэх гэх мэт зүйлс дээр материалаа бодолцож сонгосон. Эмульсийн хувьд мөөгөнцөр үүсгэхгүй, бактери үржүүлдэггүй, үнэргүйг нь сонгосон. Муухай болчихвол нэмж будаж, өнгийг нь хүссэн үедээ өөрчилж болдог учраас эмульс хэрэглэхэд маш амар. Мөн аль болох үндэсний үйлдвэрлэгчдээсээ сонголт хийхийг хичээсэн. Говь хангай мебелийн буйдан, Эрдэнэт хивс гэх мэт.

Эрдэнэт Хивс: "Бид Монгол хонины ноосыг боловсруулан, 80-100 хувь ноосны агууламжтай хивс хивсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Угааж цэвэрлэхэд хялбар, эдэлгээ даах чанартай, харшил үүсгэгчгүй байгалийн цэвэр түүхий эдээр хийгдсэн Эрдэнэт хивс нь интерьерт дулаан, тохилог уур амьсгалыг бүрдүүлдэг. Модерн, классик, минимал гэх мэт ямар ч интерьерт гайхалтай зохицох олон нэр төрлийн хивсийг хэрэглэгчдэдээ санал болгож байна."

Интерьер гэдэг таны бодлоор ямар байх хэрэгтэй гэж боддог вэ?

Гэрийн интерьер бол тухайн айл гэрийнхний амьдралын хэв маяг, сонирхол, үнэт зүйлсийг нэвт шингээсэн байж чадсанаараа үнэ цэнтэй мөн тав тухтай орчин болж чаддаг. Заавал аль нэг хэв маягт баригдах шаардлагагүй. Сонирхол, дуртай зүйлстэй нь ойр мэдрэмжийг төрүүлж, түүгээр нь хүрээлүүлж чадсанаараа онцлог болдог гэж хэлж болно. Ер нь интерьерт бусдыг дуурайх, эсвэл нийтээрээ гоё сайхан гэсэн бүхэн танд тохирно гэсэн үг биш юм шүү гэдгийг хэлэхийг хүсэж байна. Тэгэхээр өөрсдийнхөө хувьд утга учиртай, хэрэгтэй сонголтыг хийх нь чухал. Жишээ нь: манай зочны өрөөний буйдан өмнө нь цагаан хамбан бүрээстэй байсан юм. Бид хоёр хоёулхнаа байдаг байхад интерьерт буйдан маань маш гоё харагддаг байсан ч хүүхэдтэй болсны дараа цагаан өнгийн буйданг арчлах амаргүй болсон доо. Хэдийгээр цагаан өнгө гоё боловч хэрэглээнд тохирохгүй учраас интерьерийнхээ ерөнхий өнгөтэй нийцүүлж саарал бүрээстэй болгож байсан. Одоо бол буйдангийнхаа өнгөнд маш дуртай байгаа. Ямагт өөрсдийн хүсэл шаардлагад нийцэх гарц үргэлж байж л байдаг. Хэрвээ бүр яах учраа олохгүй бол мэргэжлийн хүмүүст хандах нь хамгийн зөв шийдвэр байх болно.

Ер нь интерьерт бусдыг дуурайх, эсвэл нийтээрээ гоё сайхан гэсэн бүхэн танд тохирно гэсэн үг биш юм шүү. Тэгэхээр өөрсдийнхөө хувьд утга учиртай, хэрэгтэй сонголтыг хийх нь чухал.

Мэргэжлийн хүмүүст хандахдаа юуг анхаарах хэрэгтэй вэ?

Зураг төсөл захиалагчид маань дизайнеруудад судалгаа хийх хугацаа олгох нь маш чухал санагддаг. Сайн судалгаатай хийгдсэн интерьерийн зураг илүү тухтай, гэр бүлийн гишүүн бүрд хэрэгцээтэй байж чадна. Мөн тухайн ажил амжилттай болох том шалтгаан. Зориулж хийж байгаа хүмүүсийнхээ юу хүсэж байгааг нь тодорхойлох хугацааг дизайнеруудад олгох хэрэгтэй. Тэгж чадвал яаруулж хийсэн ажлаас илүүтэй үнэ цэнтэй болж, үр шимийг нь урт хугацааны турш мэдрэх боломжтой.

Манайхан дизайнерууддаа судалгаа хийх хугацааг нь олгох нь маш чухал.

Хүүхдийн өрөөний дизайны тухайд? 

Би саяхан хөл хорионоос өмнө хүүхдийн төв ажиллуулж үзсэн юм. Тухайн орчин маш сайхан байсан ч зөвхөн хүүхдийн анзаардаг зүйлс гэж байдаг юм байна. Томчууд хүүхдийг аюул эрсдэлээс сэргийлж байна гээд хэт сонирхолгүй орчинг бүрдүүлдэг юм билээ. Гэтэл хүүхэд өөрөө эрсдэл, бартаа саадыг давж туулах байгалийн инстинкттэй, адал явдалд дуртай байх жишээтэй. Хүчин чармайлт гаргаж амжилттай давсан зүйл тэр мөч хүүхдэд урам зориг өгдөг. Тиймээс аль болох хүүхдийн нас биеийн хөгжилд нь тохирсон саад, бэрхшээлийг үүсгэх шаардлагатай. Мөн хүүхдийн нүдийг ядраах, анхаарал сарниулах  олон тод өнгө сонгохоос урьтаж цөөн бөгөөд зөөлөн өнгө сонгох нь миний хувьд зөв санагдсан. Хүүхдийн сонирхол маш амархан буурдаг болохоор хөрвөх чадвартай орчинг бий болгохыг зөвлөе. Би хүүхдүүдээ монтессори маягаар хүмүүжүүлж төлөвшүүлэхийг хичээдэг. Хүүхдийн тоглоомын хэсэгт авхаалж самбаа шаардах жижиг саад гаргаж өгснөөрөө онцлогтой. Жишээ нь: оньсон тоглоом, цоож тайлах гэх мэт. Мөн ном бол чухал зүйл гэж боддог доо.

Хүүхэд өөрөө эрсдэл, бартаа саадыг давж туулах байгалийн инстинкттэй, адал явдалд дуртай байх жишээтэй… Тиймээс хүүхдийн өрөөг аль болох хүүхдийн нас, биеийн хөгжилд нь тохирсон саад, бэрхшээлийг үүсгэх шаардлагатай.

Дулааны улирал бол засварын оргил үе шүү дээ. Магадгүй бидний ярилцлагыг уншиж байгаа хүмүүс энэ зун гэртээ засвар хийхээр төлөвлөсөн байх. Засвараа юунаас эхлэх хэрэгтэй гэж зөвлөх вэ?

Хамгийн эхэнд нарны гэрлийг бодолцох хэрэгтэй болов уу. Үүнээс шалтгаалж дотоод орчинд ямар өнгө зонхилохыг шийдэж болдог. Өдрийн аль цагт нарны гэрэл орж ирдгийг тооцоолчихвол өнгөний сонголт хийхэд хялбар байх болно. Манай унтлагын өрөөнд өглөөний нарны улбар туяа орж ирдэг болохоор зориуд саарал /конкрит/ мэт харагддаг өнгө сонгосон. Яг нар мандах, жаргах цагаар маш үзэсгэлэнтэй уур амьсгал бүрддэг юм. Харин зочны өрөө өдөржин байгалийн гэрэлтэй байдаг учраас гүн хөх өнгө сонгохоос огт эргэлзээгүй.

Ярилцсанд баярлалаа. Таны гэр бүлд сайн сайхныг хүсье.

Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх

4 Сэтгэгдэл

Зочин

2020 / 05 / 20
Хариулах

Designaruud busdiin hiigeeguig hiij shiniig sedeh heregtei gej boddog. Tanaid orj baisan ailuudas gants design gej ontslon helj chadah ail ene bnda.

1

Зочин

2020 / 05 / 19
Хариулах

WOW!

0

Зочин

2020 / 05 / 19
Хариулах

wow eeljit niitlel goyo baina huleej bailaa shuu

0

Зочин

2020 / 05 / 19
Хариулах

modern hernee classic element orood irher goy boldiim bnshtt 😍

0