Монголын интерьер дизайны салбарт шинэ өнгө төрх үүсгэн ажиллаж буй "Nomi studio"-ын үүсгэн байгуулагч Ж.Номин-Эрдэнийг урьж ярилцлаа. Уншигч та бүхэн бүтээмж өсгөдөг өнгө, загвар болоод Монголчуудын амьдралын хэмнэлд тохирох дизайны тухай сонирхолтой яриаг хүлээн авна уу.
“Nomi Studio”-ын үйл ажиллагаа, үүсгэн байгуулагдсан түүхээр яриагаа эхэлье. Хэдэн онд үүсгэн байгуулагдсан бэ?
Манайх интерьер дизайны салбарт бие даасан үйл ажиллагаа явуулж эхлээд жил гаруй хугацаа өнгөрч байгаа ч туршлагатай хамт олноор багаа бүрдүүлж чадсан. Миний хувьд дизайны чиглэлээр мэргэжлээрээ 11 дэх жилдээ ажиллаж байна. Өмнө нь Франц компанид ажилладаг байлаа. Энэ хугацаанд өөрийгөө мэргэжлийн төвшинд боловсруулахын зэрэгцээ захиалагчдад мэдээлэл, зөвлөгөө хүргэж зураг төсөл гаргадаг студитэй болох мөрөөдөл минь хөтөлсөөр “Nomi Studio”-г байгуулсан. Бидний хувьд одоогоор интерьер дизайны ач холбогдлыг таниулж, монгол хүний өдөр тутмын хэв маягт тохирох загварыг санал болгон ажиллаж байна.
Анх зөвхөн зураг төсөл гаргадаг байж байгаад тавилгын худалдаагаар үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. Учир нь үйлчлүүлэгчид зураг дээрх шиг хүссэн тавилгаа Монголоос олж чадахгүйд хүрч өөр зүйлээр орлуулж байгаа нь харамсалтай санагдсан. Ингээд зах зээл дээр эрэлттэй байгаа чанартай тавилгуудыг цөөн тоогоор оруулж ирэх болсон.
Интерьер дизайн хүний амьдралд хэр чухал нөлөөтэй вэ?
Хүн нийт амьдралынхаа ихэнх хэсгийг ямар нэгэн интерьер дотор өнгөрүүлдэг. Тиймээс сэтгэл зүй, шийдвэр гаргалт зэрэгт дотоод орчны тохижилт гайхалтай нөлөөлдөг. Ялангуяа тавилга сонголтын явцад заавал мэргэжлийн дизайнер хүний зөвлөгөө байх хэрэгтэй юм шиг надад санагддаг. Өөрөөр хэлбэл урт удаан эдэлгээтэй эсэх, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, материалын орц найрлага нь ямар вэ, орчин цагийн хэв маягт хэр нийцэх вэ зэргийг дизайнерууд тухайн хүний амьдралын хэмнэлд тохируулан сонгож өгөх нь оновчтой юм. Үүнд эргономик стандарт, даац, үйлдвэрийн тестэд тэнцсэн эсэх, эрүүл мэндэд хоргүй гэх мэт олон шалгуур багтдаг. Жишээ нь, буйдангийн хувьд нейлоны орц хэр байхаас хамаарч хүний арьстай хүрэлцэхэд ямар мэдрэмж төрүүлэхийг хүртэл сайтар бодолцох шаардлагатай. Хэрэв бээрэг хүн бол арьсан болон хатуу ширүүн материалтай буйданг сонгохыг зөвлөдөггүй.
Хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ боловсруулах, интерьер дизайны тухай мэдлэг олгох тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?
Сүүлийн үед захиалагчдын дизайны мэдлэг боловсрол сайжирсан. Миний хувьд шинжлэх ухааны үндэслэл, цаг үеийн байдлыг үргэлж судлаж өөрийгөө боловсруулах тал дээр анхаардаг. Учир нь дизайнер хүн юу тренд болж байгааг ярихаас илүүтэй яагаад ийм загвар олон хүний таашаалд нийцэж байгааг ул суурьтай тайлбарлах нь зөв гэж боддог.
Гаднын хүмүүстэй харьцуулахад монголчуудын дизайны тухай ойлголт хэр хэмжээнд байна вэ?
Манай оронд интерьертээ анхаарах хэрэгтэй, энэ нь чухал гэдгийг саяхнаас л нийтээрээ хүлээн зөвшөөрч эхэлж байна. Өөрөөр хэлбэл манайд харьцангуй шинэ сэдэв гэж болно. Тиймээс шинэ загвар, тренд чиг хандлагад илүү дуртай байгаа нь ажиглагддаг. Харин гаднын орнуудад дизайны салбар урт хугацаанд хөгжсөн учраас аль болох өөрийн хувийн орон зай, мэдрэмж, хүсэл сонирхолд нийцүүлэхийг эрхэмлэдэг мэт санагддаг. Сонгодог хийцлэлдээ илүү дуртай байх нь элбэг. Хуучны модон шал, ил галын зуух, модон цонх, урт удаан хэрэглэгддэг цэвэр модон тавилга гэх мэт
Орчин үед ажлын бүтээмж өсгөдөг өнгө, загварын талаар их яригдах болсон. Үнэхээр бүтээмж нэмэгдүүлж, ажлын гүйцэтгэл сайжруулдаг өнгө загвар гэж байдаг уу? Та мэргэжлийн зүгээс тайлбарлаж болох уу?
Тухайн тавилга, эдлэлийг худалдан авч буй цаад зорилго юу вэ гэдэгт хариулт нь байгаа болов уу. Өнгөний хувьд үнэхээр хүний сэтгэл зүйд нөлөөлдөг нь батлагдсан. Google компанийн оффис гэхэд маш гэгээлэг, өнгөлөг гэдгээрээ ялгардаг шүү дээ. Энэ нь хэдийгээр хатуу цагийн хуваарьгүй ч ажилчдаа эрч хүчтэй, өндөр гүйцэтгэлтэй ажиллах орчныг бий болгож буй юм. Гэхдээ сул тал бас бий. Урт хугацааны турш хүн үргэлж байгаа орчноосоо тийм хурдтай, бүтээмж шаардсан “дарамт”-ыг мэдрэхээр ядаргаанд орох, бухимдах шалтгаан болдог. Жишээ нь, улаан өнгө гэхэд нарийн уртрагтай учраас бусад өнгөнөөс түрүүлж хараанд өртөх магадлалтай буюу маш эрчтэй өнгө. Харин дизайны тухайд хүний хөдөлгөөнийг хязгаарлаагүй, эргономик стандартад нийцсэн үү гэдгийг анхаарах хэрэгтэй. Тухайн эдлэлийг харахад, ашиглахад, хүрэлцэхэд хэр тааламжтай байгаа нь дизайны үнэлэмжийг бий болгодог.
Гэхдээ аль ч үед хоцрогдохгүй зүйл бол байгалийг илтгэх “neutral” өнгө, материал юм. Тайван амгалан, байгалийг санагдуулсан таатай сэтгэгдэл төрүүлдэг учраас хүнийг тааваараа ажиллаж, амьдрахыг дэмждэг. Энэ нь урт хугацаандаа хүний амьдралд гайхалтай эерэг үр дүнг авч ирдэг.
Монголчуудад тохирох нийтлэг загварын хэв маяг гэж байдаг уу?
Манай улсын хувьд интерьер дизайны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж эхлээд удаагүй учраас монголчуудад тохирсон дизайн, захиалагчдын зан төлөв, худалдан авалтыг дүгнэсэн судалгаа тун ховор. Хийгдээгүй гэж болно. Судлахгүйгээр нарийн тодорхойлох боломжгүй л дээ. Гаднын орнуудад захиалагчийн юу хүсэж байгааг өдөр тутмын амьдралын хэв маяг, хувцаслалт, ямар ажил мэргэжилтэй гэх мэт хувийн мэдээлэлд үндэслэн тохирох загвараа олоход тусалдаг асуумж байдаг. Энэ бол дуртай загварын дүр төрхийг нь тааж зураг гаргахаас маш үр дүнтэй, үндэслэлтэй юм. Манай оронд ийм төрлийн судалгаа сайтар хөгжөөсэй гэж боддог.
Тэгвэл интерьерээ шинэчлэх хүсэлтэй, шинэ тавилга сонгох хэрэгцээтэй үед өөрт тохирсон зөв зохицлыг хүн хэрхэн бүрдүүлэх вэ?
Хамгийн түрүүнд өөрийн хүсч буй орчныг илтгэх интерьерийн хэв маягаа тодорхойлох хэрэгтэй. Дараа нь тухайн хэв маягийн үндсэн элемент болох ханын өнгө, шал, тааз, гэрэлтүүлэг гэх мэт суурь зүйлээс эхлээрэй гэж зөвлөнө. Өөрөөр хэлбэл том хэмжээгээр таныг бүрхэж, хамгийн их нөлөө үзүүлж буй зүйлээс эхлэвэл бусад жижиг зүйлсийг өөрчлөхөд хялбар байх болно. Хэрэв суурь зүйлсийг солих шаардлагагүй бол том хэмжээтэй тавилгуудын байршлыг солих, эсвэл шинээр худалдан авах хэрэгтэй болов уу. Ер нь бүхнийг чухлаас чухал бус руу нь жагсаах хэрэгтэй.
Анхааруулж хэлэх зүйл гэвэл цагаан сард зориулаад урт том ширээ авна гэдэг ч юм уу жилд ганцхан өдөр тохиодог баяр ёслолд зориулан тавилга худалдан авах хэрэггүй гэдгийг санаарай. Өдөр бүр тогтмол давтагддаг үйл явдалд үндэслэн тохижилтоо шийдээрэй гэж зөвлөе.
Nomi Studio цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
Манай хамт олон интерьер зураг төсөл, тавилгын худалдаанаас гадна судалгааны ажил хийхээр төлөвлөсөн. Мөн айл гэр, оффист тохирохуйц янз бүрийн хэв маягтай тавилгын багц гаргаж захиалагчдад санал болгохыг зорьж байна.
Ярилцсанд маш их баярлалаа, танай хамт олон ажлын амжилт хүсье.
Зочин
2021 / 06 / 24Mundag medremjtei busgui shuu🤩
Зочин
2021 / 06 / 24Мундаг юмаа
Зочин
2021 / 06 / 24Номигийн интерьерийн төслүүдийг сэтгэл догдлон хүлээдэг шүү…
Зочин
2021 / 06 / 24Мундаг бүсгүй байна амжил.