Шинээр Эрэлттэй Онцлох

Э.Билигт: Модерн дизайны эхлэл нь Арт деко юм

Зайсан хилл цогцолборын 3-р давхарт байрлах "Мөнхөд зунаараа" буюу ÉTÉ Éternel хэмээх романтик, гэгээлэг нэртэй нэгэн рестораныг бид энэ удаа зорьсон юм. Энд онцгой деталь, өвөрмөц өнгөний нийлэмж хоршин байх агаад тэдний бий болгосон донжтой бас винтеж дизайны элементүүд эрхгүй анхаарал татсан билээ. Арт деко дизайны хэв маягийг баримтлан тохижуулсан энэхүү рестораны тухай ярилцлага уншигч танд интерьер дизайны талаар бага ч болов мэдлэг нэмнэ гэдэгт итгэлтэй байна.


Архитектор
Э.Билигт

Юуны түрүүнд, Монголд төдийлөн нийтлэг байдаггүй Арт деко дизайныг сонгон гайхалтай орчинг бий болгосонд баяр хүргэе. Яагаад Арт деко дизайныг сонгосон бэ? Үүнээс яриагаа эхэлье.

Баярлалаа. Өмнө нь энд хар цагаан хосолсон, классик хүрээ хийцлэл болон алтан шар метал оруулгуудтай контемпорари классик стилийн засалтай байсан юм. Зарим деталь нь яг л Арт деко байхад зориулагдсан мэт. Захиалагч маань ч гэсэн илүү өнгөлөг, чамин хэрнээ урлагийн мэдрэмж төрүүлэхүйц байлгахыг хүссэн. Тиймээс бидний дотроо төсөөлж харсан бүх зүйл Арт деко хэв маягт маш сайн тохирсон гэж хэлж болно. Мөн засвар хийх хугацаа богино байсан тул байгаа элементүүд дээр нь тулгуурлан ингэж  тохижуулахаар шийдсэн.

Арт деко дизайны тухай багахан тайлбарлаж болох уу?

Арт деко нь классик стилиүд дээр суурилж үүссэн хэв маяг бөгөөд "Агуу Гэтсби" киноны үе буюу 1910-1920-иод оны үеэс эхлэлтэй. Модерн интерьерийн эхлэл суурь нь юм. Дотроо минимал, модерн, контемпорари, классик урсгалуудын шинжийг агуулдгаараа маш сонирхолтой баялаг хэв маяг. Геометрийн өвөрмөц зохиомж, тод өнгөний хоршил, гялалзсан алтлаг эд зүйл, хамба хилэн материал оролцдог учраас тун ч дэгжин харагддаг. Энэ рестораныг тохижуулахдаа би арт деко дизайны дээрх онцлогийг харуулахыг хүссэн.

Монголд ийм хэв маягтай орчин байдаг боловч ихэнхдээ өөр дизайны элементтэй хольчихсон байдаг. Тэгэхээр яг арт деко гэж тодорхойлоход эргэлзээтэй. Энэ хэв маяг нь цөөн тавилгатай боловч гял цял, нэг тийм сэргэг бөгөөд урлагийн бүтээлийг санагдуулам мэдрэмжийг хүнд өгдгөөрөө онцлогтой.

Хамгийн сонирхолтой нь ямар ч рендер зураггүйгээр засвараа эхлүүлсэн.

Дизайн бүрдүүлэх засварын үйл явцын тухайд?

Захиалагчтайгаа уулзаад, объекттойгоо танилцсанаас хойш ердөө 7 хоногийн хугацаанд гар скиз болон ажлын зураг бэлэн болсон. Хамгийн сонирхолтой нь рендер зураг гаргалгүй, зөвхөн ажлын зургийн дагуу засвар маань эхэлсэн. Засварлах болон тохижуулах хугацаа маш богино байсантай холбоотой л доо. Ингээд ажлын зургийн дагуу гүйцэтгэгч маань 14 хоногийн дотор засварыг дуусгасан.

Тэгэхээр зөвхөн ажлын зургаар засвар эхэлсэн гэхэд энэ төслийн ард хэрхэн ийм амжилттай гарч чадсан бэ?

Үнэхээр дизайнер дотроо төсөөлж харсан зураглалдаа итгэлтэй, хариуцлагатай хандаж чадвал тийм ч асуудал биш. Нөгөө талаас захиалагчийн өгсөн хугацаа давчуу тохиолдолд дизайнертаа итгэх нь чухал юм. Энэ рестораны хувьд захиалагч маань дизайнерынхаа ажлыг хүндэтгэсэн явдал нь богино хугацаанд хүссэн үр дүндээ хүрэхэд нөлөөлсөн гэж бодож байна.

Өөрөө засвараа хийж буй хүмүүс манай сайтыг их уншиж байгаа ажиглагддаг юм. Сүүлийн үед мөн интерьер декораторуудтай хамтран ажиллах тохиолдол ихэссэн мэт санагддаг. Энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

Би "бие даан гэрийнхээ интерьерийг хийх" тухай сургалт зохион байгуулдаг байсан болохоор миний зүгээс хүн өөрөө амьдрах орчноо тохижуулах хэрэгтэй гэсэн байр суурьтай байдаг. Үнэхээр цаг завгүй, шийдвэр гаргаж чадахгүй байгаа тохиолдолд дизайнер, декоратор аль алинд нь хандах хэрэгтэй. Хэрвээ дотоод орон зайн хуваарилалтыг шинээр хийх, хана нураах эсвэл нэмж өрөх, инженерийн шийдлийг сольж өөрчлөх гэх мэт нарийн ур чадвар шаардлагатай засварын үед дизайнерт хандах нь зөв. Харин сантехник, цахилгаан шугам сүлжээ, өрөөнүүдийн зохион байгуулалт дажгүй байгаа бол декораторуудад хандан хамтран тохижуулбал үр ашигтай юм.

Гэрлийн бүрхүүл сонгох нь эмэгтэй хүн ээмэг бөгжөө сонгохтой яг ижил.

Тохирсон декор, эдлэл сонгож байршуулахад мөн л их мэдрэмж шаарддаг шүү дээ. Жишээ нь, гэрлийн бүрхүүлийн сонголтыг хэрхэн хийх вэ?

Интерьерт гэрлийн бүрхүүл сонгох нь эмэгтэй хүн ээмэг, бөгжөө сонгохтой яг ижил. Миний бодлоор гэрлийн бүрхүүлийг бүх тохижилт, засвар дууссаны дараа сонгох хэрэгтэй санагддаг. Яг л хүн хувцаслаад үс, нүүрээ будаад янзалсны дараа хамгийн сүүлд аккессуар-аа зүүдэг шиг.

Мэдээж сонголт хийхдээ гэрэлтүүлэх чадварыг нь мөн харгалзах хэрэгтэй. Ерөнхий гэрэлтүүлэг үү эсвэл чимэглэл үү гэх мэт. Манай нийт хэрэглэгчдийн гаргадаг алдаа гэвэл зөвхөн гэрэлтүүлэх журмаар гэрлийн бүрхүүл сонгох гээд байдаг. Эсвэл орон зайд тохироогүй хэт том болон жижиг гэрэл сонгодог. Энэ нь зохимжгүй юм. Засвар, тохижуулалт хийх нь нүүрээ будах дараалалтай адилхан /инээв/. Эхлээд арьсаа цэвэрлэнэ, чийгшүүлнэ, суурь крем түрхэнэ. Нүүр болон нүдээ будна гээд л ижилхэн шүү дээ.

Ер нь аливаа нэг төслийн ард амжилттай гарахын тулд ямар нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй санагдсан бэ?

Захиалагч тал дизайнерын дотроо дүрсэлсэн зураглалд итгэж, хамтран ярилцаж шийдвэр гаргах нь аливаа төсөл товлосон хугацаандаа амжилттай дуусахын үндэс. Энэ ч утгаараа миний хувьд захиалагчтайгаа маш сайн гар нийлсэн гэж дүгнэж хэлж болно.


Ete Eternel рестораны үүсгэн байгуулагч
Б.Номин

Рестораны интерьер тань таны төсөөлөлд хэр нийцсэн бэ?

Яг үнэндээ гүйцэтгэлийн найдвартай баг олох нь бага зэрэг санаа зовоож байлаа. Гэхдээ хариуцлагатай, ажилдаа сэтгэлээсээ ханддаг багтай хамтарч ажилласандаа баяртай байдаг шүү. Маш сайн дизайнер, хөдөлмөрч баг ажилласан учраас богино хугацаанд амжилттай ард нь гарч чадсан.

Ерөнхийдөө хугацаа богино байсан болохоор рендер зураг гаргалгүй зөвхөн ажлын зургаар засвараа хийсэн юм. Тэгэхээр дараа нь ямар болох бол гэсэн нарийн төсөөлөл байгаагүй гэсэн үг. Одоо ингээд харахад миний хувьд сэтгэл маш хангалуун байна.

Засварын дараа тохижилтоо хэрхэн шийдсэн бэ?

Нарийн ажиллагаатай, дотоодод байдаггүй зарим декорыг гаднаас захиж авсан. Харин тавилгын сонголтын тухайд аль болох үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихийг хичээсэн. Жишээ нь, ширээ, тавиур, шүүгээ, буйдан зэргийг захиалгаар хийлгүүлсэн. Хүмүүс Монголд үйлдвэрлэсэн зүйлс худалдан авахдаа эргэлзэх хандлагатай байдаг даа. Гэхдээ хэрэглэгчид дотоодын үйлдвэрлэлээ дэмжин худалдан авалт сайн хийх тусам тэд улам чанаржиж, сайжирна гэж боддог. Би хувьдаа ресторан дахь буйдангууд маань Монголд үйлдвэрлэгдсэн гэж хүмүүст хэлэхдээ баяртай байдаг.

Жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг компаниуд урт удаан оршин тогтнож л байвал туршлагажих, чанаржих эсэх нь цаг хугацааны асуудал шүү дээ.

Энэ рестораны хувьд голлох декорын үүргийг тасалгааны ургамлууд бүрдүүлж байна. Ургамлуудаа хаанаас хэрхэн сонгосон бэ?

Дизайнер маань том навчит ургамлууд сонгоорой гэж зөвлөсний дагуу "Ойм" гэдэг ургамлын дэлгүүрээс авсан. Агрономич аав ээжийнхээ ажлыг үргэлжлүүлж яваа хөдөлмөрч эмэгтэй ажиллуулдаг юм билээ. Ургамлын сонголт, арчилгаа гээд бүх зөвлөгөөг мэргэжлийн хэмжээнд хэрэглэгчдэдээ таниулж байгаа нь таалагддаг. Манай ресторанд инжирийн мод, кактус, мөнхрөө гэх олон төрлийн ургамал бий.

Рестораны бизнес эрхэлдэг хүний хувьд интерьер хэр нөлөөтэй гэж боддог вэ?

Маш гоё интерьертэй боловч байдаг л хоолтой бол онц биш. Эсвэл бүх юм нь болж байгаа ч бусад ресторанаас ялгарч чаддаггүй бол бас л тийм ч онцгой биш. Тэгэхээр орчин мэдээж чухал. Мөн онцгой байж, ялгарал үүсгэх хэрэгтэй санагддаг.

Ярилцсанд маш их баярлалаа. Та бүхний ажилд хамгийн сайхан бүхнийг хүсье.

Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх

8 Сэтгэгдэл

Зочин

2020 / 08 / 24
Хариулах

Гоё болжээ Хөөрхөнүүддээ амжилт хүсье

0

Зочин

2020 / 08 / 14
Хариулах

Тавилгыг нь уралсан монгол үылдвэрлэгчдийн мэдээллийг авмаар байна Танайд мэдээлэл байгаа болов уу

3

Зочин

2020 / 08 / 12
Хариулах

Ямар мундаг юм бэ. Аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандаж чаддаг, ийм чадварлаг залуучуудаар үнэхээр бахархаж, огшиж уншиж, зургийг нь харж гайхан баяслаа. Ямар гоё юм бэ. Би тэгэхэд гэртээ засвар хийчих юмсан гээд, яаж гоё болгохоо шийдэж чадахгүй өчнөөн жил явж байна даа. хөөрхий. Та бүхэндээ амжилт. Болдог бол зөвлөгөө авч, жижигхээн гэрээ гоё болгочих юмсан.ккк. Даанч айхтар үнэтэй байх даа. За за үнэхээр бахархаж байнаа. Үзүүлээд өгөөрэй.

10

Зочин

2020 / 08 / 10
Хариулах

@made_in_enerel

0

Зочин

2020 / 08 / 10
Хариулах

Дизайнер Энэрэлтэй гэрийн интерерийн талаар ярилцлага хийвэл ямар уу? 🙂 @madeinenerel

3

Зочин

2020 / 08 / 10
Хариулах

Yriltslaga hiigdeheer yrigdaj baigaa. Thanks

0

Зочин

2020 / 08 / 11
Хариулах

ярилцлага хийвэл ямар вэ? гэж бичнэ. хүмсийн бичиг үсгийн боловсрол их мууджээ.

0

Зочин

2020 / 08 / 18
Хариулах

M

0