Шинээр Эрэлттэй Онцлох

Буудай брэнд: Эрүүл, аюулгүй, гэгээлэг орчинг таны хүүхдэд

Бидний энэ удаагийн зочноор Буудай брэндийн үүсгэн байгуулагч Г.Бат-Оюун оролцлоо. Тэрээр бүтээгдэхүүн бүрдээ сэтгэлээ шингээн гараар урладаг тухайгаа бидэнд хуваалцсан бөгөөд Буудай брэндийн тавилганууд хүүхдийг бие даан хөгжихөд тусалдаг ажээ. Хэрвээ хүүхдийнхээ өрөөнд тохирсон тавилга, декор хайж байгаа бол цаг гарган энэхүү яриаг уншихыг хүсье.


Буудай брэндийн үүсгэн байгуулагч
Г.Бат-Оюун

Сайн байна уу? Буудай брэндийн тухай танилцуулж өгнө үү?

Буудай брэнд маань 2020 оны 2-р сард албан ёсоор үүсгэн байгуулагдсан ба хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжлийг дэмжсэн үйлдвэрлэл чиглэлээр ажилладаг. Одоогийн байдлаар 0-10 нас хүртэлх хүүхдийн өрөөг иж бүрэн тохижуулахад зориулагдсан бүх төрлийн тавилга, гар урлалын бүтээгдэхүүн болон импортын бараа бүтээгдэхүүнийг бид хэрэглэгчдэдээ санал болгож байна.

Гар урлалын гэхээр их сонирхол татаж байна шүү. Бүтээгдэхүүн нэг бүрийг зориулж урладаг гэсэн үг үү?

Тийм шүү, ер нь гар урлалын зүйл нь дахин давтагдашгүй цор ганц байдаг учраас үйлдвэрийн бараанаас маш онцлогтой. Буудай концепц стор нээгдээд сар болж байгаа хэдий  ч хувь гар урлаач, зохиолч, дизайнер, албан байгууллагууд гээд нийт 20 гаруй харилцагчидтай болсон байна. Гэр бүлийн хамгийн нандин зүйл бол үр хүүхэд шүү дээ. Тиймээс бидний урлаж буй, борлуулж буй бүтээгдэхүүн болгон айл гэрт аз жаргал бэлэглэхийн зэрэгцээ хүүхдэд аюулгүй, тав тухтай, бас өсөлт хөгжилд нь эерэгээр нөлөөлдөг байгаасай гэж боддог. Тиймдээ ч хүсэл зорилго нэгтэй хүмүүс Буудайтай холбогддог гэж боддог.

Манайд сагс сүлждэг 5 гаруй хүн бий. Бид сонингийн хаягдлыг дахин ашиглаж өнгө будгийг нь тааруулан хүүхдийн өрөөний тоглоомын сагс, угаалгын сагс, хөргөгчний сагс гээд ахуйн хэрэглээнд хэрэглэх боломжтой сагснуудыг хийдэг. Ерөнхийдөө органик эко бүтээгдэхүүний эцсийн хэрэглэгч бол байгаль эх юм.

Буудай брэнд хэрхэн бий болсон тухай түүхээс хуваалцаж болох уу?

“Буудай” концепцыг эхлүүлсэн түүх их сонирхолтой. Манайх 1-5 насны 3 хүүхэдтэй залуу гэр бүл л дээ. Ойрхон төрсөн эцэг эхүүд цаанаасаа их ядардаг, ялангуяа хүүхдүүдээ тусад нь унтуулах асуудал дээр их хэцүү байдаг. Шөнө бүтэн нойртой хононо гэдэг ховор доо (инээв).

Гэхдээ гэрт буй тавилга эд юмс, хэрэглэлээр дамжуулан хүүхдүүдийнхээ бие даах чадварыг хөгжүүлвэл их хэрэгтэй юм гэдгийг мэдсэн. Ингээд хүүхдүүдийнхээ өрөөг яг өөрсдийнх нь нас, өндөр, сонирхолд нийцүүлэн бага багаар тохижуулж эхэлсэн. Гэхдээ яг хайсан зүйлсээ бас хангалттай олж чаддаггүй байлаа.

Гэнэт нэг өдөр өөрөө хийе гэсэн бодол орж ирээд орой дэлгүүр, зах бараг хаах цаг болчихсон байхад “100-айл” орж нарсан модоор бэлдцээ хийлгүүлээд хүүхдийн орны анхны эх загвараа том 2 хүүхдэдээ зориулан хийж байсан. Тусдаа өөрсдийн ор, шкаф, номын булантай болсноос хойш  миний тусламжгүй ороо хурааж, тоглоомуудаа эмхэлж цэгцлээд л аливааг бие даан сурч эхэлсэн юм. Үүнээс хойш хүүхдийг орчноор нь дамжуулан сургах аргыг (монтессори) бусад бага насны хүүхдүүдтэй гэр бүлүүд хэрэгжүүлээсэй гэдэг үүднээс Буудай брэнд бий болсон.

Ямар орчныг Монтессори гэж тодорхойлох вэ?

Монтессори арга зүйн гол зорилго нь хүүхэд өөрийгөө нээн илрүүлж, танин мэдэхэд чиглэдэг. Тиймээс хүүхдийн өрөө буюу тухайн хүүхдийг хүрээлж буй орчин дахь эдлэл хэрэгслүүд нь хүүхдийн сониуч занд тохирсон байхаас гадна аюулгүй байх шаардлагатай. Учир нь хүүхэд өөрөө бие даан сурахын тулд олон удаа янз янзаар туршиж үзнэ шүү дээ. Тэр үед хүүхдэд ямар нэгэн аюул, осол бэртэл гэмтэл үүсэхгүй байх шаардлагатай гэсэн үг. Ерөнхийдөө хүүхдэд бие даан өөрт шаардлагатай үйл хөдлөлийг хийх, хөгжих боломж олгодог орчин гэвэл илүү тохирно.

Ийм орчин бүрдүүлэхийн тулд өнгө загвараас гадна материал сонголт их чухал нөлөөтэй байх. Танай бүтээгдэхүүний голлох түүхий эд юу вэ?

Бид Орос болон Монголд ургадаг хамгийн гайхалтай шилмүүст модны төрөл болох нарс модоор тавилгаа хийдэг. Мод бол байгаль эхийн нэгээхэн хэсэг гэдэг утгаараа амьдарч буй орчны интерьерт амьд, таатай орчныг бүрдүүлэхэд тусалдаг. Мэдээж мод болгон урт богино, далий тэгш, яртай яргүй гээд янз бүрийн хээ, хэлбэртэй байдаг. Үүнийг зарим хүмүүс ойлгохгүй байх нь бий. Яагаад ийм нүхтэй, эсвэл далий байгаа юм бэ гэж асуудаг. Ихэнх газрууд бэлэн хуулгатай, будагтай, лактай гөлийж гөлтийсөн хавтангаар хийдэг учир тэдгээр тавилгатай харьцуулах гээд байдаг талтай. Гэхдээ манайх цэвэр модны эх хэлбэр бүтцийг өөрчилдөггүй болохоор заримдаа байгалиас заяагдсан өгөгдөл нь ил харагдах тохиолдол гардаг.

Модны өөрийнх нь онцлог шингэсэн байх тусмаа аливаа тавилга илүү натурал, онцгой харагддаг.

Үйлдвэрлэлийн явц хэрхэн явагддаг талаар хуваалцахгүй юу?

Манай тавилгын цех маань Өлзийт хороололд байрладаг. Мод бэлтгэл, хатаалт, зүсэлт, гадаргуу зүлгэлт, будаг хийдэг тустай өрөөнүүдтэй ба тавилга хийх бүхий л ажиллагаандаа зүрх сэтгэлээ шингээхийг хичээдэг. Мөн л гар аргаар бүх модоо зүлгэж бэлддэг. Ер нь манай орнууд маш их ажиллагаатай учир нэг өдөрт нэг ор гардаггүй. Харахад жижиг харагдаж байгаа боловч баргийн мужаанууд хийж байгаад шантраад явж байсан.

Харин өнгө гаргахдаа 100% эко, химийн найрлагагүй цэвэр будаг ашигладаг. Энэ нь хүүдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж ойлгож болно. Айлд хүргэж өгөхөд будаг биш мод л манай тавилганаас үнэртдэг шүү. Хэсэгтээ модны үнэр гарахгүй сайхан байдаг гэж хэд хэдэн үйлчлүүлэгчээсээ сонсож байсан юм. Хэрэглэж байгаа бүх материалууд маань энгийн материалаас 2 дахин их зардал гардаг ч манайх үнийн хувьд зах зээлд хамгийн боломжит үнээр борлуулж байгаа. Олон хүүхэд эрүүл таатай орчинд аз жаргалтай өсөж торниосой гэсэн хүсэл эрмэлзэл маань юу юуны эхэнд байдаг.

Одоо Буудай брэндийн шоурүүмийн тухай ярилцъя гэж бодлоо. Их гэгээлэг, саруулхан харагдаж байна. Энэ шоурүүмний дизайны тухай танилцуулна уу?

Манай шоүрүүмний хэлбэр, бүтэц болоод энд ашиглагдсан материалын чимхлүүр ажиллагаа болгон хүүхдийн харах өнцөг, сэтгэхүйд тохирсон гэдгийг анзаарч болно. Мөн жижиг орон зайд олон өрөөний хувилбарыг бий болгосноороо онцлогтой. Өөрийн дуртай зүйлээ сонгоно гэдэг хүүхдийн хувьд гайхамшигтай зүйл. Тийм ч учраас Буудай концепцын шоүрүүмийг эцэг эхчүүдэд бус хүүхдэд зориулагдсан байхаар төлөвлөсөн. Эндээс хүүхэд өөрөө дуртай ор болон дагалдах тавилгуудыг сонгох боломжтой. Манайд орж ирсэн хүүхдүүд их л баяртай байгаа харагддаг. Сандал дээр сууж, тоглож, зарим нь гутлаа тайлж орон дээр гарах гээд байдаг юм (инээв). Дашрамд хэлэхэд шоурүүмний маань интерьер зургийг гаргаж өгсөн Номи студиогийн хамт олонд баярлалаа.

Шоүрүүм хэдий жижиг талбайтай ч үндсэн 4 хэсгээс бүрдсэн. Үүнд: Монтессори тавилга, гар урлалын бүтээгдэхүүн, онцлох бүтээгдэхүүний булан болон сургалтын хэсэг багтана. Өнгө будаг алагласан, хэт олон тоглоом хэрэгсэл нь хүүхдийн анхаарлыг төвлөрүүлэхэд саад болох муу нөлөөтэй гэж үздэг учраас шоүрүүмдээ цулгуй, завсрын пастел өнгөнүүдийг тусгасан.

Монтессори тавилгын хэсэгт хүүхдийн өрөөний нэг талыг харуулахыг зорьсон бөгөөд 4 өөр өнгийн ханатайгаар хийгдсэн. Мөн тавилга болон бусад хэрэгсэл өөрчлөгдөхөд өнгө төрх нь дагаад хувьсах боломжтой. Шоүрүүмний гэрэлтүүлгийг нэмэх, орон зайд тайван уур амьсгалтай цогц шийдлийг бүрдүүлэхийн тулд үүлэн креатив унжуурга нэмсэн.

Эцэст нь хүүхдийн өрөөгөө тохижуулахаар зэхэж буй эцэг эхчүүдэд юу гэж зөвлөх вэ?

Хүүхэд хэдий өсөж том болох нь тодорхой ч яг одоо хүүхэд маань хэдэн настай билээ, өндөр нь хэд билээ гэж бодож үзэн тавилга сонгож, хүүхдээ сайн ажиглан тэдэнд юу хэрэгтэйг, ямар орчин бүрдүүлэх шаардлагатайг анзаараарай гэж зөвлөе. Манайхаас маш олон эцэг эхчүүд 190х90 эсвэл 200х150-тай өндөр хөлтэй тэгээд доороо шкафтай ор хийх үү гэж асуудаг юм. Манайх тэр бүрд хийхгүй ээ гэдэг. Яагаад гэвэл, 1,2-хон настай хүүхэд тийм өндөр орон дээр унтвал унаж бэртэх, тархи толгойгоо хөдлөх, биеэ дааж сурахгүй байх гээд олон сул талтай. Тиймээс өндөр, нас, сонирхолд нь нийцүүлэн өрөөг нь тохижуулаарай. Хүүхдийнхээ өсөлт хөгжил болоод сэтгэхүйг нь дэмжин, аюулгүй тухтай эрүүл орчинг бүрдүүлж өгөөрэй гэж хүсье.

Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх

4 Сэтгэгдэл

Зочин

2020 / 09 / 11
Хариулах

Сайхан зүйлс хийж бгаа юм бна.Хүүхдийн орны шатыг тэгш өнцөгтэй хийхэд гишгэж авирхад эвгүй өвдөлттэй бдаг ,анхаараарай

0

Зочин

2020 / 09 / 14
Хариулах

Huuhdin ornuud shatgui baigaa

0

Зочин

2020 / 09 / 11
Хариулах

Mongold iim goy showroom bdimu? Bairshil n haana br?

0

Зочин

2020 / 09 / 11
Хариулах

Zaisan hills 4 davhar

0