Д.Дэлгэрмаа – Керамик урлалын орчин үе дэх сэргэлт

Интерьер декоратор, хатагтай Д.Дэлгэрмаатай бид 2020 оны намар ярилцаж, минимал хэв маягийн тухай уншигчдадаа хүргэсэн билээ. Харин энэ удаа илүү сайхан мэдээгээр эргэн уулзаж байгаадаа баяртай байна. Учир нь тэрээр өөрийн гэсэн декорын шинэхэн бүтээлүүдээ гаргаж эхэлжээ. Ингээд интерьер дизайны мэдээллийг амтархан уншдаг та бүхэндээ керамик урлалын бүтээлийн тухай сонирхолтой яриаг хүргэе.

Интерьер декоратор Д.Дэлгэрмаа (инстаграм)

Та өөрийн гаргаж буй бүтээлүүдээсээ танилцуулж өгнө үү.

Миний ажлын салшгүй нэг хэсэг бол тохижилтын төгсгөл хэсэг буюу декор чимэглэлээр орон гэрийг тааламжтай сайхан болгох юм. Тиймээс керамик урлалын бүтээлүүд маань ажилдаа зориулж хийж буй ажлын минь нэг хэсэг. Одоогийн байдлаар цэцгийн ваар, чихэр жимсний таваг, лааны суурь гэх мэт бүтээлүүдийг хийж гаргаж байна. Хэрэглээнд гаргаж байгаа гар урлалын бүтээлүүд маань декорын үүргийг давхар гүйцэтгэхүйц гоёмсог, дэгжин, орчин үеийн байгаасай гэж бодож бүтээж байгаа.

Сүүлийн үед интерьер болон декорын чиг хандлага байгальтай илүү ойр байх мэдрэмж болон байгалийн элементүүдийг түлхүү ашиглахад чиглэгдэж байна. Ер нь гар урлалын керамик бүтээлийг гадны улсаас авч ирэхэд өртөг өндөр учраас эх орондоо хийж хөгжүүлье гэж зорьж байгаа.

Анх керамик эдлэлийг сонирхон судлаж эхэлсэн үеэс хуваалцаж болох уу? (Керамик эдлэлд дурлах шалтгаан)

Тохижилтын ажлаа хийх явцад Монголд хүсэж буй керамик гар урлалын эдлэл, декорын олдоц муу, ховор учраас эх орондоо өөрөө хийж бүтээе гэсэн санаа анх төрсөн. Нэг ёсондоо ажлын шаардлагаар бөгөөд би өөрөө керамик эдлэлд дуртай болохоор эхлүүлсэн. Мөн Монголд үйлдвэрлэгдсэн декорын сонголтыг өргөжүүлэн хөгжүүлэхэд тус нэмэр болох болов уу гэж бодож байна.

АНУ-д 10 гаруй жилийн өмнө амьдарч байхдаа уран зураг болон керамик урлалын сургалт хичээлээс сурсан бүхэн маань энэ ажлаа эхлүүлэхэд их түлхэц болсон. Өөрөө керамикаар бүтээл хийж байсны хувьд хэрхэн яаж бүтдэг, ямар сайхан сэтгэлээ шингээж бүтээл бий болдгийг мэддэг болохоор бүтээл хийж байгаа залуустайгаа их сайн ойлголцож хамтран ажиллаж чаддаг.

Дизайныхаа санааг анх хэрхэн олсон бэ?

Олон жилийн дараа дахин керамикаар бүтээл хийнэ гэхэд шууд дизайны шинэлэг санаа орж ирэхгүй байсан тул Монголын түүхийн эх сурвалж, түүхэн олдворуудын тухай уншиж судалсан. Үүний үр дүнд тулгын гурван чулууг илтгэх гурван хөлт загваруудаа дуртай дизайнаасаа санаа аван бүтээсэн юм.

Яг одоогийн байдлаар миний хувьд бүх бүтээлийнхээ загварыг гаргаад "Ceramic art studio"-ын мэргэжлийн керамик артистуудтай хамтран бүтээж байгаа. Санаа нийлсэн, сайхан залуучуудтай хамтран ажиллаж байгаа болохоор бүтээлүүд маань хэрэглэгчдэд өндөр сэтгэгдэл үлдээж байгаад баяртай байгаа. Цаашид өөрийн гэсэн дизайн загварыг гаргахыг зорьж байна даа.

Керамик эдлэл бий болох үйл явцыг тайлбарлаж өгнө үү?

Керамик бол амьтай гэж уран бүтээлчид ярьдаг. Керамик өөрөө байгаль дээрх шавраар бүтдэг. Бүтээл бүрийг хийх явцад тухайн уран бүтээлч өөрийн сэтгэл зүрх, оюун санаагаа бүрэн төвлөрүүлж ажилладаг. "Бүтээл минь сайхан болоосой", "Илүү гоё болгох юмсан" гэдэг залбирал, бясалгалын дүнд бүтдэг болохоор керамик эдлэл үнэхээр амьтай юм. Анхаарал төвлөрөл байхгүйгээр бүтээл бий болохгүй. Тэгэхээр 100 хувь хүний сэтгэл, оюун санаа, мэдрэмжээр сүлэлдэн бий болдог гэж ойлгож болно.

Интерьерт хэр чухал ач холбогдолтой вэ? Керамик эдлэлээр гэрээ хэрхэн тохижуулж, чимж болох талаар хуваалцахгүй юу.

Ер нь гэрийн декор чимэглэл хийхэд тэнцвэрийг олох маш чухал байдаг. Хэт их төмөр декор дангаараа гэрт байхад хүйтэн, хурц энерги үүсэх талтай. Мөн дан шил, толин декор ихтэй бол хөндий хоосон сэтгэгдлийг бий болгодог. Харин энэ бүхний дунд ганц л керамик ваар эсвэл таваг байхад шууд л орчин өөрчлөгдөж дулаан уур амьсгал бүрддэг.

Аливаа гар урлалын керамик эдлэлүүд бүгд өөрийн гэсэн цаг хугацаанд хийгдсэн, давтагдашгүй бүтээл болдог гэлээ. Таны бодлоор керамик эдлэлийн онцлог юу вэ?

Керамикаар хийсэн декор бүтээлүүд өнгө нь гандаж хуучирдаггүй, харин ч удах тусмаа буюу цаг хугацааны үнэ цэнийг өөртөө шингээх тусмаа улам үзэсгэлэнтэй болдгоороо онцлогтой. Мөн олон зуун жилийн настай бүтээл. Ер нь гар урлалын бүтээлээс хүн хэзээ ч уйддаггүй. Харин дуураймал, үйлдвэрийн хямд бүтээгдэхүүнээс амархан уйддаг. Тэгэхээр хуурамч тренд дагасан бүтээлээс илүүтэй ховор гар урлалын декор бүтээл илүү үнэ цэнтэй нандин юм. Керамик эдлэл сонирхон гэртээ худалдан авах гэж байгаа хүмүүст зөвлөхөд, дуураймал, тренд дагасан, хямд эдлэлээс илүүтэй аль болох дизайнерын гар аргаар хийгдсэн, сэтгэл шингэсэн бүтээлийг сонгоорой гэж зөвлөе.

Хүмүүс гэртээ болон ажлын өрөөндөө яагаад керамик сонгох хэрэгтэй вэ? Магадгүй хамгийн том шалтгааныг нэрлэ гэвэл та юу гэж тодорхойлох вэ?

Гэрт керамик урлагийн эдлэл байснаар байгальд ойр байгаагаа мэдрэх боломжийг олгодог. Ажлын туршлагаасаа харахад Монгол айлуудад ихэвчлэн уламжлалын дагуу зэс, мөнгөн эдлэл, болор шилэн эдлэл декорууд их байдаг. Керамик эдлэл ер нь тун ховор. Гэтэл керамик эдлэлийг эрт дээр үеэс Монголчууд ахуйдаа хэрэглэж ирснийг нотлох олдворууд маш олон бий. Энэ ч утгаараа керамик эдлэлийг декор болон хэрэглээнд оруулах шаардлага үүссэн.

Гэрэл зургийг: Degidecor

Цаг гарган ярилцсанд баярлалаа, таны ажилд амжилт хүсье.

Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх

1 Сэтгэгдэл

Зочин

2021 / 04 / 18
Хариулах

хараад л баймаар гоё зургууд байнаа. керамик үнэхээр амьтай

0