Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах энэхүү эрхэм өдрийн тусгай нийтлэлээрээ Tree house гэр бүлийн кафег онцолъё. Сайхан сэтгэлт, бүтээлч нэгэн ээжийн бий болгосон энэхүү тохилог орчин санаанд оромгүй гэгээлэг зүйлсээр дүүрэн ажээ. Өхөөрдөм үрсээ дагуулаад гэр бүлээрээ зорин очих таатай газар тань нэгээр нэмэгдэнэ гэдэгт бид итгэлтэй байна.

Үүсгэн байгуулагч, интерьер сонирхогч: Б.Номин
Гэр бүлийн кафе нээх санаа хэрхэн бий болсон бэ?
Хүүхэдтэй болсны дараа гэр бүлээрээ гадуур хамт хооллох гэхээр тохиромжтой орчин нөхцөл, үйлчилгээний газар байхгүйг анзаарсан юм. Ялангуяа хөхүүл, мөлхөө, бага насны хүүхэдтэйгээ гадуур цагийг өнгөрүүлнэ гэдэг орчноосоо шалтгаалаад их төвөгтэй байдаг шүү дээ. Хүүхэд идэхэд сөрөг нөлөөгүй хоолны меню байхгүй, орчин нь хүүхдэд зориулагдаагүй, сайхан интерьертэй байвч хажууд нь өөр үйлчлүүлэгчид алкохоль хэрэглэх ч гэдэг юм уу… Миний хувьд хүүхдэд ээлтэй, хөөрхөн шийдлүүдийг энд тэнд явж байхдаа их ажигладаг юм. Ингээд хүүхдэд ээлтэй, гэр бүлээрээ ирж үйлчлүүлэхэд тухтай байх үйлчилгээний газар байгуулъя гэж дотроо их бодож явсан даа. Хүүхдээ гэртээ харж байх хугацаандаа "Tree house" гэр бүлийн кафен төслийг бичсэн. Одоо бодит биеллээ олсон байгааг нь харахад урамтай байдаг шүү.
Яагаад Tree house хэмээн нэрлэсэн бэ?
Хүмүүс надаас модон дээрх байшинг багадаа мөрөөддөг байсан уу? гэж их асуудаг. Яг үнэндээ орчин үеийн хүүхдүүдийн үзэж харж буй зүйлстэй үйлчилгээгээ уялдуулж ийм концепцыг бодож олсон юм.
Онцгой шийдлүүдээсээ хуваалцана уу.
Ерөнхийдөө Монголын гар урлал, бага насны хүүхдээ хараад гэртээ ажилладаг ээжүүдийн бизнесийг дэмжихийг хувьдаа их хичээдэг. Тиймээс тэдний бүтээлийг дэмжих зорилгоор кафегаа тохижуулж, бас бүтээлүүдийг нь борлуулах жижигхэн булан гаргасан. Мөн аль болох байгаль болоод хүүхдэд ээлтэй модон тоглоомыг сонгохыг эрмэлзсэн. Жижигхэн буланг хүртэл ашигтай байлгахыг тэмүүлсэн болохоор их олон хэсэгтэй /инээв/. Та бүхэн цааш гэрэл зургийн хамт танилцаарай.
Tree house – Гэр бүлийн кафе
Угтах өрөө – Хувцасны шүүгээ – Энэ ресторанд хүн бүхэн гутал болоод гадуур хувцасаа тайлж орох дүрэмтэй. Энэ нь бяцхан үрсийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангасан зүйл юм.
Хөдөлмөрч ээжүүдийн бяцхан булан – Гэртээ бяцхан үрсээ харангаа гар урлал, ном бичдэг хөдөлмөрч ээжүүдийн бүтээлийг худалдан авч аль болох дэмжин ажиллахыг тэрээр хичээдэг ба ресторандаа хүртэл тэдний бүтээлийг борлуулах хэсгийг зориулан байгуулжээ.
Театрын өрөө – Хүүхдийн танин мэдэхүйд зориулсан энэхүү театрын буланд хүүхэлдэйн кино, сургалт болон танин мэдэхүйн сонирхолтой бичлэгүүдийг тэмдэглэлт баярын өдрүүдэд гаргах боломжтой. Үүгээр зогсохгүй зөвхөн рестораны чиглэлийн газар гэхэд хүүхдийн тоглоомын төв мэт хэрэгцээт олон буланг тэд хичээнгүйлэн тохижуулжээ.
Унтлагын өрөө – Нярай, бага насны жаалууд хоолны дараа дуг хийх шаардлагатай байдгийг ээжүүд сайн мэдэх биз ээ. Харин энд бяцхан үрсэд зориулсан өдрийн унтлагын өрөө бий. Мөн ээжүүдэд зориулсан жижиг хэмжээний сургалт зөвлөгөөг энэ өрөөнд хийдэг байна. Хүүхдээ хуурайлж, хөхүүлэхэд зориулсан хэрэгслүүдийг бэлтгэсэн хараад ажилдаа хайртай хичээгүйлэн хөдөлмөрлөдөг найрсаг хамт олноор бахархав.
Номын сан – Энд хэсэгт ээжүүд зөөврийн компьютераа авч ирээд ажлаа хийж болно. Түүнчлэн, хүүхдүүдтэйгээ хамт ном уншиж, цагийг хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой. Гэртээ ажилладаг ээжүүдийг дэмжихийн тулд тус хэсгийг гаргажээ.
Мөлхөө жаалууд – Тэд бяцхан мөлхөө жаалуудыг ч мартсангүй. Тэднийг унаж бэртэхээс хамгаалсан зөөлөвчийг тусгайлан засаж, яг л хөдөлгөөнтэй үе дээрээ яваа ах эгч нараас нь тусгаарласнаар аюулгүй байдлыг хангасан ухаалаг шийдэл байв. Бүх насны хүүхдүүдэд ээлтэй ийм сайхан орчинтой рестораныг Монголд урьд өмнө та харж байсан уу?
Бүтээлч орон зай – Хүүхэдтэйгээ хамт ямар нэгэн бүтээл урлах цаг зөв, орчин хомс байдаг бол Tree House энэ боломжийг бий болгохоор зорьжээ. Уран зураг, баримлын шавар гээд бүтээл хийхэд хэрэгцээт хэрэгслүүдийг эгнүүлэн тавьжээ. Эсвэл хүүхдээ тоглож байх зуур ямар нэгэн сэтгэл шингэсэн зүйл хийж болох юм.
Бяцхан гоо сайхны өрөө – Анхны зорилго нь хүүхдээ харж буй ээжүүдийн цаг завыг хэмнэж маникюрь хийлгэх өрөө болгон тохижуулсан боловч одоо гүнж нарт эко будгаар хумсыг нь будаж Face paint хийдэг болгожээ.
Хоолны меню – Энэ тун чухал хэсэг. Тус кафед Ази, Монгол, Европ хоолнууд гардаг бөгөөд ямар нэгэн амтлагчгүй, эрүүл хүнсээр хоолоо бэлтгэдэг. Мэдээж цагаан хоолтон болон аль нэг хүнсний харшилтай жаалуудад тусгайлан хоол бэлтгэж өгдөг байна.
Ингээд бидний зочилсон тус орчин кафе гэх нэрэндээ баймгүй тун гайхалтай тохижилттой байлаа. Эцэг эх таны хүүхдээ дагуулаад заавал зорих газруудын нэг гэдгийг дахин онцолъё.
Соёл амралтын "Зайсан Хилл" цогцолбор 5-р давхарт Tree house – Family Café
Зочин
2021 / 06 / 02Superb !