Шинээр Эрэлттэй Онцлох

Э.Мөнхбилэг: Хүүхдийн тоглоомыг интерьерийн нэг хэсэг гэж боддог

Сүүлийн үед хүүхдүүд тоглоомоос илүүтэй хоолны хэрэгсэл, удирдлага гэх мэт төсөөлөөгүй зүйлсийг сонирхож тоглох болсныг эцэг эхчүүд магадгүй анзаарсан биз ээ. Хүүхдийн тоглоом гэхээр элдэв гэрэл асаж, чанга дуу гаргадаг гэсэн ойлголт цаг үеэ өнгөрөөсөн гэхэд хилсдэхгүй. Мөн загвар хийц сайтай тоглоомууд хүүхдийн өрөөний интерьерийг гайхалтай чимэх болсон. Тийм ч учраас бид энэ удаа эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хүүхдийн төсөөлөн бодох, сэтгэх чадварт нь эерэг ач холбогдолтой модон тоглоом үйлдвэрлэдэг Avdar toys-ын үүсгэн байгуулагч Э.Мөнхбилэг хэмээх хөдөлмөрч, залуухан ээжийг урьж ярилцсан юм. Тэрээр өрсөлдөөн ихтэй Хятад улсын зах зээлд өөрийн брендийг үүсгэн амжилттай ажиллаж байгаа бөгөөд түүний бүтээлч санааг нөхөр нь дэмжиж, анх бизнесээ эхлүүлж байсан гэдэг. Өдгөө үйл ажиллагаа нь өргөжиж гаднын зах зээлд эрэлт ихтэй болжээ. Залуу гэр бүлийн хүсэл мөрөөдөл, чин сэтгэл шингэсэн эдгээр модон тоглоомууд загварлаг бөгөөд хүүхдийн сонирхлыг татам тун өхөөрдөм. Ингээд хилийн чанадад бизнес эрхэлж буй хөдөлмөрч Монгол бүсгүйн ярилцлагыг хүлээн авна уу.


“Авдар клуб”-ын үүсгэн байгуулагч
Э.Мөнхбилэг (Lulu Dasha)

Авдар тойс–ийг байгуулах санааг хэрхэн олсон бэ? Яагаад модон тоглоом үйлдвэрлэхээр шийдсэн бэ?
Хамгийн анх хүүдээ авч өгмөөр байсан зүйлээ эргэн тойрноосоо хайгаад олоогүй юм. Тиймээс өөрсдөө хүүхдэдээ тоглоомыг нь хийж өгье гэж шийдээд эхлүүлсэн. Манай нөхөр гарын их ур дүйтэй, аливаа зүйлийг өөрөө бие даан сурах чадвартай, надаас илүү бүтээлч хандлагатай учраас огт эргэлзээгүйгээр эхлээд найзуудаасаа ойр зуурын багаж хэрэгсэл цуглуулж байгаад анхны тоглоомоо хийж байсан. Тухайн үед ямар нэгэн бизнес болгоё гэсэн санаа огт байгаагүй. Хийсэн зүйлийг маань хүмүүс харчхаад л захиалъя эсвэл олноор нь хийгээд зар гэх мэтээр байнга зөвлөдөг байсан. Тэгээд л нэг өдөр бид хоёр бизнес болгож, туршаад үзье гэж ярилцаад жижиг мод зүсдэг машин авч тагтан дээрээ манай нөхөр ажиллуулж эхэлсэн дээ. Удалгүй гэрийнхээ тагтан дээр үйлдвэрлэл хийх ямар ч боломжгүйг ойлгоод гараж түрээсэлж дэвшиж байлаа/инээв/. Одоо эргэн дурсахад их хөгжилтэй байдаг юм. Гараждаа зүсээд л гал тогоондоо будаад л. Тэгж л анх Авдар тойс маань бий болсон юм даа. Модон тоглоом байгалийн гаралтай, цаанаа л нэг өөр мэдрэмж өгдөг. Хүүхдийн амьдралд хэрэглүүлж байгаа зүйлс эрүүл мэндээс гадна түүний сэтгэл оюун ухаанд нь нөлөөлж байдаг гэж би боддог. Тийм болохоор хүүхдийн хөгжилд эерэгээр нөлөөлөх хэлбэр дүрстэй, эрүүл мэндэд хоргүй модон тоглоом хийхийг хүссэн.

Эдгээр тоглоомууд маш загварлаг чанартай хийцтэй харагдаж байна. Хүүхдүүдэд зориулж ийм хөөрхөн зүйлс хийхийн тулд юунаас их урамшдаг вэ? 
Би бодохдоо хүн эхлээд хэцүүхэн байдалд орвол ямар нэгэн шийдэл хайж эхлэн түүндээ жаахан л тууштай байвал хэсэгтээ зогсолтгүй ажиллах “хөдөлгүүрээ” асаадаг гэж боддог. Дөнгөж эхэлж байхад бид жаахан хүүхэдтэй, хүний газар хөлөө олж ядаж байгаа гэр бүл байлаа. Нөхөр бид хоёул бүтээлч сэтгэлгээтэй хүмүүс болохоор гараараа юм хийгээд, түүнийхээ гоё зургийг нь дараад цааш борлуулах ажлын хэв маяг их тохирч байсан. Тийм болохоор хэцүү олон давааны ард гарсан байх. Мөн манай Авдар тойсын анхны хэрэглэгч ээжүүд байгаагүй бол тухайн үед тийм их урам зоригтой урагшлахгүй байсан байх. Тоглоомын загварууд маань ерөнхийдөө үлгэрийн хирнээ энгийн хийцтэй бөгөөд үйлдвэрлэх технологийн онцлогтоо тохируулан гаргадаг. Жишээ нь: Би “Монгол уул” тоглоомын загварыг гаргахдаа бага байхдаа үздэг байсан хүүхэлдэйн киноны уулын зураглалаас санаа авч ийм уул хэлбэртэй тоглоомын хажууд хэдэн гэр тавиад хүүхдүүд таван хошуу малаа тойруулан элдэв зүйл зохиож тоглож байна гэж төсөөлж хийсэн. 

Хүүхдийн сэтгэл зүй, төлөвшилд модон тоглоом болоод өнгө ямар ач холбогдолтой гэж боддог вэ? Хэлбэр хийцээс гадна юуг чухалчлах шаардлагатай вэ?
Одоо үед хүүхэд тоглоом хоёрын харилцаанд тоглоом нь идэвхтэй буюу хүүхдээ удирдах хэв шинжтэй болсон байна. Тоглоом гэхээр хүүхдийг хөөргөж баясгах хандлагатай болсон юм шиг санагддаг. Уг нь эсрэгээрээ байх нь зөв гэж бодож байна. Бага насны хүүхдүүдэд зүгээр энгийн түмпэн сав хүртэл хамгийн сонирхолтой тоглоом болж чаддаг шүү дээ. Хүүхэд өөрөө тэр зүйлийг судлаад яаж ашиглаж болохоо ойлгодог байх хэрэгтэй. Ямар ч бэлэн товчлуур байхгүй, өөрөө бодож сэтгэх орон зай нь их чухал юм. Зайгаар ажилладаг, дуу чимээ гаргадаг, гэрэл асдаг тоглоомууд нялх хүүхдийн тархийг их ядраадаг гэж боддог. Хүүхэд ч гэлтгүй томчууд бид хүртэл тэр чимээнд их ядарна. Тоглоомын өнгө загвар мэдээж их чухал. Миний бодлоор тоглоом гэдэг дан хүүхдэд зориулсан эд бараа биш мөн гэр орны нэг хэсэг гэж хардаг. Би хувьдаа элдэв өнгөөр эрээлжилсэн зүйл олноор гэртээ байлгахыг хүсдэггүй. Хүүхдийн гоо зүйн хүмүүжилд ч эмх цэгцтэй байдал их нөлөөтэй. Манай тоглоомуудад ингэж тэгж тоглоно гэсэн заавар байхгүй болохоор хэдэн ч насны хүүхэд тоглоход тохиромжтой байдаг. Шинэ тоглоом гаргаад нөхөр бид хоёр тэр өдөржингөө өөрсдөө тоглож туршдаг юм. Томчуудад ч гэсэн ажлын стрессээс түр холдож, хүүхэд шиг чөлөөтэй сэтгэж тоглох цаг хэрэгтэй юм шиг санагддаг.  

Миний бодлоор тоглоом гэдэг дан хүүхдэд зориулсан эд бараа биш мөн гэр орны нэг хэсэг гэж хардаг.

Э.Мөнхбилэг

Одоогоор урландаа нэмэх, дутуу үлдээсэн зүйлс байгаа юу?
Анх байрныхаа тагтан дээр эхэлж байсан бол гал тогоо, гараж тэгээд умгар жижигхэн ч гэсэн оффистой болж дэвшсээр энэ жил бид анх удаагаа сэлүүхэн сайхан ажлын байртай болсон. Ажлын байрны гол цөм болох энэ том заалаа энгийн хирнээ тухтай айл шиг болгож тохижуулсан юм. Учир нь онлайн дэлгүүр дээр голлон борлуулалт маань хийгддэг тул бүтээгдэхүүний зураг авалт их чухал байдаг. Том өрөөг хоёр хувааж нэг талд нь арын фон унждаг төхөөрөмж таазандаа суурилуулж, энэ хэсэгт цэвэр фон дээр бүтээгдэхүүний зураг авалтаа хийдэг. Мөн цонхны буланд байгалийн гэрэлд зураг дарах хэсэг гаргасан. Өрөөний нөгөө хэсэг нь интерьер зураг авалт хийдэг хэсэг байгаа. Харин шилэн баганын цаана ажилтнууд маань сууж ажилладаг.

Тоглоом үйлдвэрлэх процесс хэрхэн явагддаг вэ?
Эхлээд би нэлээн хийсвэр төсөөлөл ихтэй, лаг гоё санаа гаргана/инээв/. Тэрийг нь манай нөхөр технологич инженерийн нүдээр хараад засаж залруулаад компьютерын программ дээр зурж бэлдэнэ. Будах өнгөө сонгоно. Тэгээд л анхны туршилтын загвараа хийж, бодитоор харж тоглож үзнэ. Боломжийн байвал олноор нь үйлдвэрлэдэг. Манай тоглоомууд гар аргаар хийгддэг тул нэг ээлжээр тийм ч олон ширхэг тоглоом гардаггүй. Түүхий эдийн хувьд хоёр гол материал байдаг бөгөөд мод мөн будаг юм. Модоо Оросоос намар нь захиалаад хатаалгаж өвөл энд авч ирдэг. Харин будгаа дулаан үед Оросоос эсвэл Германаас захиж авчирдаг

Олон улсын үзэсгэлэнд оролцож байсан уу? Одоогийн байдлаар тоглоомууд нь хэдэн газар борлуулагдаж байгаа вэ?
Өнгөрсөн жилийн 7 сард “I love Playtime” гээд Парис хотоос эхлээд өөр олон томоохон хотуудад зохион байгуулагддаг үзэсгэлэнд Шанхай хотод зохиогдох үеэр нь оролцсон. Энэ нь хүүхдийн лайфстайлын Business to business гэдэг нэртэй үзэсгэлэн юм. Их зардал гаргасан ч тэр хэмжээгээрээ их зүйл сурсан даа. Одоогийн байдлаар манай тоглоомууд Австрали болон Солонгос улсад амжилттай борлуулагдаж байна. Үүнээс гадна Сингапур, Герман, Франц, Канад гэх мэт бусад орны жижиг онлайн шоп ажиллуулдаг ээжүүд болон гэр бүлүүдтэй хамтарч ажилладаг.

Модон тоглоом үйлдвэрлэхээс гадна өөр ямар хоббитой вэ?
Гэрэл зурагт үнэхээр дуртай. ( Dasha Lulu photography ) Гэхдээ одоохондоо цаг заваа харгалзаад зөвхөн өөрийн ажлын хүрээнд л зураг дардаг болсон. Монголд очихоороо олон гэр бүлийн гоё зургуудыг дарах юмсан гэж хүсдэг. Сүүлийн үед юм оёж сураад их таалагдаж байгаа. Ер нь гараар хийж болох гоё сайхан зүйлд л их дуртай. Хүүхдүүд том болоод өөрсдөө гэр бүлтэй болж, намайг тоохгүй болох цагт л жинхэнээсээ өдөржин дуртай зүйлсээ хийнэ дээ гэж боддог/инээв/.

Залуу ээж, хүүхдүүд бага байна гэж өөрийгөө зөвхөн хүүхдүүдээр хязгаарлалгүй, тэдэндээ хэрэгтэй бүтээлч ажлыг эхлүүлсэнд нь баяртай байна. Хийж байгаа зүйлсээрээ бусад эмэгтэйчүүдэд "Women Power"-ийг үлгэрлэн харуулж байгаа юм шиг санагдлаа. Гэр бүлдээ болон ажил, хоббигоо хэрхэн зохицуулдаг вэ?
Ер нь бол бүхнийг амжуулах гэдэг нь анхнаасаа маш хор нөлөөтэй бодол. Яагаад гэвэл тийм зүйл ерөөсөө боломжгүй. Боломжгүй зүйлийн араас хөөхөөр маш амархан ядарна, гутарна мөн гэмших мэдрэмж төрдөг. Миний сүүлийн үед ойлгож бас хэрэгжүүлдэг арга барил бол бүхнийг дунд буюу 3 дүнтэй хийхэд л болно гэсэн зарчим юм. Бүхнийг гэдэг нь яг одоо чухал 2-4 зүйлийг хэлж байгаа юм. Заавал бүхнийг төгс гүйцэтгэлтэй хийхийн төлөө бус хангалттай хэмжээнд шат дараатай, төлөвлөгөөтэй хийх хэрэгтэй. Түүнээс биш ажлаа хийнгээ хүүхдүүдээ асраад, гоё биетэй болж, эрүүл хооллож, гэр орноо цэвэрлээд, шинэ юм сурч хажуугаар нь амарна гэдэг худлаа. Би жишээ нь бие хаагаа чангалах бодлоо түр орхисон байгаа л даа/инээв/. Ээлж дараатай ажлуудаа амжуулж, өөртөө ачаалал багатай амьдрах нь зөвхөн залуу ээж ч биш бүх гэр бүлд их чухал санагддаг юм.

Интерьер гэрэл зургийг: Dasha Lulu

Цаашдын төлөвлөгөө юу вэ? Магадгүй 1-3 жилийн дараа гэхэд ямар түвшинд хүрнэ гэж зорьж байна?
Одоо Авдар тойс-оос гадна нэг төслийн санаагаа хэрэгжүүлэх тал дээр ажиллаж байгаа. Хүүхдийн баяраас өмнө бэлэн болгохыг хичээж байна. Ажлын хувьд 1-3 жилийн дараа гэхэд олон улсад тогтвортой байр суурьтай болж, одоо хийж буй ажлуудын талыг нь өөр хүмүүсээр хийлгэдэг болчихсон, өөртөө чөлөөт цаг их гаргаж болохуйц байхыг хүсч байна. Амжилттай бизнес хатагтай нар шиг болох юмсан гэж мөрөөдөж байна даа.

Энгийн зүйлээс аз жаргал, сэтгэл ханамжийг мэдэрч, хэт их материаллаг зүйлд шунахаа болих нь маш том боловсрол бас ухамсар.

Э.Мөнхбилэг

Сүүлийн үед дэлхий нийтээрээ минимал байж, эко худалдан авалт хийхийг эрхэмлэх болжээ. Минимал хэв маяг маш том тренд үүсгэж, аль ч салбарт эрчимтэй хөгжиж байна. Ийм амьдралын хэв маягийн жинхэнэ ач холбогдлыг та юу гэж боддог вэ?
Бидний үеийнхэн болон бүр илүү залуу насны хүмүүс "консюмеризм" буюу худалдан авалт ихээр хийдэг хэв маяг биднийг аз жаргалтай болгодоггүйг ойлгож эхэлж байна. Минимал хэв маяг руу шилжих нь эд хогшил цуглуулахгүй гэдгээс гадна ухамсартай байж, зөвхөн шаардлагатай зүйлсээ авч, төлөвлөгөөтэй амьдарч сурахад ач холбогдолтой. Жинхэнэ утгаараа минимал байж чадвал бид илүү их ажиллаж, илүү их мөнгө олох шаардлагатай тулгарахгүй. Энгийн хэрэглээ, энгийн зүйлээс л аз жаргал, сэтгэл ханамжийг мэдэрч сурна гэдэг их олон "зовлон"-гоос ангижрахад тусалдаг байх. Байгаа бүхэндээ талархаж, хэт их материаллаг зүйлд шунахаа болих нь хувь хүний маш том боловсрол, ухамсар гэж боддог.

Ярилцсанд баярлалаа. Таны ажил болон гэр бүлд нь сайн сайхныг хүсье.

Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх

7 Сэтгэгдэл

Зочин

2020 / 07 / 02
Хариулах

Ямар мундаг бүсгүй бэ, амжилт хүсье.

0

Зочин

2020 / 04 / 18
Хариулах

ямар гоё эмэгтэй вэ миний амьдралыг өөрчиллөө

0

Зочин

2020 / 04 / 13
Хариулах

interior.mn love it. goy postuud oruulj goy medeelel ugj baidagt maash ih bayrtai bn. ene erchee bitgii aldaarai pls

2

Зочин

2020 / 04 / 13
Хариулах

yamar huurhun yriltslaga we togloomon haaguur zaragddiin boloo

0

Зочин

2020 / 04 / 13
Хариулах

Green stock

1

Зочин

2020 / 04 / 13
Хариулах

like

0

Зочин

2020 / 04 / 14
Хариулах

Ваав ёстой гоё бүтээлүүд хийх юмаа бахархмаар байна шүү

2