Хүнсний хаягдлын эсрэг хамгийн том нөлөөллийн ажил бол ХАЙРЛА төсөл юм

Шинэхэн дугаартаа “Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл”-ийн тухай хүргэж байна. Уг төслийг Азийн хөгжлийн банк болон Япон улсын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дэргэд хэрэгжүүлж буй юм. Зөвхөн Улаанбаатар хотод жилд дунджаар 1.4 сая тонн хатуу хог хаягдлыг цуглуулан тээвэрлэдэг ба үүний дөнгөж 20 гаруй хувийг дахин боловсруулж, үлдсэн 70 гаруй хувийг хөрсөнд булшлах замаар устгадаг байна. Өөрөөр хэлбэл бид хог хаягдлынхаа ихэнх хэсгийн огт ялгалгүй бүгдийг нэг дор хөрсөнд булдаг. Үүнээс хүнсний хог хаягдал тодорхой хувийг эзлэх ба хөрс, агаарын чанарыг бохирдуулах, аливаа халдварт өвчин дэгдэх гол нөхцөл болдог ажээ.

Ингээд дээрх тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр нэгэн том төлийг эхлүүлэн ажиллаж буй тууштай, байгальд хайртай хамт олны оффист зочилсныг уншигч та бүхэндээ хүргэе.

Төслийн чадварлаг хамт олон

“Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл”-ийг хэрэгжүүлэх 5 нэгж байдаг ба яг одоо тэд төслийнхөө жижиг болон дунд түвшний ажлуудад төвлөрч буй. Төслийн жижиг түвшний ажил болох өрх хорооноос 50 айл сонгон хүнсний хаягдлыг дахин боловсруулах туршилт эхэлжээ.  Мэдээж энэ хэмжээний төслийг амжилттай хэрэгжүүлж, иргэд, олон нийтэд суурь мэдээллийг хүртээнэ гэдэг яггүй хөдөлмөр шаардах хэдий ч хэтийн зорилго, төслийнхөө мөн чанарыг эрхэмлэдэг хамт олны хувьд ажлын хүндрэл бэрхшээл огтхон ч саад болдоггүй нь тэдний ажлын гүйцэтгэлээс харагдана.

Харин дунд түвшний туршилтын төслийн хүрээнд сургууль, цэцэрлэг болон үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг байгууллагууд, мөн тодорхой СӨХ-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар уулзалтууд хийгдэж байгаа аж. Энэ зуны улиралд хүнсний хаягдал цуглуулах сав байршуулж иргэдээс хүнсний хаягдлыг цуглуулан авахыг тэд зорьж байна.

Хүнсний хаягдлаар үүнийг хийж болно

Өнөөдрийн байдлаар олон улсад хүнсний хаягдлын дахин боловсруулалтаараа Герман, Австри, Өмнөд Солонгос улс тэргүүлдэг. Эдгээр улс нийт хог хаягдлынхаа 50-аас дээш хувийг дахин боловсруулдаг байна. Хэдийгээр Монгол Улсад хүнсний хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр, технологи нэвтрээгүй байгаа ч ийм хэмжээний үйлдвэртэй болоход тийм ч хол биш юм. Үүнийг уншиж буй уншигч та гэрийн нөхцөлд хүнсний хаягдлаа хар шороотой хольж бордоо болгох боломжтой. Хэрхэн бордоо болгох талаах ЭНДЭЭС уншаарай. Ингэснээр агаар, хөрс болон хөрсөөр дамжин гүний цэвэр ус бохирдохоос сэргийлж чадна. Мөн дэлхий нийтийн санааг чилээсэн нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг багасгахад хувь нэмрээ оруулж чадна.

Төслийг хэрхэн дэмжих вэ?

Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төслийн баг хамт олон нөлөөллийн ажил болгож “ХАЙРЛА” хэмээх төслийг эхлүүлжээ. Иймд та бүхэн ХАЙРЛА төслийн сошиал хаягуудад зочлон тэдний бэлтгэсэн мэдээ мэдээлэл, зөвлөгөөг дагаж, бусдадаа түгээснээр уг төслийг дэмжих боломжтой. Өдрөөс өдөрт хоргодсоор буй байгалийн хязгаартай нөөц баялгыг хамтдаа хайрлан хамгаалцгаая!


Хоолоо ХАЙРЛА
Орчноо ХАЙРЛА
Хотоо ХАЙРЛА
Дэлхийгээ ХАЙРЛА

Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх