Б.Ануужин: Уран зурагнаас гэрээ тохижуулах дизайны санаа олсон

Гадаадад суугаа Монголчууд буюу тэр дундаа эрдэм боловсрол эзэмшихээр хичээн тэмүүлж буй залуустай амьдарч буй орчин, хэв маягийнх нь тухай ярилцсан ээлжит нийтлэлээрээ эргэн уулзаж байгаадаа таатай байна. Хүн болгон давтагдашгүй, хэнтэй ч харьцуулшгүй байдгийн адилаар тэдний бүрдүүлсэн орчин бүр өөр өөрийн уур амьсгал, хэв шинжтэй байгааг уншигчид маань хэдийн анзаарсан биз ээ. Ингээд Английн Лондон хотноо суралцаж, амьдарч буй залуу хосын гэрт тавтай морилно уу.


Интерьер сонирхогч
Б.Ануужин

Сайн байна уу? Юун түрүүнд Лондон хотын аль дүүрэгт байна вэ? Байгаа орчныхоо тухай яриагаа эхлүүлье.
Сайн байна уу? танай сайтын уншигч нарт мэнд хүргэе. Би энд Лондон хотын "Regents University" сургуульд Fashion Journalism мэргэжлээр магистрын хөтөлбөрт суралцаж байна. Европд ингэж удаан хугацааны турш амьдарч байгаагүй болохоор миний байгаа газрын бүх л зүйл нь маш шинэлэг, онцгой мэдрэмжийг надад төрүүлсэн. Үйлчилгээний газрууд, сургууль гэх мэт барилгууд нь хоорондоо маш ойрхон байрладаг бас орон сууцнууд нь ч гэсэн харьцангуй жижиг талбайтай байдаг юм билээ. Энд ирэхээсээ өмнө жижигхэн хирнээ тохилог кофе шоп мөн цэцгийн дэлгүүртэй ойрхон тиймэрхүү орчинд л амьдрахыг төсөөлж байсан учраас Лондон хотын Марилебон хэсэгт ирээд л анхны сэтгэгдэл маш өндөр байсан. Ер нь ойр орчмынхоо ихэнх байрнуудад очиж үзээд, судалж байж одоогийн амьдарч байгаа байраа олсон.

Гадаадад урт хугацаанд байрлах шаардлагатай үед түрээслэх буюу байрлах орон сууцаа хэрхэн сонгох хэрэгтэй гэж бодож байна?
Миний хувьд аль болох өндөр таазтай, өдрийн турш нар тусдаг том цонхтой гэх мэт зүйлсийг байр сонгохдоо илүүтэй анхаарч хайсан. Ер нь 3,4 жилийн өмнөөс л иймэрхүү байдлаар гэрээ тохижуулна гэж байнга төсөөлдөг байсантай холбоотой байх. Үүдээр нь анх ороход нар тусаж буй хэсэгт хичээлийн ширээ байрлуулахаар зориулагдсан юм шиг байсан нь их таалагдсан. Энэ байрыг сонгох болсон шалтгаануудын нэг бол зөв зохион байгуулалт юм. Одоо бид хоёрын амьдарч байгаа байр маань 1910-аад онд баригдсан барилга болохоор цаанаа л нэг тийм өвөрмөц уур амьсгалтай. Хуучны барилгуудын ихэнх нь өндөр таазтай баригдсан байдаг. Цонхны хэлбэр, ханын угалз хээ, бусад деталиуд нь их анхаарал татсан. Өдрийн ихэнх цагийг хичээлээ хийж өнгөрүүлдэг болохоор тухтай, нам гүм чимээгүй орчныг чухалчилсан юм. Яг хүссэн байр маань бага зэрэг хүлээх ёстой байсан учраас бараг 2 сар гаруй хугацааны турш хүлээж байгаад байрандаа нүүж орсон. Миний бодлоор гадагшаа нүүх шийдвэрээ гаргасан тохиолдолд байрлах байраа очихоосоо хэдэн сарын өмнө үл хөдлөхийн агентуудтай холбогдож хайлгаж эхэлсэн нь их зүгээр санагдсан шүү. 

Орчин хүний амьдралын хэв маягт хэрхэн нөлөөлдөг гэж боддог вэ?
Би ихэвчлэн маш удаан цагаар сууж ном унших, ямар нэгэн юм бичиж суух шаардлагатай байдаг болохоор тайван орчин бүрдүүлж, өдөр бүр амьдарч буй орчноосоо эрч хүч, урам зориг, эерэг мэдрэмж авч байхыг хүсдэг. Тийм ч учраас байгаа орчноо саруулхан, цэгцтэй байлгаж, дуртай зүйлсээрээ "дүүргэхийг" хичээж байна. Орчин хүний өдөр тутмын хэв маягт их чухал нөлөөтэй гэж боддог. Гэрээ санаандаа тааруулж маш гоё тохижуулах нь цаанаа л нэг дотно.

Гэрийн чинь хамгийн тухтай бөгөөд байх дуртай хэсэг аль нь вэ?
Монголдоо амьдарч байсантай харьцуулахад одоо илүү их цагийг гэртээ өнгөрүүлдэг болсон учир аль болох ажил хийх, төвлөрч суух энэ хэсэгтээ их дуртай. Надад яагаад ч юм цонхруу харж ажил, хичээлээ хийхээр илүү анхаарал төвлөрдөг юм шиг санагддаг юм. Амьдарч байгаа гудамж маань хүртэл нэлээн хөл хөдөлгөөнтэй учраас хааяа кофе шоп-д сууж байгаа юм шиг мэдрэмж өгдөг нь их гоё.

Гэрээ тохижуулах интерьерийн санааг хаанаас олсон бэ?
Ханан дахь уран зургийг хамт сурдаг найз маань бэлэглэсэн юм. Найз маань Textile Designer мэргэжлээр төгссөн учраас төрөл бүрийн тод өнгөтэй, сайхан уур амьсгалтай ханын зураг зурдаг. Би найзынхаа бэлэглэсэн энэ уран зургаас гэрээ тохижуулах ихэнх санаагаа олсон гэж хэлж болно. Сайн харвал шар, цэнхэр, ягаан гэсэн өнгийг түлхүү оролцуулж зурсан байгаа. Эдгээр өнгийг интерьертээ шингээж бусад эд зүйлсээ зохицуулж худалдан авсан. Миний бодлоор уран зураг эсвэл дуртай постерноос санаа авч бусад деталиудыг нийцүүлэн гэрээ тохижуулахаар их загварлаг болдог гэж боддог. Өмнө нь ягаан өнгийн буйдан авна гэж ерөөсөө төсөөлж байгаагүй ч энэ зурган дээрх өнгөний зохицол маш таалагдсан учраас буйдан болон бусад зүйлсийнхээ өнгийг зориуд хослуулж сонгосон. Мөн хатаасан цэцэг болон хул шар өнгөтэй керамик ваар, байгалийн натурал өнгөнүүд интерьерийг маш сайхан чимдэг. Ирээдүйд өөр төрөл бүрийн постер хийлгүүлж гэрээ чимэх зорилготой байна.

Одоо дахин нэмж авах, дутуу үлдээсэн зүйлс бий юу?
Энэ байрандаа нүүж орж ирээд 2 сар л болж байгаа болохоор дутуу зүйлс зөндөө үлдсэн. Жишээ нь: хичээлийн ширээний эсрэг талын хананд номын тавиур авахаар төлөвлөсөн. Гэхдээ нэг их яаралгүй сайн судалж байж авах бодолтой байгаа. Нэмж хэлэхэд сэтгүүл болон номын цуглуулгатай болохыг хүсдэг болохоор энд байх хугацаандаа сар бүр дуртай сэтгүүлийнхээ нэг дугаарыг авч захиална гэж боддог. Хүмүүс сүүлийн үед дижитал сэтгүүл их уншдаг болсон ч миний бодлоор хэвлэмэл сэтгүүл таатай санагддаг. Гоёмсог дизайн, чанартай хэвлэсэн сэтгүүлүүд интерьерийн тун донжтой декор болдог.

Интерьерт аливаа тавилга, эдлэлүүдээс гадна үнэртэн, гэрэлтүүлэг, дуу хөгжим, тасалгааны ургамлууд маш гайхалтай өнгө оруулдаг шүү дээ. Таны хувьд аль нь илүү тухтай мэдрэмжийг төрүүлдэг вэ?
Ээж маань гэрээрээ дүүрэн цэцэг ургуулдаг юм. Өмнө нь нэг их тоож анзаарч байгаагүй ч тусдаа амьдарснаас хойш тэр амьд ургамлууд гэрт эерэг мэдрэмж, тав тух өгдөг байсныг ойлгосон. Тэгээд л гэртээ Kentia Palm гэдэг ургамал авсан. Байнга арчлах зав гарахгүй учраас арчилгаа багатайг сонгосон хэрэг л дээ. Мэдээж гэрт байх хэрэгтэй зүйлсийн жагсаалтад уран зураг юм уу таалагддаг постер бас тод дуугаралттай спийкер байх аа. Гоё хөгжим эгшиглэж, нүд баясаж байвал сайхан уур амьсгал бүрдэнэ.

Гэрт тань өдрийн аль цагт хамгийн гоё mood бүрддэг вэ?
Нар жаргах үед манай гэрийн цонхоор нэг тийм улбар шар өнгийн туяа тусаж, нэг их гоё тайван уур амьсгалтай болдог. Энэ цагаар илүү их дуртай. Манай гэрийн хажууханд парк байдаг. Хүмүүс тэнд дасгал их хийдэг юм. Тэр үед нь цонхоороо дасгал хийж буй хүмүүс, тоглож байгаа хүүхдүүдийг харж тэднээс сайхан эрч хүч, урам зориг авдаг даа.

Гэрээ тохижуулахдаа хаанаас нь эхлэхээ мэдэхгүй байгаа хүмүүсд юу гэж зөвлөх вэ?
Заавал үнэтэй зүйлс авлаа гээд гоё интерьер бүрдчихдэг юм шиг санагддаггүй. Хамгийн эхлээд өөрийнхөө яг ямар загвартай зүйлд дуртай гэдгээ мэдэж авсны дараа тохижуулах нь зөв алхам юм болов уу гэж бодож байна. Жишээ нь: онлайнаар маш олон санаа авахуйц интерьерийн зургууд байдаг шүү дээ. Тэндээс харж байгаад аль стиль нь өөрт чинь таалагдаж байгааг мэдэх хэрэгтэй. Би өөрийнхөө бяцхан туршлагад үндэслэн зөвлөхөд хамгийн түрүүнд эвтэйхэн буйдан, ханын зураг авч, бусдыг нь тохируулж сонгох нь хялбар санагдсан. Зүгээр зураг харж дуурайж тохижуулахаас илүү өөрийгөө үргэлж эрч хүчтэй болгох зүйлсийг аажмаар авч бүрдүүлэх нь тохь тухтай орчин үүсэх гол эхлэл болно.

Интерьер гэрэл зургийг: Ж.Тамир

Урам зориг авдаг, гэрийн тохижилтын талаар шинэ санаа авч дагадаг хаягууд байдаг бол бидэнд хуваалцаж болох уу?
Made.com – Маш өнгөлөг, максимализм хэв маягтай зүйлс их байдаг. Мөн эдний тавилгууд тод өнгөний зохицлуудыг маш загварлаг харуулдгаараа онцлог.

Homeyohmy – Маш гоё минимал, скандинав загвараар гэрээ тохижуулдаг интерьер дизайнерын хаяг юм. Ихэнх зураг нь өөрийнх нь гэр байдгаараа давуу талтай. Цагаан өнгийг илүүтэй тодотгосон хирнээ өвөрмөц деталиуд гэртээ байрлуулсан байдаг нь надад таалагддаг.

Цаг гарган ярилцсанд баярлалаа. Сайн сайхан бүхнийг хүсье.

Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх

2 Сэтгэгдэл

Зочин

2020 / 08 / 02
Хариулах

ikeagiin delguurt bgam shig sanagdlaa

0

Зочин

2020 / 04 / 21
Хариулах

😍😍 interior design is like a freshly pure air

3