Х.Одбаяр: Би зурж буй төсөл дотроо өөрийгөө амьдарч байгаагаар төсөөлөх дуртай

Монголын интерьер дизайны салбарт өөрийн бий болгосон өнгө төрх, хариуцлагатай, чанартай гүйцэтгэл, шинэлэг санаа зэргээрээ СаяСанаа компани ялгардаг билээ. Энэ удаа бид тус компанийг зорин үүсгэн байгуулагч Х.Одбаяр эрхэмтэй ярилцлаа.


СаяСанаа компанийн үүсгэн байгуулагч
Х.Одбаяр

Танай компанид 5 жилийн ойн мэнд хүргэе. Та энэ салбарт 10 гаруй жил ажиллаж байгаа хүн шүү дээ. Тиймээс тантай өнөөгийн интерьер дизайны салбар дахь ололт амжилт болоод таны ажлын арга барилын тухай ярилцъя гэж бодлоо.

Баярлалаа, Танай уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Би аль чадахаараа “буу халъя”.

Юун түрүүнд СаяСанаа компанийг байгуулж байсан түүхийг тань эргэн сөхье. Одоо эргээд 5 жилийн дараа харахад та анх төлөвлөж байсан шигээ компанийг байгуулж чадсан гэж боддог уу?

СаяСанаа ХХК анх байгуулагдаж байх үед интерьер дизайны салбарт мэргэжлийн компани цөөхөн, байгаа хэд нь тун завгүй цаг үе байлаа. Тийм учраас энэ салбарын тухай ойлголт олон нийтийн дунд сайн танигдаагүй байсан гэж болно. Үнэхээр туршлагатай хэдхэн компани л интерьер дизайныг мэргэжлийн хэмжээнд гүйцэтгэдэг байв.

Би компаниа байгуулагдах үед хариуцлагатай, мэргэжлийн хүмүүсээр багаа бүрдүүлж чадварлаг компани болгохыг зорьсон. Өөрөөр хэлбэл, интерьер дизайны өндөр гүйцэтгэлтэйн дээр захиалагчдад тулгамдсан асуудлыг шуурхай, мэргэжлийн төвшинд шийдвэрлэх гэсэн гол зорилготой байсан. Одоо эргээд харахад, энэ 5 жилийн хугацаанд олон улсын байгууллагуудын болон дотоодын компани, хувь хүмүүсийн 400 орчим төслийг амжилттай гүйцэтгэжээ. Анх төлөвлөж, зорьсон компанийнхаа суурийг сайн тавьсан юм шиг байна шүү (инээв).

Яг одоогийн байдлаар манай улсад интерьер дизайны салбар хэр хэмжээнд байна вэ?

Нэг үеэ бодвол мэргэжлийн компаниуд их байдаг болж. Захиалагч нарт сонголт тодорхой хэмжээнд өргөн болсон гэсэн үг. Үүний хэрээр зах зээлийн өрсөлдөөн бий болж, компаниуд харьцангуй хурдацтай хөгжиж байгаа. Интерьер дизайны салбарт хүмүүс чадвараараа өрсөлддөг болсон тул олон ахиц гарч байна гэж хардаг.

Тэгвэл энэ салбарт тулгамдаж буй асуудал юу байна?

Салбарын хүний нөөцийн асуудал. Мэргэжлээрээ тогтвортой ажиллана гэдэг нь эргээд хувь хүнд харьцуулшгүй туршлага болж үлддэг юм. Харин одоогийн бэлтгэгдэж буй боловсон хүчнүүд маань тогтвортой ажиллах хүсэл сонирхол дутмаг байгаа нь хүндрэл үүсгэдэг шүү. 1-2 жил ажиллаад л шинээр өөрийн компаниа байгуулахыг хүсдэг болжээ. Компани гэдэг нь нэг эсвэл хоёр дизайнер хүний үүрэх зүйл биш юм шиг санагддаг. Харин дизайнерууд зөвхөн ажлаа хийх нөхцөлөөр хангагдсан, үйл ажиллагаа нь жигдэрсэн компанийн нэг хэсэг болон ажиллах нь асар ялгаатай. Туршлага бага үедээ яарч компани байгуулснаар гол хийж бүтээх эрч хүчтэй насандаа шантрах, мэргэжлийн хувьд хөгжихгүй үлдэх зэрэг муу нөлөөтэй. Тиймээс хэн ч таны  сурсан эрдмийг булаагаад авах боломжгүй тул тэвчээртэй байж мэргэжилдээ хангалттай сайн болсон гэж бодсоныхоо дараа өөрийн студитэй болоход оройтохгүй.

Нөгөө талаар, энэ мэргэжлийн ард олон стандарт бий. Үүнийг ганц хоёр хүн богино хугацаанд бага зардлаар үргэлж шийднэ гэдэг хэцүү. Эхэндээ болох ч цаг хугацаа өнгөрөх тусам хүндрэл үүсдэг. Энэ салбарын хувьд бүх зүйлийг оновчтой гүйцэтгэх нь ганц хоёр хүний даах ачаа биш юм л даа. Багийн ажиллагаа нь амжилттай төслийн гол хүчин зүйл байдаг.

“Захиалагч өөрийн юу хүсэж байгаагаа ярихаас илүүтэй өөрт тулгамдаж буй асуудлаа хэлэх нь зөв” гэж ярьдаг шүү дээ. Орчин үед захиалагчдын шаардлага хэр өндөр босготой болсон бэ?

Захиалагч юу хүсэж байгаагаа оновчтой тодорхойлох эсэх нь энэ талын тухай хэр мэдлэгтэй байгаагаас шалтгаалдаг. Иймд интерьер дизайны тухай мэдлэг, мэдээллийг олон нийтэд байнга хүргэж, интерьер дизайны тухай боловсролыг дэмжих нь чухал юм. Харин сүүлийн жилүүдэд хүмүүсийн мэдлэг маш сайжирсан шүү. Ийм чиг хандлагатай, энэ өнгө гэх мэтээр аливаа хэлбэр, дүрсний нарийн агуулга бэлгэдлийг ч мэддэг болсон.

Харин томоохон олон улсын байгууллагын төслийг хариуцаж гүйцэтгэхийн тулд чамгүй өндөр босго давах шаардлагатай болдог. Тэд гүйцэтгэгчээ сонгохдоо тухайн байгууллагын ажиллах хүчний тогтвортой байдал, борлуулалтын орлогыг хүртэл тодруулдаг. Гаднын байгууллагууд жижиг, том гэлтгүй олон улсын ямар төсөл дээр ажилласан бэ? гэж заавал асууна. Учир нь төслийн харилцааг зохицуулах, тодорхой стандартын дагуу хугацаанд нь амжиж гүйцэтгэх чадамжтай эсэхийг лавлаад байгаа хэрэг л дээ. Дахиад 5 жилийн дараа гэхэд захиалагчийн зүгээс тавих шаардлага улам нарийсна. Мэргэжилтнүүд үүнд бэлтгэлтэй байж, үргэлж шинэ мэдлэг, туршлага хуримтлуулах шаардлагатай гэж бодож байна.

Таны хувьд ямар төвшинд хүрээд компаниа байгуулж байв?

Би сургуулиа төгсөөд 10 гаруй жилийн турш Монголын барилгын тэргүүлэгч компани болох М-Си-Эс Проперти ХХК болон гаднын улсад ажилласан . Ингээд боломжийн туршлагатай боллоо гэж үзээд компани байгуулах шийдвэрт хүрч байлаа.

Интерьер дизайнер мэргэжилтэй хүн компани удирдаад, дээрээс нь олон улсын байгууллагуудын болон дотоодын төслүүдийг амжилттай гүйцэтгээд явахад хүндрэл гардаг уу? Энэ бүхнийг амжилттай гүйцэтгэж байгаагийн нууц юу вэ?

Мэдээж хүндрэл гаралгүй яах вэ. Эхний нэг жил тун хэцүү байдаг юм билээ. Компани удирдаж байсан ямар ч туршлагагүй, зөвлөгчийн тусламжгүй эхэлсэн болохоор бүхнийг өөрсдөө суралцсан. Анхны ажилтнууд маань тодорхой туршлагатай, бас салбартаа шинэчлэл хийх хүсэл тэмүүлэл дүүрэн залуучууд байсны хүчээр бүх бэрхшээлийг даван гарсан. Би өөрөө интерьер зураг, дизайны багаа хариуцаж харин засвар гүйцэтгэл, борлуулалт маркетинг, бизнес хөгжил зэргийг тухайн чиглэлийн ажилтнууд, хамтрагчид маань амжилттай дааж бизнесийн туршлага хуримтлуулж чадсанаар өнөөдрийн төвшинд хүрсэн юм байна. Одоо бид боломжийн цар хүрээтэй төсөл дээр ажиллах бүрэн чадамжтай, илүү сайн хамт олон болж чадсан гэж бодож байна.

 Хүн ажилдаа хэчнээн дуртай байсан ч өөр ямар нэгэн хоббитой болох хэрэгтэй.

Таны ажлын арга барилын талаар яриагаа чиглүүлье гэж бодлоо. Хариуцсан ажлаа хэрхэн үр бүтээлтэй гүйцэтгэдэг талаараа хуваалцахгүй юу?

Үе үе чухал төслүүдийн дизайны ажлыг өөрөө гардан ажилладаг юм. Заримдаа надтай ажиллаад сурчихсан захиалагчдын хүсэлтээр дараалан олон төсөл дээр төвлөрч, дизайнерын ажилдаа дарагдах үе ч бишгүй тохиолддог. Миний хувьд амжихгүй байна, олон ажил овоорчихлоо гэж бодохын оронд гэр бүл, хүсэл сонирхол, даасан ажлаа алийг нь ч алдагдуулахгүй амжуулахыг зорьдог. Хүн ажилдаа хэчнээн дуртай байсан ч өөр ямар нэгэн хоббитой болох хэрэгтэй. Тэгж байж ядарч алдсан энергиэ нөхөж чаддаг байх. Одоогоор миний хувьд ажлаа үр дүнтэй, сэтгэл хангалуун гүйцэтгэхийн тулд хэрэгжүүлж буй зүйл бол цагийн зохион байгуулалт.

Програм сайн эзэмшсэн эсвэл уран сэтгэмж сайтай байхын алийг нь чухалчлах хэрэгтэй вэ?

Хүмүүс зөвхөн програм сурчхаад өөрийгөө дизайнер болчихлоо гэж боддог. Гэтэл бүтээл бүрийн цаана илэрхийлэмж, агуулга байх ёстой санагддаг. Дизайнер хүн илэрхийлэмжийг сайн гаргах хэрэгтэй. Миний хувьд аль болох ажиллаж буй төслөөрөө “амьсгалж”, тэр төсөл дотроо амьдарч байна гэж төсөөлөх дуртай. Олон төслийн ард гарах тусам тогтсон нэг л арга барилаар хандах, төсөл бүхэн нь хоорондоо ижилхэн болж санааны давхцал үүсэх гэх мэт бэрхшээлтэй тулгардаг нь дизайнер мэргэжлийн хамгийн хэцүү зүйл.

Энэ бэрхшээлтэй тулгарахгүйн тулд хэд хэдэн арга барилд суралцсан. Жишээ нь, төслийн төлөвлөлт, дизайн концепц дээр ажиллахдаа эхэн үед заавал гараар зурдаг. Компьютерын програм дээр команд өгч ажиллах нь задгай сэтгэлгээг шууд хаагдуулдаг юм шиг санагддаг. Тиймээс эхлээд заавал гараар зурж, сэтгэлгээгээ үргэлж өөрчилдөг байх нь чухал.

Өөр нэг арга бол хоорондоо маш ялгаатай өөр урсгалын хөгжим сонсож түүнээс урам зориг авах юм.  Тухайн хийж буй төсөл дээр өөрийгөө төвлөрүүлж сайн бүтээл хийхийн тулд нэрт хөгжмийн зохиолчдын бүтээсэн, гүн гүнзгий утгатай киноны soundtrack сонсох жишээтэй. Interstellar, The Revenant, Inception, Game of Thrones”  кинонуудын soundtrack-аар “амьсгалж” байсан үе ч надад байдаг (инээв). Мөн ажлын ширээгээ хэд хэдэн төрлөөр асдаг гэрэлтэй хийсэн. Ингэснээр ямар нэгэн хайрцагт баригдалгүй чөлөөтэй сэтгэх боломж бүрддэг. Шинэлэг, футуристик хандлагатай төслийн үед тод улаан, хөх өнгийн гэрэл асаадаг бол сонгодог, албан ёсны шинж чанартай төслүүдийг гүйцэтгэхдээ шаргал өнгийн гэрэлд ажиллах нь таалагддаг.

Interstellar, The Revenant, Inception, Game of Thrones кинонуудын soundtrack-аар “амьсгалж” байсан үе ч надад байдаг.

Өдөр тутмын ажилдаа баримталдаг онцгой арга барил тань юу вэ?

Миний хувьд хамгийн чухал нь эмх цэгц. Ажиллаж буй ширээ, ажлын файл, хувийн зохион байгуулалт гэх мэт өөрөөс хамаарах бүх зүйлдээ үргэлж эмх цэгцтэй байхыг хүсдэг. Оффисоо ч гэсэн цэгцтэй байлгахыг ажилтнуудаасаа хүсдэг юм. Дизайны компани гэхээр цаас хөглөрсөн, замбараагүй ширээтэй байгаасай гэж боддоггүй. Эмх цэгц бол сахилга бат болон цэгцтэй төвлөрч суухын эхлэл юм.

Энэ л “Одки”-ийн дизайн байна гэж ялгагдахуйц таныг илтгэх дизайны өнгө аяс бий юу?

Би хар өнгөнд ихээр дурлаж энэ өнгөөр өөрийгөө илэрхийлдэг хүн. Миний эд хэрэглэл, хувцаслалт үүнийг харуулдаг байх (инээв). Дийлэнх хүмүүс хар өнгөөс татгалзаж, гэр болон ажиллаж буй орчиндоо хар өнгийг ашиглахаас зайлсхийдэг байхад харин би энэ өнгөнд нууцлаг хүч оршдог гэдэгт итгэдэг. Миний хувьд хар өнгө эргэцүүлж бодохуйн бэлгэдэл, оюун санааны хүчирхэг шинжийг агуулдаг мэт санагддаг.

Та дизайны ажил хийхээс бусад цаг үед ажил дээрээ голлон ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

Ажил дээр чөлөөт цаг гарсан тохиолдолд дизайнер залуучуудтайгаа багаараа хөгжих, ур чадвараа дээшлүүлэх тал дээр түлхүү ажилладаг. Бид хүн бүрийн хийж буй төсөл дээр дизайны багаараа зөвлөлдөж санал бодлоо хуваалцдаг. Заримдаа өглөө эртлэн ирж заримдаа ажлын дундуур цаг гаргаж дизайны багаараа хамтдаа хөгждөг. Сүүл үеийн чиг хандлага, өмнө үеийн дизайны түүх зэрэг олон сэдвээр судалгаа хийж төсөлд мэдрэмжтэй, илэрхийлэмжтэй, агуулгатай хандах урлагт суралцахаар шамддаг. Мөн компанийн ерөнхий шийдвэр гаргах ажлуудад бас оролцдог.

Компани хөгжүүлэхийн хажуугаар гэр бүл болон өөртөө цаг гаргаж амждаг уу? Амьдралын балансын тухай ярилцмаар санагдлаа?

Амьдралын балансын хувьд бүхнийг сүрхий зохицуулдаг, арга барил гэх зүйл надад байхгүй дээ. Үнэндээ би сүүлийн арав гаран жил мэргэжлээ сайн эзэмших шалтгаанаар олон цагаар, өдөр шөнөгүй сууж ажиллаж маш буруу хэмнэлтэй амьдарсаар ирсэн. Одоо харин аль чадахаараа бүх зүйлд тэгш цаг зарцуулж, дуртай зүйлээ хийж амьдралын олон зүйлээс аз жаргал, баяр баясал мэдрэхийг хичээж байгаа. Үүний тулд ажлаа үргэлж цагт нь өндөр бүтээмжтэй амжуулж сурах хэрэгтэй юм байна лээ. Эрүүл мэндээ анхаарч тогтмол фитнесээр хичээллэж, зөв зохистой хооллох тал дээр бас суралцаж байна. Харин сүүлийн жилүүдэд нэг шинэ хоббитой болсон. Мотоцикл аваад өөрийн хэв маяг, амьдралын хэмнэлд тааруулж custom (дизайн бүтцийн хөгжүүлэлт) хийх ажилд багагүй цаг зарцуулж байгаа. Мөн и-спортын зарим нэг тоглоомуудын сонирхож найз нөхөдтэйгөө хамт тоглох дуртай. Хоббиндоо цаг зарцуулснаар өдөр тутмын амьдрал зугаатай, илүү сонирхолтой болдог санагдсан.

Энэ бүгдийг заавал хийх ёстой нэг шалтгаан надад бий.

Энэ бүхнийг ажлын хажуугаар тэнцүүлнэ гэдэг тун амаргүй санагдаж байна. Хэрхэн зохион байгуулж байна вэ?

Яах аргагүй тогтсон нэг дэглэмд захирагдаж байж амжуулж сурдаг юм билээ. Өглөө эртлэн дасгал сургуулилтаа хийнэ, дараа нь ажилдаа, ажлын дараа гэр бүлдээ цагаа зарцуулна гэх мэт.

“Өөрийнхөө хийж буй зүйлээрээ би компанийнхаа залуучуудад дизайнерын ачаалалтай ажлын хажуугаар дуртай зүйлдээ цаг гарган, жаргалтай амьдарч болдог шүү” гэдгийг батлахыг хүсдэг. Учир нь бүтээлч ажил эрхэлдэг ихэнх залуучууд маш буруу хэмнэлтэй ажилласаар л байна. Салбарын ажилтнууд маань зөв цагаар, салбартаа үнэлэмжтэй, ажлаа аз жаргалтай, чанартай хийдэг болоосой гэж хүсдэг учраас би өөрөө үүнийг үлгэрлэхийг хичээдэг.

Асуулт болгонд чин сэтгэлээсээ нээлттэй ярилцсан танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

Танай сайтын хамт олон амжилт хүсье. Энэ салбарын тухай маш сонирхолтой нийтлэл оруулдагт мөн баярлалаа, амжилт хүсье.

Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх

4 Сэтгэгдэл

Зочин

2020 / 12 / 13
Хариулах

interior bolhiig husdeg bailaa,

0

Зочин

2020 / 12 / 09
Хариулах

Амжилт хүсэе

0

Зочин

2020 / 12 / 08
Хариулах

Zaluu hun gehed yrih hiisen buteesen zuil ihtei baina gedeg baharhaltai ym. Amjilt husey

5

Зочин

2020 / 12 / 08
Хариулах

Tusuulluusuu garahad Mgld bh ved

0