Shuugee.mn – Тавилга овор ихтэй, хүнд гэдэг ойлголт хоцрогдсон

Модулар тавилгын тухай уншигч та бүхэн хаа нэгтээ сонсож байсан уу? Бид энэ удаагийн зочноороо Шүүгээ төслийг хэрэгжүүлж буй хөдөлмөрч охидыг урьж ярилцлаа. Тэд өөрсдийн оюуны өмчийн эрх бүхий модулар тавилгыг эх орондоо үйлдвэрлэхийн зэрэгцээ хамт олон, гэр бүл, найз нөхдөөрөө хамтран хөгжилтэй дурсамж бүтээх боломжийг хэрэглэгчдэд олгож байгаа ажээ. Эрч хүч, бүтээлч санаа ундарсан тэдний оффист зочлон ярилцсаныг хүлээн авна уу.



М.Мөнхжин
Тавилгын дизайнер


Т.Маргад-Эрдэнэ
Тавилгын дизайнер

Шүүгээ.мн төслийн тухай танилцуулгаар яриагаа эхлүүлье гэж бодлоо. Төслийнхөө зорилгын талаар хуваалцана уу.

Бид байгальд ээлтэй, нөхөн сэргээгддэг үүсвэртэй материалаар эх орондоо модулар тавилга үйлдвэрлэх зорилгоор Шүүгээ төслийг эхлүүлсэн. Шүүгээ гэдэг нь манай төслийн нэр бөгөөд одоогоор 3 төрлийн модулар тавилга үйлдвэрлэж эхлээд байна. Модулар гэдэг нь угсарч салгахад хялбар, хэлбэрийг нь төрөл бүрээр өөрчлөх боломжтой тавилга юм. Өөрөөр хэлбэл хэрэглэгч өөрийн зай талбайд тохируулан хүссэнээрээ угсарч болно гэж ойлгож болно.

Танай хамт олон яагаад модулар тавилгыг сонгон хөгжүүлж байгаа вэ?

Дэлхий дахинаа улам бүр байгальд ээлтэй байхад тэмүүлж, цомхон байдалд татагдаж эхэлсэн. Үүнийг та бүхэн минимал дизайн, байгальд ээлтэй эко материалыг түлхүү ашиглах болсноос анзаарч болно. Модулар тавилга бол дээрх эрэлтэд бүрэн нийцдэг. Тодруулбал, материалын сонголт, үйлдвэрлэлийн технологийн хувьд хүрээлэн буй орчинд маш ээлтэй. Харин бид хаягдал маш бага гардаг дизайныг хөгжүүлж, үйлдвэрлэлийн бүх үе шатанд анхаарч ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, Шүүгээ төсөл модулар тавилгын шинэ дизайныг боловсруулж, бэлэн болгоод байгаа юм.

Түүхий эд болон хийцлэлийн тухайд дэлгэрэнгүй тайлбарлаж болох уу?

Тавилгуудаа бид дахин сэргээгддэг эх үүсвэртэй, хүний биед хоргүй E1, E0 стандартын хавтангаар үйлдвэрлэдэг. Англи болон Америк брэндийн ухаалаг холбогчийг модулар тавилгууддаа ашиглаж байгаа нь уг тавилгыг жинхэнэ модулар болгож буй юм. Учир нь ингэснээр угсарч, буулгахад ямар ч багаж шаардахгүй болж байгаа юм. Мөн хөнгөн учраас зөөвөрлөхөд хялбар. Үүнээс гадна тавилгууд маань хэсэг бүрээрээ салдаг болохоор өндөр, нам, өргөн зэргийг хэрэглэгч удирдаж болно.

Шүүгээнээс гадна өөр ямар тавилгын сонголт байгаа вэ?

Бид одоогоор 2 төрлийн модулар шүүгээ болон орны загвар гаргаад байна. Энэ хоёр загвар маань өрөлтөөсөө хамаараад олон төрлийн тавилга болж хувирдгаараа онцлогтой. Зурагтын тавиур, номын шүүгээ, тавиур, сэтгүүлийн ширээ, орны хажуугийн кабинет, бенч болгон ашиглаж ч болдог. Ерөөсөө бид лего шиг бэлдэцийг нь хэрэглэгчдэд санал болгож, харин хэрэглэгч өөрөө загварчлах бүрэн боломжтой гэсэн үг юм.

Энэхүү төсөлд нийт хэдэн хүн ажиллаж байна вэ?

Манай хамт олон үйл ажиллагаандаа LEAN менежментийг баримталдаг. Энэ нь бүх төвшний үйл ажиллагаа маш цомхон, илүү үйлдэлгүй байлгах зорилготой менежмент юм. Тиймээс бид цомхон багийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. Дизайны баг 4 хүнтэй, нэг дизайнер маань Герман улсаас remote ажилладаг.

Угсрахад хялбар, олон дахин ашиглах боломжтой энэхүү шүүгээний санаа анх хэрхэн бий болсон бэ?

Дизайн гаргана гэдэг цаг хугацаа шаарддаг маш том ажил байдаг. Тэр дундаа модулар тавилгын дизайн бол үзэмж, стандартаас гадна функциональ ажиллагаа шаарддаг. Бид үндсэн санаагаа ярилцаад түүний хөгжүүлэлт, хэрэглээ, үйлдвэрлэл зэргийг багаараа гар нийлүүлэн гүйцэтгэдэг. Анх бид хүмүүст тавилга гэдэг ойлголт их нүсэр санагддагийг олж харсан. Тэгээд судалж эхэлсэн юм. Модулар тавилга бол цоо шинэ зүйл биш л дээ. Дэлхийд их хөгжсөн, улам л хөгжиж байгаа. Гадаадад бол залуус их нүүж суудаг, улам цомхон амьдрахыг хүсэх болсон болохоор модулар тавилгын хэрэгцээ ихэссэн гэж хэлж болно. Монголд ч бас ийм хэрэгцээ их байгаа гэж бодож байна. Зөөж тээвэрлэхэд хялбараас гадна, зориулалт нь олон янз учраас нэг хэвийн тавилганаас уйдвал өөрчилж болох, модулиудыг нь нэмж аваад тавилгаа томсгох боломжтой нь их авууштай юм. Ингэж л шүүгээ төслөө эхлүүлсэн дээ.

Зөвхөн тавилга гэхээс илүүтэй гэр бүл, найз нөхдийн хамт цагийг хөгжилтэй өнгөрүүлэх, дурсамж бүтээх боломж олгосон мэт санагдлаа. Цаашид энэхүү төслөө хэрхэн хөгжүүлэх вэ?

Одоогийн байдлаар хэрэглэгч өөрөө модулар тавилгаа хүссэнээрээ өрж, өнгийг нь сонгоод 3D зургаар харах боломжтой вебсайтын хөгжүүлэлт дээр ажиллаж байна. Мөн дизайнерууд өөрийн модулар тавилгын хийцлэл, өгөгдлийг илгээх ба сонгогдсон дизайныг бид үйлдвэрлэх байдлаар ажиллах зарчмыг боловсруулж байгаа. Ингэснээр дизайнерууд өөрийн санаагаа бодитоор хэрэгжүүлэх, зохион бүтээсэн загварынхаа борлуулалтаас ашиг хүртэх боломжтой юм.

Цаг гарган ярилцсан та бүхэнд баярлалаа. Шүүгээ төслийн хамт олонд ажлын амжилт хүсье.

Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх

8 Сэтгэгдэл

Зочин

2021 / 07 / 06
Хариулах

Амжилт хүсье, мундаг юм бэ

1

Зочин

2021 / 07 / 02
Хариулах

Мундаг охид байна та бүхэнд баяр хүргэе

1

Зочин

2021 / 07 / 02
Хариулах

Гайхалтай

1

Зочин

2021 / 06 / 30
Хариулах

Номын тавиур авна даа гээд л байгаа

3

Зочин

2021 / 06 / 30
Хариулах

Гэртээ номын тавиур хийлгэвэл хэд болдог вэ?

0

Зочин

2021 / 07 / 01
Хариулах

Sain baina uu? Ta manai Shuugee page ruu chat bicheerei 🙂

0

Зочин

2021 / 07 / 09
Хариулах

Nj

0

Зочин

2021 / 06 / 30
Хариулах

Niice!

1